Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2019/0215

 

“Зтн” ОНӨААТҮГ-ын ажилтны

Үйлдвэрчний эвлэлийн хорооны

дарга Н.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч “Зтн” ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, гуравдагч этгээд “Зтн” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд “Зтн” ОНӨААТҮГ-ын өмгөөлөгч Н.Б, гуравдагч этгээд “Э н” үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.А  нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0121 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Зтн” ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т-ын нэхэмжлэлтэй,  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0121 дүгээр шийдвэрээр: “Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Зтн ОНӨААТҮГ-ын Э н үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох Зтн Олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Зтн” ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т давж заалдах гомдолдоо: “...4 үйлдвэрчний эвлэлийн хороодод мэдэгдэлгүй захиргааны санаачлагаар Э н үйлдвэрчний эвлэлийн хороог шинээр байгуулж, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хамтын гэрээ байгуулж, улмаар 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хууль бусаар бүртгэсэн байна. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Зтн ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Хан-Уул дүүргийн хуулийн хэлтсийн тасгийн дарга Н.Байгальд явуулсан 257 тоот албан бичгээр хууль бусаар Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулж, нийт ажилтны оролцоог хангаагүй хамтын гэрээ тул бүртгэхгүй байхыг мэдэгдсэн.

...Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 11.5, Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т тус тус заасныг зөрчиж бүртгэсэн. 4 үйлдвэрчний эвлэлийн хороодод мэдэгдэлгүй, хууль зөрчиж байгуулсан байна гэдгийг мэдэгдсээр байхад бүртгэснээс болж нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангуулах эрх нь зөрчигдөж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлөн оролцох ба хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгөх ёстой. Энэ тохиолдолд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий этгээд үзнэ.

Гэтэл анхан шатны шүүхээс гуравдагч этгээдээр “Э н” үйлдвэрчний эвлэлийн хороог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн хэдий ч тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.А мөн эсэхийг шалгаж тодруулаагүй, холбогдох баримтыг шаардахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3-т заасныг зөрчсөн байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Хамтын гэрээ, хэлэлцээр нь энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагч нь хамтын гэрээ хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах үүрэгтэй төдийгүй хуульд нийцээгүй гэж үзсэн тохиолдолд бүртгэхгүй байхаар зохицуулжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь иргэний хэргийн шүүхэд гаргасан “...хамтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан боловч иргэний хэргийн шүүх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон эсэхээс үл хамааран захиргааны байгууллагад бүртгүүлэхээр ирүүлсэн хамтын гэрээг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хариуцагч хянаж, нягталсан эсэх, гэрээг бүртгэх үйл ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг захиргааны хэргийн шүүх тогтоох учиртай.

Гэтэл анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь хамтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлээсээ татгалзсан, ...хамтын гэрээг хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар дүгнэж шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад уг хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан гэж дүгнэх хууль зүйн боломжгүй, өмнөх гэрээнээс нөхцөлийн хувьд дордуулсан эсэх талаар дүүргийн Засаг даргын тамгын газар дүгнэлт өгч шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш, ...нэгэнт тохиролцоонд хүрч байгуулан бүртгүүлэхээр ирүүлсэн хамтын гэрээг бүртгэх үүрэг нь дүүргийн Засаг даргын тамгын газарт хуулиар олгогдсон” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч “Зтн” ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т-аас “Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Зтн” ОНӨААТҮГ-ын “Э н” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тус газарт  хэд хэдэн үйлдвэрчний эвлэлийн хороо үйл ажиллагаа явуулж байхад захиргаанаас зөвхөн “Э н” үйлдвэрчний эвлэлийн хороотой бидний оролцоог хангалгүйгээр, бидэнд мэдэгдэлгүйгээр хамтын гэрээ байгуулсан, үүнийг хариуцагчид мэдэгдсээр байхад хамтын гэрээг бүртгэсэн нь хууль зөрчиж байна” хэмээн маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх үйл баримтыг анхан шатны шүүхээс хөдөлбөргүй тогтоогоогүй, холбогдох баримтыг хангалттай цуглуулаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Тухайлбал, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээс үзэхэд “Зтн” ОНӨААТҮГ-т “А1 дүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо”, “А2 дугаар баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо”, “А3 дугаар баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо” гэх зэрэг хэд хэдэн үйлдвэрчний эвлэлийн хороо үйл ажиллагаа явуулдаг гэж үзэхээр байна.

Гэтэл “Зтн” ОНӨААТҮГ-аас “Э н” гэх үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээг байгуулсан, тухайн үйлдвэрчний эвлэлийн хороо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““ажилтны төлөөлөгчид” гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл...” гэж заасан шаардлагыг хангасан эсэхийг хариуцагч тогтоосон эсэх, өөрөөр хэлбэл, “Зтн” ОНӨААТҮГ нь эрх бүхий этгээдтэй хамтын гэрээ байгуулсан эсэхийг хариуцагч ямар баримтад үндэслэн тогтоож, гэрээг бүртгэсэн болох талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхээс энэ талаар шалгаж тодруулаагүй байна.

Хэдийгээр гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй “Э н” үйлдвэрчний эвлэлийн хороо нь нэгтгэлийн хэмжээнд 1456 гишүүн, 29 тэргүүлэгч, 11 хяналтын хорооны гишүүдтэйгээр нийт ажилтан, албан хаагчдын 92 хувийг хамруулан үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарласан байх хэдий ч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, “Зтн” ОНӨААТҮГ-ын нийт ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэлийн байгууллага мөн эсэх, улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, хэзээ, хаанаас, хэн уг үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг сонгож байгуулсан болох, түүнийг төлөөлж, хамтын гэрээг захиргаатай байгуулах эрх бүхий этгээд нь Ц.А мөн эсэх нь тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн түвшинд, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно” гэж заажээ.

Гуравдагч этгээд “Зтн” ОНӨААТҮГ-аас “Э н” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулахдаа бусад үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн эсэх, тэдний оролцоог хангах талаар ямар арга хэмжээ авсан болох, тухайн байгууллагад нийт хэдэн үйлдвэрчний эвлэлийн хороо үйл ажиллагаа явуулдаг болох, тэдгээр нь тус бүрдээ хэдэн гишүүнтэй болохыг хариуцагч шалгасан эсэхийг тодруулах нь зүйтэй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “...ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Хамтын гэрээ, хэлэлцээр нь энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагчаас хамтын гэрээг бүртгэхдээ хамтын гэрээ нь ажилтнуудын эрх зүйн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан эсэхийг мөн шалгах үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбаруудаас үзэхэд, хамтын гэрээ нь ажилтнуудын эрх зүйн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан эсэхийг шалгаж тогтоосон эсэх нь ойлгомжгүй байдлаар тайлбар өгсөн байх тул энэ талаар мөн тодруулах шаардлагатай.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0121 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН