Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 496

 

О.Д, Б.Б, Б.Мнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Мөнхбатын өмгөөлөгч Т.Энхжаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 54 дүгээр магадлалтай, О.Д, Б.Б, Б.Мнарт холбогдох 1818002910556 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дашийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Д.

2. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б.

3. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, М.

О.Д нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Энхжин Инвест” ХХК-ийн Дархан салбарт /”Ялалт” авто ломбард/ зээлийн эдийн засагч, эрхлэгчээр ажиллаж байхдаа “Энхжин Инвест” ХХК-ийн Дархан салбарын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б, иргэн Б.Мнартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “Энхжин Инвест” ХХК-иас 27 удаагийн үйлдлээр 55.137.600.01 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

Б.Мнь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Энхжин Инвест” ХХК-ийн Дархан салбарт /”Ялалт” авто ломбард/ эрхлэгчээр ажиллаж байсан О.Д, “Энхжин Инвест” ХХК-ийн Дархан салбарын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Бн нартай бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “Энхжин Инвест” ХХК-иас 27 удаагийн үйлдлээр 55.137.600.01 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

Б.Б нь 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Энхжин Инвест” ХХК-ийн Дархан салбарт /”Ялалт” авто ломбард/ зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа тус салбарын эрхлэгчээр ажиллаж байсан О.Д, иргэн Б.Мнартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан бусдыг хуурч, “Энхжин Инвест” ХХК-иас 26 удаагийн үйлдлээр 54.765.400 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч О.Дийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “Энхжин Инвест” ХХК-нд 52.047.599 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Бг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “Энхжин Инвест” ХХК-нд 51.675.400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Мөнхбатыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “Энхжин Инвест” ХХК-нд 45.951.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, Б.Б нарт 10.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч О.Д, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дөөс 5.255.233, Б.Бгаас 11.241.233, Б.Мөнхбатаас 8.879.233 төгрөгийг тус тус гаргуулж, “Энхжин Инвест” ХХК, шүүгдэгч О.Дөөс 2.375.233 төгрөг, Б.Бгаас 2.375.233 төгрөг, Б.Мөнхбатаас 2.375.233 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Цолмонбаатарт тус тус олгож, “Энхжин Инвест” ХХК-ийн иргэний нэхэмжлэлээс 3.090.000 төгрөг, Г.Цолмонбаатарын иргэний нэхэмжпэлээс 400.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Дашийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б хохирогч “Энхжин Инвест” ХХК-нд шүүх хуралдааны өмнө 5.000.000 төгрөг төлснийг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Даш гаргасан гомдолдоо “... “Энхжин инвест” ХХК-ийн хохирлын хэмжээг тодорхойлохдоо 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Аудитын дүгнэлт, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн эцсийн байдлаар О.Дөөс 18.427.233 төгрөг, Б.Бгаас 18.241.133 төгрөг, Б.Мөнхбатаас 15.379.233 төгрөг буюу нийт 52.047.599 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар болсон. Энэхүү дүн нь манай байгууллагад учирсан хохирлын хэмжээнээс харьцангуй бага хэмжээтэй тогтоосон гэж бидний зүгээс үзэж байгаа. Гэтэл шүүгдэгч нараас О.Д нь учруулсан хохирлоо барагдуулах асуудлаар манай байгууллагатай ирж уулзан график гарган хохирлоо төлж барагдуулж байгаа боловч Б.Мөнхбат, Б.Б нар нь учруулсан хохирлоо хэрхэн барагдуулах эсэх талаар харилцдаггүй болно. Энэхүү нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Б.Мөнхбат, Б.Б нар нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа шинж байдал алга байна.

Өөрөөр хэлбэл дээрх шүүгдэгч нар нь тус хэрэг эрүүгийн хэрэг үүссэн цагаас хойш буюу 2018 оны 3 сараас эхлэн хохирол барагдуулах асуудлыг хойшлуулж огт төлөлт хийхгүй явсаар шүүх хуралдааны шийдвэр гарахын өмнө л төлөлт хийсэн боловч одоог хүртэл хохирлоо бүрэн барагдуулж дуусгаагүй ба Б.М8.879.233 төгрөг, Б.Б 11.241.233 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайлбал шүүгдэгч нь учруулсан хохирлын хэмжээний тал хувьд ч хүрэхгүй хэмжээний төлбөрийг л төлсөн байна.

Түүнчлэн шүүхийн зүгээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэсэн байдаг боловч шүүгдэгч нарыг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хүндрүүлэх заалтуудыг бүрэн үндэслээгүй юм. Шүүгдэгч нар нь тус хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, урьдаас үгсэн тохиролцож хамтарсан үйлдлээр байгууллагын нэрийн дор үйлчлүүлэгч нарын бичиг баримтыг ашиглаж энэхүү гэмт хэргийг ноцтой шинж байдлаар маш олон удаагийн үйлдлээр буюу 27 удаагийн үйлдлээр өмнөх үйлдлүүдээ нуун дарагдуулах замаар байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулаад зогсохгүй байгууллагын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон. Дээрх шүүгдэгч нарын үйлдсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3.1, 3.2, 3.3-т тодорхой зааж өгсөн байна. Гэтэл шүүхийн зүгээс шүүгдэгч нарын хийсэн үйлдэлд тохироогүй, хэт хөнгөн ял оноож байгаа явдалд хохирогчийн зүгээс маш их гомдолтой байна. Иймд Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч нарт улсын яллагчийн санал болгосон хийсэн үйлдэлд нь тохирох эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Т.Энхжаргал хэлсэн саналдаа “... Б.Мнь тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргаж өгсөн буруутай бөгөөд тахир дутуу ээжийнхээ хамт амьдардаг. Хохирлыг өөрийн боломжоор төлж, үлдэх төлбөрийг цалингаасаа суутгуулж төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс Б.Мөнхбатад оногдуулсан ял үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүх шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч О.Д нь “Энхжин Инвест” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар ”Ялалт” барьцаалан зээлдүүлэх газрын эдийн засагч, эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж тухайн салбарын эдийн засагч Б.Б болон иргэн Б.Мнартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 28-наас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 27 хүний бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан тэднийг зээл авсан гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилж 55.137.600 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь албан тушаалаа ашиглан 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 26 удаагийн үйлдлээр бусдыг залилж их хэмжээний буюу 54.765.400 төгрөгийн,

Шүүгдэгч Б.Мнь О.Д, Б.Б нартай урьдчилан үгсэн тохирч бусдын бичиг баримтыг олж өгч хуурамч зээл гаргахад идэвхтэй дэмжлэг үзүүлэн залилах гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож бусдад 45.951.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтаар нотлогдсон талаарх 2 шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон болон хууль хэрэглээний дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ялыг ялгамжтай оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлынхоо тодорхой хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгож, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино.

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхдөө хэд хэдэн этгээд оролцсон бол хамтран хариуцах учиртай.

Мөрдөн байцаалтаар шүүгдэгч О.Д, Б.Б нар нь нийт 27 гэрээ ашиглан 89.700.000 төгрөгийн зээл гаргаснаас 34.562.399 төгрөг 99 мөнгөний зээлийн төлбөр төлөгдөж, 55.137.600 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан нь тусгай мэдлэг бүхий этгээд болох эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ө.Дөлгөөн нь 18.427.233 төгрөг, Б.Б нь 18.241.133 төгрөг, Б.Мнь 15.379.233 төгрөг тус тус хариуцан төлөхөөс О.Д 13.172.000 төгрөг, Б.Б 7.000.000 төгрөг, Б.М6.500.000 төгрөг тус тус нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан шүүх шүүгдэгч О.Д, Б.Б нарт торгох ял сонсгож оногдуулсныг буруутгах үндэслэлгүй болно.

Мөн учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Б.М-д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхдээ шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Иймд “шүүгдэгч нарын үйлдэлд үл тохирох хэт хөнгөн ял оноосонд гомдолтой” байна гэсэн хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Дашийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэхдээ оролцогч буюу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 54 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дашийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                             Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                      Б.ЦОГТ

                                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН