Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 201/МА2023/00015

 

******* нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 138/ШШ2023/0102 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Худалдаа үйлчилгээний зориулалт бүхий талбай чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар байрны зоорийн болон 1, 2 давхрын худалдаа үйлчилгээний зориулалт бүхий талбайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм. Манай 207, 208, 209, 210 дугаартай талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг Дөлгөөн ээж ХХК-ийн захирал гэх *******д 2022 оны 9 сарын 1-нээс түрээсийн гэрээ хийлгэхээр мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл гэрээ хийгээгүй учраас өөрийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний талбайг чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байна. ******* гэгч нь 2 давхрын энэ байршил бүхий өрөөнүүдийг түрээслэж байгаа бөгөөд объектыг худалдан авна гэсэн боловч тохирсон хугацаандаа төлбөр тооцоо хийгээгүй учир бид өмчөө өөрсдөө ашиглаж эзэмшихээр шийдвэрлэсэн ба энэ талаараа мэдэгдсэн боловч талбай түрээслэгчдийн ашиг орлогыг хууль бусаар завшиж байна... Иймд манай өмчлөлийн 207, 208, 209, 210 тоот талбайг тус тус чөлөөлүүлж өгнө үү.

******* нь ... 211 тоотыг түрээслэж байсан талбайн түлхүүрийг хураан авч, бусад сул байруудын адил үргэлжлүүлэн түрээслэж ашиглаж, ашиг олж хууль бусаар эзэмшсээр байгаа, ...мөн иргэн Б.Уранчимэгийн түрээслэж байгаад сулласан 201 тоот өрөөний түлхүүрийг, ...Монре даатгалын түрээслэж байсан 213, 214 тоотыг чөлөөлмөгц түлхүүрийг авч тус тус эзэмшиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн эдгээр талбайг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна.

... Нэгэнт шүүхийн шийдвэр гараад хүчин төгөлдөр болсон, одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж болох учраас 201, 213, 214 тоот талбайг тус тус албадан чөлөөлүүлэх тухай шаардлагуудаасаа татгалзаж байна. Мөн 207 тоотыг саяхан хүлээж авсан учраас нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзаж байна. Иймд хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны 2 давхрын 208, 209, 210, 211 тоот талбайг тус тус чөлөөлүүлж өгнө үү.

Энэ барилгыг ******* миний бие анх өөрөө барьсан бөгөөд *******д 600 000 000 төгрөгийн өртэй байсан учир тэр өрнийхөө барьцаанд түүнд өгсөн байсан юм. Ингээд саяхан 12 дугаар байрны баруун талд байгаа барилгын сууриа зарна гэдгийг маань ******* мэдээд Би худалдаж авъя. Газрын үнэд надад барьцаанд өгсөн байгаа объектоо чи ав. гэж тохироод энэ маргаан бүхий ******* дугаар байрны зоорийн болон 1,2 дугаар давхрын худалдаа үйлчилгээний объектыг хүү ******* нэр дээр 2022 оны 4 сард *******ээс эргүүлж авсан. Ингээд энэ объект ******* өмч болсон. *******тэй уулзахад би энэ объектыг зээл маань гарах хүртэл түрээсэлж байгаад худалдаж авъя. Түрээсэнд танд сардаа 5 000 000 төгрөг өгье гэсэн санал тавьсныг нь хүлээж авсан. Гэвч над руу 3 000 000 төгрөгөөр нэг удаа, 3 500 000 төгрөгөөр нэг удаа шилжүүлээд өөр мөнгө өгөөгүй. Мөнгөө шилжүүлэхдээ зээл гэж шилжүүлээд байсан. Тэгэхээр нь би энэ бүтэхгүй юм байна, худлаа яриад яваад байна гээд Ер нь объектоо худалдахаа болилоо. Түрээсэлж байсан өрөөгөө суллаж өг. гэсэн боловч ойлголцохгүй, суллаж өгөхгүй байгаа учраас түүний эзэмшиж байгаа талбайг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Чөлөөлж өгөөгүй байгаа талбайнуудаа чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна. Эдгээр талбайн түлхүүрүүд нь *******д байгаа. Түлхүүрүүдийг өгөхгүй, хаалгыг эвдэж орох боломжгүй учраас 208, 209, 210, 211 тоот талбайг чөлөөлүүлэх шаардлага хэвээр гэдгийг хэлье.

... Батхүүгийн хувьд эдгээр талбайг чөлөөлж өгөх ёстой гэдгээ ойлгосон боловч Би гаргасан засварын зардлаа авчихвал чөлөөлж өгөх гээд байгаа. гэсэн зүйл ярьж байна. *******ийн өмч байх үед нь ******* тухайн байрыг худалдаж авна гэж тохиролцсоны үндсэн дээр эдгээр хүмүүс хоёр талаасаа мөнгө гаргаж засвар хийсэн асуудал юм. *******гийн гаргаж өгсөн засварын тооцоо гэх хүснэгтээс харахад Батхүү 29 900 000 төгрөгийн хөрөнгө гаргасан. Оюунгэрэл 79 500 000 төгрөгийн зардал гаргаж засварыг хийсэн байна. ******* ч өөрөө тэр засварын асуудал бол бид нарын хоорондын асуудал. *******тай огт хамааралгүй. Гэрээн дээр ч засварын асуудал байхгүй байгаа. Батхүү засварын асуудал яриад байвал надтай тооцоогоо хий гэж хэлээрэй. гэж хэлж байсан. Тэгэхээр засварын хөлсийг шинэ өмчлөгч гаргаж өгнө гэсэн тохиролцоо байхгүй гэдэг нь харагдаж байна... Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. гэжээ.

2. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар хариу тайлбартаа: Би анх 2019 оны 03 сард Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах ******* дугаар байрны зоорийн болон 1, 2 давхрын худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг өмчлөгч болох ******* болон түүний нөхөртэй тохиролцож, худалдан авах талаар ярилцаж эхэлсэн. Тухайн үед уг талбай нь нийтдээ ямар ч засваргүй, 1, 2 давхрын бүх өрөөнүүд паар, сээтэггүй, шал нь плитагүй, нэг ч хаалгагүй байсан. 2 давхрын талбай нь өрөөнд хуваагдаагүй байсан. Зоорийн давхар нь ямар нэгэн засваргүй, подвалийн байдалтай байсан. *******тэй ярилцаж, худалдан авахаар тохиролцсон байсан учир өөрийн зардал, хүч хөдөлмөр, менежментээр энэ ******* төв-ийг бий болгож, байгуулсан. Ийм байхад нэхэмжлэгч нь намайг ямар ч эрхгүйгээр өөрийнх нь байранд орж суугаад байгаа юм шигээр бичсэн байна. Ямар ч засваргүй байсан байшинг 3 жил гаруйн хугацаанд засвар үйлчилгээ хийж, түрээслэгч, хэрэглэгч татаж ажилласан байхад нэхэмжлэгч нь намайг талбай чөлөөлж өг гэж шаардаж байгаа нь шударга бус байна...

Ковид халдвараас болж бүх зүйл 2 жил хоригдсон. Аль ч банк зээл гаргахгүй болсон. Үүнээс болж энэ объектыг худалдаж авахад хугацаа алдсан. Гэтэл 2022 оны 06 сард энэ объектыг ******* гуай өөрөө эргүүлж авахаар боллоо гэж *******, ******* нар орж ирсэн. Тэгэхэд нь зээл аваад худалдаж авах санаатай байна. Худалдаа хөгжлийн банкинд материалуудаа өгсөн боловч манай орон нутгийн салбар шийдэхгүй, их хэмжээний зээл учир төвөөс шийднэ гээд хүлээгдэж байна. Би сард 5 000 000 төгрөг өгч байхаар ******* гуайтай тохирсон боловч ******* гуай буцаж орж ирээд өөр юм яриад байдаг. Ингээд ойлголцохгүй байсан учир би ******* гуайд Миний засвар хийхэд гаргасан зардлаас 30 000 000 төгрөгийг л гаргаад өгчих. Тэгээд би талбайнуудыг хүлээлгэж өгье. гэсэн боловч миний саналыг хүлээж авахгүй байгаа. ... 207 тоот талбайг сүүлд чөлөөлөөд өгчихсөн. ******* гуай өөрөө аваад хүнд түрээслүүлсэн. 208 тоотыг нь би оффисоо болгож ашиглаж байгаа. 209, 210, 211 тоот талбай нь хоосон байгаа. Түлхүүрүүд нь надад байгаа. Би залуу хүн. Энэ объектыг өдий зэрэгтэй болгох гэж 2 жилийн хөдөлмөр, цаг хугацаа, зээл аваад тодорхой хэмжээний мөнгө санхүү зарцуулсан. Зээл эргэн төлөлтийг хойшлуулж байсан учраас өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн мөнгөө ч төлж чадаагүй байна. Тиймээс засвар үйлчилгээнд бодитоор гаргасан зардал 30 000 000 төгрөгийг надад гаргаад өгчихвөл талбайг чөлөөлөөд өгөхөд татгалзах зүйл байхгүй.

... Нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан байгаа. Үүнд зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг. Өнөөдрийн тухайд 208, 209, 210, 211 тоот гэсэн 4 талбайг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага яригдаж байна. Гэтэл нэхэмжлэгч Алтантулгын хувьд ******* төвийн 208 м.кв талбайн өмчлөгч гэдэг нь гэрчилгээнээс харагдаж байна. Түүнээс биш 209, 210, 211 тоотын өмчлөгч гэж харагдахгүй байна. Эдгээр нь хэний өмчлөлд байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс нэхэмжлэгч эдгээр талбайн өмчлөгч мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Өмчлөгч нь мөн гэдгээ нэхэмжлэгч тал нотлоогүй байна. Анх нэхэмжлэл гаргахдаа 207, 208, 209, 210 тоот талбайг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан. Сүүлд 211 тоот талбайг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нэмэгдүүлсэн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж харагдсан. Тиймээс өнөөдөр энэ 211 тоот талбайг чөлөөлүүлэх асуудал яригдахгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг тусгаж өгсөн. Тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг хавсаргах ёстой. Энэ шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлээд байгаа 208, 209, 210, 211 тоотуудын өмчлөгч гэдгээ нотлоогүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 138/ШШ2023/00102 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны 2 дугаар давхрын худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 208 тоотод байрлах 18,8 м2, 209 тоотод байрлах 21,8 м2, 210 тоотод байрлах 18,3 м2, 211 тоотод байрлах 18 мталбайг тус тус хариуцагч *******гийн эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ас улсын тэмдэгтийн хураамжид *******200 төгрөгийг гаргуулан Хэрлэн сумын төсвийн орлогод оруулж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх ... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч ******* өөрийн өмчлөлийн талбайгаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч *******гийн эзэмшиж байгаа Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны 2 давхрын худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 208 тоотод байрлах 18,8 м2, 209 тоотод байрлах 21,8 м2, 210 тоотод байрлах 18,3 м2, 211 тоотод байрлах 18 мталбайг тус тус түүний эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй... гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* нь анх ******* миний зээмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны 2 давхрын худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 207, 208, 209, 210 тоот өрөөнүүдийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Үүнээс 207 тоот өрөөг чөлөөлүүлэх нэхэмжлэлээсээ татгалзсан. Мөн өмнөх нэхэмжлэл дээр нэмж 211 тоот өрөөг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх тус 211 тоот өрөөг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа заавал улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан гаргуулдаг. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас 211 тоот өрөөг чөлөөлүүлэх тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахдаа холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулалгүйгээр нэхэмжлэлийг хангаж буй нь *******т үйлчилсэн гэж үзэхээр байна.

Шүүхээс 208, 209, 210 тоотыг чөлөөл гэж шийдвэрлэсэн. Би өөрөө 208 тоотыг, 209 тоотыг манай эхнэр эзэмшдэг. Хэдийгээр бид гэр бүлийн хүмүүс ч хуулийн дагуу өөр өөрийн хариуцлагыг хүлээх учиртай гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 209 тоотыг намайг эзэмшдэг гэж ойлгоод нэхэмжлэл гаргасан. Би энэ талаар анхан шатны шүүхэд хэлсэн боловч ******* надаас чөлөөлүүлэх тухай шийдвэр гарсан. 210 тоот өрөөг бол хэн ч эзэмшдэггүй. Үүнийг ******* өөрийн эрхийн хүрээнд эзэмших боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байх тул дээрх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 211 тоот өрөөг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй. Хэрэв улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйгээр нэхэмжлэл гаргасан бол тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр хуульд заасан. Гэтэл шүүхээс үндсэн шаардлагын адил хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Мөн хариуцагч *******гийн хувьд ******* төвийн 208 тоот талбайг өөрөө, 209 тоот талбайг эхнэр нь тус тус эзэмшдэг. Энэ бол тусдаа эзэмшигчтэй талбай юм. Хэдийгээр эхнэр, нөхрийн холбоотой хэдий ч эзэмшигч нь өөр гэдгийг тайлбарлаж хэлдэг. Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байгаа учраас хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь ижил хэмжээ, талбай бүхий байруудыг /207, 208, 209, 210/ чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. ...211 тоот талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага адилхан байсан тул ******* хариуцагчтай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөөд буцаагдсан асуудал байгаа. ... Иймд улсын тэмдэгтийн хураамж төлөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй... ******* дээрх объектыг эзэмшиж, ашиглаж байхдаа бусдад түрээсэлж, өөрөө болон гэр бүлийн хүндээ ашиглуулж байсан. *******гийн эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон тул түүний өөрт олгогдсон эрхийн хүрээнд бусдад эзэмшүүлж ашиглуулж, түрээслүүлж байсан эрх дуусгавар болсон. Тиймээс ******* талбайнуудыг чөлөөлөх ёстой. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч *******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аар дамжуулан хариуцагч *******д холбогдуулан нэхэмжлэгчийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны 2 давхарт байрлах худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 207, 208, 209, 210 тоот талбайг тус тус хариуцагч *******гийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 давхрын 211, 201, 213, 214 тоот талбайг тус тус чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 207 тоотыг хариуцагч чөлөөлж өгсөн, 201, 213, 214 тоот талбайг чөлөөлүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 207, 201, 213, 214 тоот талбайг тус тус чөлөөлүүлэх тухай хэсгээс татгалзжээ.

3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар байрны зоорийн болон 1, 2 давхрын худалдаа үйлчилгээний зориулалт бүхий талбайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2022 оны 07 сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны өмчлөгч болсон. Өмчлөгч болсон цагаас эхлэн хариуцагч *******гийн эзэмшдэг 208, 209 тоотод байрлах талбайг түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулах талаар ярилцсан боловч одоо болтол гэрээ байгуулаагүй. ... Мөн тус байрны 2 давхрын 210, 211 тоотод байрлах талбайг түрээслэгч нар нь *******д чөлөөлж өгсөн боловч түлхүүрийг болон өөрийн эзэмшдэг талбайгаа тус тус хүлээлгэж өгөхгүй байна. ******* нь уг барилгын өмнөх өмчлөгч *******тэй тохиролцоод тус байрны талбайг бусдад түрээслүүлж, түрээсийн орлогыг нь өөрөө авдаг ба уг байрыг эзэмших, ашиглах эрхгүй тул түүний хууль бус эзэмшлээс 208, 209, 210, 211 тоот талбайг тус тус чөлөөлүүлнэ. ... гэж,

4. Хариуцагч ******* нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ... дээрх худалдаа үйлчилгээний төвийг ямар ч өрөө тасалгаагүй, паар халаалтгүй байхад нь өмнөх өмчлөгч *******тэй ярилцаж тохиролцсоны дагуу тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгон түрээслэгч татан, түрээслэгч олж түрээслүүлж байсан. Уг байрыг би эхлээд *******тэй худалдаж авахаар тохирсон боловч зээл гараагүй тул худалдаж авч чадаагүй байсан. Мөн дараа нь нэхэмжлэгчтэй худалдаж авахаар ярьсан боловч ойлголцоогүй. ...Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 208, 209, 210, 211 тоот талбайнуудыг чөлөөлж өгөх боломжгүй..., хэрэв засвар үйлчилгээнд зарцуулсан 30 сая төгрөгийг нэхэмжлэгч надад өгвөл дээрх талбайнуудыг чөлөөлж өгч болно. гэж тус тус тайлбар гарган мэтгэлцэж маргадаг.

5. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* нь *******тэй 2022 оны 5 сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх бэлэглэлийн гэрээ байгуулж, 2022 оны 7 сарын 05-ны өдрийн ... дугаарын Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ авснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны зоорийн болон 1, 2 дугаар давхрын нийт 914 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон, /хэргийн 21-25 дугаар тал/

5.1 Хариуцагч ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч *******тэй тохиролцон, түүнтэй хамтран тус объектод засвар үйлчилгээ хийн, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий талбай болгож, улмаар 208, 209 тоотод байрлах талбайнуудад өөрөө үйл ажиллагаа явуулж, үлдсэн бусад талбайг ******* төв нэрээр бусдад түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулан, түрээсийн орлогыг авч байсан,

5.2 Нэхэмжлэгч Т.Алтантулгыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсноос хойш хариуцагч нь өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа 208, 209 тоотод байрлах талбайг түрээслэхээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулалгүйгээр эзэмшиж ашиглаж байсан боловч одоог хүртэл чөлөөлж өгөөгүй, мөн 210, 211 тоотод байрлах талбайг өмнөх түрээслэгчид нь сулласан боловч түлхүүрийг нь нэхэмжлэгчид өгөөгүй үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.

6. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагатай нийцжээ.

7. Хариуцагч ******* нь өмнөх өмчлөгч *******тэй тохиролцсоны дагуу өөрт олгогдсон эрхийн хүрээнд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий талбайг бусдад түрээслүүлэх үйл ажиллагааг явуулж байсан боловч уг үл хөдлөх эд хөрөнгө шинэ өмчлөгч *******д 2022 оны 7 сарын 05-ны өдөр шилжсэнээр *******гийн дээрх талбайг өөрөө болон бусдад түрээслүүлж ашиглах, эзэмших эрх тус тус дуусгавар болсон байна.

7.1 Хариуцагч нь өмнөх өмчлөгч *******, нэхэмжлэгч ******* нараас уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохирсон гэх боловч тэрээр одоог хүртэл хууль ёсны өмчлөгч болоогүй, улмаар өөрийн эзэмшиж байгаа 208, 209 тоотод байрлах талбайг түрээслэх түрээсийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй, мөн бусдад түрээслүүлж байсан 210, 211 тоотод байрлах талбайг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн талбайгаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

7.2 Түүнчлэн хариуцагч ******* болон *******, нэхэмжлэгч ******* нарын дунд дээрх үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн зардал болох 30 сая төгрөгийг ******* төлөхөөр тохиролцсон талаарх баримт хэрэгт байхгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

8. Хариуцагч *******гийн гаргасан ... нэхэмжлэгч 211 тоот талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх хүлээн авч уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, ... миний бие 209 тоот талбайг эзэмшдэггүй байхад миний эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

8.1 Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 10 сарын 14-ний өдөр ... 211 тоот талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг /хэргийн 27 дугаар тал/ гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Шүүх уг шаардлагыг хүлээн авч, хариуцагч *******д гардуулан ихэсгэсэн шаардлагыг нэхэмжлэлийн хамт хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж ******* 200 төгрөгийг нэхэмжлэгч *******ас нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг тус тус зөрчөөгүй байна.

Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэвэл энэ талаар шүүхэд бичгээр мэдэгдэж, уг шаардлагад нийцүүлсэн тэмдэгтийн хураамжийг төлсөн баримтыг хавсаргах ба шүүх нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг нэгэнт хүлээн авч, хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж болдог бөгөөд үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчил гэж үзэх боломжгүй.

8.2 Хариуцагч ******* нь ... тус байрны 209 тоотод байрлах 21,8 м.кв талбай миний эзэмшилд байдаггүй, миний эхнэрийн эзэмшилд байдаг, миний эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь буруу гэж гомдлын үндэслэлээ тайлбарладаг.

Гэвч хариуцагч нь өөрт олгогдсон эрхийн дагуу тус байрны худалдаа үйлчилгээний зориулалт бүхий талбайг бусдад түрээслүүлэх үйл ажиллагааг явуулж байсан түрээслүүлэгчийн хувиар талбай чөлөөлөх үүргийг түрээслэгчийн өмнө хүлээх бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрийн өмчлөлийн 209 тоотод байрлах талбайг хариуцагч *******гийн эзэмшлээс шаардах эрхтэй байх тул хариуцагч *******гийн тайлбарт дурдсанаар дээрх үүргээс түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

9. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах тухай гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 138/ШШ2023/00102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Г.УРТНАСАН