Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00716

 

Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01189 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 407 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Ж.Наранчимэг,

Нэхэмжлэгч : М.Соёл-Эрдэнэ,

Хариуцагч : Г.Мөнхнайрамдал,

Хариуцагч : З.Мөнхтуяа,

Нэхэмжлэлийн шаардлага : Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг З. Мөнхтуяад 2001.10.28-ны өдөр шилжүүлсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2001.11.28-ны өдрийн  бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай

Хариуцагч нарын төлөөлөгч Г.Жанчивын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.Батбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, хариуцагч нарын төлөөлөгч Г.Жанчив, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2008.5.5-ны өдөр иргэн М.Тэмүүжин, М.Шинэ-Од, Ц.Нарантуяа нартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 2331 м.кв талбай бүхий, Спорт цогцолборын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нарыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед худалдагч М.Тэмүүжин, М.Шинэ-Од, Ц.Нарантуяа нар нь шүүхийн 391 дүгээр шүүхийн шийдвэрийн дагуу уг барилгын анхны өмчлөгч болох З.Мөнхбатын хууль ёсны өмчлөгчид байсан бөгөөд эд хөрөнгийн бүртгэлийн 000202903 тоот гэрчилгээгтэй  байсан.  Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нар өв залгамжлагч М.Тэмүүжин, И.Шинэ-Од, Ц.Нарантуяа нартай 2008.5.05-ны өдөр 260 сая төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөр мөнгийг шилжүүлэн өгч үл хөдлөх хөрөнгийг ашиглаж байсан. Гэтэл Г.Мөнхнайрамдал нь 2001 онд уг үл хөдлөх эд хөрөнгийн талаар хууль бус баримт ашигласан байна. Дээрх үл хөдлөх хөрөнгийг анхны өмчлөгч "Тэмүүлэн" ББХ компани хувьчлан авсан 1992.8.20-ны өдрийн 184 тоот эд хөрөнгө ззэмших эрхийн гэрчилгээ, "Тэмүүлэн" ББХ компанийн дүрмээр тогтоогддог. Гэтэл тус хөрөнгийг З.Мөнхтуяагийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг “Хаадууд” ХХК-ийн Г.Мөнхнайрамдал 2001.10.28-ны өдрийн 1/37 тоот "Хаадууд" ХХК-ийн албан бичгээр гаргаж, түүнийг нь улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, З.Мөнхтуяагийн нэр дээр гэрчилгээ олгосон байдаг. Үүний дараа 2001.11.05-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр тус үл хөдлөх хөрөнгийг З.Мөнхтуяа нөхөр Г.Мөнхнайрамдалд бэлэглэсэн нь хуулийн болон бодит үндэслэлгүй. "Тэмүүлэн" ББХК-ийн хөрөнгийг Г.Мөнхнайрамдал "Хаадууд" ХХК-ийн тушаалыг хуурамчаар үйлдэн өөрийн эхнэр З.Мөнхтуяадаа эрх олгосон, дараа нь З.Мөнхтуяа буцаан Г.Мөнхнайрамдлын нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ нь байцаагчийн 2011.02.01-ний өдрийн 159 тоот дүгнэлт, "Хаадууд" ХХК-ийн 2001.10.28-ны өдрийн албан бичиг, бэлэглэлийн гэрээ зэргээр тогтоогдсон бөгөөд улсын байцаагчийн дүгнэлтэд "Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутагт байрлах соёлын төвийн барилгыг улсын бүртгэлд анх З.Мөнхтуяагийн өмчлөлд бүртгэхдээ өмчлөх эрх нотлох баримт аваагүй нь тухайн үед мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байна. З.Мөнхтуяаг өмчлөгчөөр бүртгэхдээ "Тэмүүлэн" ББХК-ийн эзэн З.Мөнхбат, З.Мөнхтуяа нарын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл авах шаардлагатай байсан " гэсэн байдаг. Энэ тухай Дээд шүүхийн 2015 оны 815 дугаар тогтоол гарснаар мэдсэн бөгөөд хянавал хэсэгт "Дархан хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 82 дугаар тогтоолоор Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг "Тэмүүлэн" ББХК-ийн эзэн З.Мөнхбатад эзэмшүүлэхээр бүртгэж мөн оны 8 дугаар сарын 20-ны өдөр 184 тоот гэрчилгээг олгожээ. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай 1997 оны хууль батлагдаж хэрэгжсэнээс хойш дээрх хөрөнгийн өмчлөх эрх анх З.Мөнхтуяад 2001.10.28-ны өдөр, дараа нь З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд бэлэглэлийн гэрээгээр 2001.11.28-ны өдөр тус тус шилжиж, улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэгдсэн" гэсэн байдаг. Өнөөдрийг хүртэл дээрх хөрөнгийг шилжүүлсэн үйлдэл, бэлэглэлийн гэрээг хууль бус гэдгийг Г.Мөнхнайрамдал өөрөө хүлээн зөвшөөрөн, уг барилгын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гарган маргаан үүсгэн бидний өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг ноцтой зөрчиж байсан бөгөөд дээр дурдсан Дээд шүүхийн тогтоол гарсны дараагаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.3.18-ны өдрийн 464 дүгээр захирамжаар баталж, татгалзсан үндэслэлдээ "уг үл хөдлөх хөрөнгийн өв залгамжлагч нар нэхэмжлэлээсээ татгалзсан, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн Г.Мөнхнайрамдал намайг болохыг хүлээн зөвшөөрсөн тул цаашид нэхэмжлэл гаргах шаардлагагүй" гэсэн байдаг. Гэтэл хууль ёсны өв залгамжлагч нар тэрхүү үл хөдлөх хөрөнгийг 2008.5.05-ны өдөр гэрээ байгуулан М.Соёл-Эрдэнэ, Ж.Наранчимэг нарт шилжүүлэн өгсөн. Иймд 2001.10.28-ны өдөр шилжүүлсэн үйлдлийг хууль бусд тооцуулж, З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд шилжүүлэхээр 2001.11.28-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дээрх барилгыг урьд өмнө нэг ч удаа өмчилж, өмчлөх эрх үүсэж байгаагүй, зөвхөн иргэн Ц.Нарантуяа нартай худалдах-худалдан авах гэрээг 2008.5.06-нд байгуулж байсан этгээдүүдийн эрхийг З.Мөнхтуяа 2001 онд өмчлөх эрхийг бүртгүүлэх үед Г.Мөнхнайрамдал зөрчсөн эсэх нь ойлгомжгүй байна. Улсын бүртгэлд бүртгэгдэж байгаагүй хөрөнгө  2001 онд  анх удаа бүртгэгдсэн. Ингэхдээ "Хаадууд" ХХК-ийн 2001.10.28-ны өдрийн 1/37 тоот албан бичгээр З.Мөнхтуяагийн нэр дээр бүртгэж өгөхийг хүссэн байхад Г.Мөнхнайрамдалд холбогдуулж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаар энэхүү барилгатай холбоотой иргэн, эрүү, захиргааны хэрэг маргаан шийдвэрлэгдээд өнөөдрийг хүрсэн. 2001.10.28-ны өдөр З.Мөнхтуяаг өмчлөгчөөр бүртгүүлсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргаан Захиргааны хэргийн шүүхэд гаргаж байсан ба үүнийг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байдаг. Эдгээр шийдвэр магадлал, тогтоолд 2001 оны бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж шийдвэрлэсэн байдаг. Бэр эгч Ц.Нарантуяа, өөрийн нөхөр З.Мөнхбатыг 2005 онд нас барсны дараа нөхрийнхөө хууль ёсны өвлөгч болох, Спорт соёлын цогцолбор болон бусад хөрөнгө нь З.Мөнхбатынх тул хууль ёсны өвлөгч нарын өмчлөлд шилжүүлж авах гэсэн шаардлага бүхий З.Мөнхбатын дүү З.Мөнхтуяа болон нөхөр Г.Мөнхнайрамдалыг хариуцагчаар татсан нэхэмжлэлд шүүхэд гаргасныг, шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн. Харин үүний дараа талууд эвлэрч, хариуцагч болох дүү нар нь давж заалдах гомдлоосоо татгалзсан боловч давах шатны шүүх эвлэрлийг баталгаажуулаагүй. Энэ нөхцөл байдлыг Ц.Нарантуяа ашиглан барилгыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Үүний дараа шинэ нөхцлөөр 2008 онд дээрх 2006 оны 391 тоот шийдвэр бүхий хэргийг дахин хянах болсон. Улмаар тус хэргийг дахин шийдвэрлэхдээ Ц.Нарантуяа нарын З.Мөнхбатын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгон Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 228 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дараа анхны буюу тухайн эд хөрөнгийн өмчлөгч Г.Мөнхнайрамдал хэвээр үлдсэн байдаг. Эдгээр хэрэг маргааныг хамгийн сүүлд шүүхийн шийдвэрээр З.Мөнхбатын хууль ёсны өв залгамжлагч болсон М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар шүүхийн 228 тоот шийдвэрийг шинэ нөхцлөөр хүсэлт гарган, улмаар хэрэг дахин хянагдахад Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2331.4 м.кв бүхий, улсын бүртгэлийн Ү-200300066819 дугаарт бүртгэгдсэн соёлын төвийн цогцолборын барилгын өмчлөгч нь Г.Мөнхнайрамдал намайг болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд үүнийг Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 383 тоот захирамжид дурдсан байдаг. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 383 тооот захирамжаар энэ нөхцөл байдлыг тогтоосон учраас ИХШХШТХ-ийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01189 дугаар шийдвэр гаргаж, Иргэний 1994 оны хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 44 дүгээр зүйлийн 44.1-г баримтлан    З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарт холбогдох Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг 3. Мөнхтуяад 2001.10.28-ны өдөр шилжүүлсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд шилжүүлэхээр 2001.11.28-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах  тухай  Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нарын нэхэмжлэлийг  бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 407 дугаартай магадлал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/01189 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. 

Хариуцагч нарын төлөөлөгч Г.Жанчив хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдаагүй байна хэмээн дүгнэсэн шийдвэр,  магадлал, тогтоол нь Дээд шүүхийн 2016 оны 001/ШТ2016/00015 дугаар тогтоолоор  хүчингүй болсон. Энэ нь хэрэгт байгаа баримтаар тогтоогддог.  Өөрөөр хэлбэл,  маргаан бүхий хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй ач холбогдолгүй болсон. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь "Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг З.Мөнхтуяад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн үйлдлийг хууль бусад, З.Мөнхтуяагаас Г.Мөнхнайрамдалд шилжүүлэхээр 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан бүртгэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцно уу" гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Иргэний шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 -д заасан хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой нэхэмжлэгч нарын гаргасан нэг дэх шаардлага нь иргэний шүүхийн шийдвэрлэх маргаан биш байна. Иймд , магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Мөнхнайрамдал, З.Мөнхтуяа нарт холбогдох, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг З.Мөнхтуяад 2001.10.28-ны өдөр шилжүүлсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2001.11.28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нар 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлийг  хариуцагч нар  зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... шийдвэрийн үндэслэл болсон Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 391 дүгээр шийдвэр, аймгийн шүүхийн 2010 оны 40 дүгээр магадлал, хяналтын шатны шүүхийн 2010 оны 485 дугаар тогтоол нь Дээд шүүхийн 2016 оны 001/ШТ2016/00015 дугаар тогтоолоор хүчингүй болсон нь хэрэгт байгаа баримтаар тогтоогддог... түүнчлэн нэхэмжлэлийн эхний шаардлага нь иргэний шүүх шийдвэрлэх маргаан биш...” гэсэн үндэслэл зааж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь  зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

1. Г.Мөнхнайрамдал, З.Мөнхтуяа нарт холбогдох Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нарын  нэхэмжлэлтэй энэ хэргийг шийдвэрлэхдээ шүүх Г.Мөнхнайрамдалын нэхэмжлэлтэй Ж.Ганбат, Ц.Нарантуяа нарт холбогдох хэргийн шийдвэрүүдийг хүчин төгөлдөр гэж дүгнэн, үндэслэсэн /хх 1-ийн 219/ боловч эдгээр нь Улсын Дээд шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШТ2016/00015 дугаар тогтоолоор хүчингүй болсон тухай хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг /хх 2-н 1/ нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна. 

 Г.Мөнхнайрамдалын нэхэмжлэлтэй Ж.Ганбат, Ц.Нарантуяа нарт холбогдох гурван шатны шүүхийн 2010 оны шийдвэрүүд хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй байгаа тохиолдолд шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 –г хэрэглэх ёсгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэх ёсгүй зохицуулалтыг хэрэглэсэн бөгөөд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байгаа нь  шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

2. Шүүх Ж.Наранчимэг, М.Соёл-Эрдэнэ нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо   Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 391 дүгээр шийдвэрийг үндэслэснээс гадна 2001.11.28-ны өдрийн бэлэглэлийн гэрээний талаар дүгнэлт хийсэн боловч  дурдсан  огноотой шийдвэр болон бэлэглэлийн  гэрээ хэрэгт байхгүй тул шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан гэж үзнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-т нийцэхгүй.

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэх ёсгүй зохицуулалтыг хэрэглэснээс гадна хэрэгт байхгүй баримтыг үндэслэсэн бөгөөд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар  зүйлийн 168.1.1-г зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн эхний шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгааг дурдах шаардлагатай гэж үзлээ.   

Хяналтын шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал шаардлага “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг З.Мөнхтуяад 2001.10.28-ны өдөр шилжүүлсэн үйлдэл хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох...” гэж тодорхойлсон боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 25 дугаар зүйлийн 25.2.2, 115 дугаар зүйлийн 115.2-т нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэлдээ тодорхой тусгасан тохиолдолд шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой тайлбар болон нотлох баримт гаргах, шүүх нэхэмжлэлийн хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

Нэхэмжлэгч нар “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах, Соёлын төвийн цогцолборыг З. Мөнхтуяад 2001.10.28-ны өдөр шилжүүлсэн үйлдэл...” буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгтэй /хх1-ийн 112/ холбоотой шаардлагыг иргэний шүүхэд гаргасан хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүйгээс гадна шаардлага нь тодорхой бус буюу “хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох...” гэсэн агуулгатай байгаа нь  шийдвэрийг хүчингүй болгох бус, харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөлд хамаарч байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 407 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч З.Мөнхтуяа хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ