Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00727

 

 

 

 

 

 

 

 

2023 04 07 210/МА2023/00727

 

 

А ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/00435 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.П, П.Т, Д.О нарт холбогдох, 244,818,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, Н.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, түүний өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: А ХК нь *** сумын нутаг *** д дээд, дунд, доод бууц гэсэн 3 өвөлжөөтэй, 3 суурь малтай байсан. Я.П гийн гэр бүл манай компанийн эзэмшлийн өвөлжөөнд амьдарч, манай бог малыг маллаж байсан бөгөөд бид бусад өвөлжөөнд байсан бог малаа нийлүүлээд түүнд хариуцуулж өгсөн. Я.П нь улсаас малын хөлийн татвар авахаа больсны дараагаар өөрийн малын А дансанд компанийн малыг өөрийн мал гэж нийлүүлэн тоолуулах хүсэлтийг тус компанид тавьж зөвшөөрүүлсэн байдаг. Я.П нь тэтгэвэрт гарсан, компанийн малыг адилхан маллаж байсан тул 2002 оноос эхлэн манай компани охин П.Т т нь цалин олгож, нийгмийн даатгалыг нь төлдөг байсан. Захиргааны хэргийн шүүхээр газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар маргах хугацаанд хариуцагч нар 2018 онд бидэнд мэдэгдэлгүйгээр нүүж, манай компанийн сүргийг авч явсан. Бид хаашаа нүүснийг нь мэдээгүй тул 2019 онд шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, цагдаагийн байгууллага Я.П, П.Т нарын оршин суугаа хаягийг олж тогтоосон. Манай компанид 2003-2011 онуудад бригадын даргаар ажиллаж байсан нягтлан бодогч Б.Д нь тухайн үед малын тооцоог Я.П, түүний охин П.Т нартай улирал, жилээр бодож тооцоо нийлдэг байсан боловч уг баримтууд тус компанид хадгалагдаж үлдээгүй. 2007 оны 01 сарын 07-ны өдөр бригадын дарга Б.Д нь Я.П тэй тооцоо нийлэхэд тус компанийн мал 472 хонь болсон ба Я.П нь уг дүнг буруу байна, харин танай мал 317 хонь байна гэсэн бичиг хийж егсөн байдаг. Манай компани жил бүр Я.П дээр байгаа малаасаа бага багаар авч хэрэглэдэг байсан. Хамгийн сүүлд 2015 онд манай компанийн хувьцаа эзэмшигч Л.Х очиж хонь авсан байдаг. Түүнээс хойш бид мал авч хэрэглээгүй. Манай компани Б.Дээр 2006-2017 он хүртэлх А ХК-ийн малын тоо толгойг улсын мал тооллогын акттай харьцуулан дэлгэрэнгүй тооцоог гаргуулсан. Тооцоог гаргахдаа 2006 онд А ХК, малчин Я.П гийн хооронд хийсэн тооцоо нийлсэн акт үйлдэх үед Я.П гийн хүлээн зөвшөөрсөн 317 хонь байгаа гэх бичиг болон 2006 оноос 2017 оныг хүртэл Я.П гийн бог малыг тоолсон Улсын мал тооллогын актыг үндэслэсэн бөгөөд уг тооцоо бодитой, үндэслэлтэй юм. Тухайлбал, 2006 оны Улсын мал тооллогын актаар Я.П нь 389 хонь тоолуулсан байх ба үүнээс 317 хонь нь А ХК-ийн мал гэж үзэхэд үндсэндээ малчин Я.П гийн өмчлөлийн 72 бог мал тооллогоор тоолуулсан байсан нь тодорхой харагдаж байгаа юм. Уг тооцоог гаргахдаа 2003-2017 оныг хүртэл Я.П гийн маллаж байсан бог малаас бойжуулсан төл, бусдад худалдсан, шилжүүлсэн, хорогдсон, хүнсэнд хэрэглэсэн, алдсан гээд бүх тооцоог хасч тооцоход 2003-2016 он хүртэлх хугацаанд А ХК-ийн 888 хонь бусдад худалдагдсан, шилжүүлэгдсэн байна. 2017 оны үлдэгдэл дүнгээр 175 хонь тоологдсон байх тул үүний 143 толгой нь манай компанийнх, 32 толгой нь Я.П гийнх гэж үзэж байна. Гэтэл малчин Я.П, П.Т нар компанийн малыг бүгд үхэж үрэгдсэн, хорогдсон мэтээр ямар ч баримт нотолгоогүйгээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Улсын мал тооллогын актаар хорогдсон гэх малын тоо нь 2003-2016 онуудад нийт 385 бог мал байгаа. Хэрвээ компанийн мал хорогдсон, үхэж үрэгдсэн бол малын эмчийн акт болон комиссын дүгнэлтээр баталгаажих ёстой. Гэтэл тухайн онуудад нэг дор олон зуун мал хорогдсон талаар баримт байхгүй, мал тооллогын актад бүртгэгдээгүй байсан. Манай компани малаа алдсан талаараа цагдаагийн байгууллагад 2019 онд гомдол гаргасан боловч гэмт хэргийн шинжгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг. Гомдлыг шалгаж байх хугацаанд Э ХХК-ийг шинжээчээр томилж, манай компанийн 472 бог малын зах зээлийн үнэлгээг гаргуулсан. Уг үнэлгээгээр 6 настай эр хонийг 2010 оны 12 сарын байдлаар 82,000 төгрөгөөр, 2021 оны 11 сарын байдлаар 247,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. 2006-2017 онуудад компанийн зөвшөөрөлгүйгээр 888 хонь зарж борлуулсны хохирлыг Я.П, П.Т нар төлөх ёстой. Ийнхүү тооцоход 888 эрх хонины үнэ 219,336,000 төгрөг, 143 эм хонины үнэ 25,482,600 төгрөг болж байна. Бид 2017-2023 он хүртэлх 7 жилийн хугацааны тооцоог оруулаагүй. Иймд Я.П, П.Т нараас 888 хонины үнэ 219,336,000 төгрөг, Я.П, П.Т, Д.О нараас 143 эм хонины үнэ 25,482,600 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч Я.П хариу тайлбартаа: Миний бие 1997 онд улсын өмчийн А ХК-ийн н.Б гэх захирлаас мал авч малласан. Надад мал хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Өөрсдөө тооцоо бодсон. Маллаж байх хугацаанд 2003 он хүртэл Б.Д гэх хүн тооцоо боддог байсан. Орлого, зарлага, нарийн тооцоог жил бүр бодох ёстой байсан. 2000 оноос хойш тооцоо бодоогүй. 2009, 2010 онд нийтийг хамарсан зуд болсон. *** сумын хэмжээнд 11,000 мал хорогдсон. 2009 оны эцэст 572 хонь байснаас 112 хонь үлдсэн. Гэтэл А ХК-аас ирж тооцоо хийгээгүй. Тухайн үед хэдэн мал үлдсэн нь мэдэгдэхгүй байсан. 2009, 2010 оны зудаар малууд үхсэн. А ХК-д 48 мал өгсөн. Миний 60 хувийн мал, А ХК-ийн 40 хувь мал үлдсэн гэж тооцсон. Надаас 2017 онд 3 хонь гуйж авсан. Ингээд малын тооцоо дууссан гэж бодож байтал 7 жилийн дараа хуулийн байгууллагад өргөдөл гаргаж, цагдаагийн байгууллага шалгасан. Нэхэмжлэлд малын нас, хүйс, төл, хорогдсон малын тоо зэргийг тодорхой заагаагүй. А ХК-ийн малыг дангаар маллаагүй, би өөрийн малыг давхар маллаж байсан. Шүүх, хуулийн байгууллагууд уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд 888 хонийг ямар үндэслэлээр, яаж тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Я.П, П.Т, Д.О нарын нэр дээр А ХК-ийн 888 хонь хариулагдаж байсан тоо тооцоолол, энэ талаарх ямар ч баримт байхгүй. П.Т А ХК-ийн малыг хүлээн авч, хариуцаж байсан гэдгийг ямар баримтаар нотолж байгаа нь тодорхойгүй. П.Т, Д.О нарт хонь мал өгсөн талаарх баримт байхгүй. Д.О болон түүний эцэг н.Д нарын малын А дансыг нотлох баримтаар гаргаж өгсөн. 2009, 2010 онд зуд болж тухайн өрх ямар ч малгүй болсон талаар эрүүгийн хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт тодорхой харагддаг. 100 хүрэхгүй малтай үлдээд уйлж байсан талаар гэрч нар мэдүүлсэн байдаг. Тухайн үед А ХК мал дууссаныг хүлээн зөвшөөрч, малчинтай байгуулсан харилцаагаа дуусгавар болгож, цалин мөнгөө өгөхөө больсон. 2010 оны 03 сараас хойш П.Т т цалин олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт зогссон талаар баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.П, П.Т, Д.О нараас 25,482,600 төгрөг, мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.3 дахь хэсэгт заасныг баримтлан Я.П, П.Т нараас 219,336,000 төгрөг гаргуулахыг хүссэн А ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,540,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Шүүх нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлж, дүгнээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч Я.П гийн гараар бичсэн малын тооцооны баримтыг нотариатаар гэрчлүүлж нотлох баримтаар гаргаж өгсөн. Я.П гийн гараар бичсэн уг баримтад 2006 оны эцсийн байдлаар А ХК-ийн эзэмшлийн хонины тоо толгой 317 байсан нь нотлогддог бөгөөд уг баримтыг үйлдсэн Я.П нь өөрийн гарын үсгийг зурж баталгаажуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж буруу дүгнэсэн. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалт нь нотариатч аливаа нэг баримт бичгийн хуулбар үнэнг гэрчлэхдээ эх хувьтай нь тулган шалгах хуулийн шаардлага юм. Хариуцагчийн зүгээс дээрх баримтыг хуурамч гэж маргаагүй, мөн хариуцагч нь тухайн тооцооны баримтад зурагдсан гарын үсгийг өөрийнх нь биш талаар маргаагүй.

5.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар зохигчдоос бичгийн нотлох баримтын хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Анхан шатны шүүх хуульд заасан дээрх үндэслэлээр Я.П гийн гараар бичсэн малын тооцооны баримтын эхийг шаардаагүй.

5.в. Я.П нь 2006 онд нийт 389 толгой хоньтой байсан болох нь 2006 оны мал тооллогын баримтаар нотлогддог бөгөөд үүнээс 317 толгой хонь нь А ХК-ийн эзэмшлийнх болохыг хүлээн зөвшөөрч баримт үйлдсэн. Үүнээс үзэхэд Я.П гийн нэр дээр 2006 онд тоологдсон нийт хонины 81,5 хувь нь А ХК-ийн эзэмшлийн хонь болох нь нотлогдож байх тул 2017 онд Я.П гийн нэр дээр тоологдсон 175 толгой хонины 143 нь А ХК-ийн эзэмшлийн хонь байна. Тиймээс Б.Д ийн гаргасан тооцоог ямар нэг баримтад үндэслээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн адил үндэслэлгүй.

5.г. Хариуцагч Я.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа А ХК-ийн малыг хариуцан маллаж байсан болон 2010 оны зудын дараа үлдсэн хонин сүргийн 100 гаруй толгой нь А ХК-ийн эзэмшлийн хонь байсан гэж мэдүүлж, тайлбарласаар байхад анхан шатны шүүх А ХК нь малтай байгаагүй, тус компанид мал байсан нь нотлогдохгүй байна гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

5.д. Гэрч Б.Д нь А ХК-ийн малыг Я.П маллаж байсан тухай гэрчилсэн ба Я.П гийн нэр дээрх мал тооллогын маягт болон түүний гараар бичсэн малын тооцооны баримтад үндэслэн А ХК-ийн малын тооцоолол гаргасан талаар шүүхэд мэдүүлсэн бөгөөд энэ нь холбогдох баримтаар давхар нотлогддог. Харин гэрч П.С ийн шүүхэд гаргасан манай дүү 2010 онд Солонгосоос ирж 100 хонь, би 2011 онд 2 өрөө байраа зараад 210 хонь худалдаж авсан, аав маань дүүгийн малыг маллаж байсан гэх мэдүүлэг нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тул уг мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй юм. Нөгөөтээгүүр, Я.П гийн нэр дээрх 2010, 2011 онуудын мал тооллогын маягтад дурдсан хэмжээний хонь малын орлогод бүртгэгдээгүй байна. Тиймээс гэрч П.С ийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэхүү мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. А ХК нь манай мал байсан гэж хаанаас гаргасан нь ойлгомжгүй, зохиомлоор хонь бий болгож жил бүр үржүүлж нэхэмжилсэн. Нэхэмжилж буй баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хуулбар хувийг дахин батлуулсан эх хувь биш байна. 2010 оны өвөл мал тооллого хийгдэж дууссан. Мал тооллогоос хойш зуд болж, мал үхэж, 60 гаруй хоньтой үлдсэн. Эрүүгийн хэрэгт цугларсан баримт, мөн шүүх хуралдааны явцад тухайн үеийн багийн дарга байсан хүний уулзсан тэмдэглэл бүрийг үзүүлж, гэрчийн мэдүүлэг өгсөн баримтууд хэрэгт авагдсан. 2 тооллогын хооронд мал нэмэгдсэн болохоор энэ нь харагдахгүй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн өмгөөлөгч болон төлөөлөгч нар хэргийн 29-32 дугаар талд авагдсан нотлох баримтуудаас шаардлага хангахгүй баримтууд байна гэдгийг мэтгэлцээний явцад илэрхийлсэн. Энэ үед нэхэмжлэгч талын төлөөлөгч болон өмгөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх боломжтой байсан. Шүүх дотоод итгэлээр үнэлж, шийдвэрээ гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч А ХК нь хариуцагч Я.П, П.Т нараас 888 эр хонины үнэ 219,336,000 төгрөг, хариуцагч Я.П, П.Т, Д.О нараас 143 эм хонины үнэ 25,482,600 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь А ХК-ийн малыг өөрийн А дансанд тоолуулж малладаг байсан, 2018 онд мэдэгдэлгүйгээр нүүж, компанийн сүргийг авч явсан, 2006-2017 онуудад компанийн зөвшөөрөлгүйгээр 888 эр хонь, 143 эм хонийг зарж борлуулсан... гэсэн агуулгаар тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...компанийн мал 2010 оны зуднаар үхэж үрэгдсэн, 2010 оноос хойш компанийн малыг маллаагүй, компанийн малыг өгч тооцоо дууссан... гэсэн агуулгаар тайлбарласан байна.

 

3.   Анхан шатны шүүх хэргийн баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

3.а. Хэрэгт авагдсан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 123/ШШ2018/0032 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа, зохигчдын тайлбараар Я.П нь 1997 оноос *** суманд А ХК-ийн малыг малладаг байсан, А ХК нь Я.П ийн охин П.Т т цалин өгч, нийгмийн даатгалын шимтгэл төлөх замаар ажлын хөлсийг төлдөг байсан үйл баримт тус тус тогтоогдсон. /1хх 19-25, 26-28/

3.б. А ХК нь Я.П ийн охин П.Тт 2010 оны 04 сар хүртэлх хугацаанд цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг олгосон байх тул ...А ХК-ийн малыг 2010 оноос хойш маллаагүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзнэ. /1хх 26-28/ Өөрөөр хэлбэл уг хугацаанд хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон байна.

3.в. Хэрэгт авагдсан А ХК-ийн малчин Я.П ийн малын тооцоо гэх гар бичмэл, бригадын даргаар ажиллаж байсан гэх Б.Д ийн хийсэн тооцоолол зэрэг баримтууд нь хариуцагч тал 2006-2016 онуудад 888 эр хонь, 143 эм хонийг А ХК-ийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулсан гэх үйл баримтыг нотлохгүй. /1хх 29-32, 33/

З.г. 2006-2017 онуудын мал тооллогын А дансанд Я.П ийн тоолуулсан малыг А ХК-ийн мал гэж эргэлзээгүйгээр үзэх боломжгүй. /1хх 34-51/

З.д. Эрүүгийн журмаар хэргийг шалгаж байх явцад Хөшөөт багийн даргаар ажиллаж байсан гэх гэрч Ж.Ү ын өгсөн ...Манай суманд 2009-2010 шилжих жилийн өвлийн зуданд малчин Я.П ийн мал их хэмжээгээр хорогдож байсан тухайн үед манай сумын ЗДТГ-ын зүгээс тусламж үзүүлж очиход Я.П ийн гэрт нь машин тэрэг явж хүрэхгүй цас ихтэй сумаас гарсан ажлын баг хүрч уулзаж чаддаггүй их хэмжээний цас орж зуд болоод зам боогдож хаагдсан байсан. ...Тухайн жилийн өвлийн зуднаар манай Хөшөөт багийн малын хорогдол нийт 114,660 гаруй мал хорогдож байсан тэрэн дундаас Я.П гэх малчны 700 гаран бог мал хорогдож байсан санагдаж байна. ...Тухайн жилийн малын хорогдолд акт үйлдэж байгаагүй... гэсэн мэдүүлэг, *** сумын ЗДТГ-т жолоочоор ажиллаж байсан гэх гэрч О.Э ы өгсөн ...Тухайн жил маш их зудтай жил байсан ... Я.П гэх айлд очиход мал нилээн үхэж хорогдсон уйлаад эхнэр нь хэвтэрт орсон байж байсан. ...Я.П гэх малчин ... 2010 оны зуднаар очиход мал үхээд дууслаа одоо 100 гаран бог малтай үлдлээ гээд уйлаад байсан... гэсэн мэдүүлэг, 2010 оны 02 сарын 07-ны өдөр авсан фото зургийн хуулбар, Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 сарын 09-ний өдрийн Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай *** дугаар тогтоол зэрэг баримтуудыг харьцуулан үзвэл хариуцагч талын гаргасан ...2009, 2010 онд нийтийг хамарсан зуд болсон. ...2009 оны эцэст 572 хонь байснаас 112 хонь үлдсэн. ...А ХК-д 48 мал өгсөн. ...Надаас 2017 онд 3 хонь гуйж авсан. Ингээд малын тооцоо дууссан гэж бодсон... гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэхээр байна. /1хх 117-118, 122-123, 125-130, 131-133/

 

4. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа 2010 оны 04 сард дууссан учир анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийн зохицуулалтыг удирдлага болгосон нь оновчгүй болжээ. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/00435 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...359 дүгээр зүйлийн 359.1... гэснийг ...492 дугаар зүйлийн 492.1... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 1,540,050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД                        Ш.ОЮУНХАНД

 

                                        Д.НЯМБАЗАР