Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/0016

 

... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                  Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                     Х.Батсүрэн,

                                                М.Батсуурь,

                                                П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:            Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага:Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар Отрын бүсийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай тогтоолын ... ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмал ашиглалтын MY-015646 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн газартай хэсэгчлэн давхцаж буй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 528 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2 к, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 16 дугаар зүйлийн 16.2, 31.3. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай тогтоолын “...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 528 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “16.2” гэсний дараах “31.3” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 528 дугаартай магадлалыг эс зөвшөөрч ЗХШХШТХ-ийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн би энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Нэг. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг үндэслэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 302 дугаартай шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж, 500.55 га талбайн хэмжээг 56.95 га болгон багасган шийдвэрлэсэн. Уг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 302 дугаартай шийдвэрийг манай компани эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 128/Ш32018/6141 дүгээр “Захиргааны хэрэг үүсгэх” тухай шүүгчийн захирамж гарч хэргийг шүүх хянаж байна. Тус захиргааны хэрэгтэй холбогдуулан тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1/2137 дугаар нотлох баримт гаргуулах тухай албан тоотын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 8/1415 дугаар албан бичгээр хариу тайлбар болон холбогдох баримтуудыг ирүүлсэн байдаг. Уг баримтуудаас манай компанийн тусгай зөвшөөрлийн 500.55 га талбайн зарим хэсгийг отрын бүсийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болохыг мэдсэн. Тиймээс тус албан бичигтэй танилцсан даруй ЗХШХШтХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан хугацааны дотор манай компанийн зүгээс Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар “Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоолтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэв бидний зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээсэн бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах байсан.

6. Хоёр. Давж заалдах шатны шүүх нь магадлалдаа “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд тус орон нутгийн зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй...” хэмээн дүгнэсэн. Энэхүү дүгнэлттэй манай компанийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох хэргийг огт дурдаагүй.

7. Дээрх манай компанийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох маргааныг шүүх хэрхэн шийдвэрлэх нь энэхүү Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэрэг ач холбогдолтой гэдгийн давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй, энэ  талаар дүгнэлт өгөөгүй нь манай компанийн эрх ашигт нөлөөлж байна.

8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох маргааныг шүүх шийдвэрлэхдээ манай компанийн нэхэмжлэлийг хангаж буюу манай компанийн тусгай зөвшөөрлийг 235,65 га эсхүл түүнээс дээш хэмжээтэйгээр тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 8/1415 дугаартай албан бичгийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаартай “Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоол манай компанийн субъектив эрхийг хөндөх буюу газар эзэмших эрхийг хөндөх нөхцөл байдал үүснэ. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох хэргийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд манай компани дахин энэхүү Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаартай “Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоолтой холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг огт дурдаагүй нь үндэслэлгүй байна.

9. Гурав. Давж заалдах шатны шүүх магадлалаа гаргахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх бодит болон хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэвч ЗХШХШтХ-ийн дагуу иргэн, хуулийн этгээд нь өөрийн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй юм. ЗХШХШТХ-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, эсхүл зөрчигдөж  болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “Нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” хэмээн тус тус заасан. Тиймээс иргэн, хуулийн этгээд нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний дараа сэргээлгэх бус мөн зөрчигдөж болзошгүй байвал зөрчигдөхөөс нь өмнө урьдчилсан байдлаар хамгаалуулах боломжтой байна.

10. Хэдийгээр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай шийдвэрээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар “Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоол нь “...” ХХК-ийн газар эзэмших эрхийг бодит байдлаар хөндөөгүй гэж дүгнэсэн боловч Нийслэлийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа манай компанийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох хэргийн шийдвэрлэлтээс хамаарч зөрчигдөж болзошгүй юм.

11. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 528 дугаартай магадлалд “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй хэргийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар “Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоолтой холбогдуулан газар эзэмших эрхээ хамгаалуулахаар дахин хандах эрхтэй болохыг дурдаж, өөрчлөлт оруулж өгнө үү.

ХЯНАВАЛ:

12. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцжээ.

13. Нэхэмжлэгч “...” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр, “Моручи” ХХК-иас 235.65 га талбай бүхий МV-015646 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан байх бөгөөд “...орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын зарим хэсэгтэй тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар давхцсан гэж марган, Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар Отрын бүсийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай тогтоолын ... ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмалын ашиглалтын MY-015646 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн газартай хэсэгчлэн давхцаж буй холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. 

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол түүнийг хүчингүй болгохоор тус тус заасан.  

15. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар тогтоолоор ...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3-д заасан эрхийн хүрээнд тус сумын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, ...уг  тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан талбайд нэхэмжлэгчийн бусдаас шилжүүлэн авсан ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 235,65 га газар хамааралгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна. 

16. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн к-д сум, дүүргийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох бүрэн эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн, Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Отрын бүсийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай22/68 дугаар тогтоолоор тус сумын нутагт байрлах зарим газар /...Шайзгайт/-ыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ.

17. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “...” ХХК-ийг 2018 онд М\/-015646 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч ашиглахаас өмнө, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр “Моручи” ХХК-д Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын Шайзгайтын гол нэртэй газарт орших 500.55 га талбай бүхий МV-015646 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх олгосон, гэвч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 302 дугаар шийдвэрээр, Засгийн газрын 2011 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлээр тус компанийн тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж, 56.95 га талбай олгон, улмаар мөн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолыг үндэслэн талбайн солбицолд дахин өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 235.65 га болгон өөрчилсөн байна.

18. Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 22/68 дугаар тогтоолыг гаргах тухайн үед “Моручи” ХХК нь 56.95 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан, нэхэмжлэгч “...” ХХК-ийн тухайд, “Моручи” ХХК-иас 235.65 га талбай бүхий МV-015646 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан тул нэхэмжлэгч нь тухайн хэмжээ, солбицол бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг эдлэх эрхтэй, харин шилжүүлж аваагүй газар, талбайг маргаан бүхий тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсны улмаас тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй талаар 2 шатны шүүхээс зөв дүгнэжээ.

19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх магадлалдаа ...Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаартай “Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоолтой холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг огт дурдаагүй нь үндэслэлгүй. ...тогтоолтой холбогдуулан газар эзэмших эрхээ хамгаалуулахаар дахин хандах эрхтэй болохыг дурдсан өөрчлөлт оруулж өгнө үү” гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 22/68 дугаар тогтоолын ... ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 933 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмалын ашиглалтын талбайтай, хэсэгчлэн давхцаж буй холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн, харин нэхэмжлэгч уг тогтоолтой холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тухайн маргаанд хамааралгүй юм.

20. Түүнчлэн, анхан шатны шүүх тухайн маргаанд хэрэглэгдэх хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглээгүй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 528 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ч.ТУНГАЛАГ

                         ШҮҮГЧ                                                        Б.МӨНХТУЯА