Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 13

 

 

З.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 140 дүгээр шийдвэртэй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр  хороо, Өнөр хороололд оршин суух Зуутраг овогт Загирын Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух Боржигон овогт Ядамцоогийн Хонгорзул, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух Бөхөөнхөн овогт Эрдэнэ-Очирын Ариунбилэг нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Я.Хонгорзулын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Я.Хонгорзул, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.000.000 төгрөг, алданги 2.910.000 төгрөг, нийт 8.910.000 төгрөг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Байрны метр квадратын зөрүү болон хэмжилт хийлгэсэн төлбөр нийт 9.670.300 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие З.Оюундэлгэр нь Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нартай харилцан тохиролцоод 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу миний бие нь 12.545.600 төгрөгийг 2 сар, 3 хоногийн хугацаатай хүүгүй зээлсэн. Зээлийн гэрээний дагуу мөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 450.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 12.095.600 төгрөгийг төлөх ёстой байсан. Зээлдэгч нар эхний төлөлт болох 450.000 төгрөгийг, дараа нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 95.600 төгрөг өгсөн, үлдэгдэл мөнгөнөөс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөг өгсөн. Гэтэл зээлийн гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгэхдээ 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 12.000.000 төгрөгийн төлөлт дээр 7 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээний үлдэгдэл 6.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа өнгөрчихөөд байхад зээлдэгч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нар нь одоог хүртэл төлөөгүй. Мөн зээлийн гэрээгээр хүүгүй мөнгө зээлсэн боловч, гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон болно. Иймд зээлдэгч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас зээлийн үүргийн гүйцэтгэлд 6.000.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн 90 хоногийн алданги 2.910.000 төгрөг, нийт 8.910.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн  агуулга: “Миний бие 2016 оны 2 дугаар сард аймгийн Засаг даргын  тамгын газрын  Барилгын мэргэжилтэн С.Ганхуяг, 8 дугаар сард Дулааны 2  дугаар станцын мэргэжлийн хүмүүсээр байрны талбайн метр квадрат хэмждэг зориулалтын электрон багажаар хэмжилт хийлгүүлэхэд манай байр 48 метр квадрат болох нь тогтоогдсон. Барилгын метр квадрат хэмжих эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болох Оюу сувд дэлгэрэх ХХК-иар худалдан авсан байрныхаа метр квадратын хэмжилтийг хийлгэхэд 48.11 метр квадрат буюу 4.38 метр квадрат дутсан. Би байрны урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 12.000.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг Мөнгөн хээ ХХК-ийн захирал Х.Батчулууны хүү Б.Баттүшигийн Хас банк дахь дансанд 2016 оны 6 дугаар сарын 22-нд шилжүүлсэн. Байрны метр квадратын зөрүү болох 4.38x1.280.000=5.606.400 төгрөг, хэмжилт хийлгэсэн төлбөр 48.000 төгрөг, уг орон сууцны бүх айлыг 1.200.000 төгрөгөөр тооцож оруулсан байхад манайхыг 1.280.000 тооцож байранд оруулсан нь хууль бус бөгөөд, иймд метр квадратын зөрүү болох 80x48.11=3.848.800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 167.100 төгрөг нийтдээ 5.606.400+48.000+3.848.800+167.100=9.670.300 төгрөгийг тус компаниас гаргуулж, 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр илт хууль бус аргаар байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч нарын тайлбарын агуулга: “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт хорооллын 25 дугаар байранд 52.49 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрыг 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр худалдан авсан бөгөөд бидэнд анх байраа үзүүлэхдээ 52 метр квадрат гэж байсан боловч Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ хийх үед 52.49 метр квадрат болж хувирсан. Тус гэрээнд сууцны бус зориулалттай туслах талбай болох тагтыг 100% бүтнээр байрны метр квадратад оруулж тооцсон ба тухайн үед Барилгын хууль тогтоомжийн дагуу тагтыг 0.3%-иар тооцож хасах байсан байна. Бид тухайн үед хуулийн болон орон сууцны талаарх мэдлэг байгаагүй учир Мөнгөн хээ ХХК-ийн 52.49 м.кв гэдэг үгэнд нь итгэж гэрээ хийсэн. Бид анх байранд орохдоо З.Оюундэлгэрт 11.000.000 төгрөг өгч орсон. Дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 12-нд банкнаас байрны үнийн дүнгийн 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө болох 44.000.000 төгрөгийг тус компаний дансанд шилжүүлсэн, улмаар 2016 оны 4 дүгээр сарын 25-нд 95.600 төгрөгийг бэлнээр, 2016 оны 6 дугаар сарын 22-нд 6.000.000 төгрөгийг Б.Баттүшигийн дансанд тус тус шилжүүлсэн, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг манай орон сууцны зээл Монголын Ипотекийн Корпорацид худалдагдсаны дараа буюу эхнэр бид хоёр цалингийн зээл авах эрх үүссэн үед авч төлөхөөр тохиролцсон. Гэтэл тус компани уг тохиролцоогоо зөрчиж, хүчин төгөлдөр бус гэж тооцогдох гэрээний дагуу алданги тооцож нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлийг зөрчиж байгуулагдсан. Илт хууль бус, худалдан авагчийг ноцтой төөрөгдөлд оруулж гарын үсэг зуруулсан гэж үзэж байгаа. Мөнгөн хээ ХХК-ийн захирал Б.Батчулуун, түүний эхнэр З.Оюундэлгэр, хүү Б.Баттүшиг нар нь банкнаас орон сууцны үнийн дүнгийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг оршин суугчийн нэрээр гаргуулж авахын тулд тухайн хүний нэрээр өөрөө өөрийнхөө дансанд мөнгө оруулан гаргах байдлаар банкны зээлийн эдийн засагчид зээлийн материал бүрдүүлж өгсөн. Иймд З.Оюундэлгэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ариунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид байраа 52.49 метр квадрат гэдгийг З.Оюундэлгэрийн амаар хэлсэн үгэнд хууртаж авсан. Байр авах гэж байхад уг барилгын зураг үзнэ гэхэд зураг төслөө үзүүлээгүй. Уг байранд ороод харахад жижиг харагдаж байсан. Бид тухайн үед түүний хэлснээр 52.49 метр квадрат хэмжээтэй байранд орж байна гэж ойлгосон. Тэгээд З.Оюундэлгэрт байрыг хэмжих шаардлага тавьж үзсэн боловч хариуд нь бид стандартын дагуу барилга барьдаг хүмүүс гэж хэлсэн. Тэгээд тэдний үгэнд эргэлзээд хэмжилт хийлгэхэд 48.02 метр квадрат байсан. Нэхэмжлэийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: “Зээлийн гэрээний нөхцөл  хүчин төгөлдөр байгаа. Учир нь эрх зүйн бүрэн чадамжтай, эрх, үүргээ ойлгосон насанд хүрсэн иргэд хоорондоо гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ юм. Мөн метр квадратын дутуу болон хэмжилт хийлгэсэн хөлс гэх нийт 9.670.300 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 140 дүгээр шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 8.910.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Оюундэлгэрт олгосугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар Мөнгөн хээ ХХК-иас байрны метр квадратын зөрүү болон хэмжилт хийлгэсэн төлбөрт нийт 9.670.300 төгрөг гаргуулах, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З.Оюундэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас 157.510 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Оюундэлгэрт олгож, хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 169.675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “... миний  Мөнгөн хээ ХХК-иас худалдан авсан байрны м.кв-ын хэмжээ дутууг  тухайн үед санаатайгаар нуун дарагдуулсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар  зүйлийн 255.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.  Учир нь  тус хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т доголдлыг санаатай нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй гэсэн. Энэ шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Засгийн Газрын 2009 оны 72 дугаар тогтоолын 2.5.5-д заасныг нягтлахгүйгээр шийдвэр гагасан. Иймд би байрны үлдэгдэл төлбөр гэх 6 сая төгрөгийг төлөөгүй ба  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар алданги төлөх  үндэслэлгүй болно.  Шүүгч П.Болор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам буюу процесс зөрчсөн байна. Шүүгч П.Болорын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хэрэг хянан шийдэрлэх ажиллагааг сэргээх тухай 350 дугаар захирамжаар 2017 оны 02 дугаар сарын 09-ний дотор буюу 10 хоногийн дотор энэхүү захирамжид гомдол гаргах эрхтэй гэжээ. Гэтэл мөн өдрийн Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 362 дугаар захирамжаар 350 дугаар захирамжид гомдол гаргах хугацааны дотор буюу 2017 оны 02 дугаар 06-ны өдөр шүүх хурлыг хийхээр товлосон. Ингэхдээ дээрх захирамжид гомдол гаргах эрхгүй хэмээн заажээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам буюу процесс зөрчиж нөгөө талд ашигтай гэж үзсэн нотлох баримтыг бүрдүүлмэгц яаран шүүх хуралдааныг зарласан гэж үзэж байна. Миний сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох байрны метр квадрат дутсан асуудлыг шийдвэрлэхдээ барилгын хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй "Оюу сувд дэлгэрэх" ХХК, "Барилгын инженерүүд" ХХК-аар тус тус хэмжилт хийлгүүлсэн дүгнэлтийг нотлох баримтаар Шүүхэд гаргаж өгсөн байхад түүнийг үнэлэхгүй, миний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.4 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 140 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, "Мөнгөн хээ" ХХК-аас орон сууцны метр квадратын зөрүү болох /4.38x1.280.000/= 5606400 төгрөг, тухайн компанийн буруутай үйл ажиллагааны улмаас барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий 2 аж ахуйн нэгжээр орон сууцандаа хэмжилт хийлгэсэн төлбөр болох 98000 төгрөг, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасны дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгахад шаардлагтай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж үүнд 3.848.800 төгрөг, нийтдээ 5606400+98000+3848800=9.553.200 /Есөн сая таван зуун тавин гурван мянга хоёр зуун/ төгрөгийг тус компаниас гаргуулна уу.” гэжээ.

                                                             

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан  шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч З.Оюундэлгэрийн “зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 6.000.000 төгрөг, алдангид 2.910.000 төгрөг, нийт 8.910.000 төгрөгийг Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хүлээн авч 2016 оны 09 дүгээр  сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байрны талбайн зөрүү болох 5.606.400 төгрөг, хэмжилт хийлгэсний хөлс 48.000 төгрөг, бусад айлуудаас илүү тооцож авсан 3.848.800 төгрөг, тэмдэгтийн хураамж 167.100 төгрөг, нийт 9.670.300 төгрөг “Мөнгөн хээ” ХХК-аас гаргуулах, илт хууль зөрчиж байгуулагдсан хууль бус гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулахаар Я.Хонгорзулын сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хариуцагч Я.Хонгорзулын өмгөөлөгч Б.Лхагважавын хүсэлтээр гэрч нараас тайлбар авчээ.   

 

Нэхэмжлэгч З.Оюундэлгэрийн болон “Мөнгөн хээ” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын “Увс аймгийн Улаангом сумын Увс Финанс Аудит ХХК-иар Я.Хонгорзулын байрны м2–ын хэмжилт хийлгэж, талууд оролцох эрхийг бүрэн хангаж өгнө үү?” гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шинжээчээр Увс финанс Аудит ХХК–ийг томилж, шинжээчийн дүгнэлт гарах хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

 

Уг захирамжид хариуцагч Я.Хонгорзулын өмгөөлөгч Б.Лхагважав “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Барилгын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Аудитийн тухай хууль, MNS:6058-2009 Монгол улсын стандартыг зөрчсөн гэх гомдлыг 2016 оны 11 дүгээр сарын 04-нд  гаргаснаар шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч хүрэлцэхгүй үндэслэлээр адил шатны өөр шүүх болох Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хэрэг шилжүүлэх тухай” Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 565 дугаар захирамж  гарган хэргийг шилжүүлснээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  69 дүгээр тогтоолоор “Увс финанс Аудит” ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажилгааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гомдлыг хангажээ.

 

“Мөнгөн хээ” ХХК-ийн захирал Х.Батчулуун 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Улаанбаатар хотын барилгын хөгжлийн төвөөс Оюунцэцэгийг “Оюу Сувд Дэлгэрэх” ХХК-д инженер техникийн ажилчдын мэдээллийн санд баталгаажсан эсэхийг лавлагаа авч шалгаж өгнө үү гэх хүсэлт гаргажээ.

 

Шүүх уг хүсэлтийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шийдвэрлэсэн.

 

Үндсэн болон  сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өөр орон нутгаас нотлох баримт цуглуулах  шаардлагатай байх тул уг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг Увс аймаг дахь сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийн 131 дүгээр шүүгчийн захирамжаар түдгэлзүүлжээ. Энэхүү захирамжид зохигчид гардаж авсан  өдрөөс хойш 10 хоногийн  дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурджээ.

 

Хэргийг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Хэрэг хянан шийдвэрлэх ажилгааг сэргээн явуулах тухай” 350 дугаар шүүгчийн захирамж гарган уг захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж гаргасан захирамжаа мөн өдөр зохигчдын өмгөөлөгч нарт танилцуулж, шүүх хуралдааныг гомдол гаргах хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт хийхээр 362 дугаар “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх” тухай захирамж гарган товыг зохигчид тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1, мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр захирамж гарснаас хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохоор заасан ба захирамжийг Я.Хонгорзул, Э.Ариунбилэг болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Лхагважавт 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхээс утсаар мэдэгдсэн, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулсан  тухай баримт, /хх 183 дугаар тал/ мөн өдөр “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх” тухай 362 дугаар шүүгчийн захирамж /хх 185 дугаар тал/ хэрэгт тус тус авагджээ.

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгчийн захирамж гарсан өдрөөс буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан давж заалдах гомдол гаргах 10 хоногийг тоолж эхэлсэн өдөр хэргийг шүүх хуралдаанаар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт хэлэлцүүлэхээр захирамж гаргасан нь зохигчдын гомдол гаргах хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд маргааныг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэ талаар гаргасан хариуцагчийн гаргасан  гомдол үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул гомдолд дурдсан бусад үндэслэл, хэргийн агуулгад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Я.Хонгорзулын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 167.801 төгрөгийг түүнд шүүгчийн захирамжаар буцаан олгоно.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Я.Хонгорзулын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 167.801 төгрөгийг түүнд шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР                        

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН