Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/00605

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 22 210/МА2023/00605

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2022/02901 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох

130,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Д.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* ******* ******* ******* ХХК-тай ******* дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Энэ гэрээнд ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирал нь гарын үсэг зураагүй, хувьцаа эзэмшигч гэх Б.*******-******* гарын үсэг зурж баталгаажуулсан нь гэрээний хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангаагүй.

1.2.******* ******* ******* ******* ХХК нь барьцаа хөрөнгө болох ******* дугаарыг 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дуудлага худалдаагаар худалдах тухай Д.*******т мэдэгдэж байсан ба шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах захирамж гарах цаг хугацаанд буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бусдад шилжүүлсэн. Хариуцагч ******* дугаарыг дуудлага худалдаагаар бусдад худалдан борлуулсан гэх боловч хэдэн төгрөгөөр худалдсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангасан эсэх, эсхүл зээлийн төлбөр төлөөд хэдэн төгрөгийн зөрүү байгаа эсэх талаарх мэдээллийг Д.*******т өгөөгүй.

1.3.Д.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш нийт 20,200,000 төгрөгийг ******* ******* ******* ******* ХХК-д шилжүүлсэн боловч үүнийг зээлийн хүүнд тооцож байгаа нь үндэслэлгүй. Учир нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн барьцаат зээлийн гэрээнд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй учраас зээлийн гэрээний дагуу нэг сарын хүү шаардах эрхгүй, мөн зээлийн гэрээний хугацаа 30 хоногоор байгуулагдсан учраас үүнээс хойшхи төлсөн төлбөрийг хүүнд бус үндсэн төлбөрөөс хасаж тооцох байсан.

1.4.Барьцаа хөрөнгө болох ******* дугаарыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үндсэн зээлийн үлдэгдэл 19,800,000 төгрөгийг суутган авч, ******* дугаарын үнийн зөрүү төлбөрийг шилжүүлэхийг Д.******* нь шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь ******* дугаарын зах зээлийн ханшийг 150,000,000 төгрөгөөр үнэлж байгаа ба зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 19,800,000 төгрөгийг хасаж зөрүү төлбөр болох 130,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх журмаар мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шаардлагыг бүрэн хангасан. Санхүү эрхэлсэн захирал Б.*******-******* одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Гэрчийн мэдүүлгээр эрх олгогдоогүй байсан ч хожим дэмжиж зөвшөөрсөн гэдэг үйлдлээр ******* ******* ******* ******* ХХК нь Д.*******тай зээлийн гэрээ байгуулсан.

2.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрсдөө тодорхойлох бүрэн эрхтэй ч нэхэмжлэгчээс 150,000,000 төгрөгтэй холбоотой баримт шүүхэд гаргаж өгөөгүй.

2.3.Зээлийн гэрээг байгуулахдаа барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсны дагуу ******* дугаарыг дуудлага худалдаагаар хуульд заасны дагуу худалдсан. Тус дугаарыг энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан Г. худалдан авсан, тэрээр шүүхэд дугаарыг 50,000,000 төгрөгөөр худалдан авсан гэдгээ хэлдэг. ******* ******* ******* ******* ХХК-ийн дансны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуулга дээр ******* дугаарын гэсэн утгатай 50,000,000 төгрөгийн орлого Г.ийн Хаан банкны  данснаас орж ирсэн байгаа. Д.******* 24,850,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг ******* дугаарыг худалдан борлуулсан төлбөрөөс суутгасан.

Манай компанийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 4/338 дугаартай мэдэгдлийг Д.******* хүлээн авч, шүүхэд нотлох баримтаар гаргасан. Түүний дугаарыг худалдах болсныг мэдэгдсэн. Мөн утас руу нь залгасан боловч холбогдохгүй байсан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 3 сарын хугацаанд худалдан борлуулсан.

Д.******* дугаарыг одоогийн ханшаар тооцоод байгааг ойлгохгүй байна. Бид 2021 оны ханшаар нь худалдсан бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн. 150,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.4.Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар хүү авахаар бол заавал бичгээр байгуулсан байхыг шаарддаг. Д.******* өөрийн гар утаснаас мессеж явуулж зээлийн гэрээг сунгасан. Мөн манай байгууллагын зүгээс зөрүү мөнгийг Д.*******т төлөхөд бэлэн байна. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дуудлага худалдаагаар худалдан борлуулахад 24,820,000 төгрөг төлсөн, 40,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 22,800,000 төгрөг байсан. 27,850,000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас 33,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 97,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 323,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар дүгнэж, зохигч зээлийн гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг ханган сунгасан гэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь, нэхэмжлэгч санаатайгаар тухайн гэрээний сунгалтыг хийдэггүй болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

4.2.Шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг огт хэрэглэлгүй зөвхөн бичгийн хэлбэрт анхаарал хандуулж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь талуудын тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан. Үүнээс болж компани ямар алдагдал хүлээж байгааг дүгнэлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж дүгнэж болохоор байна. 

4.3.Мөн манай компанийн нийт 15 сарын хүү гэж авсан төлбөрөөс 14 сарыг нь тооцолгүй үндсэн зээлээс хассан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний талуудын хүлээх үүрэг хангагдах боломжгүй буюу тухайн этгээдээс ашиглуулсан мөнгөнийхөө хүүг авч чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг шүүх ноцтой зөрчиж шийдвэр гаргасан нь дээр дурдсан шүүхийн шийдвэрээс тодорхой харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талаас гэрээг тухайн байгууллагын ******* программаар эсхүл мессежээр сунгаж байсан гэж тайлбарласан. Зээлийн гэрээний дагуу хүү, алданги тооцох бол зайлшгүй бичгээр байгуулах шаардлагыг хуульд тавьсан боловч хариуцагч талаас биелүүлээгүй. Анх 30 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан боловч хугацааг сунгасан зүйл байхгүй. Мөн гомдолд алдангийн талаар дурдсан боловч анхан шатны шүүх хуралдааны явцад ямар нэгэн байдлаар сөрөг нэхэмжлэл гаргаж оролцоогүй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* алтан ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ******* дугаарын зах зээлийн ханш 150,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 19,800,000 төгрөгийг хасаж зөрүү төлбөр болох 130,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 27,850,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзжээ.

 

3.Зохигчдын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ******* ******* ******* ХХК нь 40,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Д.******* нь зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ. (хэргийн 1 дэх хавтас 5 дахь тал)

3.1.Дээрх харилцааг шүүх Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн гэрээ гэж тодорхойлсон байх боловч тус зохицуулалт нь барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээний үүргийг хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар хангуулах үндэслэлд хамааралтай. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний зээлдүүлэгч болон зээлдэгч талуудын эрх, үүрэг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүснэ.

3.2.Нэхэмжлэгч нь гэрээнд хариуцагч компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй үндэслэлээр зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, зээлийн гэрээ байгуулагдсаныг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн эрх бүхий этгээдээс хожим хүлээн зөвшөөрсөн талаар зөв дүгнэсэн байна.

3.3.Гэрээний дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчид 40,000,000 төгрөгийн зээл шилжүүлсэн, энэ талаар зохигчид маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд нийт 24,820,000 төгрөг төлсөн ба хариуцагч нь зээлийн гэрээний хугацааг цахимаар сунгасан, уг төлбөрийг зээлийн хүүд тооцсон гэж маргасан.

4.1.Шүүхээс 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр талууд гар утсаар харилцсан гэх он тодорхойгүй 04 дүгээр сарын 06, 22, 05 дугаар сарын 14-ний өдрийн зурвасуудад 79 хоног 4,3179,900₮..., зээл 65 хоногтой, хүү 3,541,333₮ болсон ..., зээл 57 хоног болсон... гэх зэргээр дурдагдсан байх ба тухайн цахим мэдээллийн огноо тодорхойгүй байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар баримт эргэлзээтэй гэж дүгнэх бөгөөд гэрээний хугацааг сунгах агуулга тодорхой илэрхийлэгдээгүй байна. (хэргийн 1 дэх хавтас 101-102, 85, 86, 87 дахь тал)

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь аж ахуй эрхлэгч этгээдийн хувьд, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны хүрээнд зээлийн гэрээг бичгээр байгуулж, улмаар хугацааг сунгах тохиолдолд мөн хэлбэрээр гэрээ хийх ёстой. Гэтэл зээлийн гэрээний хугацааг сунгах талаар бичгээр гэрээ байгуулагдаагүй тул гэрээний хугацааг сунгасан гэж дүгнэхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хугацаа сунгасан илэрхийллийг буруу дүгнэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.2.Анхан шатны шүүх зээлдэгчийн хүлээх үүргийг зээл 40,000,0000 төгрөг, зээлийн гэрээнд заасан хүү 1,600,000 (40,000,000*4%) төгрөг, нийт 41,600,000 төгрөг гэж тодорхойлж, үүнээс төлөгдсөн 24,820,000 төгрөгийг хасаж тооцон, зээлийн төлбөрийн үлдэгдэл 16,780,000 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцжээ. Хариуцагч нь анхан шатны шүүхэд алдангитай холбоотой тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул гэрээнд алданги тооцох талаар заасан бөгөөд төлөгдөөгүй байгаа үнийн дүнд алданги тооцогдох байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг мөн хүлээн авах боломжгүй.

 

5.Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний 2.1 дэх хэсэгт зээлдэгч нь өөрийн эзэмшиж буй ******* дугаарыг барьцаалуулахаар тохиролцжээ.

5.1.Хэрэгт авагдсан Мобиком корпораци ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2021 дугаар лавлагаанаас үзэхэд, нэхэмжлэгч нь ******* дугаарыг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн байна. (хэргийн 1 дэх хавтас 64-65 дахь тал)

Мобиком корпораци ХХК-ийн өмч болох ******* дугаарын эзэмших эрх нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйл биш байхад анхан шатны шүүх талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу болжээ.

5.2.Гэхдээ шүүх хариуцагч ******* дугаарыг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 50,000,000 төгрөгөөр Г.ид худалдсан байдлыг үндэслэн нэхэмжлэгчийн төлбөл зохих 16,780,000 төгрөгийг хасаж үлдэх 33,220,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг, мөн хариуцагчийн гомдлоор өөрийнх нь эрх зүйн байдлыг дордуулахгүй байх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн дээрх шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2022/02901 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,050 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА