Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2023/00707

 

 

 

 

 

 

 

 

2023 04 03 210/МА2023/00707

 

 

Л.Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00251 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Г ийн хариуцагч Х ХХК -д холбогдуулан гаргасан 42,083,790 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн зардал болох 130,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Л.Г намайг Худалдаа хөгжлийн банкны Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрээр нэг өдрийн цалин хөлсийг 130,695 төгрөг гэж тогтоосон. Хариуцагч Х ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд томилсон. Энэ хоорондох ажилгүй байсан хугацаа нь нийт 322 хоног х 130,695 = 42,083,790 төгрөг болж байгаа.

 

Иймээс ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилогдох өдрийг хүртэлх хугацааны олговрыг гаргуулахаар тус дүүргийн шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/Ш32022/00706 тоот захирамжаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү захирамж гарснаас хойш тус банкны хуулийн хэлтсийн ажилтнаас лавлахад манай байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн тул дахин нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандаж албадан гүйцэтгүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд гарсан зардал болох 130,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Л.Г ийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаартай шийдвэрээр Худалдаа, хөгжлийн банкны Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн бөгөөд тус банк нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тооцооллын хувьд буруу байгаа төдийгүй Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцагч биелүүлэх шаардлагагүй байна. Өөрөөр хэлбэл, тус банк нь шүүхийн шийдвэрийг нэгэнт биелүүлсэн бөгөөд хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул банк дундаж цалинтай тэнцэх олговор олгох үүрэг хүлээхгүй болно. 130,000 төгрөгийг олгосон эсэхийг мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн Худалдаа, хөгжлийн банкнаас 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны олговор болох 42,083,790 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК -аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 42,083,790 төгрөг, гэм хорын хохиролд 130,000 төгрөг, нийт 42,213,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Г т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Г ийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Л.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 372,919 төгрөгөөс нийт 368,369 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Л.Г т олгож, хариуцагч Х ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 369,018 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн томилсон бөгөөд тухайн үед 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан цалин хөлсийг олгосон. Нэхэмжлэгч ажилдаа орсноос хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговрыг мөн адил авах боломжтой болохыг мэдэж байсан боловч хариуцагч Худалдаа, хөгжлийн банканд хандан цалин, нөхөн олговрыг шаардаж хүсэлт гаргаж байгаагүй явсаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжилсэн. Гэтэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд авах цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах, нэхэмжлэх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болсон байтал шүүхээс гомдол гаргах хугацаа тогтоогоогүй гэж хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын дагуу төлөх олговрын хоногийг тооцоолоогүй. Нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааг нийт 322 ажлын хоногоор тооцож, дундаж цалинтай тэнцэх олговор болох 42,083,790.00 төгрөгийг нэхэмжилжээ. Гэтэл нэхэмжлэгчийн энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажиллах боломжтой хоногийг нийтээр амрах баярын өдөр, амралтын өдрийг хасч тооцон үзэхэд 319 хоног болж байсан бөгөөд хариуцагчаас энэ талаар хариу тайлбарт сарын ажлын хоногийг нэг бүрчлэн бичсэн байхад анхаарч авч үзээгүй шийдвэрлэсэн нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль болон 2005 оны Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын холбогдох шаардлагад нийцээгүй байна. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангахгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй. Шүүхээс хариуцагч Худалдаа, хөгжлийн банкнаас гаргаж өгсөн тус банкны 2019 оны хөдөлмөрийн дотоод журмын, Л.Г тай байгуулсан 2019 оны хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгч өөр байгууллагад ажиллах буюу банктай өрсөлдөхүйц үйл ажиллагаа явуулдаг байгууллагад давхар ажил эрхлэх тохиолдолд гэрээний ноцтой зөрчилд тооцогдож, ажиллуулахгүй байх буюу гэрээ цуцлагдах нөхцөл болохыг тусгасан болно. Гэтэл нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарсан байхад Тээвэр, хөгжлийн банканд 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд ажилласан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилдаа эгүүлэн тогтоосон буюу ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлсийг олгож, ажилласанд тооцох зохицуулалт бөгөөд өөр байгууллагад давхар хөдөлмөр эрхэлж байх хугацаанд цалин хөлс авч байсан бол энэ хуулийн зохицуулалтын үйлчлэл хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Худалдаа, хөгжлийн банк нэхэмжлэгч Тээвэр хөгжлийн банканд ажиллаж байх хугацаанд авсан нийт 12,565,495.35 төгрөгийн цалин хөлсийг олгох үндэслэл болохгүй. Гэвч шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн давхар ажил эрхлэлт юу болох, ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсан байхад давхар ажил эрхлэхийг хөдөлмөрийн харилцаанд зөвшөөрөх эсэх, ажилгүй байсан хугацаанд хамаарах олговрыг ажилдаа эгүүлэн авсан этгээд төлөх урьдчилсан нөхцөл Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт зааснаар хангагдах боломжтой эсэхийг нэг бүрчлэн дүгнээгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдахгүй байна. Түүнчлэн, хариуцагч Худалдаа, хөгжлийн банкны Хүний нөөцийн газраас Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 2021 оны 07 дугаар сард ажилд эгүүлэн авах нэхэмжлэгч Тээвэр, хөгжлийн банканд ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчээс ажилдаа эргэн орох талаар ажил олгогчид хэрхэн хандсан, хүсэл зоригоо хэрхэн илэрхийлж байсан талаар баримт байхгүй болно. Нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хяналтын шатны шүүхийн хуралдаанд сууж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд байсан бөгөөд нэгэнт өөр байгууллагад ажиллаж байхад хариуцагч ажилдаа эгүүлэн авахаар болвол тухайн байгууллагаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх ба энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 30 хүртэл хоног хүлээж, ажил олгогчийн шийдвэрийг авах, хэрэв тухайн хугацааг хүлээлгэлгүйгээр ажлаа орхин явахад Тээвэр, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын зөрчил болохоор байсан тул хариуцагч Худалдаа, хөгжлийн банкны буруугаас шалтгаалаагүй болохыг анхааран авч үзээгүй. Иймд дээрх үндэслэлээр Х ХХК , Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах үүргээ зөрчсөн, тухайн хугацаанд хамаарах цалин хөлсийг олгох үүрэгтэй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан гомдлыг бүхэлд үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Уг асуудал 2022 оны 01 дүгээр сард гарсан буюу тухайн үед ковидын нөхцөл байдалтай байсан. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нийтэд илэрхий үйл баримт гэж үзэн баримтыг хэрэгт аваагүй. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс ковидын нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргаж шуудангаар нэхэмжлэл авч байсан. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс Монгол Улс онц байдалд шилжсэн учраас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шуудангаар Л.Г нэхэмжлэлээ өгсөн. 01 дүгээр сарын 14-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байхад бидний 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн гомдлыг шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэнэ гэж хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. 3 шүүгчийн бүрэлдэхүүн гомдлыг шийдвэрлэсэн тогтоол хэрэгт авагдсан. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан. Тухайн үед ковидын нөхцөл байдалтай холбогдуулан шударгаар хүргүүлж байсан. Гомдол шийдвэрлэсэн шүүхийн тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа тайлбарлагдана. Шүүгчийн захирамжид заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу Сүхбаатар дүүргийн 3 талт хороонд хандсан. Х.А төлөөлөгчтэй болон хуулийн хэлтэстэй Л.Г холбогдож хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс одоогоор байгуулагдаагүй байна гэдэг хариу байсан учраас Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороо болон шүүхэд хандсан. Нэхэмжлэгч Л.Г ийг 2020 онд ажлаас халсан. 2020 оноос хойш өрх толгойлсон 2 хүүхэдтэй эмэгтэй, ажиллаж амьдрах, зээлээ төлөх ёстой. Энэ хооронд ажилгүй байлгасан атлаа өөр байгууллагад ажиллаж цалин авч, өөр байгууллага шүүхийн шийдвэр биелүүлээгүй учраас учирсан хохирлыг нөхөн төлөхгүй гэж тайлбарласан. Шүүхийн шийдвэр гарсан бол биелүүлэх үүрэг нь Х ХХК -д байгаа учраас гомдол үндэслэлгүй. Өрсөлдөгч байгууллагад ажилласан гэж тайлбарласан. Энэ нь байгууллагын дотоод журмын асуудал юм. Өөрөөр хэлбэл, Л.Г тухайн үед ажилгүй байсан. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ажилгүй байлгаж буцаан ажилд нь томилсон атлаа дахин дарамталж халсан болох нь Хүний эрхийн үндэсний комиссын хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Иргэн Л.Г хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалж, шүүхэд хандаж үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгосон атлаа дахин шүүхээр орж энэ хооронд ажилгүй байсан хугацааны мөнгийг нэхэмжлэхгүй 01 дүгээр сар хүртэл явсан гэхээр энэхүү ажилдаа ажиллах сонирхолтой байсан. Гэтэл тус ажилд нь ажиллах нөхцөл байдалгүй болгосон болохыг нэхэмжлэлд дурдсан. Үүнийг Хүний эрхийн үндэсний комиссын шаардлагаар нотлогдож байна. Иймд Л.Г хуулийн хугацаанд шүүхэд хандаж эрхээ хамгаалсан. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлагад бичсэн гомдол болон шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан асуудлууд Л.Г Х ХХК -тай шүүхэд хандсанаар ажил хийх боломжгүй байгаа нөхцөл байдлыг нотолно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Х ХХК -д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 42,083,790 төгрөг, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн зардалд 130,000 төгрөг, нийт 42,213,790 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Х ХХК -ийн Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б-20/144 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн, уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандсан ба түүнийг Буянт-Ухаа салбарын данс хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 14,376,340 төгрөг гаргуулж Л.Г т олговор гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1861 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2021/00723 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна. /хх9-13, 71-79, 80-87/

4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Х ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлж 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б-21/1954 дугаар тушаалаар Л.Г ийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Жуулчин салбарт данс хариуцсан ажилтнаар томилсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх40/

5. Нэхэмжлэгч Л.Г нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн томилсон 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нэхэмжлэгчийн эрхийн зөрчил арилаагүй тул энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхтэй талаархи шүүхийн дүгнэлт зөв байна.

6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01762 дугаар шийдвэрт Л.Г ийн 1 өдрийн дундаж цалин хөлсийг 130,695 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул дахин нотлохгүй. /хх-13/

7. Харин, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг анхан шатны шүүх тооцохдоо ажлын 322 хоногоор тооцож, олговор гаргуулсан нь буруу болжээ.

8. Иймд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 320 ажлын өдөр байх ба уг хоногийг 1 өдрийн цалин 130,695 төгрөгөөр тооцвол 41,822,400 төгрөг болох тул энэ дүнгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэлийн хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлт оруулах шаардлагатай.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Г болон хариуцагч Х ХХК -ийн хоорондын хөдөлмөрийн маргаан 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд үүссэн тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулиар талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн нь зөв байна.

10. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан бодитойгоор үнэлж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 130,000 төгрөг төлсөн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас хохиролд 130,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

11. Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан талаар шуудангийн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШЗ2022/00706 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, татгалзсан захирамжид гомдол гаргасан байдал зэргээс үзвэл гомдол гаргах хуульд заасан 3 сарын хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүйтул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өөр байгууллагад давхар хөдөлмөр эрхэлж байх хугацаанд цалин хөлс авч байсан бол энэ хуулийн зохицуулалтын үйлчлэл хамаарахгүй... гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч байгууллагын тушаал хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй, энэ эрхийн зөрчил үргэлжилж байгаа учраас өөр ажил эрхэлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

13. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 41,822,400 төгрөг, хохиролд 130,000 төгрөг, нийт 41,952,400 төгрөгийг хариуцагч Х ХХК -аас гаргуулж нэхэмжлэгч Л.Г т олгож, нэхэмжлэлээс 261,390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00251 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 42,213,790 гэснийг 41,952,400 гэж, ...гаргуулж... гэсний дараа ...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 261,390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 369,018 гэснийг 367,712 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,019 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН

 

[D1] 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 [D1]Саналгүй гаргаа