Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00709

 

 

 

Б.Я-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/00420 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Я-ын хариуцагч Э ХХК, Б.А- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.Я- нь Эм Би Жи мед ХХК-д ажиллаж байх хугацаанд тус компанийн удирдлага Д.Мөнхбат, Д.Баасанжав нар ... эмнэлэгт мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө байвал зээлээч... гэсэн. Б.Я- орон сууцны урьдчилгаа төлбөрт хадгалсан 60,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тэдний хэлсэн данс руу шилжүүлсэн. Орон сууц ашиглалтад орж төлбөрийг төлөх болоход тэд төлбөрийг төлөөгүй. Хариуцагч Д.Баасанжав 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Я-ын өмнөөс Олон хээ ХХК-д орон сууцны төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Зээлсэн 60,000,000 төгрөгөөс 11,000,000 төгрөгийг төлсөн. Иймд Э ХХК, Б.А- нараас 49,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Эм Би Жи мед ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.Я- нь Д.Мөнхбатад 60,000,000 төгрөгийг зээлсэн. Эм Би Жи мед ХХК болон Д.Баасанжав нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Д.Мөнхбат У.Тулгатболдоос худалдан авсан автомашины төлбөрт 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Я- болон Д.Мөнхбат нар Д.Баасанжавын өрөөнд зээлийн гэрээ байгуулсан. Б.Я-ын орон сууцны төлбөрийг төлөх талаар тохирч гэрээнд гарын үсэг зурсан боловч Б.Я- байгууллагын орлогоос 100,000,000 төгрөгийг завшсан тул тамга дараагүй. Энэ үндэслэлээр гэрээ цуцалснаа Олон хээ ХХК-д мэдэгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Д.Баасанжавын тайлбар, татгалзлын агуулга:

Б.Я-аас мөнгөн хөрөнгө зээлээгүй. Д.Мөнхбат У.Тулгатболдоос автомашин худалдан авсны төлбөрийн үлдэгдэл 60,000,000 төгрөгийг Б.Я-аас зээлсэн. Мөнгөн хөрөнгө зээлэхэд хажууд нь байсан. Нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК, Б.А- нараас 49,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Я-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

4.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Б.Я- Эм Би Жи мед ХХК-ийн захирал Д.Баасанжав ... эмнэлэгт мөнгө хэрэгтэй байна... гэсний дагуу орон сууцны урьдчилгаанд цуглуулж байсан 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Эмнэлэгт мөнгө хэрэгтэй байсан болохоос Д.Мөнхбат зээлж байгаа талаар хэлээгүй. Эм Би Жи мед ХХК зээлсэн 60,000,000 төгрөгийг Б.Я-ын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ОХ-05 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.3-т зааснаар төлөхөөр тохиролцсон. Гэвч Эм Би Жи мед ХХК болон захирал Д.Баасанжав нь зээлийн төлбөрийг шилжүүлж чадахгүй байсан тул 2 удаа нэмэлт гэрээ байгуулсан нь мөнгөн хөрөнгө зээлснийг нотолно.

Олон хээ ХХК болон Эм Би Жи мед ХХК, Б.Я- нарын байгуулсан нэмэлт гэрээнд хариуцагч компанийн захирал Д.Баасанжав гарын үсэг зурсан. Эм Би Жи мед ХХК болон Д.Баасанжав нар Б.Я-аас мөнгөн хөрөнгө зээлээгүй бол түүний өмнөөс үүрэг хүлээж гэрээ байгуулахгүй байсан. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээ байгуулаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Д.Мөнхбат автомашины үлдэгдэл төлбөрийг төлөхөөр Б.Я-аас мөнгөн хөрөнгө зээлсэн талаар маргаан үүссэн тул гүйцэтгэх захирал Д.Баасанжав, Д.Мөнхбатын мөнгийг Б.Я-д байгууллага төлөх боломжтой харин Д.Мөнхбат буцаан байгууллагад төлөх хэлцэл хийх зорилгоор орон сууцны гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч Б.Я- байгууллагын орлогоос 100,000,000 төгрөг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон учраас гэрээнд тамга дараагүй. Б.Я-, Д.Мөнхбат нар хоорондоо учраа ол гэж гэрээнээс татгалзсан. Д.Мөнхбатын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ автомашин авахад мөнгө дутсан, дутсан мөнгийг Б.Я-аас зээлсэн талаар дурдсан. Д.Баасанжав мөнгө зээлэхэд хамт байсан боловч мөнгийг аваагүй. Эм Би Жи мед ХХК мөнгөн хөрөнгө зээлээгүй. Гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч Б.Я- хариуцагч Эм Би Жи мед ХХК болон Д.Баасанжав нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Эм Би Жи мед ХХК-д ажиллаж байхад тус компанийн удирдлага Д.Мөнхбат, Д.Баасанжав нар ... эмнэлэгт мөнгө хэрэгтэй байна... гэсэн тул 60,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь бусдад мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн, түүнийгээ буцаан шаардах эрхтэй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

 

2. Хэрэгт авагдсан Олон хээ ХХК, Б.Я- нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлт, Эм Би Жи мед ХХК болон Олон хээ ХХК, Б.Я- нарын хооронд 2020 оны 06 дугаар 17-ны өдрийн 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлт тус тус байгуулагджээ.

Эдгээр гэрээний нэмэлтийн агуулга нь Эм Би Жи мед ХХК Б.Я-ын орон сууцны үнэд төлөх байсан 60,000,000 төгрөгийг төлөх хугацааг тогтоосон агуулгатай байх боловч хэрэгжээгүй, гэрээнд компанийн тамга дарагдаагүй, нэхэмжлэгчийн эмнэлэгт мөнгөний хэрэгцээ гараад зээлдүүлсэн гэх тайлбар нотлогдоогүй тул хариуцагч Эм Би Жи мед ХХК нэхэмжлэгч Б.Я- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч Эм Би Жи мед ХХК нэхэмжлэгчийн өмнө орон сууцны үнийг түүний өмнөөс төлөх үүрэг хүлээсэн гэж тус тус үзэх үндэслэлгүй байна. (хх-ийн 9-12, 14)

Тийм учраас хариуцагч Эм Би Жи мед ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь үндэслэлтэй.

 

Хариуцагч нар ... тус мөнгөн хөрөнгийг Д.Мөнхбат зээлсэн ... түүний өмнөөс Б.Я-д зээлийн төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь байгууллагын орлогоос 100,000,000 төгрөг авсан учраас гэрээнээс татгалзсан... гэж тус тус тайлбарласан.

 

3. Харин 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлтийн 2.2-т хариуцагч Д.Баасанжав 3 сарын дотор 60,000,000, төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байхаас гадна /хх-ийн 14/, түүний Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гэрчээр өгсөн ...Би Б.Я-аас 60,000,000 төгрөгийг зээлж авсан юм... өгч чадахгүй удаачихсан юм...Мөнхбат нь Б.Я-аас гуйсаар байгаад авсан юм. Яг мөнгө авах үед Б.Я-тай бид 2 хоёулаа уулзалдаж байгаад авахаар болсон юм... гэсэн мэдүүлэг бүхий тэмдэглэл /хх-ийн 76/, гэрч Д.Мөнхбатын ...Д.Баасанжав бид 2 цуг сууж байгаад 60,000,000 төгрөгийг зээлж авсан...Ланд круйзер 76 автомашин банкны зээлээр авчихсан байсан, түүнийг банкны зээлээс чөлөөлөхөд зориулж авсан... гэсэн мэдүүлэг бүхий тэмдэглэл /63, 80/ зэргээс үзэхэд Б.Я-, Д.Баасанжав нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр байгуулагдсанд тооцдог.

Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 88 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд хохирогч Б.Я-ын ...Д.Мөнхбат, Д.Баасанжав нар гуйгаад огт салахгүй байхаар нь би 60,000,000 төгрөгийг өгөхөөр болсон юм. ХААН банкны 5447018527 тоот дансны дугаарыг өгөөд энэ данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баянгол дүүргийн ХААН банкны салбар дээр очиж шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг тусгагдсан ба уг мэдүүлгийн агуулга дээрх Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын мэдүүлгийн агуулгатай тохирч байхаас гадна Ланд круйзер 76 автомашиныг Д.Мөнхбатад зарсан төлбөрийн үлдэгдлийг ХААН банкны 5447018527 тоот дансаар хүлээн авсан талаар гэрчлэн мэдүүлсэн У.Тулгатболдын мэдүүлэг бүхий тэмдэглэл, түүнчлэн Б.Я-ын Голомт банкин дах дансны хуулга зэргээр нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө 60,000,000 төгрөгийг Д.Баасанжавт шилжүүлэх үүргээ түүний заасан дансанд шилжүүлснээр биелүүлсэн тул зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Эм Би Жи мед ХХК болон Д.Баасанжав нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй... гэсэн тайлбар дээр дурдсанаар үндэслэлтэй боловч Д.Баасанжав Б.Я-аас мөнгөн хөрөнгө зээлээгүй гэсэн тайлбар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар нотлох Д.Мөнхбат, Д.Баасанжав, У.Тулгатболд нарын цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэг бүхий тэмдэглэл, хариуцагч Д.Баасанжавын гарын үсэг бүхий бичгийн баримтыг тус тус үндэслэл бүхий баримтаар няцаан үгүйсгэж чадаагүй, ...нэхэмжлэгч нь кассаар ажиллаж байхдаа мөнгө завшсан... гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

...Д.Мөнхбат У.Тулгатболдоос автомашин худалдан авсны төлбөрийн үлдэгдэл 60,000,000 төгрөгийг Б.Я-аас зээлсэн... гэж тайлбарлаж байгаа боловч Д.Мөнхбатыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар хүсэлт гаргаагүй, Б.Я-ын өмнө Д.Мөнхбат, Д.Баасанжав нар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй тул гэж үзнэ.

 

6. Тийм учраас нэхэмжлэгч Б.Я- нь хариуцагч Д.Баасанжаваас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар түүнээс 49,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/00420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Баасанжаваас 49,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Я-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Эм Би Жи мед ХХК-д холбогдуулан гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж хариуцагч Д.Баасанжаваас 402,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Я-д олгосугай гэж,

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 402,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ