Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/0056

 

Л.А-ын нэхэмжлэлтэй,

Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:      М.Батсуурь

П.Соёл-Эрдэнэ

Ц.Цогт

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал    

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн Ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/592 тоот тушаалыг хүчингүй болгож Орхон аймгийн Цагдаагийн газарт Аж ахуйн ажилтнаар эгүүлэн тогтоож, цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0620 дугаар шийдвэр,  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 637 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0620 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т /2017/ заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.А-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/592 тоот тушаалыг хүчингүй болгож Орхон аймгийн Цагдаагийн газарт Аж ахуйн ажилтнаар эгүүлэн тогтоож, цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 637 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 620 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт /2017/ заасныг тус тус баримтлан” гэснийг “Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:      

3. “Нэхэмжлэгч Л.А-ын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн Нийслэл дэх захиргааны хэргийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0620 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 637 тоот магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Хэргийн товч агуулга: 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын ахмад настангууд, цагдаагийн ажилтнуудын ажлын байрыг /кобан/ галлах мод, түлээг Булган аймгийн Бугат сумаас бэлтгэх ажлын хэсгийг ахалж явах үүрэг даалгавар авч, үүргийн дагуу Цагдаагийн 4 ажилтан болон бусад бэлтгэх хүмүүсийн хамт хууль бусаар мод бэлтгэсэн. Орхон аймгийн Цагдаагийн газар нь мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй гэдгээр буруутгагдаж, ахалж явснаар нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын тэнсэн харгалзаж хэргийг шийдвэрлэсэн Энэхүү хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 278 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/592 тоот тушаалаар ажлаас халж, цолыг хураасан.

5. Гомдлын хууль зүйн үндэслэл: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтыг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/592 тоот тушаалаар цагдаагийн албанаас халж, цолыг хураасан. Уг тушаалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ дараах байдлыг анхаарч үзээгүй.

6. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж үзэж ажлаас халах тушаал гарахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 заалтаар буюу Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасныг анхаарч үзээгүй.

7. Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь цагдаагийн албанаас халахгүй байх Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасан заалтыг хэрэглэхгүй гэх агуулгыг уг заалт илэрхийлээгүй энэ агуулгаар хуульд ямар нэгэн зохицуулалт байхгүй гэх дүгнэлт хийсэн. Хуулиар зохицуулалт байхгүй байна гэдгээр ажлаас халж болно гэж үзэж болохгүй юм. Шүүхийн шийдвэрээр гэм буруутай гэж үзсэн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хугацааг харгалзан үзсэнээр тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэнийг ямар хугацаагаар үзэх вэ гэдгийг тусгайлсан хуулиудын зохицуулалтыг анхаарч шийдвэрлээгүй. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 278 тоот тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, уг гэм буруугийн хариуцлагыг хүлээж дуусгавар болсон атал гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, эрх зүйн байдлыг дордуулж ажлаас халсан нь үндэслэлгүй. Гэмт хэрэг үйлдсэнийг нотолж, тогтоох, түүнд буруутгаж тооцох, хариуцлага хүлээлгэх асуудал хуулийн үйлчлэх хугацаатай, хугацаа өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байх хууль зүйн үндэслэлийг Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 заалт, 1.10 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 4 дүгээр заалтаар тодорхойлж заасан.

8. Хууль хэрэглэх асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалт нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өөрчлөлтөөр өөрчлөгдсөн заалт бөгөөд уг заалтад өөрчлөлт орсны дараа түүнийг хэрэглэж, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй. Гэм буруутай гэж тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үед Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалт өөрөөр байсан бөгөөд тухайн хүчингүй болж өөрчлөлт орсон заалтыг буцаан хэрэглэж ажилтныг ажлаас халах боломжгүй, шинээр өөрчлөлт орсон заалт нь мөрдөгдөж эхэлснээс хойших асуудалд хэрэглэх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 10 хойш түүнийг гэм буруутай гэж тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Гэтэл шинээр өөрчлөлт орсон заалтыг хэрэглэж, хууль буцаан хэрэглэхгүй байх зарчмыг зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

9. Л.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоосон шүүхийн шийдвэрийн үйлчлэх хугацаа, уг үйлчлэх хугацаа дуусгавар болсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй ба эрүүгийн хариуцлага хүлээж, дуусгавар болсны дараа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эсэхэд дүгнэлт хийгээгүй. Төрийн албаны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэх заалтыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааг тоолно гэж заалтыг буюу Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 287 дугаар тогтоол гарах хүртэл гэмт хэрэг үйлдсэн гэх хөөн хэлэлцэх хугацаа тоологдсон байдал, гэмт хэрэг үйлдсэнийг тогтоон, эрүүгийн хариуцлага хүлээж, дуусгавар болсон байдлыг гэмт хэрэг үйлдэж хүчин шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэх ойлголтод хамаарахгүй болохыг анхаараагүй, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсны дараа буюу тухайн тогтоол биелэгдэж, дуусгавар болсон үйл баримт Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20/89 тоот тогтоолоор нотлогдсон. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.2 заасан үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох үед ажлаас халаагүй атал уг шийтгэх тогтоол хэрэгжиж, дуусгавар болсны дараа эрх зүйн байдлыг дордуулж ажлаас халсан нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэх ойлголтыг нь хууль зүйн үндэслэлтэй тайлбарлах, хууль тогтоогч энэхүү ойлголтод үйлчлэх цаг хугацааг буюу ямар цаг хугацааг тооцож үзсэнийг анхаарч хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй. Энэ байдлыг тайлбарлахад эргэлзээтэй байвал хууль зүйн харилцаа үүсэж, өөрчлөгдөж, дуусгавар болсон нөхцөлийг анхаарч түүнд нийцүүлэн хуулийг тайлбарлан хэрэглэх хууль зүйн үндэслэлийг анхаарч хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, биелэгдэн, дуусгавар болсны дараа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсээр байх уу, гэмт хэрэг үйлдсэн гэх ойлголт хэзээ дуусгавар болох, дуусгавар болсон бол аливаа хариуцлагыг халдаан хэрэглэж, тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулан хэрэглэж болох эсэх хууль зүйн үндэслэлийн талаар тусгайлсан хууль үйлчилж байгаа эсэхийг анхаарч үзээгүй.

10. 3ахиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийг хариуцагч зөрчсөн бөгөөд Л.А-аас тайлбар болон сонсох ажиллагаа огт хийгээгүй тушаал гарсан нь нотлогдож байгааг анхан шатны шүүх дүгнэсэн атлаа сонсох ажиллагаа хийсэн ч түүний эрх зүйн байдал үр дагавар өөрчлөгдөхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хууль зөрчсөн дүгнэлтийг хийсэн атлаа уг зөрчлийг арилгаад ч нөхцөл байдлыг өөрчлөгдөхгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т акт гарахдаа...бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлсөн бол..., мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй бол акт хүчингүй болох үндэслэлийг заасан. Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар заалт нь акт гарахдаа оролцогчийн эрх ашгийг хамгаалах, хангах заалт бөгөөд түүнийг зөрчсөнийг тогтоолгосноор актын нөхцөл байдал үр дагавар өөрчлөгдөх эсэхэд хамааралгүй бөгөөд акт гарахдаа оролцогчийн эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлийг хуульчилж өгснөөр Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т заасан ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх заалтыг анхан шатны шүүх анхааралгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

11. Хүчин төгөлдөр тогтоолтой гэж төрийн албан хаагчийг хэдийд ч халах эрхийг Төрийн албаны хууль болон Цагдаагийн албаны тухай хууль олгоогүй. Хууль болон шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг анхаарч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0620 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 637 тоот магадлалыг хүчингүй болгож, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/592 тоот тушаалыг хүчингүй болгож, Орхон аймгийн Цагдаагийн газарт Аж ахуйн ажилтнаар эгүүлэн тогтоож, цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгох нэхэмжлэлийн шаардлага, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

13. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/592 дугаар тушаалаар Орхон аймаг дахь цагдаагийн газрын аж ахуйн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Л.А-ыг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.1-т заасныг тус тус үндэслэн албанаас халж, цагдаагийн ахлах дэслэгч цолыг хураасан байна.  

14. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална”, 82.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж заажээ.

15. Тухайн тохиолдолд Л.А-ыг гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны  эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдийн 278 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

16. Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагын хэлбэрээс үл хамааран цагдаагийн албанаас халах Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үгүйсгэх, хүчингүй болгох хуулийн боломжгүй, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

17. Хэдийгээр Эрүүгийн хуулийн /2015 оны/ 6.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч  цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хуулиар тухайлан зохицуулсан байх тул “хуулиар хязгаарлалт тогтоосон” нөхцөлд хамаарна гэж үзнэ.

18. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах”-аар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 637 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН