Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 4

 

Б.Нямдаваад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, ялтан Б.Нямдаваа түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаар шийтгэх тогтоолтой Б.Нямдаваад холбогдох эрүүгийн 201621000060 дугаартай хэргийг ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1993 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Хаа гүн овогт Батхүүгийн Нямдаваа нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах 80 айлын орон сууцны гаднах авто машины зогсоол дээр байрлуулсан 06-00 БӨТ улсын дугаартай Ланд Крузер-80, 58-85 УБЦ улсын дугаартай Тоёото Прадо-150 маркийн тээврийн хэрэгслүүдэд нэвтрэн эд зүйл хулгайлж, хохирогч Д.Көбешид 236000 төгрөгийн, хохирогч О.Батсүхэд 3171000 төгрөгийн буюу бусдад нийт 3407000 төгрөгийн хохирол, улмаар давтан үйлдлээр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэр 15-р гудамжны 6 тоот хашаанд байрлах гэрт 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө нэвтрэн Ти Си Эл маркийн 42 инчийн зурагт хулгайлж хохирогч С.Дагвацэрэнд 350000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэр 15-р гудамжны 5/Б тоот хашаанд байрлах байшинд 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэвтрэн 200.000 төгрөг, улаан өнгийн түрийвч хулгайлж хохирогч Б.Энхцэцэгт 220.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боорж” зочид буудлын баруун талд байрлах хүнсний дэлгүүрт 2016 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө нэвтэрч эд зүйл хулгайлж хохирогч Д.Сайнбаярт 1525000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Хаа гүн овогт Батхүүгийн Нямдавааг давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Б.Нямдавааг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1/ нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Нямдаваад оногдуулсан 2 жил, 1 сарын хугацааы хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Нямдаваагийн цагдан хоригдсон 81 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож ” шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нямдаваа нь хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн боловч бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан.

Цаашид нийгэм хамт олны дунд хүмүүжиж, нийгэмших боломжтой иргэн юм. Б.Нямдаваа нь бүтэн өнчин, эмээ, дүү нарынхаа хамт өрх толгойлон амьдардаг. Амьдралын хувьд боломж муутай, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрх юм. Б.Нямдаваагийн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал, ар гэрийн ахуй амьдрал, өндөр настай эмээгээ асардаг, зэрэг байдлуудыг харгалзан үзэж Б.Нямдаваад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Ялтан Б.Нямдаваа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би цаашдаа дахиж алдаа гаргахгүй. Хувь хүн болон нийгэмдээ харшлах зүйл хийхгүй, хоёр дүүдээ ах шиг нь, эмээдээ хүү шиг нь байж, хөлс хөдөлмөрөө гаргаж амьдарна. Иймд шүүх бүрэлдэхүүнээс надад оногдуулсан хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул ялтны өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.     

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Нямдаваа нь ялтай байх хугацаандаа шууд санаатай шунахайн сэдэлттэйгээр Ховд аймгийн Жаргалант сум Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах 80 айлын орон сууцны гадна талын автомашины зогсоолд байрлуулсан БӨТ 06-00 улсын дугаартай Ланд Крузер-80, УБЦ 58-85 улсын дугаартай Тоёото Прадо-150 маркийн тээврийн хэрэгслүүдэд 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 3-нд шилжих шөнө тус тус нэвтрэн орж эд зүйл хулгайлж, улмаар хохирогч Д.Көбешид 236000 төгрөгийн, хохирогч О.Батсүхэд 3171000 төгрөгийн буюу бусдад нийт 3407000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр Ховд аймгийн Жаргалант сум Буянт багийн нутаг дэвсгэр 15 дугаар гудамжны 6 тоот хашаанд байрлах гэрт 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ны шилжих шөнө нэвтрэн Ти Си Эл маркийн 42 инчийн зурагт хулгайлж, хохирогч С.Дагвацэрэнд 350000 төгрөгийн хохирол учруулсан,

Ховд аймгийн Жаргалант сум Буянт багийн нутаг дэвсгэр 15 дугаар гудамжны 5/Б тоот хашаанд байрлах байшинд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нэвтрэн  бэлэн 200000 төгрөг, улаан өнгийн түрийвч хулгайлж, хохирогч Б.Энхцэцэгт 220000 төгрөгийн хохирол учруулсан, Ховд аймгийн Жаргалант сум Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Боорж “ зочид буудлын баруун талд байрлах хүнсний дэлгүүрт 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө нэвтрэн эд зүйл хулгайлж, хохирогч Д.Сайнбаярт 1525000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

1.Б.Нямдаваа нь БӨТ 06-00 улсын дугаартай Ланд Крузер-80, 58-85 УБЦ улсын дугаартай Тоёото Прадо маркийн тээврийн хэрэгслүүдэд нэвтрэн орж 3407000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан болох нь хохирогч О.Батсүх / хх-н 24-25 /, Д.Көбеш / хх-.н 27-28 /, гэрч Ц.Дашцэрэн / хх-н 30-31 /, Д.Гомбосүрэн / хх-н 33-34 /, Э.Цогбаяр / хх-н36 /, Б.Цэвэлмаа / хх-н 37 / нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 8-9, 10-13 /, яллагдагч Б.Нямдаваагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, орон нутгийн үнэлгээний комиссын үнэлгээ / хх-н 41, 44, 47 / зэрэг нотлох баримтуудаар,

2.Мөн давтан үйлдлээр Буянт багийн нутаг 15 дугаар гудамжны 6 тоот хашаанд байрлах гэрт нэвтрэн орж 350000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан болох нь хохирогч С.Дагвацэрэн /1-р хх-н248-250 /, гэрч С.Батзаяа / 2-р хх-н 7, насанд хүрээгүй гэрч Д.Есөн-Эрдэнэ / 2-р хх-н 10 /, насанд хүрээгүй гэрч О.Дүүрэндалай / 2-р хх-н 35 / нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 42,43-44 /, яллагдагч Б.Нямдаваагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хх-н 1, 2 /, эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хх-н 3-5, 6 / зэрэг нотлох баримтуудаар,

3.Буянт багийн нутаг дэвсгэр 15 дугаар гудамжны 5/Б тоот хашаанд байрлах байшинд нэвтрэн орж  220000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан болох нь хохирогч Б.Энхцэцэг / 2-р хх-н 53-55 /, гэрч Б.Алтангадас / 2-р хх-н 56 / нарын мэдүүлгүүд, яллагдагч Б.Нямдаваагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хх-н 51-52 / зэрэг нотлох баримтуудаар,

4.” Боорж “ зочид буудлын баруун талд байрлах хүнсний дэлгүүрт нэвтрэн орж 1525000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан болох нь хохирогч Д.Сайнбаяр /2-р хх-н 85-87/, гэрч Х.Эрдэнэбаяр, С.Алтанчимэг /2-р хх-н 96 /, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхчимэг нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хх-н 69-71 /, яллагдагч Б.Нямдаваагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий болсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна. Ялтны өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн гаргасан “ Б.Нямдаваагийн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа байдал, өндөр настай эмээгээ асардаг зэрэг ар гэрийн ахуй амьдралыг харгалзан үзэж Б.Нямдаваад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх “ давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл:

Шүүхээс Б.Нямдаваад оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна гэж үзлээ.

Иймд ялтны өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

                          ШҮҮГЧИД                                        Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                   Б.ДАМБА