Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 84

 

          Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Б.Нямдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Нямдаваад холбогдох эрүүгийн 201621000060 дугаартай, 153/2016/085/Э/ индекстэй хэргийг шүүх 2016 оны 11 дүгээр  сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хаа гүн овогт Батхүүгийн Нямдаваа, 1993 оны 01 дүгээр сарын 31-нд төрсөн, 23 настай, ПН 93013112 регистрийн дугаартай, эрэгтэй, яс үндэс-халх, бүрэн  дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, Турлиахт ХХК-д өрлөгчин, ам бүл 3, дүү нарын хамт  Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 11-24 тоотод оршин суух, урьд 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхээр  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөн шүүхээр  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  3 сар 1 хоногийн баривчлах ялаар, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан  гэх 

    Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Нямдаваа нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах 80 айлын орон сууцны гадна автомашины зогсоол дээр байрлуулсан 06-00 БӨТ улсын дугаартай Ланд Крузер-80, 58-85 УБЦ улсын дугаартай Тоёото Прадо-150 маркийн тээврийн хэрэгслүүдэд нэвтрэн эд зүйл хулгайлж, хохирогч Д.Көбешид 236.000 төгрөгний, хохирогч О.Батсүхэд 3.171.000 төгрөгний буюу бусдад нийт 3.407.000 төгрөгний хохирол, улмаар давтан үйлдлээр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэр 15-р гудамжны 6 тоот хашаанд байрлах гэрт 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө нэвтрэн Ти Си Эл маркийн 42 инчийн зурагт хулгайлж хохирогч С.Дагвацэрэнд 350.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэр 15-р гудамжны 5/Б тоот хашаанд байрлах байшинд 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэвтрэн 200.000 төгрөг, улаан өнгийн түрийвч хулгайлж хохирогч Б.Энхцэцэгт 220.000 төгрөгний хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боорж” зочид буудлын баруун талд байрлах хүнсний дэлгүүрт 2016 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө нэвтэрч эд зүйл хулгайлж хохирогч Д.Сайнбаярт 1.525.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Нямдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэнд дурьдсан зүйлс бүгд үнэн зөв байгаа. Би энэ бүгдийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч О.Батсүх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд  Манхан, Зэрэг, Дарви сумуудаар борлуулалтын чиглэлээр 3 хүний бүрэлдэхүүнтэй явж ажиллаад 2016 оны 03 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Ховд аймагт ирсэн. Тэгээд борлуулалт үйлчилгээний ажилтан Б.Цэвэлмааг гэрт нь хүргэж буулгачихаад дараа нь намайг буулгаад манай жолооч харьсан. Гэтэл өглөө нь манай жолооч Э.Цогтбаяр утасдаад “машины цонх хагалаад машинд хулгай орсон байна, яаралтай хүрээд ир” гэсэн.Тэгээд намайг ирэхэд манай албаны 58-85 УБЦ улсын дугаартай Прадо-150 маркийн автомашины хойт хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалсан байсан. Тухайн машин дотор нийт 24 ширхэг гар утас,138 ширхэг сим карт, 1000 төгрөгний нэгж 36 ширхэг, 5000 төгрөгний нэгж 1 ширхэг, кассын тамга 1 ширхэг байсан. 24 ширхэг гар утаснаас 7 ширхэг утас нь алга болсон байсан. Нийт 3.742.000 төгрөгний эд зүйл алдагдсан гэжээ./ 1-р хх-25-26-р хуудас/

Хохирогч Д.Көбеш мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: миний 06-00 БӨТ улсын дугаартай Ланд Крузер автомашин 2016 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах цэнхэр 80 айлын  гадна зогсоол дээр байсан. Машины хойт талын гурвалжин шилийг хагалж дотроос нь бууны магазин, 6 ширхэг 16 мм-тэй сум алга болсон бөгөөд машины хаалганы бариул эвдэрсэн байсан гэжээ. /1-р хавтасны 27-28-р хуудас/

Гэрч Ц.Дашцэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт цэнхэр 80 айлын гадна зогсоолд байсан Прадо-150 маркийн саарал өнгийн автомашины хойт талын жижиг гурвалжин цонхыг хагалаад машин доторхи зүйлийг эмх замбараагүй болгосон байсан. Миний машин дотор тухайн үед хулгайд авахаар зүйл байгаагүй гэжээ. /1-р хавтасны  33-34-р хуудас/

Гэрч Д.Гомбосүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө миний 61-61 ХОҮ улсын дугаартай Тоёто Клугер маркийн автомашин цэнхэр 80 айлын гадна зогсоол дээр байсан. Тухайн шөнө  машины урд зүүн шанаанд байрлуулсан жижиг эвэр толийг хулгайлж авсан байсан.Тухайн эвэр толь 130000-150000 төгрөгний үнэтэй  гэжээ. / 1-р хавтасны 33-34-р хуудас/

Гэрч  Э.Цогбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр би О.Батсүх, Б.Цэвэлмаа нарын хамт Манхан, Зэрэг,Дарви сумуудаар борлуулалтын ажлаар явж байгаад  03 дугаар сарын 02-ны орой ирсэн.Аймагт орж ирээд Б.Цэвэлмааг гэрт нь буулгачихаад дараа нь О.Батсүхийг гэрт нь буулгаад 80 айлын орон сууцны гадна зогсоол дээр машинаа тавиад 23 цагийн үед амарсан.Маргааш нь бас хөдөө явах байсан болохоор машин дотроо эд зүйлээ үлдээгээд гэртээ орсон. Гэтэл өглөө нь машины хойт талын жижиг цонхыг хагалаад дотор нь байсан138 ширхэг сим карт, 1000 төгрөгний нэгж 36 ширхэг, 5000 төгрөгний нэгж 1 ширхэг, кассын тамга 1 ширхэг байсан. 24 ширхэг гар утаснаас 7 ширхэг утас нь алга болсон байсан гэжээ./ 1-р хавтасны 35-36-р хуудас/

Гэрч Б.Цэвэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр О.Батсүх, Э.Цогбаяр бид нар хөдөө сумуудаар борлуулалтын ажлаар явж байгаад ирсэн. Өглөө нь ажил дээрээ байж байтал О.Батсүх над руу утасдаад “ хурууныхаа хээг өгөөтөх” гэсэн. Юу болсон юм бэ гэхэд О.Батсүх “манай албаны 58-85 УБЦ улсын дугаартай Прадо-150 маркийн автомашины зүүн хойт талын жижиг цонхыг хагалаад  машин дотор байсан машин дотор,138 ширхэг сим карт, 1000 төгрөгний нэгж 36 ширхэг, 5000 төгрөгний нэгж 1 ширхэг, кассын тамга 1 ширхэг байсан. 24 ширхэг гар утаснаас 7 ширхэг утсыг хулгайлсан байна” гэсэн. Тэгээд машинд хулгай орсон талаар мэдсэн гэжээ. /1-р хавтасны 37-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтасны 8-13-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтасны 16-23-р хуудас/

Үнэлгээ тогтоолгох баримт /1-р хавтасны 41,44,47-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтасны 116-р хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтасны 235-236-р хуудас/

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол / 1-р хавтасны 239-р хуудас/

Хохирогч С.Дагвацэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эхнэр 2 бага хүүхдээ аваад  Увс аймгийн Өндөрхангай сум руу явсан. Гэрт манай хоёр том хүүхэд үлдсэн.Тэгтэл 2016 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 42 инчийн “ТСL” маркийн зурагт хулгайд алдагдсан байсан. Миний төрсөн дүү Батзаяа манай хоёр том хүүхдийг эргэж тойрч хамт хонодог байсан.Хулгай орсныг мэдээд манай дүү цагдаад дуудлага өгсөн байсан. ...Би зурагтаа хүлээн авсан тул надад гомдол санал байхгүй гэжээ. /1-р хавтасны 250-р хуудас/

Гэрч С.Батзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: би 2016 оны 08 дугаар сарын  19-ний шөнө 01 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 15-6 тоот хашаанд оршин суух ах С.Дагвацэрэнгийнд хонохоор ирэхэд гэрт нь байсан 42 инчийн зурагт алга болчихсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.Тухайн үед манай ахын 2 хүүхэд хаалга түгжилгүй орхиод унтаж байсан гэжээ./ 2-р хавтасны 7-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Д.Есөн-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 18-ны орой 21-22 цагийн үед манай эгч Г.Учрал, Батзаяа ах руу залгаад “ирэх болж байна уу” гэхэд “оройтож очно , та хоёр хаалгаа түгжилгүй, унтаж бай” гэсэн. Шөнө 02 цагийн үед Батзаяа ах ирээд гэрэл асаасан чинь манай 42 инчийн TCL маркийн зурагт алга болчихсон байсан.Тэгээд Батзаяа ах цагдаа дуудсан гэжээ. /2-р хавтасны 11-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хавтасны 1-2-р хуудас/

Хураан авсан тухай тэмдэглэл /2-р хавтасны 4-р хуудас/

Хураан авсан эд зүйлд үзлэг хийн хүлээлгэн өгсөн тэмдэглэл,гэрэл зураг / 2-р хавтасны 5-6-р хуудас/

Хохирогч Б.Энхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 14-ний орой гэртээ унтаж байтал шөнө 01 цагийн үед гэрт гэрэл тусахаар сэрээд хартал манай гэрээс хүн гараад явсан. Би нөхрийн хамт араас нь гараад “хэн бэ, нааш ир “гэсэн чинь хүрч ирээд бид хоёртой мэндлэхээр нь харсан чинь Б.Нямдаваа байсан.Тэгээд Б.Нямдавааг дагуулаад гэрт ороод манай нөхөр “ямар ажлаар явна”гэж асуухад “зүгээр,таныг гэртээ байгаа эсэхийг мэдэх гэж ирлээ “ гэсэн.Тольны өмнө байсан миний цүнхийг нөхөр автал Б.Нямдаваа гэрээс гүйгээд гарсан. Бид хоёр араас гартал явчихсан байсан.Гэртээ ороод цүнхээ үзтэл дотор нь байсан улаан түрийвч алга болчихсон байсан.Түрийвчин дотор ХААН болон Төрийн банкны виза карт, цахим үнэмлэх, 200.000 төгрөг байсан гэжээ./ 2-р хавтасны 55-р хуудас/

Гэрч Б.Алтангадас мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 14-ний орой гэртээ унтаж байтал шөнө 01 цагийн үед гэрт гэрэл тусаад нэг хүн гэрээс гараад явсан. Эхнэр бид хоёр араас нь гараад “хэн бэ? хүрээд ир” гээд ирэхээр нь хартал Б.Нямдаваа байсан.Тэгээд гэртээ дагуулж ороод ямар ажлаар яваа юм бэ гэхэд “зүгээр, таныг гэртээ байгаа үгүйг мэдэх гэж ирлээ” гэсэн. Тэгээд би тольны өмнө байсан эхнэрийн цүнхийг автал Б.Нямдаваа гэрээс гүйгээд гараад явчихсан. Орж ирээд эхнэр цүнхээ үзэхэд дотор нь байсан улаан өнгийн түрийвч нь алга байсан . Түрийвчин дотор байсан 200.000 төгрөг нь манайх үхрээ зараад үлдэгдэл мөнгө нь байсан гэжээ./ 2-р хавтасны 56-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтасны 46-47-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /2-р хавтасны 51-52-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /2-р хавтасны 59-р хуудас/

Хохирогч Д.Сайнбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би эхнэрийн хамт Манхан суманд явж байтал 2016 оны 10 дугаар сарын 01-ний өглөө манай охин С.Алтанчимэг над руу утасдаад дэлгүүрт хулгай орсон байна гэхээр нь бид хоёр аймаг руу орж ирсэн.Манай дэлгүүрээс бэлэн 110.000 төгрөг болон бусад бараа хулгайлагдаж , нийт 1.525.500 төгрөгний хохирол учирсан.Уг дэлгүүрийг эхнэр бид хоёр түрээсэлж ажиллуулдаг. Би хохирлоосоо майлд севэн тамхи 3 пальчик, энгийн эссэ тамхи 3 пальчик, ченж эссэ тамхи 1 пальчик,кент 4 пальчик,задгайгаар 3 ширхэг эссэ, 3 ширхэг кент зэргийг хүлээн авлаа. Цаашид үлдэгдэл хохирлоо гаргуулж авмаар байна  гэжээ. /2-р хавтасны 87-88-р хуудас/

Гэрч Х.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Б.Нямдаваа манай гадаа ирээд намайг дуудсан.Арслан гэдэг таксины жолоочтой Б.Нямдаваа нэлээд халамцуу явж байсан.Эмэгтэй дүү төрөөд зээтэй болсон, тэмдэглэж явна гэсэн. “Еден” нэртэй архи авчихсан явахаар нь би энэ архийг хэдээр авсан юм бэ ,огт хараагүй архи байна гэхэд 18000 төгрөгөөр авсан гэж байсан.Тухайн үед Б.Нямдаваа халаасандаа 60000-70000 төгрөгтэй явсан байх.Б.Нямдаваатай зун барилга дээр хамт ажиллаж байхдаа танилцсан гэжээ./2-р хавтасны 90-91-р хуудас/

Гэрч Г.Мөнхчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед би “Таван эрдэнэ” хүнсний дэлгүүр дээрээ зогсож байтал өөрийгөө Балжинням гэсэн намхан бор залуу  “тамхи авах уу? би тээврийн хөлсөнд авсан” гээд надад 1 тамхийг зах зээлийн үнээс 1000-1500 төгрөгөөр хямд үнээр өгсөн.Майлд севэн 30 ш, энгийн эссэ 30 ш, ченж эссэ 10 ш, кент 40 ш, задгайгаар 3 ширхэг эссэ, 3 ширхэг кент авсан. Би тэр залууд нийт 300.000 төгрөг өгсөн.Эдгээр худалдаж авсан бүх тамхиа хураалгасан болохоор тэр залуугаас 300.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. /2-р хавтасны 95-р хуудас/

Гэрч С.Алтанчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өглөө эрт Боорж зочид буудлын буланд байрлах дэлгүүр дээрээ очиход хаалга нь доороосоо гадагшаа чиглэлтэй сөхөгдсөн байдалтай байсан.Дэлгүүрт ороход дотор талын хаалгыг нь эвдсэн, бараа хулгайлагдсан байсан.Тэгээд би цагдаагийн газарт мэдэгдсэн. Тухайн үед манай аав, ээж хоёр Манхан сум руу явсан байсан болохоор өглөө эрт дэлгүүр дээрээ очсон гэжээ./2-р хавтасны 96-р хуудас/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хавтасны 69-71-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт /2-р хавтасны 75-р хуудас/

Эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтасны 77-79-р хуудас/ 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтасны 80-84-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Нямдаваа нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах 80 айлын орон сууцны гадна автомашины зогсоол дээр байрлуулсан 06-00 БӨТ улсын дугаартай Ланд Крузер-80 маркын автомашинд нэвтэрч хохирогч Д.Көбешид 236.000 төгрөгний, 58-85 УБЦ улсын дугаартай Тоёото Прадо-150 маркийн тээврийн хэрэгсэлд нэвтрэн эд зүйл хулгайлж хохирогч О.Батсүхэд 3.171.000 төгрөгний хохирол учруулсан болох нь  хохирогч О.Батсүх /24-25 х/, Д.Көбеш /27-28х /нарын мэдүүлэг, гэрч Ц.Дашцэрэн /30-31х/, Д.Гомбосүрэн /33-34х/, Э.Цогбаяр /36х/, Б.Цэвэлмаа /37х/ нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт зэргээр тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Б.Нямдаваа давтан үйлдлээр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэр 15-р гудамжны 6 тоот хашаанд байрлах гэрт 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө нэвтрэн Ти Си Эл маркийн 42 инчийн зурагт хулгайлж хохирогч С.Дагвацэрэнд 350.000 төгрөгийн хохирол, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэр 15-р гудамжны 5/Б тоот хашаанд байрлах байшинд хууль бусаар нэвтэрч бэлэн 200.000 төгрөг, улаан өнгийн түрийвч хулгайлж хохирогч Б.Энхцэцэгт 220.000 төгрөгний хохирол, 2016 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боорж” зочид буудлын баруун талд байрлах хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж хохирогч Д.Сайнбаярт 1.525.000 төгрөгний хохирол тус тус учруулсан, улмаар Д.Сайнбаяраас хулгайлсан эд зүйлээ иргэний нэхэмжлэгч Г. Мөнгөнчимэгт 300000 төгрөгөөр зарж түүнд 300000 төгрөгний хохирол тус тус учруулсан болох нь хохирогч  С.Дагвацэрэн /248-250 х/, Б.Энхцэцэг /53-55х/, Д.Сайнбаяр /85-87 х/ нарын мэдүүлэг, гэрч С.Батзаяа /7х/, насанд хүрээгүй гэрч Д.Есөн-Эрдэнэ /10х/ нарын мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /42-44х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зураг / 1-2х/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /3-6х/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /16х/, гэрч Б.Алтангадасын мэдүүлэг /56х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 46-47х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг / 51-52 х/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /57-59 х/ , гэрч Х.Эрдэнэбаяр /90-91х/, Г.Мөнхчимэг /94-95х/,  С.Алтанчимэг /96х/ нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /69-71х/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /74-75х/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Батхүүгийн Нямдавааг давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Нямдаваа нь бусдад нийт 5.802.000 төгрөгний хохирол учруулснаас хохирогч Д.Көбешид 236000 төгрөг, О.Батсүхэд 3171000 төгрөг, С.Дагвацэрэнгийн 350.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч Д.Сайнбаярын 1525000 төгрөгний хохирлоос 300.000 төгрөгний эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч Б.Энхцэцэгийн 220000 төгрөгний, хохирогч Д.Сайнбаярын 1225000 төгрөгний, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхчимэгийн 300.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй болох нь шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Г.Мөнхчимэгт 300.000 төгрөг, хохирогч Б.Энхцэцэгт 220000 төгрөг, Д.Сайнбаярт 1225000 төгрөг нийт 1.745.000 төгрөгийг тус тус  гаргуулж олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Нямдаваа нь 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхээр  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөн шүүхээр  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  3 сар 1 хоногийн баривчлах ялаар, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн ба Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар түүний эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 18 хоногийг өршөөн хэлтрүүлсэн болох нь шийтгэх тогтоолуудын хуулбар, шүүгчийн захирамж, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар / хх-116,168-х/ тогтоогдож байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал  дуусаагүй байхад давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримт  хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдах нь зүйтэй. Харин шүүгдэгч Б.Нямдаваад өөрт ноогдох эд хөрөнгө үгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй гэж шүүхээс үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар 201621000060 дугаартай хэрэгт 201521000204, 201621000233, 201621000250 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн нь хуульд нийцэж байх ба шүүгдэгч Б.Нямдаваа нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 11 хоног, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 70 хоног цагдан хоригдсон  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар цагдан хоригдсон 81 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283,284, 286, 290,294-299 дүгээр зүйлд заасныг  удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хаа гүн овогт Батхүүгийн Нямдавааг давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  шүүгдэгч Хаа гүн овогт Батхүүгийн Нямдавааг эд хөрөнгө хураахгүйгээр 02 / хоёр/ жил 01 / нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Нямдаваад оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Нямдаваагийн цагдан хоригдсон 81 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Нямдаваагаас иргэний нэхэмжлэгч Г.Мөнхчимэгт 300.000 төгрөг, хохирогч Б.Энхцэцэгт 220.000 төгрөг, Д.Сайнбаярт 1.225.000 төгрөг  тус тус гаргуулан олгож, хохирогч Д.Көбеш, О.Батсүх, С.Дагвацэрэн нарт хохирол төлөгдсөн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Б.Нямдаваагийн бичиг баримт  хураагдаж ирээгүйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Нямдаваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС