Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/00420

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр                         Дугаар 102/ШШ2023/00420                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, ... байр, ... тоот хаягт оршин суух, регистр ..., М.. овогт Х..ийн Б..,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байр, регистр .., Э. ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн . дугаар хороо, ...-р хороолол, ЭТӨЧ гудамж, ... байрны ... тоотод оршин суух, регистр ...,  Э... эмнэлэгийн захирал ажилтай, Б... овогтой Д..ын Б...,  

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 49 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э... нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Б. нь Э. ХХК, Д.Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

 Х.Б.. нь 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Э... эмнэлэгт эрүүл мэндийн даатгал болон статистикийн эмчээр ажилласан. Энэ хугацаанд хамт ажилладаг байгууллагын удирдлага Д.М.., Д.Б... нар нь удаа дараа дуудаж эмнэлэгт мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө байвал зээлээч гэсэн. Х.Б.. нь байрны урьдчилгаа төлбөрийн мөнгө байна гэхэд 1 сарын хугацаатай л зээлнэ гэхээр нь итгээд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 60 000 000 төгрөгийг тэдний хэлсэн данс руу шилжүүлсэн. Байр ашиглалтанд орж байрны урьдчилгаа төлбөр төлөх болоход мөнгө байхгүй, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр захирал Д.Б... байрны захиалга өгсөн О.. ХХК-тай уулзаж урьдчилгаа төлбөрийг төлөхөө илэрхийлэн улмаар 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2019/ОХ-05 тоот нэмэлт гэрээг байгуулсан. Увуулж цувуулан байж 11 000 000 төгрөгөө авсан, үлдэх мөнгөө өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна. Иймд Э... ХХК, Д.Б. нараас ..49 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хариуцагч нар тайлбарлахдаа Х.Б...аас мөнгө зээлэх харилцаа өрнөсөн,  гэхдээ энэхүү зээлийн гэрээ нь эмч Д.Мөнхбат болон Х.Б...ын нарын хооронд өрнөсөн. Түүнээс биш Э. ХХК,.. Д.Б. нар мөнгө .зээлсэн асуудал байхгүй. Тухайн мөнгийг эмч Д.М...н автомашины төлбөрт У.Т...д гэх хүний дансруу шилжүүлсэн байдаг. Э... ХХК, Д.Ба... нар тухайн мөнгийг төлөх үндэслэл байхгүй. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 60 000 000 төгрөгийг эмч Д.М... зээлсэн. 60 000 000 төгрөгийг зээлэх хэлцэл Х.Б..., Д.М... нарын хооронд хийгдэх үед Д.Б...ын өрөөнд хийгдсэн. Х.Б... нь Д.М...аас мөнгөө авч чадахгүй хүндрэл үүссэн, Д.М...ыг Х.Б..аас зээлсэн 60 000 000 төгрөгийг эмнэлэгт төлж, харин эмнэлэг Х.Б...ын орон сууц авах төлбөрийг төлөх талаар харилцан тохирч гэрээнд гарын үсэг зурагдсан боловч тамга дарагдаагүй. Тамга дарагдаагүй шалтгаан нь Х.Б... тухайн үед байгууллагын орлогоос 100 000 000 төгрөг хувьдаа завшсан нь илэрсэн тул бид  орон сууцны мөнгийг гүйцэтгэхгүй, гэрээнд тамга дарахгүй гэж мэдэгдсэн. Энэ талаар О... ХХК-д гэрээ цуцалснаа мэдэгдсэн. Бид зээлийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзаж байна гэв.

3.Хариуцагч Д.Б... шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Б..аас ямар нэгэн зүйл санал болгож мөнгө төгрөг аваагүй. Мөнхбат эмч Тулгатболд гэх хүнээс тээврийн хэрэгсэл худалдаж авахдаа дутуу төлсөн байсан 60 000 000 төгрөгийг Х.Б..аас зээлсэн. Мөнгө зээлэх тохиролцоо хийх үед би хажууд нь байсан нь үнэн. Гэвч би Х.Б..аас ямар нэгэн мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Иймд хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчээс: О.. ХХК-ийн 2020.05.25-ны 20/19 тоот мэдэгдэх хуудас /хх 8/, 2019.07.05-ны өдрийн 2019/ОХ-05 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020.06.17-ны өдрийн 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлт /хх 9-12/, Голомт банк дахь Х.Б...ын 3255109767 тоот дансны хуулга /хх 13/, 2020.01.02-ны 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлт /хх 14/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022.01.20-ны 88 тоот хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан Х.Б..өргөдөл, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021.11.09-ний 460 тоот тогтоол /хх 62-67/,

Хариуцагчаас: Э...ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 16/,

Шүүхээс: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Прокурорын газраас Д.Б.., У.Т.. Д.М..нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг /хх 74-81/ бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Х.Б... нь С.Б...ай 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 2019/ОХ-05 тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн 25-р хороо, 97/3 дугаар байрны ... тоот 75 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 150 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ.

Гэрээний 2.3 дахь хэсэгт 2019.10.01-нд Х.Б...ын ажлын газраас /Э... ХХК/ 60 000 000 төгрөг шилжүүлэхээр тохирсон, улмаар 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлтээр О... ХХК, Э... ХХК, Х.Б... нар 60 000 000 төгрөгийг төлөх хугацааг шинэчлэн тогтоож 2020 оны 6 дугаар сарын 17-ноос эхлэн сар бүр 5 000 000 төгрөгийг Э... эмнэлгийн орлогоос төлөхөөр тогтоосон байна. Энэ төлбөр төлөгдсөн эсэх талаар талууд маргаагүй байна.

Харин Х.Б... нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Э... эмнэлэг болон захирал Д.Б... нарын хэлсэн дансанд 60 000 000 төгрөг шилжүүлсэн, үүнээс 11 000 000 төгрөгийг цувуулж авсан, үлдэх 49 000 000 төгрөгийг төлөөгүй гэж маргажээ.

Хариуцагч нар зээлийн гэрээгээр 60 сая төгрөг зээлээгүй, эмнэлгийн захирал байсан Д.М... тээврийн хэрэгсэл авах зорилгоор мөнгө зээлсэн талаар тайлбар татгалзлаа гаргаж маргасан байх ба нэхэмжлэгч нь Э... ХХК болон Д.Б. нартай ..Иргэний хуулийн 281 дүгээр зааснаар зээлийн гэрээ байгуулж 60 сая төгрөг зээлүүлсэн талаар нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй, шаардлага үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.

Түүнчлэн 2019 оны 3-р сарын 1-ний өдөр 56 444 945 төгрөгийг хэний дансанд шилжүүлсэн нь тодорхойгүйгээс гадна Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Б..., Д.М.., У.Т... нарын мэдүүлгийг гаргуулсан байх ба мэдүүлгээр “Д.М... нь машин худалдан авахаар мөнгө авсан ...” талаар мэдүүлсэн, өөрөөр, нэхэмжлэгч ямар нэг баримт гаргаагүй байна. 

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 402 950 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.. ХХК, Д.Б.. нараас 49 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Х.Б..ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА