Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00716

 

Т-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/03647 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т-ын хариуцагч М-ны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэлийн З- ОНӨААТҮГ‑ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдуулан гаргасан 2013 оны 03 сараас 12 сар хүртэлх цалинд 14,400,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сараас 2021 оны 06 сар хүртэлх цалинд 57,362,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг, Б.Номин-Эрдэнэ, хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь 2005 оноос А- 1 дүгээр баазад жолоочоор ажиллаж байгаад 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр З- ОНӨААТҮГ‑ын А- 1 дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны даргаар сонгогдож, жолоочийн ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар хорооны даргаар 2017 онд улиран сонгогдож, 2021 оны 06 сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд миний цалинг Монголын тээвэр, холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 1,200,000 төгрөг байхаар тогтоосон. Мөн З- ОНӨААТҮГ-ын А- 1 дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид 800,000 төгрөгөөр баталсан. Гэсэн хэдий ч энэхүү баталсан цалингаа өгөхгүй байгаа бөгөөд гурван удаагийн ажил хаялт болсон. Манай хороо, захиргааны хооронд байгуулагдсан хамтын гэрээ байдаг, энэхүү гэрээнд 2014 онд нэмэлт өөрчлөлт орсон, энэ гэрээний үүргээ захиргаа биелүүлэхгүй байсан учир бид шүүхэд хандсан. Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс З- ОНӨААТҮГ-т холбогдуулж хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгах, сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгож, 496 гишүүний 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сар хүртэлх 9 сарын хугацааны татварт 23,884,206 төгрөг, 560 гишүүнд ногдох 27,553,849 төгрөг, нийт 51,438,055 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр манай байгууллагын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Харин Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар тогтоолоор 560 гишүүнд ногдох 27,553,849 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хороонд олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Улмаар 2017 оны 05 дугаар сарын 25-нд ажил хаялт болсон бөгөөд үүнээс хойш гишүүдийн татварыг татаж чадаагүй. Ингээд миний бие дахин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд З- ОНӨААТҮГ-т холбогдуулж жолоочийн ажлыг хорооны даргын ажилтай хавсран гүйцэтгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн. Тус хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1264 дүгээр магадлалаар эцэслэн шийдвэрлэж, намайг З- ОНӨААТҮГ-ын А- 1 дүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,174,304 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, жолоочийн ажил үүргийг хорооны даргын ажилтай хавсран гүйцэтгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Миний бие гишүүдийн татварыг татсан боловч үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан 2013 оны 3 сараас 12 сарыг хүртэл цалинд 14,400,000 төгрөг, 2017 оны 3 сараас 2021 оны 6 сар хүртэл цалинд 57,362,000 төгрөгийг авч чадаагүй. Иймд энэ хугацааны цалин хөлсийг хариуцагч нараас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Харин 2015 оны 06 сараас 10 сарыг хүртэлх цалин 4,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу авчсан учраас татгалзаж байна гэжээ.

 

2.Хариуцагч М-ны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тайлбар, татгалзлын агуулга: М-ны ажилтны ҮЭ‑үүдийн холбооны дүрмийн 2.4, 11.1‑д зааснаар З- ОНӨААТҮГ‑ын А- 1 дүгээр баазын ажилтны ҮЭ‑ийн хороо нь манай холбооны гишүүн байгууллага юм. Мөн дүрмийн 11.2, 11.3‑т зааснаар хороо бие даан үйл ажиллагаа явуулж, бүтэц зохион байгуулалт, орон тооны асуудлаа өөрсдөө шийдвэрлэж, даргаа орон тооны болон орон тооны бусаар ажиллуулах эсэхээ өөрсдөө шийдвэрлэдэг. Үүний дагуу З- ОНӨААТҮГ‑ын А- 1 дүгээр баазын ажилтны бүх гишүүдийн хурлаас ҮЭ‑ийн гишүүдийн олонхийн саналаар Т-ыг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгосон байна. Дээрх дүрмийн 12.5, 6.2‑т зааснаар бидний зүгээс хорооны үйл ажиллагааг дэмжих, арга зүй, мэргэжлийн удирдлагаар хангана, харин хорооны бүх гишүүдийн хуралд хөндлөнгөөс оролцох эрхгүй байдаг. Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7.1, 7.2, манай байгууллагын дүрмийн 15.2-т зааснаар үйлдвэрчний эвлэлүүд нь гишүүдийн татвар, хандиваас өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг. Т- нь өөрийн нэр дээр байх Голомт банкны дансаар дамжуулан гишүүдээс татвар хураан авсан байдаг. Манай байгууллагын дүрмийн 2.6‑д заасны дагуу Т- нь тухайн үед хураан авсан татвараасаа цалинжих ёстой юм. Манай байгууллагын зүгээс хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн, дүрэмд заасны дагуу цалинг баталгаажуулж өгснөөс бус, Т-ад цалин олгоно гэсэн үг биш юм. Иймд манай байгууллагын зүгээс Т-тай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгээгүй, мөн цалин олгох, шимтгэл төлөх үүрэгтэй эрх бүхий субъект биш, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Нийслэлийн З- ОНӨААТҮГ‑ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Т- нь үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа З- ОНӨААТҮГ‑ын А- нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны Голомт банкин дахь дансаар дамжуулан татвар авч байсан юм. Тус үйлдвэрчний эвлэлийн хороо нь М-ны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дүрмийн 2.6‑д зааснаар гишүүдийн татвараас цалинжих ёстой. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7.1, 7.2‑т зааснаар үйлдвэрчний эвлэлүүд нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллаж, гишүүдийн татвар, хандиваас эд хөрөнгө нь бүрдэнэ. Т- нь хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгээ хүлээлгэн өгч, хуучин ажилдаа орох хүсэлт гаргасны дагуу түүнийг ажлын байраар хангасан байдаг. Өөрөөр хэлбэл Т- нь хорооны орон тооны даргаар ажиллаж байх хугацаандаа гишүүдийн татвараас цалинжиж байсан нь харагдаж байна. Жишээлбэл, 2014 онд 25,853,616 төгрөг, 2015 онд 9,937,740 төгрөг, 2016 онд 17,984,000 төгрөг гэх мэтээр 2021 оныг хүртэл нийт 118,048,225 төгрөгийн татвар хураан авсан байна. Мөн Т- нь шүүхийн шийдвэрүүдийн дагуу татвар хураамжаа авсан, цалин хөлсөө авсан, жолоочийн ажилдаа эргэн орсноор хорооны даргын цалин хөлс авах боломжгүй болно. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 46 дугаар зүйлийн 46.2, 129 дугаар зүйлийн 129.1-д зааснаар М-ны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэлийн З- ОНӨААТҮГ‑ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороонд тус тус холбогдох 2013 оны 03 сараас 12 сарыг хүртэл цалинд 14,400,000 төгрөг, 2017 оны 03 сараас 2021 оны 06 сар хүртэл цалинд 57,362,000 төгрөг тус тус гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т- нь 2015 оны 06 сараас 10 сарыг хүртэл цалинд 4,000,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 60,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Т-ад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх намайг цалингаа авсан нь нийгмийн даатгалын лавлагаанаас харагдаж байна гэж буруу дүгнэсэн. Төрийн мэдээллийн сангаас гаргах, лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтад эрүүл мэнд нийгмийн даатгал хоёр байгууллагаас төлсөн байгаа. З- ОНӨААТҮГ А-ны гэж төлөгдсөн. М-ны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гишүүн байгууллагуудын татвар хандивыг хуримтлуулах үүргийг 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн 5.4-д, 4.2-т заасан ур чадварын 15 хувийн урамшуулал, 8.1-д заасан хоолны хөнгөлөлтийг шүүхийн шийдвэрээр ажил олгогч байгууллагаас шүүхийн шийдвэр магадлал тогтоолоор олгож, 2013 оны 03 сарын 02-ны өдрөөс эхлэн 2017 оны 3 сар хүртэл эрүүл мэнд, нийгмийн даатгал төлөгдсөн. Хариуцагч нар нь миний цалинг баталсан атлаа 2017 оны 03 дугаар сараас 2021 оны 06 сар хүртэл 57,362,000 төгрөгийн цалин олгоогүй, шимтгэл төлөөгүй. Энэ нь төрийн мэдээллийн сангаас гаргах лавлагаа тодорхойлтын нэгдсэн маягтаас тодорхойлтоор батлагдана. Шүүх үүнийг буруу дүгнэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа М-ны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга н.Болдсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний хорооны дарга Ц.Ариунбаатар Т- бид хуралдаж 2021 оны 06 сарын 17 өдрийн №15 тоот биелэлтийг хангуулах, Т- миний цалинг олгох асуудлыг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж хэлэлцсэн боловч миний цалинг олгохгүй гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд хугацаандаа нэхэмжлэл гаргасан ба хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байхад хэтэрсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гишүүн байгууллага болох Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний хороо. З- ОНӨААТҮГ-ын А-ны нэг дүгээр баазын ажилтны уйлдвэрчний хорооны өмнө үүрэг хүлээсэн Монголын тээвэр, холбоо, гарын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нь 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг 5.5-ыг биелүүлээгүй хэрэгжүүлэх ажлаа хийгээгүй, буруутай байна. З- ОНӨААТҮГ-ын А-ны нэг дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга тэргүүлэгчид Голомт банканд хандив татвараа гишүүдийн цуглуулсан боловч Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Ариунбаатар, байгууллагын дарга Г.Төмөрбаатар, Голомт банк-ны захирал нар үйлдвэрчний эвлэлийн хорооны дансыг хааж байгаад гишүүдийн татсан татварыг нь буцаан тараасан. Энэ бүгдээс болоод би үндсэн цалингаа авч чадаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан М-ны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь хороо, холбоо гэх тайлбараа ойлгохгүй байгаа бөгөөд үйлдвэрчний эвлэлийн хороо нь нэг байгууллагад ажиллаж буй ажилчид өөрсдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, бие даасан хуулийн этгээдийг байгуулдаг. Тухайн үйлдвэрчний эвлэлийн хороо нь үйл ажиллагаагаа бие даан чөлөөтэй явуулж, бүтэц зохион байгуулалтаа асуудлаа өөрсдөө шийдвэрлэдэг. Мөн үйлдвэрчний эвлэлийн хорооноос даргыг өөрсдөө дотроосоо сонгодог. Тухайн хорооны даргыг орон тооны даргаар сонгосон тохиолдолд хамтын шийдвэрээр хорооны орон тооны даргын цалинг тогтооно. Харин салбарын үйлдвэрчний эвлэлийн хороо нь байгууллагад байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн хорооны хүсэлтээр гишүүн байгууллагаар элсүүлдэг. Гишүүн байгууллагаар элсүүлэхийн тулд хамтын гэрээ, хэлэлцээ хийж, хуулийн зөвлөгөө өгч, хамтын үйл ажиллагаа явуулдаг. Т-ыг орон даргаар сонгож, түүний цалин хөлсийг тогтоодог харилцаанд оролцдоггүй. Манай холбоо нь Т-тай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал, шийдвэр гаргаагүй. Мөн Т-тай ямар ч хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй байх тул хөдөлмөрийн гэрээний үүргийг шаардах эрхгүй. Хөдөлмөрийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд зааснаар дуусгавар болсон. Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурал нь 2021 оны 06 дугаар сард болсон бөгөөд тухайн үед ажлыг хүлээлгэн өгөхдөө өөрийн цалин хөлсийг авч чадаагүй болохыг ойлгосон байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан Нийслэлийн З- ОНӨААТҮГ‑ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Манай байгууллагад 4 үйлдвэрчний эвлэлийн хороо байсан бөгөөд Т- нь зорчигч тээврийн үйлдвэрчний эвлэлийн хороо, А- нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан. Харин манай байгууллага нь тусдаа үйлдвэрчний эвлэлийн хороо байсан. Тухайн хороонууд нь нэг нэгнийхээ үйл ажиллагаанд оролцдоггүй, тус тусдаа бие даасан субъект бөгөөд талуудын хооронд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй учраас манай байгууллага цалин олгох субъект биш юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Т- нь хариуцагч М-ны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо /цаашид МТХГТАҮЭХ гэх/, Нийслэлийн З- ОНӨААТҮГ‑ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо /цаашид НЗТНАҮЭХ гэх/-нд холбогдуулан 2013 оны 03 сараас 12 сар хүртэлх цалинд 14,400,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сараас 2021 оны 06 сар хүртэлх цалинд 57,362,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Нэхэмжлэгч Т- нь А- нэг ОНӨҮГ-т жолоочоор ажиллаж байгаад 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдож, түүний нэг сарын цалинг 800,000 төгрөгөөр тогтоосон болох нь А- нэг ОНӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн болон тэргүүлэгчдийн хурлын тогтоол, МТХГТАҮЭХ-ны тэргүүлэгчдийн тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 7-9-р тал/

4.а.З- ОНӨААТҮГ-ын А- 1-р баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Т- нь үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар улиран сонгогдож, түүний нэг сарын үндсэн цалинг 1,200,000 төгрөгөөр баталсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /15-18-р тал/

 

4.б.Улмаар З- ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлын 6 дугаар тогтоолоор тус газрын харьяан дахь үйлдвэрчний эвлэлийн хороодыг татан буулгаж, ..., Т- нарыг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 53-р тал/. З- ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тооллогын комиссийн 3 дугаар тогтоолоор З- ОНӨААТҮГ-ын бүх ажилчдыг төлөөлөх үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Ц.Ариунбаатарыг сонгогдсонд тооцсон байна. /хх-ийн 57-р тал/

 

4.в.Нэхэмжлэгч Т- нь 2013 оны 03 сараас 12 сар хүртэлх хугацааны цалинд нийт 14,400,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгуулахаар шаардаж байх боловч уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

4.г.Учир нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дах хэсэгт зааснаар үйлдвэрчний эвлэлүүд нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллах бөгөөд эд хөрөнгө нь гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бусад эд юмсаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрчний эвлэлийн хорооны санхүүжилтийн эх үүсвэр нь гишүүдийн татвар, хураамж байна. Нэхэмжлэгч Т- нь үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байхдаа буюу 2016 онд гишүүдийн татвар, хураамжтай холбоотойгоор ажил олгогч байгууллага болох З- ОНӨААТҮГ-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

4.д.Дээрх маргааныг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар тогтоолоор ... 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 01 сар хүртэлх татвар нь ажил олгогч байгууллагын захиргаанд гишүүний татварыг суутгаж, шилжүүлэх үүрэг үүсээгүй байх хугацаанд хамаарч байна гэж дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтыг дахин нотлохгүй. /2хх-ийн 7-23-р тал/.

 

4.е.Мөн хөдөлмөр эрхэлсэнтэй холбоотойгоор цалин хөлс шаардах эрхийн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт 3 сар байхаар зохицуулсан. Нэхэмжлэгч Т-ын хувьд дээрх хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул 2013 оны 03 сараас 12 сар хүртэлх хугацааны цалинд нийт 14,400,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

5.Мөн 2017 оны 03 сараас 2021 оны 06 сар хүртэлх цалинд 57,362,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч Т- нь 2021 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд З- ОНӨААТҮГ-т холбогдуулан жолоочийн ажлыг үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргын ажилтай хавсран гүйцэтгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

5.а.Дээрх маргааныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1264 дүгээр магадлалаар эцэслэн шийдвэрлэж, магадлалаар ... Т- нь үндсэн сонгуульт ажлаасаа чөлөөлөгдсөн тул З- ОНӨААТҮГ-ын А- 1-р баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 6 сар хүртэлх цалинд 27,174,304 төгрөгийг З- ОНӨААТҮГ-аас гаргуулж, Т-ад олгуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 224-235-р тал/

 

Өөрөөр хэлбэл, дээрх магадлалаар Т-ыг жолоочийн ажил үүргийг үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны бус даргын ажилтай хавсран гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж, 2019 оны 06 сараас 2021 оны 6 сар хүртэлх цалинг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэсэн байх тул уг үйл баримтыг дахин нотлохгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

6.Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч нартай уулзалт хийхэд миний цалинг олгох боломжгүй гэх хариуг өгсөн. Уг хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэжээ.

 

6.а.Нэгдүгээр хавтаст хэргийн 156 дугаар талд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн уулзалтын тэмдэглэл авагдсан боловч тус уулзалт болсон өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргах агуулгатай буюу нэхэмжлэгч Т-ын хувьд олговол зохих цалинг олгоогүй нөхцөл байдлыг тухайн сардаа мэдсэн гэж үзнэ. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/03647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Г.ДАВААДОРЖ