Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0163

 

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0163

Улаанбаатар хот

 

“О” СӨХ-ны нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Б.А, өмгөөлөгч Р.Ж, гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн төлөөлөгч Д.Д, өмгөөлөгч В.Э, гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0844 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д-н гаргасан давж заалдах гомдлоор, “О” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0844 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3 дахь хэсгийн 38.3.1, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “О” СӨХ-ны Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/596 дугаар захирамжийн “Ц” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын “О” СӨХ-д 2570 м2 хэмжээгээр газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хэмжээгээр сунгасан шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн  төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...хэргийн бодит нөхцөл байдлыг гуйвуулан тайлбарлаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн тул шийдвэрийг эс зөвшөөрч байгаа болно. 

1. Маргаан бүхий актуудыг гаргахдаа 6 дугаар дунд сургуулийн албан бичгүүд, зөвлөлийн хурлын тогтоол зэргийг үндэслэсэн гэж дүгнэсэн тухайд:

...Нийслэлийн 6 дугаар дунд сургуулиас “Ц" ХХК-д газар эзэмшүүлэхээр хүсэлт гаргаагүй. Дээрх албан бичгүүд, зөвлөлийн хурлын тогтоолыг үндэслээгүй байхад үндэслэсэн гэж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхдээ хэт их нэг талыг барьж илтэд гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн эрх ашгийг хамгаалж гуйвуулан тайлбарласан.

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай газраас Нийслэлийн 6 дугаар дунд сургуульд 1,9 га газрыг сургалтын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулж, мөн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 452 дугаар захирамжаар Нийслэлийн 6 дугаар дунд сургуулийн хашаан дотор багш, ажилчдын 72 айлын орон сууцны барилга барих зориулалтаар 810 м.кв газрыг Нийслэлийн 6 дугаар дунд сургуульд эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжаар “О” СӨХ-ны ашиглах эрх бүхий 2570 м.кв газраас 410 м.кв газрыг “Ц” ХХК-д эзэмшүүлсэн боловч Нийслэлийн Засаг дарга 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамжаараа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчин Нийслэлийн Засаг дарга нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн эзэмшил газраас 414 м.кв газрыг орон сууцны зориулалтаар “Ц” ХХК-д шилжүүлсэн тул 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжийн “Ц" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Дээрх захиргааны акттай “Ц” ХХК-иас маргаж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 492 дугаар шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамжийн зорилго тодорхойгүй, өөрөөр хэлбэл төрийн байгууллагын ажилчдын орон сууц барих зорилго хангагдсан эсэхийг судлан тогтоож, нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамжийг түдгэлзүүлж, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нийслэлийн Засаг даргыг шийдвэр гаргах болсон үндэслэл, шаардлагаа тодруулж, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь эргэлзээгүй баримтаар нотолж, эрх ашиг нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах замаар дахин шинэ акт гаргахыг даалгаж тус тус шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл бодит байдал дээр захиргааны байгууллага буюу нийслэлийн Засаг дарга дээрх нөхцөл байдлыг судлан тогтоож, шалгахгүйгээр, өөрөөр хэлбэл 2015 оны А/596 дугаар захирамжийг гаргахдаа “О" СӨХ болон 6 дугаар дунд сургуулийг оролцуулахгүйгээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж “О” СӨХ-ны ашиглалтын газраас 414 м.кв талбай бүхий газрыг “Ц” ХХК-д давхардуулан хууль бусаар эзэмшүүлж, “О” СӨХ уг СӨХ-ны гишүүд болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13-2 дугаар байрны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан байдаг.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “О” СӨХ-д газар ашиглуулах шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж дүгнэсэн тухайд:

...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалт орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг”, Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд “Сууц өмчлөгчдийн холбоонд орчны газрыг ашиглуулах” гэж заасны дагуу орчны газрыг ашиглаж, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, өндөр настнууд болон нялх хүүхэдтэй ээжүүд амран суух саравч барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил явагдаж байсан боловч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой ажил түр хугацаанд зогссон болно.

“О” СӨХ Газрын тухай хуулийн 441 зүйлийн 441.1-т “Сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тухайн холбооны гүйцэтгэх захирал орчны газрыг ашиглах тухай хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу уг асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий тухайн шатны Засаг даргад гаргана”, 441.2-т “Орчны газрыг ашиглах тухай хүсэлтэд дараах зүйлийг тусгана”, “сууц өмчлөгчдийн холбооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг, уг холбоог бүртгэсэн тухай сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, нийтийн зориулалттай тухайн орон сууцны байшингийн байршил, хаяг, ашиглуулах орчны газрын зориулалт, хэмжээ, зааг, байршил, нэгж талбар /ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол зэрэг/-ийг харуулсан тойм зураг, баг, хорооны Засаг даргын санал” гэж зааснаар газар ашиглах хүсэлт гаргахдаа хуулийн шаардлага хангасан баримтуудыг бүрдүүлж хүсэлтээ гаргасан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 441.4-т “Энэ хуулийн 441.2-д заасан хүсэлтийг нийслэл, дүүргийн газрын асуудал эрхэлсэн алба, сумын газрын даамал хүлээн авч шалгана. Энэхүү хүсэлт нь энэ хуулийн 441.2-т заасан шаардлагыг хангаагүй бол 14 хүртэл хоногийн хугацаа тогтоон хүсэлт гаргагчид уг шаардлагыг хангах боломж олгоно. Хэрэв тогтоосон хугацаанд шаардлагыг хангаагүй бол уг хүсэлтийг гүйцэтгэх захиралд буцаана”, 441.5-д “Орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийн 21.2, 21.3, 21.4-т заасан эрх бүхий албан тушаалтан гаргах ба уг шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу гэрээ байгуулна” гэж заасны дагуу газар ашиглуулах шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл “О” СӨХ-д Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 488 дугаар захирамжаар 2202 м.кв газрыг 5 жилийн хугацаатай анх ашиглуулж, тус СӨХ-оос 2009 онд газрын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлт гаргасны дагуу 2010 оны 100 дугаар захирамжаар 2570 м.кв талбай болгон нэмэгдүүлж, ашиглах эрх олгосон бөгөөд Нийслэлийн газрын алба “О” СӨХ-той газар ашиглуулах гэрээ байгуулсан байдаг. Тус СӨХ-д газар ашиглах эрх олгосон 2008 болон 2010 оны захирамжууд нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй.            Нийслэлийн 6 дугаар дунд сургуулийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, тус сургууль "... “О” СӨХ-ны ашиглалтын газар нь манай сургуулийн газартай ямар нэгэн хамааралгүй ...” гэсэн тайлбар өгсөн нь “О” СӨХ-ны ашиглалтын газартай давхцалгүй гэсэн санааг илэрхийлсэн байтал анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Нийслэлийн Засаг даргад орчны газар ашиглах эрх хүсэхдээ 6 дугаар дунд сургуулиас зайлшгүй зөвшөөрөл авах байсан мэтээр дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, талуудын маргаагүй захиргааны акт болох “О” СӨХ-д газар ашиглах эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2008, 2010 оны захирамжуудын талаар дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн.

 3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийнхээ үндэслэлд Нийслэлийн Засаг дарга нь 2015 оны А/596, 2018 оны А/840 дугаар захирамжуудыг тус тус гаргахдаа “О” СӨХ-ны ашиглалтын газраас 414 м.кв газрыг хууль бусаар “Ц” ХХК-д давхардуулан эзэмшүүлж улмаар “Ц” ХХК нь “Ю” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн ...” гэсэн маргааны гол үйл баримтад дүгнэлт хийхгүй орхигдуулсан тухайд: 

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 452 дугаар захирамжаар Нийслэлийн 6 дугаар дунд сургуулийн хашаан дотор багш ажилчдын 72 айлын орон сууцны барилга барих зориулалтаар 810 м.кв газрыг Нийслэлийн 6 дугаар дунд сургуульд эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл “Ц” ХХК нь 2006 онд эзэмшүүлсэн газраас өөр газарт 36 айлын орон сууцны барилга барьж, барилгыг ашиглалтад оруулсан харин үлдэх 36 айлын орон сууцны барилгыг ямар нэг шалтгаангүйгээр одоог хүртэл бариагүй, төдийгүй “Ц” ХХК нь “Ю” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжаар газар эзэмших эрхээ шилжүүлсэн байдаг.

Төрийн захиргааны албан тушаалтан буюу нийслэлийн Засаг дарга 2015 оны А/596 дугаар захирамжийг гаргахдаа “О” СӨХ болон 6 дугаар дунд сургуулийг оролцуулж, эрх ашиг нь хэрхэн зөрчигдсөнийг шалгаж тогтоохгүйгээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж “О” СӨХ-ны ашиглалтын газраас 414 м.кв талбай бүхий газрыг “Ц” ХХК-д давхардуулан хууль бусаар эзэмшүүлж, “О” СӨХ, уг СӨХ-ны гишүүд болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13-2 дугаар байрны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан байдаг.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар Нийслэлийн 10 жилийн 6 дугаар сургуульд сургалтын зориулалтаар 19000 м.кв газар эзэмшүүлж, улмаар тус сургуулийн хашаан дотор байрлуулан 810 м.кв газрыг нь багш, ажилчдын 72 айлын орон сууцны барилгын зориулалтаар эзэмшүүлэхээр нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 452 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 377 дугаар захирамжаар 6 дугаар сургуулийн сургалтын зориулалттай газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа газрын хэмжээг багасгаж, 17882 м.кв болгон газар эзэмших эрхийн хугацааг сунгасан байна.

“Ц” ХХК нь 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр уг 810 м.кв газрын зарим хэсэгт 36 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан болох нь тогтоогдсон байх бөгөөд 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/21 дүгээр албан бичгээр “...манай компани нийслэлийн Засаг даргын 2004 оны 452 дугаар захирамжийн дагуу олгогдсон 810 м.кв талбайд 36 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан. Одоо үлдсэн 410 м.кв газартаа 36 айлын үйлчилгээтэй орон сууцны барилга барихаа төлөвлөсөн тул талбайн хэмжээг багасгаж баталгаажуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг, мөн “О” СӨХ-ноос 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4/09 дүгээр албан бичгээр “...“Ц” ХХК нийслэлийн Засаг даргын 2004 оны 452 дугаар захирамжийн дагуу олгогдсон 810 м.кв талбайд 36 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгч “Нарны зам 13-ын 2 дугаар байр” гэсэн дугаар авч манай СӨХ-нд шилжүүлэн өгсөн бөгөөд одоо үлдсэн 410 м.кв газартаа 36 айлын үйлчилгээтэй орон сууцны барилга барихад манай зүгээс татгалзах зүйлгүй болно” гэсэн хүсэлтийг тус тус нийслэлийн Газрын албанд хандаж гаргасан үйл баримт тогтоогджээ.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 293 дугаар захирамжаар нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд “Ц” ХХК-д орон сууцны зориулалтаар 414 м.кв газар эзэмшүүлэхдээ 2004 оны 452 дугаар захирамжийн “Ц” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсон боловч нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамжаар тус компанид газар эзэмшүүлснийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэг. Нэхэмжлэгч “О” СӨХ-аас гаргасан нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/596 дугаар захирамжийн  “Ц” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамж гарах болсон үндэслэл нь захиргааны байгууллагаас “Ц” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасныг зөрчиж, 6-р сургуулийн эзэмшил газраас эзэмшүүлсэн гэжээ.

Дээрх захирамжийг захиргааны илт хууль бус актад тооцуулахаар гаргасан “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 492 дугаар шийдвэрээр маргаан бүхий захирамжийг хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/596 дугаар захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн 2015 оны 03 дугаар сарын 11, 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг хянан үзээд, “Ц” ХХК-д 414 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Тухайн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ авсан байх тул “Ц” ХХК-д газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу үүссэн гэж үзэхээр байна.

Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/2400 дугаар албан бичгээс үзвэл Нийслэлийн 6 дугаар сургуулийн эзэмшиж буй газар нь 2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээллээр 20477 м.кв талбайтайгаар бүртгэгдэж, 2008 оны 09 дүгээр сараас 2009 оны 08 дугаар сарын хоорондох архивын зурган мэдээлэлд 17881.68 м.кв, 2009 оны 10 дугаар сарын архивын зурган мэдээлэлд 17881.68 м.кв талбайтай газар бүртгэгдсэн бөгөөд өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй, харин “Ц” ХХК-ийн эзэмшиж буй газар нь 2012 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээлэлд 414.24 м.кв талбайтайгаар бүртгэгджээ.

Нэхэмжлэгчээс “...нийслэлийн Засаг даргын 2010 оны 100 дугаар захирамжаар орон сууцны орчны газар ашиглуулах гэрээг манай СӨХ-той байгуулсан байтал нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 дугаар захирамжаар тус холбооны эзэмшил газар дээр “Ц” ХХК-д 414 м.кв газар эзэмшүүлсэн гэж маргах боловч ”хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/596 дугаар захирамжийн улмаас “О” СӨХ болон уг холбооны гишүүд болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13-2 дугаар байрны оршин суугчдын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тодорхойгүй байна.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар “О” СӨХ-ны ашиглах орчны газрын хэмжээг 2570 м.кв болгон нэмэгдүүлж, 5 жилээр газар ашиглах эрхийг баталгаажуулсан хугацаа дууссаны дараа 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Ц” ХХК-д 414 м.кв газар эзэмших эрх олгожээ.

Иймд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх үед буюу 2015 онд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсон учир Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар давхцал үүссэн гэж үзэхгүй, давхцал нь хуулийн хүчин төгөлдөр газрын гэрчилгээтэй, газар эзэмших эрхийн хүрээнд хамаарах хууль зүйн ойлголт юм.     

Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, хүчингүй болгох боломжтой.

Тиймээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хэрхэн зөрчигдсөн нь тогтоогдоогүй тохиолдолд гуравдагч этгээд “Ц” ХХК, улмаар “Ю” ХХК-д газар эзэмших эрхийг олгосон маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/-д заасныг үндэслэн хууль бус болохыг тогтоох болон хүчингүй болгох үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр “О” СӨХ-ны нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар ашиглаж байгаа газрын нэгж талбарын хувийн хэргээс үзэхэд маргаан бүхий газрыг анх тус СӨХ-нд ашиглуулж байгаагүй болох нь “О” СӨХ-ноос нийслэлийн Газрын албанд ирүүлсэн 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн албан бичиг, түүнд хавсаргасан план зургаар тогтоогдсон тул давхцал бүхий хэсгийг хасч үлдэх 2063 м.кв талбайг нэхэмжлэгчид ашиглуулахаар шийдвэрлэсэн захиргааны шийдвэрийг буруутгах боломжгүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 дугаар сургуулийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч “О” СӨХ-ны газар нь манай сургуулийн газартай ямар нэг хамааралгүй, одоо тус газарт 6 дугаар сургуулийн зүгээс маргаж байгаа асуудал байхгүй гэж тайлбарлажээ.

Иймд анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/816 дугаар захирамжаар 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн “О” СӨХ-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2063 м.кв газрыг тус холбоонд 15 жилийн хугацаатай ашиглуулахаар, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжаар “Ц” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг “Ю” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг зөрчөөгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын “О” СӨХ-нд 2570 м.кв хэмжээгээр газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хэмжээгээр сунгасан шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 488 дугаар захирамжаар “О” СӨХ-нд орон сууцны орчны газрын зориулалтаар 2202 м.кв газар ашиглах эрхийг баталгаажуулсан байх бөгөөд 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар уг ашиглах газрын хэмжээг 2570 м.кв болгож нэмэгдүүлжээ.

Нийслэлийн газрын албаны үйлдсэн “О” СӨХ-ны ашиглах газрын баталгаат хэмжээ тогтоосон акт дахь солбицлоор газрын байршил тодорхойлон зураглаж, нэгж талбарын 18641310970117 дугаар бүхий 414.24 м.кв талбайтайгаар “Ц” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн газартай давхцуулахад байршлын хувьд 413.9 м.кв талбайтайгаар нийтдээ давхцалтай болох нь Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/2133 дугаар албан бичгээр тогтоогдсон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “эс үйлдэхүй” гэдгийг иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан байхыг ойлгоно.

Энэ тохиолдолд “О” СӨХ-ноос “Ц” ХХК-аас газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах, газар ашиглах хугацааг сунгуулах талаар ирүүлсэн хүсэлтэд Нийслэлийн өмчийн харилцааны газрын “Хариу хүргүүлэх тухай” 2016 оны 05 дугаар сарын 5/3599 дүгээр албан бичгээр “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах боломжгүй гэж, нийслэлийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/5497 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг даргын 2010 оны А/100 дугаар захирамжаар танай холбоонд газар олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж, бусдын эзэмшил газартай давхцуулж баталгаажуулсан тул танай ашиглах эрхийн хугацааг сунгах боломжгүй гэж, газар ашиглах эрхийн хугацааг сунгах боломжгүй гэж, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01-06/1074 дүгээр албан бичгээр тус тус хариу өгч байсан зэргээс үзэхэд хариуцагчийг “О” СӨХ-нд 2570 м.кв хэмжээгээр газар ашиглах эрхийг сунгаагүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн “Ц” ХХК-д маргаан бүхий 414 м.кв газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/596 дугаар захирамж, “Ю” ХХК-д газрын эрхийг шилжүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжууд нь хууль бус болох нь тогтоогдоогүй энэ тохиолдолд хариуцагчаас дээрх албан бичгүүдээр нэхэмжлэгч “О” СӨХ-ны газар ашиглах эрхийг 2570 м.кв хэмжээгээр сунгахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй юм.

Эдгээр үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0844 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” СӨХ-ноос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

                                 ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН