Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 551

 

Д.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар магадлалтай, Д.Х-т холбогдох 2039000590080 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ял,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Х.

Д.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Өргөн мандал” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж Д.Сайханцогтын зүүн эгмэн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Сайханцогт, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Х- гаргасан гомдолдоо “... миний бие хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байгаа. Хохирогч болох Д.Сайханцогт болон гэр бүлийн гишүүдээс уучлалт гуйсан өөрийн биеэр очиж эвлэрсэн, хохирлыг бүрэн барагдуулсан. Миний бие нь урьд өмнө гаргаж байсан алдаа дутагдлаа ухамсарлан өөрийн гэсэн гэр бүлтэй болж 2019 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан. Миний гэр бүл болон ирээдүйн үр хүүхэд хань амьдралыг минь бодож миний хувийн байдлыг харгалзан авч үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримталж надад оногдуулсан 7 жилийн хорих ялыг зохих хэмжээний хасаж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмээ ухаарч ойлгож байгаа, мөн ирээдүйн сайхан амьдрал сайхан хань, үр хүүхдийнхээ төлөө дахин алдаа гаргахгүй сайн аав, сайн халамжит хань байхыг хичээж, сайхан өрх гэрийн эзэн болж эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхэд минь боломж олгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Д.Х-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт, үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ зүйл, хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Хохирогч нь шүүгдэгч Д.Х-ын нагац ах нь юм. Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар түүний гэрт дөрвөн хүн ирж архи согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд хохирогчийг гал дээрээс цайгаа гаргах гэж байхад нь хутгалсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувьд дөрвөн удаагийн ял шийтгэлтэй, хутгалсан шалтгаан нь хохирогчийн хэлж буйгаар “шоронд байхад эргэж тойрч байгаагүй” гэж манай гэрт буу үүрч орж ирээд сүрдүүлсэн гэдэг мэдүүлэг нь нотлогддог. Д.Х-т холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Х- нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг, “Өргөн мандал” гэх газар Д.Сайханцогтын зүүн эгэм рүү хутгалж, эрүүл мэндэд нь “... артер, венийн судас болон мөрний мэдрэлийн тасрал” бүхий хүнд хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан эргэлзээгүй байдлаар шалган тогтоосон байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Х-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, түүний үр дагавар, хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан байх тул шүүх хэрэглэх ёстой хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэлээ.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг шинээр тогтоож, түүнийгээ нотлогдсон гэж үзэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно. 

Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахдаа шүүхийн тогтоосон үйл баримтын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон эсэх, хуулийг зөв хэрэглэсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хянах үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн хуульд заасан үндэслэл тогтоогдвол шүүхийн шийдвэрт зөвтгөж зассан өөрчлөлт оруулах, эсвэл хүчингүй болгож зохих шатны шүүхээр дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлдэг журамтай.  

Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” эсэх асуудал нь бүх шатны шүүхэд заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн хуулийн үндэслэлд хамаарахгүй тул шүүгдэгч Д.Х-ын хяналтын шатны шүүхэд гаргасан “... миний гэр бүл, ирээдүйн үр хүүхэд, хань, амьдралыг минь бодож 7 жил хорих ялаас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар зохих хэмжээгээр хасч өгнө үү” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН