Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00829

 

 

   Х.Гэрэлийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00094 дүгээр шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Х.Гэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Амгаланбаярт холбогдох,

565 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Х.Гэрэлийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Амгаланбаяр 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр миний машиныг зогсож байхад нь мөргөж олон гэмтэл учруулж 9 000 000 төгрөг төлөөд, миний машиныг авахаар тохиролцсон боловч 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирж машинд засвар хийх зардал 1 565 000 төгрөгийг төлөхөөр гэрээ хийсэн. Тэгээд 1 565 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг өгсөн үлдэгдэл 565 000 төгрөгийг өгөөгүй учир хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр талын хашааны дөрвөн зам дээр Х.Гэрэлийн машиныг мөргөсөн нь үнэн. Тухайн үед би 5-10 км цагийн хурдтай явсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд цагдаагийн ажилтан ирж газар дээр нь үзэж, бид нарыг хоорондоо зохицох боломж байгаа юу гэсэн. Х.Гэрэлийн машинд 1 талын их гэрэл хагарсан, мөн гупер, крелон нь хажуу талаасаа үл мэдэгдэх хонхойсон байсан. Тэгээд би Х.Гэрэлд 800 000 төгрөг, сүүлд 200 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг өгсөн. Тэгэхэд Х.Гэрэл нь ямар нэгэн санал, гомдол байхгүй гэж хэлсэн. Х.Гэрэл машиндаа шинээр гэрэл авч тавьсан, харин гупер, крелоныг шинээр авч тавиагүй. Би түүний машинд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00094 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Гэрэлийн хариуцагч Б.Амгаланбаяраас 565 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00094 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Гэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Амгаланбаяр зогсож байсан миний машиныг ирж мөргөж гэмтэл учруулснаас үүдэн гарсан гэм хорын хохирол нэхэмжилсэн. Ховд аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00094 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай магадлалыг нэхэмжлэгч Х.Гэрэл би эс зөвшөөрч шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гомдол гаргаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй, иргэн намайг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Б.Амгаланбаяр миний машиныг мөргөж гэмтээсний улмаас миний машины эд анги эвдэрч ашиглах аргагүй болж 1 565 000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоос Б.Амгаланбаяр 1 000 000 төгрөгийн хохирлыг төлж 565 000 төгрөгийг төлөхгүй байсан учир би шүүхэд хандаж нэхэмжпэл гаргасан юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хоёр өөр баримтыг нэг баримт гэж үнэлэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж намайг хохироож байгаад гомдолтой байна. Миний бие өндөр настны тэтгэвэрт байдаг. Ямар нэгэн хууль бус аргаар хэн нэгнийг залилан, ашиг хонжоо олохыг хүсээгүй, өөрт учруулсан хохирлоо л нэхэмжилсэн. Шүүх миний бодит хохирлыг үнэн зөвөөр, баримтад тулгуурлан тооцоогүйд гомдолтой байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 ны 02 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00094 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай магадлалыг хянан үзэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан миний хохирлыг Б.Амгаланбаяраас бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Б.Амгаланбаяраас гэм хорын хохирол 565 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Гэрэлийн нэхэмжлэлийг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан  гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн  үндэслэлтэй гэж үзэв. 

 

2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Б.Амгаланбаяр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Х.Гэрэлийн тээврийн хэрэгслийг мөргөж, машины том гэрэл, гупер, кирлоныг гэмтээсэн үйл баримт буюу  хариуцагчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалж осол гарсан байдал, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэмтэл учирсан талаар зохигчид маргаагүй, харин учирсан гэм хорын хэмжээ, хохирлыг бүрэн төлсөн эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 1 565 000 төгрөгийн хохирол учруулсан, 1 000 000 төгрөгийг төлсөн гэж үлдэх мөнгийг шаардсан бол хариуцагч машины сэлбэг, засварын хөлс болох 1 000 000 төгрөгийг төлсөн, хохирлыг тохирсон хэмжээнд бүрэн барагдуулсан гэжээ. 

Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн Да хүрээ захаас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр кирлон 1 ширхэгийг 160 000 төгрөг, гупер 1 ширхэгийг 340 000 төгрөг, том гэрэл 1 ширхэгийг 150 000 төгрөгөөр худалдан авсан зарлагын баримт, мөн өдөр гупер сольсон, гэрэл сольсон, кирлон зассан дотор гажаа гаргасан, усны савны сэв гаргасан, кирлон, гупер бүтэн будсан, ажлын хөлсөнд 600 000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх “Төгс гүрэн” ХХК-ийн санхүүгийн баримтаар нэхэмжлэгч эд хөрөнгөө засуулахын тулд 1 250 000 төгрөгийн зардал гаргасан нь тогтоогдсон байхад шүүх уг баримтыг эргэлзээтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

Дээрх баримтаар машины сэлбэгийг худалдан авсан, машинаа засуулсан нь тогтоогдож байхад шүүх машины сэлбэгийг Да хүрээ захаас худалдан авсан атлаа “Төгс гүрэн” ХХК-нд кирлон зассан, дотор гажаа гаргасан, кирлон, гупер бүтэн будсан засвар үйлчилгээ хийлгэсэн нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна. Машины сэлбэгийг захаас худалдаж авах, авсан сэлбэгээ машиндаа суурилуулж, холбогдох засварыг өөр газраар гүйцэтгүүлэх нь эргэлзээтэй байдлыг бий болгоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигчид хүлээхийг тус тус зохицуулсан ба үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч өөрөө биелүүлэх ёстой. Хариуцагч Б.Амгаланбаяр нь гэм хорын хэмжээ 1 000 000 төгрөг болох, энэ талаар нэхэмжлэгчтэй тохирч мөнгийг төлсөн гэх татгалзлаа нотлоогүй, нэхэмжлэлийг үгүйсгэсэн баримтыг гаргаж, няцааж чадаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай үйлдлээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй тул хариуцагч нь 1 250 000 төгрөгийн хохирлыг арилгахаас 1 000 000 төгрөгийг төлж, үлдэх 250 000 төгрөгийг төлөөгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2017/00094 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар  магадлалын 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Амгаланбаяраас 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Гэрэлд олгож, нэхэмжлэлээс үлдэх 315 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 8 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА