Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00728

 

 

 

 

 

 

 

 

2023 04 07 210/МА2023/00728

 

 

М.Н ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/00329 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Н ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК, Ц.Б, А.Н нарт холбогдох 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч А.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Ц.Б, А.Н нар Х ХХК-аас 2014 оны 10 сарын 17-ны өдөр 100,000,000 төгрөгийг зээлж, *** тоот зээлийн гэрээг байгуулсан. Энэ зээлийг авахдаа М.Н ийн өмчлөлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоотод байрлах 42,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг зээлээс М.Н нэг ч төгрөг аваагүй. Хариуцагч нар банкнаас зээл аваад үйлдвэрээ барьж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд М.Н ийг хамтран ажиллах гэрээнээс шахан гаргасан. Хариуцагч нар банкинд зээлийн мөнгөө төлөхгүй байсан тул банк шүүхэд нэхэмжлэл гарган А.Н , Ц.Б, А.Н ын В ХХК-ийг хариуцагчаар татаж 132,430,631 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. М.Н уг иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон. Дээрх шүүхийн шийдвэрээр 132,430,631 төгрөгийг хариуцагч нараар төлүүлж, хариуцагч нар эхний ээлжид 56,000,000 төгрөгийг хуваарийн дагуу бүрэн төлснөөр М.Н ийн орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхөөр эвлэрэн хэлэлцсэнийг баталж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч нар шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад орон сууцаа албадан дуудлага худалдаагаар алдах болсон тул арга буюу 57,100,000 төгрөгийг хариуцагч нарын өмнөөс банкинд төлж, орон сууцаа чөлөөлүүлэн авч, одоо уг орон сууцандаа амьдарч байна. Бусдын үүргийг өмнөөс нь биелүүлж төлсөн 50,000,000 төгрөгийг хариуцагч А.Н , Ц.Б нараас нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч А.Н хариу тайлбартаа: Миний бие 2014 онд гахайн аж ахуй барьсан. Ц.Б манай аж ахуйд ирж ...Солонгос улсад 6 жил гахайн гэдэс, толгой боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад ирсэн, Монгол улсад үйлдвэрлэл хийх хүсэлтэй байгаа, Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас 100,000,000 төгрөгийн зээл авах гэхээр барьцаа хөрөнгө хүрэхгүй, үйл ажиллагаа байхгүй гээд зээл олдохгүй, боломжгүй байна... гэж ярьсан. Бид хамтран зээл авах, авсан зээлээ хувааж аваад авсан, авснаа төлөх, сүндэний үйлдвэрээ ажиллуулж, тус тус 50 хувиар эзэмшиж ажиллахаар тохиролцсон. Ингээд Х ХХК-д манай барьцаа хөрөнгө болон санхүүгийн тооцоог гаргаж өгч 100,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авсны дараа нэмж 50,000,000 төгрөгийн зээлийг авсан. Эхний үед М.Н, Ц.Б нар зээлийн хүү төлж байгаад үндсэн зээлийн төлөлт эхлэх үеэс Ц.Б, М.Н нар зээлээ төлөхгүй зугтах болсон. Шүүхийн шийдвэрээр 132,430,631 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Би 100,000,000 төгрөгийн зээлээс 75,000,000 төгрөг төлсөн ба хэрэгт дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ зээлээс М.Н , Ц.Б нар 75,000,000 төгрөгийг, би 25,000,000 төгрөгийг авч хэрэглэсэн. М.Н, Ц.Б нар эхнэр, нөхөр байсан. Би шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн төлөх ёстой мөнгийг төлсөн. Одоо хүү, алданги нийлээд 70,000,000 төгрөгийн зээл үлдсэн. Үүнийг М.Н, Ц.Б нар төлөх ёстой. Би 50,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. М.Н өөрийн төлөх ёстой үүрэгтээ 57,100,000 төгрөг төлсөн гэж байгаа бол түүнийгээ нөхөр Ц.Б оосоо авах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч Ц.Б хариу тайлбартаа: М.Н ийн хувьд зээлийн асуудалд оролцсон зүйл байхгүй. А.Н нь ...100,000,000 төгрөгийн зээл авахад барьцаа хөрөнгө дутаад байна, хоёулаа хамтарч ажиллая... гээд аман гэрээ байгуулсан. 100,000,000 төгрөгийн зээлээс 50,000,000 төгрөгийн зээлийг би авсан нь үнэн. Осолд ороод аргагүй эрхэнд ажил үйлчилгээ зогсож үйлдвэрлэлээ явуулж чадаагүй. Осолд орсноос хойш зээлээ төлж чадаагүй. Эхлээд авсан 100,000,000 төгрөгийн 50,000,000 төгрөгийг би төлнө. Дараа нь авсан 50,000,000 төгрөгийн 25,000,000 төгрөгийг би төлнө гэж тохиролцсон. Үүнд М.Н оролцоогүй гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Н, Ц.Б нараас 50,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н нь хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,000 төгрөгөөс 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50,050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ц.Б, А.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н т тус тус олгож шийдвэрлэжээ.

 

5.   Хариуцагч А.Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Миний бие Ц.Б, М.Н нартай хамтран 2014 оны 10 сарын 17-ны өдөр 100,000,000 төгрөг, 2015 оны 01 сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Уг зээлийг авахдаа өөрийн эзэмшлийн ***-т байрлах *** дугаартай 1,002 м.кв талбайтай газар, *** дугаартай 827,5 м.кв талбайтай 95%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг тус тус Х ХХК-д барьцаалуулсан. Банкнаас авсан зээлийг хамтран зээлдэгчээр орохдоо тохиролцсоны дагуу эхний 100,000,000 төгрөгийн 7%-ийн хүүтэй зээлээс 50,000,000 төгрөг, 2 дахь зээлийн 50,000,000 төгрөгийн 28.8%-ийн хүүтэй зээлээс 25,000,000 төгрөгийг зээлж авсан. Ц.Б, М.Н нар 100,000,000 төгрөгийг Х наас зээлж авахдаа *** дугаартай, *** тоотод байрлах 42,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан болох нь 2014 оны 10 сарын 17-ны өдрийн "Х" ХХК болон М.Н, А.Н нарын хооронд байгуулагдсан ***-** тоот "Баталгаат ипотекийн гэрээ", зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

5.б. Ц.Б, М.Н нар зээл авсны дараа эхний таван сар хүү төлөөд цаашаа өөрсдийн авсан зээлээ төлөхгүй алга болцгоосон. Миний хувьд авсан зээлээ хэвийн төлж байсан ч сүүлдээ Ц.Б, М.Н нарын өмнөөс хариуцлага үүрч чадахгүй болсон. 50,000,000 төгрөг нь түүний салсан нөхөр болох Ц.Б од хамааралтай.

5.в. 100,000,000 төгрөгийн зээлээс 2017 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар 81,373,299 төгрөг байгаагаас үндсэн зээл 76,630,230 төгрөг, зээлийн хүү 4,628,252 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,014,817 төгрөг, үндсэн төлбөрөөс 23,363,770 төгрөг төлөгдсөн харагдаж байна. 50,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 41,656,495 төгрөг, зээлийн хүү 9,313,202 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,634 төгрөг тус тус төлөөгүй. 8,343,505 төгрөгийг үндсэн зээлээс төлсөн, эвлэрлийн гэрээний хугацаанд 12,500,000 төгрөгийг төлсөн ба нийт өөрийн авсан зээлийн үндсэн төлбөрөөс 44,207,275 төгрөгийг Х ХХК-д төлсөн.

5.г. М.Н ийн нэхэмжилж байгаа 50,000,000 төгрөг нь Ц.Б, М.Н нар гэр бүл байхдаа авч зарцуулсан 75,000,000 төгрөгийн асуудал тул би энэ мөнгөтэй ямар ч хамааралгүй. Би өөрийн хөрөнгөө барьцаалж хамтран зээлдэгчээр орж 75,000,000 төгрөгийн зээл авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 48,356,095 төгрөг, зээлийн хүү 13,941,454, нэмэгдүүлсэн хүү 202,451 төгрөг, нийт 62,500,000 төгрөгийн төлөлт дутуу байна. Зээлийн барьцаанд А.Н миний өөрийн эзэмшлийн ***"-т байрлах *** дугаартай 1,002 м.кв талбайтай газар, тухайн газар дээр баригдсан *** дугаартай 827,5 м.кв талбайтай 95%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг тус тус суллаж авч чадаагүй байгаа нь нотлогдсон. Анх зээл авахад Ц.Б ын нэр дээр эргэн төлөлтийн данс нээсэн бөгөөд энэ данс руу миний бие 44,207,275 төгрөгийг үндсэн зээлээс төлснийг баримт биш гэж үзэж байгаад гомдолтой байна.

5.д. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу аль хариуцагчаас, хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х ХХК-ийг хохиролгүй болгох буюу барьцааны гэрээ дуусгавар болгох хүртэл А.Н, М.Н, Ц.Б нарыг нэхэмжлэл гаргахыг хориглож өгнө үү гэжээ.

 

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь эдгээр хүмүүс 50,000,000 төгрөгөөр сүндэний үйлдвэр барьсан. Тус үйлдвэрийн барилга А.Н ын газар дээр байдаг. Харин тоног төхөөрөмж нь Ц.Б д байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу 50,000,000 төгрөгийг төлбөл М.Н ийн байр чөлөөлөгдөх байсан. Гэтэл хариуцагч нар мөнгө төлөөгүй учраас М.Н байраа алдах болсон бөгөөд өөрөө байраа алдахгүйн тулд хариуцагч нарын өмнөөс 50,000,000 төгрөгийг төлж, байрыг чөлөөлж авсан учраас хариуцагч нар уг мөнгийг төлөх үүрэгтэй. Үүнд шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч А.Н , Ц.Б нарт холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А.Н бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бол хариуцагч Ц.Б хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

 

3. Нэхэмжлэгч М.Н нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар банкнаас зээл авч, миний өмчлөлийн орон сууцыг барьцаалуулсан, улмаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрөө төлөөгүйн улмаас миний өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тул арга буюу 57,100,000 төгрөгийг төлж барьцаанаас чөлөөлүүлсэн... гэсэн агуулгаар тайлбарласан бол

хариуцагч А.Н нь татгалзлын үндэслэлээ ...шүүхийн шийдвэрийн дагуу 75,000,000 төгрөгийг төлсөн, М.Н, Ц.Б нар эхнэр, нөхөр байсан бөгөөд зээлээ төлөхгүй зугтах болсон, М.Н нь 57,100,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгтээ төлсөн, түүнийгээ нөхөр байсан Ц.Б-оосоо авах ёстой... гэсэн агуулгаар тайлбарлан маргасан байна.

Хариуцагч Ц.Б нь ...М.Н зээлийн гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй, зээлийн мөнгөн хөрөнгийг аваагүй... гэсэн агуулгатай тайлбарыг гаргажээ.

 

4. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.а. Ц.Б, А.Н нар Х ХХК-тай 2014 оны 10 сарын 17-ны өдөр *** тоот Зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг зээлдэн авч, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор М.Н ийн өмчлөлийн *** тоот хаягт байршилтай 42,3 м.кв талбай бүхий 1 өрөөр орон сууцыг барьцаалуулсан; /1хх 62-65, 75-78/

4.б. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02258 дугаар захирамжаар хариуцагч Ц.Б, А.Н , В ХХК нар нэхэмжлэгч Х ХХК-ийн шаардсан 132,430,631 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, хариуцагч нар 2017 оны 11 сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 56,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгө болох *** тоот хаягт байршилтай 42,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Х ХХК барьцаанаас чөлөөлөх нөхцөлийг харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн; /1хх 243-244, 2хх 244/

4.в. Дээр дурдсан шүүгчийн захирамжийг хариуцагч нар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, М.Н ийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан; /2хх 232, 249/

4.г. Нэхэмжлэгч М.Н нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2022 оны 09 сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 24-ний өдөр 27,100,000 төгрөг, нийт 57,100,000 төгрөгийг төлсөн; /3хх 101, 102, 130/

4.д. Улмаар Х ХХК нь 2022 оны 10 сарын 31-ний өдөр М.Н ийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн. /3хх 127/

 

5. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч М.Н нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг хариуцах үүрэг хүлээсэн этгээд биш атлаа төлбөр төлөгч А.Н, Ц.Б нарын өмнөөс төлбөр авагч Х ХХК-д мөнгөн төлбөр төлж хохирсон байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Н, Ц.Б нараас 50,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч А.Н ын гаргасан ...М.Н нь 57,100,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгтээ төлсөн, түүнийгээ нөхөр байсан Ц.Б-оосоо авах ёстой... гэсэн татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч М.Н нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр хамтран үүрэг гүйцэтгэгч А.Н, Ц.Б нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй тул хариуцагч А.Н ын гаргасан ...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу аль хариуцагчаас, хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байна... гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

7. Нэхэмжлэгч М.Н нь зээлийн мөнгөн хөрөнгийг авч ашигласан, сүндэний үйлдвэрийг ажиллуулахад хамтран ажилласан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

8. Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн эргэн төлөлтийг А.Н төлж байгаа, харин Ц.Б төлөхгүй байгаа гэсэн нөхцөл байдал нь нэхэмжлэгч М.Н т хамааралгүй юм. Хариуцагч А.Н нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь ... бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасны дагуу төлбөр авагчид төлөх мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэсний дараа хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Б д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Н ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/00329 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Н ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Н аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                         Ш.ОЮУНХАНД

                                          Д.НЯМБАЗАР