Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 204

 

М.О, И.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, М.О, И.Н нарт холбогдох 1839005090240 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.О, И.Н болон тэдгээрийн өмгөөлөгч С.Нарангэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт М.О,

2. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөсөн, Б овогт И.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан “Дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.О, И.Н нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч М.О, И.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, И.Н нарыг тус бүр 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.О, И.Н нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.О- гаргасан гомдолдоо “...Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа бөгөөд шүүхээс оногдуулсан ялыг буруу гэж гомдол гаргаагүй болно. Би урьд ямар нэг хэрэг зөрчилд холбогдож цагдаа шүүхээр шалгагдаж байгаагүй. Би элэгний хатуурал өвчтэй, эмчийн хяналтад байдаг бөгөөд манайх 05-10 насны хоёр хүүхэдтэй, том охины бие 60 хувийн түлэгдэлттэй, арьс нөхөх хагалгаанд нийт гурван удаа орсон, хагалгаа хийхдээ миний гуя, шилбэний арьснаас авсан, хүүхэд өсөж томрох тусам түлэгдсэн арьс таталдаад байгаа тул дахин арьс нөхөх хагалгаанд орох шаардлагатай, тэр үед охиныхоо дэргэд байхсан гэж эцэг хүний хувьд чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, хохирогч эд зүйлээ биет байдлаар буцааж авсан, одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, миний эрүүл мэнд болон ар гэрийн гачигдал зэрэг байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг маань 1 жилээр хөнгөрүүлж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч И.Н  гаргасан гомдолдоо “...Би хоригдсон хугацаандаа нилээдгүй зүйлийг ойлгож, маш буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Би ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, хүүхэд маань 02-06 насны, эхнэр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, би хувиараа машин засварын газар ажиллуулж ахуй амьдралаа авч явдаг байсан. Одоо миний ард хөхүүл хүүхэдтэй орлогогүй эмэгтэй үлдсэн, би ар гэрээ ийм байдалд оруулсандаа харамсаж, шүүхээс надад дахин нэг боломж олговол хүн шиг амьдарч үр хүүхдийнхээ өмнө хариуцлагаа хүлээж, шударгаар амьдрах чин хүсэлтэй байгааг маань харгалзан үзнэ үү. Би 2009 онд машины осолд орж хүнд бэртэл авсан. Үүнээс хойш нийт 8 удаа хагалгаанд орсон, хөдөлмөрийн чадвар алдалт 79 хувиар хугацаагүй тогтоогдсон, одоо миний зүүн хөлний туялзуур яс 8 см байхгүй, зүүн талын эрүүний яс тэр чигтээ байхгүй, олон удаа төмөр эрүү суулгах хагалгаанд орсон боловч амжилтгүй болсон, цагдан хоригдож байх хугацаанд миний эрүүний гэмтэл сэдэрч бугласан тул эмч хугацаа алдахгүй нүүр засал гэмтэл согогийн эмнэлэгт хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэх санал хүсэлтээ хэлсэн. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний ард үлдсэн ар гэрийн байдал, мөн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан оногдуулсан хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарыг томилсон захирамж гаргасан боловч шүүгч Д.Ганзориг нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ шийдвэрлэсэн, шүүгч Л.Уянга нь хүүхэд асрах чөлөөтэй тул хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнгүй болж Сүхбаатар, Дорнод аймгийн шүүхээс шүүгч томилуулах тухай албан бичгийг явуулсан байдаг. Тус албан бичгийн дагуу Сүхбаатар, Дорнод аймгийн шүүхээс шүүгч Л.Батжаргал, Х.Санжидмаа нар томилогдсон тул Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилохдоо Б.Ө- нарт холбогдох 1839004560251 дугаартай хэрэгт шүүх бүрэлдэхүүн томилж, М.О, И.Н нарт холбогдох эрүүгийн 1839005090240 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Ийнхүү Б.Ө т холбогдох хэрэгт шүүх бүрэлдэхүүн томилсон захирамжаар М.О, И.Н нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэж тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан ноцтой зөрчил гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэх ёстой ба шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тэмдэглэл дээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны 12:00 цагт хохирогч Г.Ц, Г.О нарт зэрэг мэдэгдсэн талаар тэмдэглэсэн байх бөгөөд 2 хүнд нэг цаг хугацаанд зэрэг мэдэгдэх боломжгүй тул шүүх хуралдааны тов мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, хууль ёсны бичигдээгүй байна. Прокуророос М.О, И.Н нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа яллах дүгнэлтийнхээ тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байгаа нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу үйлдэгдээгүй байна. Мөрдөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор халдлагын объект болох бурхныг үнэлүүлэхдээ шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байна. Шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолтой Цэрэндэжид гэх шинжээч танилцаж үнэн зөв дүгнэлт гаргахаар гарын үсгээ зурсан байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг Цэрэндэжид, Боргилбаатар гэх хоёр шинжээч гаргаж, гарын үсэг зуржээ. Боргилбаатар гэх шинжээч яагаад үнэлгээ гаргах болсон, шинжээч томилсон тогтоолтой танилцаагүй байж дүгнэлт гаргах болсон зэрэг нь ойлгомжгүй, эргэлзээтэй байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангасан уу гэвэл мөн л эргэлзээтэй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар эд зүйлийн үнэлгээг хийхдээ заавал баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, түүний үндэслэлээ тусгах учиртай. Тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоохдоо ямар баримт, мэдээлэл, нотолгоонд үндэслэж 25,000,000 төгрөгөөр үнэлсэн нь байхгүй, ямар нэгэн баримт, нотолгоонд тулгуурлаж үнэлгээг тогтоогоогүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн бөгөөд тээврийн хэрэгслийн үнэлгээ нь бодитой биш гарсан гэж үзэх үндэслэл байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг зөрчиж байна. Мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан мөрдөгчийн шийдвэр гарч хэрэг прокурорын шатанд ирсэн байхад прокурор мөрдөгчөөр “ХААН” банкийг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгож мэдүүлэг авах зэргээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Прокурор мөрдөгчөөр нэмэлт ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэл байна гэж үзвэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж мөрдөгч прокурорын өгсөн үүргийн дагуу зохих ажиллагааг гүйцэтгэх ёстой. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах саналтай байна. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээж зөвшөөрч байгаа. Иймээс шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэн оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдсэн гээд байгаа асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй юм. Учир нь, бүрэлдэхүүн томилсон шүүгчийн захирамж нь өөр хэргийн утга агуулгатай боловч хэргийн дугаар, хэрэг шийдвэрлэсэн бүрэлдэхүүн нь зөв байдаг. Хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.О, И.Н, тэдгээрийн өмгөөлөгч С.Нарангэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн М.О, И.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны хэлбэрийг тодорхойлж баталгаажуулсан байдаг.

Энэхүү хуульчлагдсан хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд эрх бүхий этгээдээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх боловч зөрчил бүр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдоггүй.

Харин хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцож, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгодог билээ.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох тохиолдлуудыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн 1.1-д “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” гэж заасан байна.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Мөнхтулга нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Шүүх бүрэлдэхүүн өөрчлөн томилох тухай” захирамж гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Ө т холбогдох 1839004560251 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилжээ.

Дээрх нөхцөл байдал нь М.О, И.Н нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн томилогдоогүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд уг зөрчил нь дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдоно.

Иймд М.О, И.Н нарт холбогдох хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, уг тогтоолыг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан шүүгдэгч М.О, И.Н, тэдгээрийн өмгөөлөгч С.Нарангэрэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, М.О, И.Н нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол М.О, И.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН