Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 214/МА2023/00011

 

 

 

 

Л.А*******гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч Л.Ариунцэцэг  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 132/ШШ2022/00656 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.А*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн С******* сумын У******* цэцэрлэгт холбогдох

Нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэж, тэтгэмж 4 740 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Л.А*******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагчийн төлөөлөгч Д.Н*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.А*******гийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Л.А******* миний бие 2010 оны 1 сард Улсын тэргүүний” У*******” цэцэрлэгт хувилбарт сургалтын багшаар ажилд орж 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй 11 жил ажиллаж байгаад 2021 оны 12 сарын 31-ний өдөр өөр албан тушаалд томилогдон ажиллаж байна. Нийгмийн даатгалын лавлагаа авахад 2010-2014 он хүртэл зарим сарууд нь төлөгдөөгүй боловч дэвтэр дээр бичилт хийсэн байгаа. Иймээс нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэнэ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй сарууд болох

  • 2010 он: 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 сар
  • 2011 он: 9, 10, 11, 12 сар
  • 2012 он: 1, 2 сар
  • 2013 он: 1, 2, 12 сар
  • 2014 он : 1, 2, 12 саруудад бичилт хийлгэх.

2. Мөн ЕБС, СӨБ-ын багш нарт таван жилд нэг удаа олгодог 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжээ 2019 онд авсан. Энэ байгууллагад надтай хамт ажилд орсон миний туслах багшаар ажиллаж байсан хүмүүс таван жил ажиллаад авахаар нь асуусан. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч чиний ажилласан жил хүрэхгүй байгаа гэсэн хариулт өгсөн. Тэгээд 2019 онд Булган аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэнд нийгмийн даатгалын дэвтрээ үзүүлэхэд та яагаад авахгүй байгаа юм бэ? Тасралтгүй ажилласан л бол авах ёстой гэсэн. Энэ тухай байгууллагын даргад хэлээд загнуулан байж 2019 онд нэг удаа 2 800 000 төгрөг авсан. Журмын дагуу олгосон бол 2010 онд эхний 5 жил , 2020 онд 2 дахь таван жилийн тэтгэмж авах ёстой байтал олгоогүй. Шалтгааныг асуухаар тодорхой хариулт өгдөггүй /загнадаг/ учир ажлын байран дээрээ энэ асуудлыг хөөцөлдөх боломжгүй байсан. Иймээс хугацаа алдсан. Иймд надад учирсан хохирлын шалтаг, шалтгааныг олж миний хохирлыг барагдуулж өгнө үү . Мөн шүүхэд таван жилийн тэтгэмж 4 740 000 төгрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төгрөгийн хамт Булган аймаг С******* сумын Улсын тэргүүний  У******* цэцэрлэгээс гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч Д.Н*******ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэг. Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийн талаар: Булган аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролыг дэмжихэд чиглэгдсэн “Алслагдсан орон нутгийн бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох” төслийг 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс Каритас Чех олон улсын байгууллагаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Булган аймгийн С******* сумын “У*******” цэцэрлэг нь уг олон улсын төслийн байгууллагатай 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулан “Зайны сургалтын төсөл”-ийг зохион байгуулж эхэлсэн болно. Гэрээний хугацаа дуусахад гэрээний сунгалтыг тухай бүр хийж байсан байна.

2010 онд Каритас Чех олон улсын байгууллагаас “Зайны сургалт”-ын төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээний дагуу сургагч багшийн нэрийг багийн Засаг дарга ба сумын цэцэрлэгийн эрхлэгч нарт дэвшүүлж, Булган аймгийн Боловсролын хэлтэс сонгосон бөгөөд Каритас Чех олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ, гэрээний 5 дугаар бүлгийн 5.1.11, 5.1.13 заалт, 6 дугаар бүлгийн 6.1, 6.2, 6.4.1, 6.4.2 заалтуудыг тус тус үндэслэн Л******* овогтой А*******г цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тушаалаар багийн сургагч багшаар томилон ажиллаж эхэлсэн болно.

Дээрхи хугацаанд эхний байгуулсан гэрээний дагуу /5-9 дүгээр сарыг дуустал/ сургагч багш нарын 5 сарын цалин бүх зардлыг шингээсэн нийт дүн /хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар зэрэг/ 1 411 480 төгрөгийн санхүүжилтийг ирүүлснийг 2 багшид сар бүр олгосон. Нэг сургагч багшийн сар бүрийн цалин 141 148 төгрөг /гарт олгох нь 110 000 төгрөг баримтыг хавсаргав/. Өмнөх гэрээний хугацаа дуусч 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сарын хугацаатайгаар сунгаж байгуулсан бөгөөд үргэлжлүүлэн тухайн 2 багшийг он дуустал ажиллуулж цалин хөлсийг олгож байсан. 2010 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудын хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар зэргийг 2010 оны 7, 8, 9, 11, 12 саруудад нийгмийн даатгалын 5280001461 тоот дансанд нийт 427 529,73 төгрөг шилжүүлсэн боловч нэхэмжлэгч Л.А*******гийн 2010 оны 5, 6, 7, 8 дугаар саруудын даатгуулагчийн төлөх шимттэл бичигдээгүй байна. Шилжүүлсэн мөнгөн баримтын хуулбар байгаа бөгөөд Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тодруулаарай гэж мөнгө шилжүүлсэн баримтыг хувилж өгсөн.

Л.А*******гийн нэхэмжлэлд 2010 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудад ажилласан нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх гэсэн бөгөөд Каритас Чех олон улсын байгууллага нь 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс цалин олгох гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн тул нийгмийн даатгалын шимтгэл хийх үндэслэлгүй гэж үзэж байна. 2010 оны 5 дугаар сараас өмнөх саруудад сонгон шалгаруулалтанд орох, сургалтанд 2-3 удаа сууж байсан бөгөөд томилолт, унааны зардлыг тухайн үед нь Каритас Чех олон улсын төслийн байгууллагаас олгож байсан болно.

2010 онд олгож байсан цалингийн түүвэр:

Огноо

Багийн сургагч багш нарт олгосон нийт цалин

Л.А*******д

олгосон

НДШ

ХАОАТ

Гарт олгосон

нь

Нийгмийн даатгалд шилжүүлсэн хугацаа

2010 оны 5 сар

505 666.20

141 148.00

0

0

110 000.00

 

2010 оны 6 сар

505 666.20

141 148.00

0

0

110 000.00

 

2010 оны 7 сар

505 666.20

141 148.00

195 297.60

151 701.00

110 000.00

7/28/2010

2010 оны 8 сар

505 666.20

141 148.00

64 934.13

50 567.00

110 000.00

8/30/2010

2010 оны 9 сар

505 666.20

141 148.00

65 099.00

50 567.00

 

9/20/2010

2010 оны 10, 11 сар

734 592.00

282 296.00

68 133.00

56 459.00

220 000.00

11/23/2010

2010 оны 12 сар

367 296.00

141 148.00

34 066.00

28 230.00

110 000.00

12/13/2010

Дүн

3 630 219.00

1 129 184.00

427 529.73

337 524.00

770 000.00

 

 

2011 онд Каритас Чех олон улсын байгууллагын Зайны сургалтын төслийн амралтын хугацаанд сургагч багш Л.А*******г 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн салбар 2 дугаар багийн цэцэрлэгт жирэмсэн, амаржсаны амралт авсан туслах багшийн оронд 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажиллуулж, цэцэрлэгийн төсвөөс цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Каритас Чех олон улсын байгууллагын Зайны сургалтын төслийн амралтын үе /гэрээний 6 дугаар бүлгийн 6.2-т заасны/ дуусч, 2011 оны 5 дугаар сараас 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Каритас Чех олон улсын байгууллагаас цалин, нийгмийн даатгал, холбогдох татварын санхүүжилтийг багшийн өөрийн дансанд болон Нийгмийн даатгалын газрын дансанд шууд шилжүүлдэг болсноор нийгмийн даатгалын дэвтрийг Улаанбаатар хотод авч бөглөж өгч байсан болно. Өөрт нь тухайн оны Каритас Чех олон улсын төслийн байгууллагаас нийгмийн даатгалыг бөглөж өгч байсан дэвтэр байгаа. Олон улсын байгууллагатай хийсэн гэрээний хугацаа дууссан тул 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар гэрээг дахин сунгасан. Энэхүү гэрээний 4 дүгээр бүлгийн 3, 4-т зааснаар багийн багшийн цалин, холбогдох татварыг Каритас Чех олон улсын төслийн байгууллагаас төлнө гэж заасан энэхүү хугацаанд сумын цэцэрлэгийн 1 жилийн бичиг хэрэгслийн зардал, унаа буюу түлш, багшийн бичиг хэргийн зардалд 969 172 төгрөгийн санхүүжилт ирсэн бөгөөд цалин, нийгмийн даатгал, татварын санхүүжилтийн зардал огт ирүүлээгүй. 2011 оноос Каритас Чех олон улсын байгууллагаас цалин хөлс олгож байсан тул 2011 оны 09-12 саруудад ажилласан эсэхийг сайн мэдэхгүй, санахгүй байна. Ажилласан бол тухайн хугацааны цалинг олгож байсан байх гэж бодож байна.

2012 онд Каритас Чех олон улсын байгууллага нь 1, 2, 12 саруудад Зайны сургалтын амралтын үе гэж тооцож гэрээний санхүүжилтийг өгдөг байсан тул 2012, 2013 оны 1, 2 сарууд нийгмийн даатгал нь бөглөгдөөгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн С******* сумын “У*******” цэцэрлэгийн салбар Тариахтай 2 дугаар багийн СӨБ-д хамрагдах хүүхдийн тоо эрс нэмэгдсэн, төсөвт үлдэгдэл санхүүжилт байсан учир 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс багийн цэцэрлэгийн хажууд гэр барьж нэмэлтээр шинээр ээлжийн бүлгийг нээн 3, 4, 5, 9, 10, 11 саруудад ээлжийн бүлгийн багшаар, 2012 оны 6, 7, 8 саруудад зуны нүүдлийн гэр цэцэрлэгт хувилбарт сургалтын багшаар Л.А*******г түр хугацаагаар томилон ажиллуулж байсан бөгөөд 2012 оны 12 сарын ээлжийн амралт зэргийг цэцэрлэгийн төсвөөс цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.

2013 оны 1, 2 сарууд Каритас Чех байгууллагын Зайны сургалтын төслийн амралтын үе байсан, Л.А******* нь 2013 оны 3 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад Каритас Чех олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байсан төслийн хугацаа дууссан тул 2013 оны 11 дүгээр сард ээлжийн амралтыг олгосон байна. Каритас Чех олон улсын байгууллагын төсөл 2013 оны 11 дүгээр сард дууссан тул 2014 оны 1, 2 саруудад ажиллаагүй байсан учир нийгмийн даатгал нь бөглөгдөөгүй гэж бодож байна.

2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дунд бүлгийн багш жирэмсний амралтаа авсан тул орон нутагт мэргэжлийн багш байхгүй учраас төслийн сургагч багш, ээлжийн бүлгийн багшаар өмнө сайн ажиллаж байсан гэж үзэж Л.А*******г түр томилон ажиллуулж, цэцэрлэгийн төсвөөс цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Л.А******* нь 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Орхон аймгийн Маргад дээд сургуульд эчнээгээр суралцахаар хүсэлт гаргасан тул ажлаас чөлөө олгосон. Сургуульдаа яваад ирэхэд нь 2014 оны 6, 7 дугаар саруудад малчин өрхийн хүүхдүүдэд СӨБ олгохоор зуны нүүдлийн гэр цэцэрлэг ажиллаж хувилбарт сургалтын багшаар үргэлжлүүлэн ажиллуулж цэцэрлэгийн төсвөөс цалинг олгож нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. 2014 оны 9 дүгээр сараас нэг туслах багш өндөр насны тэтгэвэрт гарсан тул Л.А*******г өндөр насны тэтгэвэрт гарч байгаа багшийн оронд туслах багшаар ажиллах уу?, байнгын орон тоо гэсэн саналыг тавихад “Ажиллахгүй” сумын төв дээр гэр нь байдаг туслах багшийг ажиллуул гэсэн хариулт өгсөн. Төсөвт цалингийн санд үлдэгдэл төсөв байсан тул зохих шатны удирдлагуудтай зөвшилцөн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс Л.А*******г хувилбарт сургалтын багшаар түр хугацаагаар томилон ажиллуулж байгаад 2014 оны 11 дүгээр сараас Тариахтай 2 дугаар багийн салбар цэцэрлэгийн туслах багш жирэмсний амралт авахаар нь Л.А*******г ажиллуулах санал тавихад зөвшөөрсөн тул 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс туслах багшаар ажиллуулан цэцэрлэгийн төсвөөс цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Нэхэмжлэл дээр 2014 оны 12 дугаар сар төлөгдөөгүй гэж бичсэн байна. Тухайн сарын буюу 2014 оны 12 дугаар сард Л.А******* нь туслах багшаар ажиллаж байсан 742,710.00 төгрөгийн цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл цэцэрлэгээс төлөгдсөн байна.

Эрхлэгч миний хувьд Л.А*******г дутуу бичигдсэн нийгмийн даатгалын шимтгэлийн талаар асуухад нь дутуу, бичигдээгүй байгаа саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулалт хийгдэх үед болон бусад үед нилээн хэд, хэдэн удаа нөхөн тооцсон даатгалаа хийлгээд гүйцээгээд аваач ээ гэж хэлж зөвлөж байсан бөгөөд хэлж байсныг ажлын хамт олноос зарим хүмүүс мэдэж байгаа нотолно. Манай байгууллага нь багш, ажилчдыг хөгжүүлэх, цаашид суралцуулах, ажлын байранд нь тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байнга, тогтмол анхаарч ажиллаж ирсэн. Л.А*******гийн хувьд мэргэжлийн бус багш гэхгүйгээр аль боломжтой хувилбарыг гаргаж багийн сургагч багш, хувилбарт багш, ээлжийн багш, туслах багш, багшаар үргэлжлүүлэн ажиллуулж байсан. 2014 оноос “Маргад” дээд сургуульд эчнээгээр суралцуулан, ажиллаж байх хугацаанд нь бусдын адил цалинг олгож, дэмжиж ажиллаж байсан.

Хоёр. Мөнгөн тэтгэмжийн 4 740 000 төгрөг гаргуулах тухай:

 

Л.А******* нь 2010 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс Каритас Чех олон улсын байгууллагаас хэрэгжүүлж ирсэн Зайны сургалтын сургагч багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллага нь 1, 2 саруудад гэрээний дагуу төслийн амралтын хугацаанд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар олгодоггүй бөгөөд ирсэн санхүүжилтийн дагуу сар бүр цалинг олгож ажилласан.

Тухайн нэг сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт, ажилласан эсэхээс хамааран сум, тосгон, багийн сургууль цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно гэж хуульд заасны дагуу, Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 25 дугаар тогтоол зэргийг үндэслэн доорхи тайлбарыг хүргэж байна. Үүнд: Боловсролын тухай хуульд 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй, тогтвор суурьшилтай 5 жил ажилласан нөхцөлд олгоно гэж заасны дагуу сургагч багш Л.А*******д 2015 онд олгох гэхээр ажилласан нийт хугацааны нийлбэр нь 5 жил байгаа боловч “тасралтгүй”, “тогтвор суурьшилтай” ажиллаагүй гэж үзэж хуульд заасан мөнгөн тэтгэмж, нэмэгдлийг олгоогүй, өөрөө ч хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмж авахаар материал бүрдүүлэн өгч хүсэлтээ гаргаж байгаагүй болно.

            Сургагч багшаар ажиллаж байсан хэдий ч тухайн үед бүрэн дунд боловсролтой, мэргэжлийн диплом, багшлах эрхийн үнэмлэхгүй байсан. Хөдөө орон нутагт тогтвор, суурьшилтай ажилласны нэг удаагийн буцалтгүй тэтгэмж, урамшууллыг /5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал/-ыг олгохдоо доорхи баримт материалыг бүрдүүлэн ирүүлэх зөвлөмжийг жил бүр Боловсролын газраас ирүүлдэг түүний дагуу шаардлагыг хангасан багш нарын материалыг бүрдүүлэн төсвийн төсөлд хүргүүлэн ажилладаг. Үүнд:

  • Их дээд сургуулийг багшаар төгссөн дипломын хуулбар /нотариатаар батлуулсан байх/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Багшлах эрхийн үнэмлэх буюу багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 1, 5, 10 жилийн сургалтанд суусан, сертификатын хуулбар/ наториатаар батлуулсан байх
  • Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 5 жилийн шимтгэл төлсөн хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажилд орсон, гарсан тушаал / наториатаар батлуулсан байх/
  • Өргөдөл

 Л.А******* нь 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Орхон аймаг дахь “Маргад” дээд сургуульд суралцаж 2016 оны 6 дугаар 15-ны өдөр төгссөн тул дээрх материалыг 2015 онд бүрдүүлэх гэхээр сургуулиа төгсөөгүй байсан болно. Энэхүү байгууллагад ажиллаж байх хугацаанд нь бусад багш, туслах багш нарын адил мэргэжил боловсролоо дээшлүүлэн бакалавр, магистрын сургалтанд суралцах явцад нь байгууллагын зүгээс цалинтай суралцуулж нийгмийн асуудлыг нь дэмжиж ажиллаж байсан. Бакалаврын сургалтанд 2014-2016 он, магистрын сургалтанд 2018-2019 онуудад тус суралцуулсан болно.

2017 оны төсвийн төсөлд Л.А*******гийн тэтгэмжийг 2018 онд өгөхөөр төлөвлөж материалыг бүрдүүлэн хүргүүлсэн боловч Боловсрол, соёлын газар, БШУЯ-нд хянагдаад Л.А*******гийн ажилласан жил дундаа тасалдалтай буюу 52 сар байна гээд олгогдоогүй гэж ойлгож байгаа. Л.А******* шалтгааныг асуухаар нь тасралтгүйгээр 60 сар ажилласан байх ёстой гэсэн дээрх тайлбарыг хэлж хариултыг өгч байсан, уурлаж загнасан асуудал байхгүй. Л.А******* нь зуны цэцэрлэгт сүлжээгүй газар ажиллаж байсан учир сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй, тогтвор суурьшилтай 5 жилийн тэтгэмжийн нэмэгдэл авах материал бүрдүүлэлт, өргөдлийг хугацаа хоцроохгүйн тулд 2017 оны төсвийн төсөлд Боловсрол, соёлын газарт би өөрөө өргөдлийг нь  бичиж төсвийн төсөлд/ бусад материалын хамт хүргүүлж байсан.

Дараа жилийн төсвийн төсөлд туслах багш Л.А*******гийн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багш, туслах багшаар тасралтгүй тогтвор суурьшилтай 5 жил ажилласан хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласан гэж үзээд өөрийн бүрдүүлж ирүүлсэн материалыг нь хүргүүлсэн.

 

Ажилласан хугацаа, он ,сар, өдөр

Нийт ажилласан

хугацаа

Тайлбар

Он

2014 оны 09 сарын 03-наас

4 сар

 

2014 он

1-12 саруудад

12

 

2015 он

1-12 саруудад

12

 

2016 он

1-12 саруудад

12

 

2017 он

1-12 саруудад

12

 

2018 он

1-12 саруудад

12

 

2019 он

 

 

 

 

Боловсрол, соёлын газар, БШУЯ-наас 2018 оны төсвийн төсөлд 2,517,600 төгрөгийг төлөвлөснийг хянаад 2019 онд мөнгөн тэтгэмж олгогдсон. Хөдөө орон нутагт ажилласны тэтгэмжийг БШУГ-аас багш нарын дансанд шууд ордог. Л.А******* нь тухайн онд туслах багшаар ажиллаж байсан тул туслах багшийн үндсэн цалингаар бодогдож олгогдсон болно.

Нэхэмжлэгчийн 4 740 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг яаж тооцож гаргаж ирснийг ойлгохгүй байна. 2019 онд тэтгэмжийн мөнгийг авсан тул дахин олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Харин багшийн ажлаа хийж байсан бол 2024 онд тэтгэмжийн мөнгийг авах байсан.

Байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс болж нэхэмжлэгч Л.А*******д ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байна” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар 2010 оны 5-8 сар, 2011 оны 9-10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлөлт хийхийг Булган аймгийн С******* сумын “У*******” цэцэрлэгт даалгаж, нийгмийн даатгалын санд 2010 оны 1-4 сар, 2011 оны 11-12 сар, 2012 оны 1-2 сар, 2013 оны 1-2 сар, 2014 оны 1-2, 5, 8, 12 саруудад нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, таван жил тутамд 1 удаа олгох мөнгөн тэтгэмж 4 740 000 /дөрвөн сая долоон зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 790 /ерэн мянга долоон зуун ер/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгож, хариуцагчаас 17410 639 /арван мянга зургаан зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.А*******д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Л.А******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Анхан шатны шүүх нь нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн судалж, бодитой дүгнэлт хийж чадсангүй. Иргэний хуульд заахдаа хэргийг бүх талаас нь бүрэн судалж дүгнэлтээ гаргана гэжээ. Мөн миний бие шүүх хуралд оролцох гэж товлосон цагаас 5 орчим минутын өмнө ирэхэд надад хариуцагч талаас тайлбар нотлох баримт ирсэн гээд танилц гэсэн бөгөөд миний бие 1-2 хуудастай танилцаж байхад шүүх хурлын цаг болсон гээд шууд шүүх хуралдаанд оруулсан би тухайн материалуудтай бүрэн гүйцэд танилцаж чадаагүй.

Шүүхэд хариуцагч талаас маш их тушаал гаргаж өгсөн бөгөөд тухайн тушаалуудыг надад танилцуулж, нэг хувийг хуульд заасны дагуу өгч байгаагүй бөгөөд миний бие нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бичилтээ дутуу байгаа гэж мэдээгүй банкнаас зээл авах болоод л нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт авч мэдсэн, мөн миний нийгмийн даатгалын дэвтэр дээр хийгдсэн бичилт бал хольж бичигдсэн байсан нь сүүлд нь хариуцагч өөрт ашигтай байдлаар нөхөж бичсэн гэж үзэж байна. Хариуцагч тал нь миний ажилласан жилийг дутааж, нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн нь надад ажилласан жил багасгаж бодогдох эрх зүйн үр дагавар үүсгэж байна. Үүнээс шалтгаалан хөдөө орон нутагт ажилласан багшид олгодог тэтгэмжээ авч чадахгүйд хүргэсэн. Намайг сургуульд сурахад цалингүй чөлөө авч байсан гэсэн нь худлаа юм. Тухайн үед сурч байсан бүх хүн цалингаа бүрэн аваад сурч байсан ба үүнийгээ хариуцагч өөрөө хариу тайлбартаа “...байгууллагын зүгээс цалинтай суралцуулж нийгмийн асуудлыг нь дэмжиж ажиллаж байсан...” хэмээсэн байдаг.

Миний бие энэ цэцэрлэгт 11 жил тасралтгүй ажиллаад, ажилласан хугацаа дутуу тооцогдож, зохих ёсоор авах ёстой тэтгэмжээ авч чадахгүй байгаа нь үнэхээр намайг хохироож байна. Иймд Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 132/ШШ2022/00656 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү“ гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрт давж зааддах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдсэн. Хамгийн гол давж заалдах гомдол гаргасан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтад бодитой дүгнэлт хийгээгүй гэж миний зүгээс үзсэн. Өөрөөр хэлбэр 2010 оны 5-8 сар, 2011 оны 9-11 саруудад нийгмийн даатгалын нөхөн бичилт хийж, нийгмийн даатгалын санд төлөлт хийхийг даалгаж шийдсэн. Харин 2010 оны 1-4 сар, 2011 оны 11-12 сар, 2012 оны 1-2 сар, 2013 оны 1-2 сар, 2014 оны 1-2, 5, 8, 12 саруудад нийгмийн даатгалын санд төлөлт хийхийг хангаж шийдвэрлээгүй. Мөн таван жил тутамд 1 удаа олгох мөнгөн тэтгэмж 4 740 000 төгрөгийг бас хэрэгсэхгүй болгосон.  Хэрэгт 2 талаас нилээдгүй нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал өөрт байгаа нотлох баримтуудыг чадах хэмжээгээрээ гаргаж өгсөн. Жишээ нь хавтаст хэргийн 21, 50 дугаар талуудад ээлжийн амралт олгох тухай 2013 оны тушаал байгаа. Үүнд багш Л.А*******д 48 хоногийн амралтын мөнгийг олго гэж заасан байдаг. Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бүтэн ажилласан багш нарт амралтын мөнгийг 48 хоногоор тооцож  олгодог.  Гэтэл Л.А*******г 2013 оны 1-2 сард ажиллагаагүй гэж дүгнэсэн. Хэрэв дутуу ажилласан бол хасаж тооцох ёстой. Хавтаст хэргийн 58 дугаар талд ажилд томилох тухай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тушаал байгаа. Гэтэл тухайн оны 12 сард ажиллаагүй гэж үзсэн гэх мэт зүйлүүд байгаа. Хавтаст хэргийн 69 дүгээр талд бэлэн мөнгө олгосон хүснэгт байгаа. Уг хүснэгтийн огноо 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэсэн байна. 2010 оны 1-4 сард ажиллаагүй гэсэн. Гэтэл бэлэн мөнгө олгосон тухай хүснэгтээс Г.А******* ажилласан гэдэг нь харагдана. Хавтаст хэргийн 65-66 дугаар талд бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн тайлан, хүснэгтүүд байдаг. Хавтаст хэргийн 67-68 дугаар тал бэлэн мөнгө олгосон тухай хүснэгтүүд мөн байдаг. Л.А*******г чөлөөлөөд томилоод байдаг байсан. Гэтэл энэ тушаалууд Л.А*******д олгогдоогүй. Энэ нөхцөл байдлыг харахад Л.А******* нь тасралтгүй ажилласан нь харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

6. Хариуцагчийн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.А*******г 4 удаа амаржсан хүний оронд томилж байсан. Хоёр удаа төслийн байгууллагад ажилласан. 5 жилийн тэтгэмжийн хувьд манай байгууллага олгохгүй. 2015 онд Л.А******* суралцаж байсан. Багш хүнд тэтгэмж авах шаардлагууд байдаг. Үүнд мэргэжлийн дипломтой, багшлах эрхийн шалгуурыг хангах, тасралтгүй 60 сар ажилласан байж 5 жилийн тэтгэмж авна. Боловсрол соёлын газраас тасралтгүй ажилласан байх шалгуурыг хангаагүй байна гээд тухайн байгууллагаас тэтгэмж олгоогүй гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч 2015 онд авах ёстой байсан тэтгэмжээ 8-9 жилийн дараа нэхэмжилж байгаа. Үүнд хөөн хэлэлцэх хугацаа байгаа боловч анхан шатны шүүх анзаараагүй. Нэхэмжлэгч өөрийн үүрэг болоод мэдэх эрхээ хэрэгжүүлээгүй. Хамгийн гол зүйл тэтгэмж олгох 60 сар хүрэхгүй байгаа. Тэтгэмжийн мөнгийг Боловсролын яамнаас Боловсрол соёлын газарт шилжүүлээд багш ажилтанд олгодог. Гэтэл багшлах эрхийн үнэмлэхтэй байх ёстой байтал 2015 оны Л.А******* багшлах эрхийн үнэмлэхгүй байсан. Ийм учраас хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Л.А******* нь ...2010-2014 оны зарим сарууд буюу 2010 оны 1-8 дугаар сар, 2011 оны 9-12 дугаар сар, 2012 оны 1, 2 дугаар сар, 2013 оны 1, 2, 12 дугаар сар, 2014 оны 1, 2, 12 дугаар саруудын нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, 5 жилд нэг удаа олгодог тэтгэмжийн 4 740 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Булган аймгийн С******* сумын “У*******” цэцэрлэг нь Каритас Чех олон улсын байгууллагаас хэрэгжүүлж эхэлсэн “Алслагдсан орон нутгийн бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох” төсөлд 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар  сарын 31-ний өдрийг, 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай хамрагдаж, Боловсрол шинжлэх ухааны яамнаас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох төсөл”-ийг 2012 оны 3 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хэрэгжүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Л.А*******д ээлжийн амралтыг олгож, ажлаас чөлөөлсөн байдаг.

3а. Нэхэмжлэгч Л.А******* нь Каритас Чех олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн төслийн сургагч багшаар сонгогдон зайн сургалтын багш бэлтгэх сургалтанд 2010 оны 01 сарын 14-ний өдрөөс 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл, 2010 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл, Хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох төслийн багш нарыг чадавхижуулах сургалтанд 2011 он, 2013 онуудад тус тус хамрагдаж байсан болох нь түүнд олгосон “Батламж” болон “Гэрчилгээ”-гээр,

3б. Булган аймгийн С******* сумын У******* цэцэрлэгт 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төслийн багш, хувилбарт сургалтын багш, туслах багш, багшаар ээлжийн амралттай болон жирэмсэн, амаржсаны чөлөөтэй байгаа ажилтны оронд түр томилогдон ажиллаж байсан болох нь цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалуудаар тогтоогдсон. /1хх-ийн  5-27, 44-60, 103-164, 174-178, /

4. Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрлөх харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/, Нийгмийн даатгалын тухай хууль, Боловсролын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөв тайлбарлан дүгнэсэн байна.

4а. Ажилтан, ажил олгогч нар гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах; нь ажилтны үндсэн эрх байх тул нэхэмжлэгч Л.А******* шаардах эрхтэй.

4б. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1“Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.” гэж заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.

 

5. Нэхэмжлэгч Л.А*******гийн Булган аймгийн С******* сумын У******* цэцэрлэгт 2010 оны 01 дүгээр сараас эхлэн багшаар тасралтгүй ажиллаж байсан гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай тушаал болон бусад тушаалууд, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар няцаагдаж байх бөгөөд тэрээр багшаар 2010 оны 01 дүгээр сараас эхлэн тасралтгүй 5 жил ажилласан гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. /1 хх-ийн 5-9, 23, 44, 10-22, 24, 45-80/

5а. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д Сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн  багш, туслах багшаар ажиллаж байгаа багш нар нь 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар дамжуулан авах нийгмийн баталгаагаар хангагдах эрхтэйгэж заасан.  

Тус тэтгэмжийг авах урьдчилсан нөхцөл нь тасралтгүй 5 жил ажилласан байхыг шаардах бөгөөд тэрээр нийт 60 сар тасралтгүй ажиллаагүй, дээрх хугацаа тасалдсанаас 5 жил тутамд олгох тэтгэмж авах эрхээ алдсан байна.

5б. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эрх зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой өдрөөс 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй байсан бөгөөд 5 жил тутамд авах байсан мөнгөн тэтгэмжийн талаархи гомдлоо эрх зөрчигдөж байгааг мэдсэн, мэдэх боломжтой байсан үеэс хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлэх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл 5 жилийн тэтгэмжийн талаар цэцэрлэгийн эрхлэгчээс асуухад тэрээр уурлаж байсан талаар нэхэмжлэл, тайлбарт дурдсан байдаг тул нэхэмжлэгч Л.А*******г хожим зээл авахдаа л энэ талаар мэдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах тухай гомдлоо эрх бүхий байгууллагад хуульд заасан хугацааны дотор гаргаагүй гэж үзнэ.

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтанд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн хэдий ч нэхэмжлэлд дурдагдсан зарим шаардлагыг орхигдуулж, шаардлагад дурдаагүй зарим сарыг оруулан нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг буруу бичсэн зэрэг алдаа гаргасан нь шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах үндэслэл болно. Мөн С******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/48 дугаар тушаалд ...төслийн хугацаа дуусч байгаа тул хувилбарт сургалтын багш нарыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтыг олгож, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байх ба Л.А*******гийн ээлжийн амралт 48 хоног гэж тодорхойлсон байгаагаас үзвэл тэрээр 2013 оны 12 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж байсан гэж үзэх үндэслэлтэй, нийгмийн даатгалийн шимтгэл төлөлтөнд дээрх хугацааны мөнгийг 11 дүгээр сард бөөн дүнгээр нь оруулсныг залруулах боломжтой гэж үзнэ.

Мөн цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/47 дугаартай ажилд томилох тухай тушаалд ...хувилбарт сургалтын багшаас чөлөөлж, туслах багшаар томилсугай гэж, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/35 дугаартай ажилд томилох тухай тушаалд ...туслах багш Л.А*******г дунд бүлэгт багшаар томилсугай гэжээ. Дээрхи тушаалаар бол Л.А******* нь 2014 оны 12 дугаар сард туслах багшаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.  

Тодруулбал: нэхэмжлэлийн шаардлагад 2014 оны 5, 8 дугаар сар гэж байхгүй бөгөөд 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 12 дугаар сарыг тус тус орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд заасан ...2011 оны 9-10…” гэсний дараа 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 12 дугаар... гэж нэмж, ...нийгмийн даатгалын санд 2010 оны 1-4 сар, 2011 оны 11-12 сар, 2012 оны 1-2 сар, 2013 оны 1-2 сар, 2014 оны 1-2, 5, 8, 12 саруудад... гэснийг ...нийгмийн даатгалын санд 2010 оны 1, 2, 3, 4 сар, 2011 оны 11, 12 сар, 2012 оны 1, 2 сар, 2013 оны 1, 2 сар, 2014 оны 1, 2 саруудад...гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтанд заасан ...хариуцагчаас 17410,639 /арван мянга зургаан зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж, гэснийг...хариуцагчаас 10 639 /арван мянга зургаан зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж,гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг тодорхойлсон байх ба мөн хуулийн 25.1.1-д эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх; гэж, 25.1.2-тхэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох; гэж заасан. Шүүх нэхэмжлэгч Л.А*******д 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байх ба шүүх хуралдааны товыг 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр мэдэгдсэн тул товлосон шүүх хуралдаанд 5 орчим минутын өмнө ирээд хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцаж амжаагүй гэсэн гомдол үндэслэлгүй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1., 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 132/ШШ2022/00656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд заасан ...2011 оны 9-10..” гэсний дараа 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 12 дугаар... гэж нэмж, ...нийгмийн даатгалын санд 2010 оны 1-4 сар, 2011 оны 11-12 сар, 2012 оны 1-2 сар, 2013 оны 1-2 сар, 2014 оны 1-2, 5, 8, 12 саруудад... гэснийг ...нийгмийн даатгалын санд 2010 оны 1, 2, 3, 4 сар, 2011 оны 11, 12 сар, 2012 оны 1, 2 сар, 2013 оны 1, 2 сар, 2014 оны 1, 2 саруудад...гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтанд заасан ...хариуцагчаас 17410,639 /арван мянга зургаан зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж, гэснийг...хариуцагчаас 10 639 /арван мянга зургаан зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж,гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Л.А*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 90 790 /ерэн мянга долоон зуун ерэн/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ

 

 

                                         ШҮҮГЧИД                                  Н.БАЯРХҮҮ

 

                                                                                     

                                                                                           Л.АРИУНЦЭЦЭГ