Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                               Хэргийн индекс: 180/2019/0014/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  М.Долгоржав,

Улсын яллагч                                                Т.Баярмаа,

Шүүгдэгч                                                       А.Б. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б.д холбогдох эрүүгийн 1839005330289  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр баг, “Дунд баян” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх А.Б. /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Б. нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр баг “Цагаан давааны эх” гэх газраас 2.8 метр куб шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж 475.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч А.Б. нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр баг “Цагаан давааны эх” гэх газраас 2.8 метр куб шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж 475.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-13 тал/,

Хохирогч Э.Цэрэнбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Жаргалтхаан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Түмэнжаргалын хамт Жаргалтхаан сумын 4 дүгээр баг, “Дунд баян” гэх газарт очиход А.Б.ын саравчин дээр мод бэлтгээд хураасан байсан. ...модны эрхийн бичиггүй, хууль бусаар мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 тал/,

Гэрч Г.Түмэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн засаг дарга Д.Ганхуяг утсаар А.Б.ын шинээр мод буулгасан байна гэж мэдээлэл өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн мотоцикльтой Жаргалтхаан сумын 4 дүгээр баг “Дунд баян” гэх газарт байх А.Б.ын өвөлжөөн дээр очиход өвөлжөөний баруун талд 46 ширхэг нарийн хэрэглээний мод буулгасан байсан. Нарийн хэрэглээний мод гэж 2.20 метрээс уртаар тайрсан модыг хэлдэг юм. Би А.Б.ын өвөлжөөн дээрх модыг тоолж үзэхэд 44 ширхэг мод байсан. ...Тухайн үед А.Б.ынх “Тэнхлэгийн ар” гэх газар зусландаа байсан бөгөөд А.Б.аас модны зөвшөөрөл байна уу гэж асуухад байхгүй, Цагаан давааны эх газраас хаваржаагаа сэлбэх зорилгоор мод бэлтгэсэн, дараа нь гарал үүслийн гэрчилгээг нөхөөд авчихна гэж хэлсэн. Тэгээд би А.Б.ыг хууль бусаар ойгоос авсан модоо Жаргалтхаан сумын засаг даргын тамгын газрын хашаанд өнөөдөрт нь багтааж буулга гэж хэлсэн. А.Б. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр машинаар хууль бусаар авсан модоо ачаад ирсэн. Засаг даргын тамгын газрын хашаанд модыг буулгаад байгаль хамгаалагч Э.Цэрэнбаярыг болон А.Б.ыг байлцуулаад модыг нягтын метр кубээр үзэхэд 2.8 м3 мод байсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын дагуу Батбаярын хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож хохирлыг нөхөн төлүүлж Зөрчлийн тухай хуулиар хялбаршуулсан журмаар арга хэмжээ авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 тал/,

Гэрч Д.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр би ээлжийн амралттай байсан. Жаргалтхаан сумын 4 дүгээр баг “Дунд баян” гэх газар хүн мод бэлтгээд байна гэж хэлсэн. Би тухайн үед ээлжийн амралттай байсан тул байгаль орчны улсын байцаагч Түмэнжаргалд энэ тухай хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,

Ойд экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай тогтоол /хх-ийн 74 тал/,

А.Б.ын шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...Би мод бэлтгэх зөвшөөрөл авалгүй ойд мод бэлтгэсэн нь үнэн. Миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Б.ын дээрх үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэх буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд А.Б.ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.Б.ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Цэрэнбаяр нь “...А.Б. нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 121 тал/ гэсэн тул шүүгдэгч А.Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Б.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар  зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Б.ад хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд  шүүгдэгч А.Б. нь хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ болон торгох ял оногдуулахыг зөвшөөрч тохирсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан  ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар 44 ширхэг 2.8 метр куб мод, цахилгаан хөрөө, битүүмжлэгдсэн ногоон өнгийн TY 2100LT маркийн В1015809024 хөдөлгүүрийн дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн бага оврын трактор зэргийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Б. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, А.Б.аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А.Б.г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч А.Б. нь түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 44 ширхэг 2.8 метр куб мод, цахилгаан хөрөө, битүүмжлэгдсэн ногоон өнгийн TY 2100LT маркийн В1015809024 хөдөлгүүрийн дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн бага оврын тракторыг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Б.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Ц.МӨНХТУЛГА