Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 120/2020/0008/З |
Дугаар | 001/ХТ2021/0019 |
Огноо | 2021-01-18 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2021/0019
“...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь
аймгийн Засаг дарга, тус аймгийн Ханбогд
сумын Засаг дарга нарт тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн,
М.Батсуурь,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн ... ХХК-д холбогдох хэсэг, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн ... ХХК-д холбогдох хэсгийн ... ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгуулах”
Бие даасан шаардлага: ““...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Засаг даргын 2012-02-03-ны а/42 захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох”
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 120/ШШ2020/0019 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 518 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ..., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., өмгөөлөгч ..., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 120/ШШ2020/0019 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсэг, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсгийн “...” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд “...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Засаг даргын 2012-02-03-ны а/42 захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 518 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн а/42 захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсэг, мөн тус аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчдаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгох болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “...” ХХК-д холбогдох “Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсэг, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсгийн “...” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 518 дугаар магадлалыг эс зөвшөөрөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч ... би дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
4. Нэг. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой үнэлэн дүгнэж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар өөрчлөлт оруулж байна гэсэн боловч хэргийг нэг мөр шийдэж чадаагүй гэж үзэж байна.
5. Учир нь шүүхээс “хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн”. Энэ түдгэлзүүлсэн хуулийн зохицуулалт нь анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх эрхтэй зохицуулалт юм. Гэтэл Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангалттай нотлох баримт цуглуулан, талуудыг мэтгэлцүүлэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн байхад түдгэлзүүлсэнд гомдолтой байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргах бөгөөд нэхэмжлэгч хуулиас гадуур, шүүхийн шинжлэн судлах цар хүрээ нь хүрэлцэхээргүй нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй юм.
6. Хоёр: Газрын тухай хуульд заасны дагуу 5 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаж эхлээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн талаар: Давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ 5 дугаар хуудсанд “...2017 оныг хүртэлх 5 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаж эхлээгүй, тэмдэг тэмдэглэгээ тавиагүй, хашаа бариагүй байсан талаар тухайн газрын даамлаар ажиллаж байсан ...гийн гэрчийн мэдүүлэг” зэргийг нягтлан шалгах шаардлагатай гэсэн нь шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн ... ХХК-д холбогдох хэсэг, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсгийн ... ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгуулах захирамжийн хууль зүйн үндэслэлийг сайн тодруулж хараагүй, учир дутагдалтай дүгнэсэн гэж үзэхээр байна.
7. Өөрөөр хэлбэл 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дугаар захирамжид “...” ХХК-ийг Газрын тухай хуульд заасны дагуу 5 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй харин Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэх үндэслэлээр хүчингүй болгосон юм.
8. Гурав. Гуравдагч этгээд буюу “...” ХХК-ийн газар дээр хөрөнгө оруулалт хийснийг шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх магадлалдаа гуравдагч этгээдийн маргаан бүхий газар дээр хөрөнгө оруулалт хийсэн мөнгөн дүн, одоо ашиглаж үйл ажиллагаа явуулж буй нөхцөл байдал зэргийг зөв тодорхойлохыг дурьдсан байна. Шүүх хуралдаан дээр ч гэсэн гуравдагч этгээд 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна энэ зардал мөнгийг хэн хариуцаж, үүнтэй холбоотой гарсан эдийн засаг санхүүгийн зардлаа хаанаас нэхэмжлэх вэ гэх мэт гуравдагч этгээдийн нотлох баримтгүй дурдсан нөхцөл байдалтай холбогдуулан хянаж тодруулж байсан.
9. Гэтэл гуравдагч этгээд “...” ХХК нь тухай газар дээр 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийн барилга байгууламж барин, хашаа татаж үйл ажиллагаа явуулж буй талаар анхан шатны шүүхээс л эхлэн ярьж бичиж байсан боловч Үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээ хийлгэсэн баримт, санхүү тайлангийн баримт, хөрөнгийн лавлагаа, тухайн компани яг өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй эсэх талаар нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй юм. Мөн гуравдагч этгээд нь давж заалдах шатны шүүх хуралд 2 тэрбум төгрөгийн хөрөнгөө гурван тэрбум болгон ярьж эхэлсэн. Яг хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө байгаа эсэхээ ч өөрсдөө мэдэхгүй нотолж чадахгүй, нотлох баримтаа гаргаж өгөөгүй.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасан байхад Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаагүй, тогтоогдоогүй нөхцөл байдлыг, нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй нөхцөл байдлыг тодорхойлохыг дурьдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 518 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна.
ХЯНАВАЛ:
11. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгч “...” ХХК нь “Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсэг, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсгийн “...” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “...” ХХК нь “Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус гаргасан байна.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол түүнийг хүчингүй болгохоор тус тус заасан.
14. Маргаан бүхий Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжаар, Ханбогд сумын нутаг дэвсгэр “Цагаан хад” гэх газарт байрлах 10 га газрыг нэхэмжлэгч “...” ХХК-д “гаалийн хяналтын талбайн” зориулалтаар эзэмшүүлсэн байх боловч мөн аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжаар, ...Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн, 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан” үндэслэлээр тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, ...3 дахь заалтаар ...тус газруудыг 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтын дагуу шийдвэрлэхийг Ханбогд сумын Засаг даргад үүрэг болгосон. Харин, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар, гуравдагч этгээд “...” ХХК-д “Цагаан хад” гэх газарт байрлах 10 га газрыг “гаалийн хяналтын талбайн” зориулалтаар мөн эзэмшүүлсэн байх боловч нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн дээрх 10 га газрууд нэг байршилд буюу 8 га газраар давхцалтай болох нь тогтоогджээ.
15. Нэхэмжлэгчээс “...эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж байсан, ...хариуцагч уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа “...” ХХК-д мэдэгдээгүйн гадна мөн хуулийн 48 дугаар зүйлийг зөрчсөн. Түүнчлэн, манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгочхоод бидэнд мэдэгдэхгүйгээр ...газрыг “...” ХХК-д эзэмшүүлж, Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим, шударга ёсны зарчмыг зөрчсөн” гэж маргасан бол, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргаас “...нэхэмжлэгч “...” ХХК-д газар эзэмшүүлсэн Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны а/42 дугаар захирамжийг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгон, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган хуульд нийцүүлж шийдвэрлэхийг Ханбогд сумын Засаг даргад үүрэг болгосон. ...маргаан бүхий захиргааны актыг “...” ХХК-д мэдэгдэх, гардуулах ажиллагаа явагдаагүй” гэсэн, хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаас “...нэхэмжлэгч “...” ХХК нь маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлт гаргаагүй. ...”...” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн сумын Засаг даргын 2018 оны А/24 дүгээр захирамжаар тус компанид шинээр газар олгосон нь хууль зөрчөөгүй...” гэсэн, гуравдагч этгээдээс “...нэхэмжлэгч “...” ХХК-д газар эзэмшүүлсэн Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны а/42 дугаар захирамж нь өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар гаргасан шийдвэр буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2-т заасан илт хууль бус захиргааны акт...” гэсэн тайлбарууд гарган маргасан байна.
16. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 107 дугаар зүйлийн 107.4-д заасан хэргийн нөхцөл байдал, хэргийн оролцогчдын маргаж буй захиргааны актуудын үндэслэл, тэдгээртэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж, тэдэнд газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсгүүдэд заасан журмын дагуу үүссэн эсэх, нэхэмжлэгч “...” ХХК нь 2012 оноос хойшхи хугацаанд газраа зориулалтын дагуу хэрхэн ашиглаж үйл ажиллагаа явуулсан, гуравдагч этгээд “...” ХХК нь 8 га давхцал бүхий газарт ямар бүтээн байгуулалт явуулсан зэрэг нөхцөл байдлуудыг тодруулж, дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай юм.
17. Давж заалдах шатны шүүхээс эдгээр үндэслэлээр буюу “...олгогдсон газарт гуравдагч этгээдээс бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил хийж байгааг шүүх маргааныг шийдвэрлэхдээ харгалзан үзэх нь зүйтэй. ...нэхэмжлэгчийн тухайд, 2012 онд газар эзэмшүүлснээс хойш газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэлх хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ямар үйл ажиллагаа явуулсан, өөрөөр хэлбэл “...” ХХК нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн боловч Засгийн газрын шийдвэрийн улмаас уг төлөвлөсөн ажил нь удааширсан гэх тайлбартай холбогдуулан энэ хүрээнд хийгдсэн, хийгдэхээр төлөвлөсөн ажлын явц байдлыг нягтлан шалгах шаардлагатай. Үүнээс гадна Ханбогд сумын Засаг даргын 2018 оны А/34 дүгээр захирамжаар “...” ХХК-д дахин 10 га газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан зохицуулалтад нийцсэн эсэхийг, мөн одоогийн бодит нөхцөл байдлыг тус тус харьцуулан үзэх нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа, маргаан бүхий захиргааны актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцэхгүй байна.
18. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ээр гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 120/ШШ2020/0019 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 518 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА