| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2022/01774/И |
| Дугаар | 210/МА2023/00626 |
| Огноо | 2023-03-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2023/00626
| 2023 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 210/МА2023/00626 |
Д.Тогтохжаргал, С.Янжмаа нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2023/00303 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, захиран зарцуулах эрх сэргээхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжав, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Пэрэнлэйжамц, түүний өмгөөлөгч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.2.Бид 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан үлдэгдэл төлбөрийг төлж, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд шийдвэр гүйцэтгэгчээс төлбөрийн үлдэгдэл 21,557,758 төгрөг байгаа талаар мэдэгдэл гардуулсан. Үүний дагуу бид 2022 оны 02 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд нийт 21,557,758 төгрөгийг хариуцагчийн дансанд тушааж, төлбөрийг бүрэн төлж барагдуулан гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болгосон. Гэтэл бидний үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Энхбаярт шилжүүлсэн гэх хариуг өгсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч болон даргад гомдол гаргахад боломжгүй гэсэн хариу өгсөн.
Иймд дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, тус орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэн, захиран зарцуулах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн хурааж үнэлгээ тогтоолгосон. Албадан дуудлага худалдаанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр оруулахад оролцогч Ж.Энхбаяр 48,900,000 төгрөгийг үнийн санал гарган ялагчаар тодорсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны талаар нийтэд зарлан мэдээлж зохион байгуулсан. Дуудлага худалдааны ялагч Ж.Энхбаяр нь дэнчингийн мөнгийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгууллагын касст тушаасан, зөрүү 44,300,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дансанд тушааснаар өмчлөх эрхтэй болсон тул өмчлөх эрхийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өдөр шилжүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Энхбаярын тайлбарын агуулга:
Ж.Энхбаяр 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дэнчин болох 4,700,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын касст бэлнээр тушааж дуудлага худалдаанд оролцох эрхээ авсан. Тус орон сууцны дуудлага худалдаанд ялагчаар шалгарсан. Хуулийн 14 хоногийн хугацаанд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл 44,300,000 төгрөг тушаасан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр уг байрны өмчлөгч нар шүүхэд нэхэмжлэл өгсөн гэх шалтгаанаар миний дансанд 49,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нарын гаргасан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох албадан дуудлага худалдаа зохион байгуулсан өдрөөс хойш 2 жил 9 сар 15 хоногийн дараа буюу 2022.01.27-ны өдөр 48,300,000 төгрөгийг Ж.Энхбаяраар дансандаа тушаалгасан хууль бус ажиллагаа, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус тус бусдын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулсан тул Ү-2202006167 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, ТЕГ-ын 20 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах 18,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн, захиран зарцуулах эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор хөрөнгийг үнэлж, оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх үүргээ зөрчиж гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 140,000 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 70,200 шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүйд гомдолтой. Хариуцагч 19/4-27 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хуульд заасан 14 хоногийн хугацаанд танилцуулаагүй, гомдол гаргах эрх эдлүүлээгүй. Гэтэл шүүх уг тогтоолыг бидэнд танилцуулсан, гомдол гаргаагүй, хугацаа хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэсэн.
5.2.Шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч байсан иргэн Ж.Энхбаярын талаар буруу дүгнэсэн. Ж.Энхбаяр нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас дэнчин, дуудлага худалдааны үнэ нийт 49,000,000 төгрөгийг дансандаа буцаан авсан. Ингэснээр Ж.Энхбаяр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, дуудлага худалдааны ялагч биш болсон. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 197 дугаар зүйлийн 197.18 дахь хэсэгт заасныг шүүх анхаарч үзээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн үйлчлэл хэрэгжиж байхад дэнчинг буцаан олгосон. Мөн дэнчинг дуудлага худалдааны ялагчид буцаан шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хариуцагч нь дуудлага худалдаа явагдсанаас 2 жилийн дараа өөрийн идэвх санаачилгаар Ж.Энхбаяраар дэнчинг дахин өөрийн дансанд тушаалгасан үйл баримтыг шүүх үндэслэлгүйгээр зөвтгөж, Ж.Энхбаярыг дуудлага худалдааны ялагч гэж дүгнэсэн.
5.3.Түүнчлэн шүүх урьд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн үйл баримтыг хөрөнгө хурааж, үнэлж, мэдэгдэн тэмдэглэл хөтлөх ажиллагааг 1 сарын дотор явуулах ажиллагаатай андуурч, үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Тус үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш 36 дахь өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуульд заасан хугацаа 6 хоногоор хэтэрсний дараа үнэлсэн үнэлгээг Д.Тогтохжаргалд мэдэгдсэн, харин С.Янжмаад огт мэдэгдээгүй мөн мэдэгдэх ажиллагаагаа баталгаажуулах шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтлөх үүргээ биелүүлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан ажиллагааг хугацаа хэтрүүлж явуулсан.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эхэлснээс хойш төлбөр төлөгч нар төлбөрөө төлөх боломжтой байсан. Албадан дуудлага худалдааг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нийтэд зарлан мэдээлж, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуудлага худалдааны ялагч Ж.Энхбаярт өмчлөх эрх шилжүүлэх тухай шийдвэр гарсан. Хүсэл зорилго илэрхийлээгүй этгээдийг дуудаж төлбөр төлүүлж оролцуулаагүй. Дуудлага худалдааны ялагч 2021 оны 12 дугаар сард 2 удаа мөнгөө бүрэн тушаасны дараа өмчлөх эрхийг шилжүүлсэн.
6.2.Төлбөр төлөгч Д.Тогтохжаргалын хүсэлтээр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ гаргуулсан. Уг үнэлгээгээр худалдан борлуулах 1 сарын хугацаа олгуулах хүсэлтээ бичиж өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гарсны дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Улмаар Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа төлбөр төлөгч нарт орон сууцыг султган чөлөөлөх мэдэгдлийг Дорноговь аймаг болон бусад хаяг руу шийдвэр гүйцэтгэгч шуудангийн хаяг, утсаар залгаж удаа дараа мэдэгдсэн. Улсын дээд шүүхээс нэхэмжлэгчийн гомдлыг хангаагүй тул ялагч мөнгө шилжүүлсэн, үүнийг төлбөр авагч Жуниор натур инвест ББСБ ХК-д шилжүүлсэн.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол нь хуульд заасан журмын дагуу гарсан. Дуудлага худалдаа явагдсан талаар нэхэмжлэгч нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/9697 тоот мэдэгдлээр нотлогдоно. Ж.Энхбаяр нь хуульд заасан журмын дагуу оролцож, дуудлага худалдааны ялагч болж, дэнчингийн төлбөрийг хугацаанд байршуулж, үлдэгдэл төлбөрийг төлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гарсан боловч нэхэмжлэгч нарын гомдлоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 3 жил гаруй хугацаагаар түдгэлзэж явсан. Тэдний гомдол үндэслэлгүй болох нь тогтоогдсоноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гуравдагч этгээд нь 48,900,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушаасан.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий гарсан учир нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2.Нэхэмжлэгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, захиран зарцуулах эрх сэргээхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн дараах нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд:
- шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2022/06931 дугаар захирамжийн дагуу Ж.Энхбаярын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлт, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19/4-27 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22/01 дугаар Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоол, Чингэлтэй дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хаягласан 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1-219/1777 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, (хэргийн 1 дэх хавтас 39-43 дахь тал)
- шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2022/08372 дугаар захирамжийн дагуу мөнгөн гүйлгээний журнал, Ж.Энхбаярын өргөдөл, албадан дуудлага худалдааны зар, (хэргийн 1 дэх хавтас 178-181 дэх тал)
- шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШЗ2022/09143 дугаар захирамжийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4/2513 дугаар мэдэгдэл, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШЗ2019/04945 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай захирамж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22-03/222 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг тус тус (хэргийн 1 дэх хавтас 192-200 дахь тал) хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулан ирүүлсэн байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" тэмдэг дарж баталгаажуулах этгээдэд зохигч хамаарахгүй бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх нотлох баримтуудыг мөн хуулийн 44.2 дахь хэсэгт зааснаар эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй.
Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
5.Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсний улмаас талуудын маргаанд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, мөн уг ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх эрх олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2023/00303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ЗОЛЗАЯА