Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0097

 

 

 

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар221/МА2019/0097 

Улаанбаатар хот


Ч.Л-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ч.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0815 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Л-н нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0815 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Лг өмнө эрхэлж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Ч.Лд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 7 сар 17 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.863.155 /дөрвөн сая найман зуун жаран гурван мянга, нэг зуун тавин таван/ төгрөгийг хариуцагч Нийгмийн даатгалыг ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Л-д олгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Нийгмийн даатгалын байгууллага түүний хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хангаж шийдвэрлэж байсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын Хяналт, шалгалтын улсын байцаагч Чимэд-Очирын Лхагвасүрэнг албан ажлын шаардлагаар түүнтэй тохиролцсоны дагуу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэдэл рүү шилжүүлсэн.

Энэ тушаал гарах болсон хууль зүйн үндэслэл нь Засгийн газрын 2017 оны “Агентлаг байгуулах тухай" 344 дүгээр тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 тушаал болно.

Тус тушаалаар бүтэц орон тоо өөрчлөгдсөн. Тухайлбал Хяналт шалгалтын орон тоо 12-9 болж хасагдсантай холбогдуулан ажилчдын үр дүнгийн гэрээ болон бусад үзүүлэлтийг харгалзан Хяналт, шалгалтын улсын байцаагч Ч.Л сэлгэн ажиллуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 сарын 30- ны өдрийн тушаал гаргасан.

Дээрх тушаал гарахын өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/388 дугаартай албан бичгээр Ч.Лд “Биечлэн уулзах сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдлийг оршин суугаа гэрийн хаягаар хүргүүлж. улмаар 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 00 цагт тус байгууллагын 405 тоот өрөөнд тухайн ажиллагаа хийгджээ Энэхүү “Биечлэн уулзах сонсох ажиллагаа"-нд өөрөө сэлгэн ажиллах хүсэлтэй байгаа тухай илэрхийлсэн.

Түүнчлэн Ч.Л “...надаас туршлага, ур чадвараар муу олон хүнийг шинээр ажил, албан тушаалд томилсон..." гэдэг.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/131 дугаартай тушаалаар батлагдсан Хяналт, шалгалтын газрын орон тоо нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/20 дугаартай тушаалын дагуу Хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн 1, Хяналт шалгалт, үнэлгээ хариуцсан Улсын байцаагч 2-оор тус тус хасагдсан.

Ч.Л-с бусад нь удирдлагын шийдвэр, өөрийн үр дүнгийн гэрээгээ хүлээн зөвшөөрч, ажлын байрандаа хэвийн ажиллаж байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газарт сул орон тоо байхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Хяналт, шалгалт хариуцсан улсын байцаагч Ч.Л 2017 оны үр дүнгийн гэрээний дүнд шинжилгээ хийхэд бусдаасаа хамгийн тааруу буюу 79 гэсэн үнэлгээтэй байсан.

Засгийн газрын 2017 оны “Агентлаг байгуулах тухай” 344 дүгээр тогтоол. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалын дагуу бүтэц, орон тоо өөрчлөгдсөн тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0815 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.                                             

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Миний нэхэмжлэлийн шаардлага “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” байсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хуулийн заалтыг үндэслэн шийдвэрээ гаргасан атлаа ажилгүй байсан хугацааг шүүхээр маргааныг хянан шийдвэрлэсэн өдрийг хүртэлх хугацаагаар тасалбар болгон тооцсон нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д "...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж хуульчилсан. Гэтэл хуулийг буруу хэрэглэж ажилгүй байсан хугацааг маргааныг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн өдрөөр тасалбар болгон тооцсон. Ингэснээр “ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг олгох" хуулийн заалт зөрчигдлөө.

Цалин хөлсний дүнг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 заалтыг үндэслэсэн. Хуулийн уг заалтад “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно." гэж хуульчилсан. Мөн хуулийн 48.2-т “дундаж цалин хөлс тодорхойлох журмыг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална." гэжээ. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн болон нэмэгдэл хөлсийг оруулна, нэмэгдэл цалинд төрийн алба хаасны болон зэрэг дэвийн нэмэгдэл орно гэж журамласан байна. Хэргийн материалд миний цалингийн хүснэгт авагдсан. Гэтэл шүүх хуулийг буруу хэрэглэснээс гадна нотлох баримтыг буруу үнэлж зөвхөн үндсэн цалингаас тооцож дундаж цалин хөлсний дүнг гаргасан.

Намайг ажилгүй байх хугацаанд Засгийн газрын 264 тоот тогтоол гарч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн. Энэ талаар шүүх хуралдааны явцад хэлэлцэгдэж, Нийгмийн даатгалын байгууллагын бүх төрийн албан хаагчдын цалин энэ тогтоолоор нэмэгдсэнийг хариуцагч хэлсэн. Гэтэл шүүх миний цалинг тооцохдоо энэ тогтоолыг хэрэглээгүй.

Эдгээр үндэслэлүүдийг хянаж үзэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын цалин хөлстэй холбоотой хэсгийг үндэслэлтэй болгож өөрчилж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар тус газрын Хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Л-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлжээ.

Хариуцагчаас дээрх тушаалыг гаргах болсон үндэслэлээ тус газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/22 дугаар тушаалаар Хяналтын улсын байцаагч орон тоо 8 байснаас 7 болж батлагдсан тул 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр 79 оноотой дүгнэгдсэн Ч.Лг түүний зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэж тайлбарласан бөгөөд Хяналт шалгалтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг Хяналтын улсын байцаагчийн албан тушаалд шилжсэнтэй талууд маргаагүй байна.

Маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулахаар, 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдахаар тус тус зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллахыг зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад түүнийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй, түүнчлэн Хяналтын улсын байцаагчийн орон тоо 7 болж цөөрсөнтэй холбогдуулж Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар шалгаруулалт явуулаагүй атлаа нэхэмжлэгч нарын нэр бүхий 3 Хяналт, шалгалтын улсын байцаагчийг сэлгэн ажиллуулж, улмаар өөр албан тушаалд ажиллаж байсан албан хаагчдыг Хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилж нэхэмжлэгчид хуулиар олгогдсон төрийн албан хаагчийн баталгааг хангаагүй нь хууль бус бөгөөд уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн “ажилгүй байсан бүх хугацааны цалинг тооцож олгоогүй, дундаж цалин хөлсийг зөвхөн үндсэн цалингаас тооцсон, ажилгүй байсан хугацаанд төрийн албан хаагчдын цалинг нэмсэн тогтоолын дагуу цалинг нэмж тооцоогүй” гэх гомдлын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно” гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “...ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж  тус тус зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ түүнийг ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлсийг тооцох нь зүйтэй бөгөөд хэрэв уг шийдвэр давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянагдаж хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны олговрыг тооцож олгоогүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзвэл харьяалах шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Түүнчлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а/-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн ...хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс”-өөр тооцохоор заасан тул нэхэмжлэгчийг ажилгүй байх хугацаанд Засгийн газрын тогтоолоор цалин нэмэгдсэн эсэх нь уг журмын дагуу дундаж цалин хөлсийг тооцоход хамаарахааргүй байна.

Харин шүүх дээрх журмын 2-ын а/-д ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал оруулахаар зохицуулсныг анхаараагүй байх тул шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгчийн дундаж цалинг зөвхөн үндсэн цалингаас тооцсон хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт бичвэрийн алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0815 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...2018 оны...” гэсний өмнө “даргын” гэж нэмж, 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Лд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 7 сар 17 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу бодож олгохыг, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, бичилт хийхийг тус тус хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгасугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Ч.Лд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН