Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00718

 

 

Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00249 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э-ын хариуцагч Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 99,720,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: С- нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барж, түүний төрсөн охин Э- нь түүний хууль ёсны өвлөгч болсон. С- нь Б-тай 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000 ам.долларыг сарын 2,5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дууссан боловч зээлдэгч үүргээ биелүүлээгүй. Улмаар 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч гэр бүлийн хамтаар осолд орж, эмнэлэгт хэвтсэн тул өвчтэй байсан хугацаагаар нь үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулсан. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тухайн зээлийн гэрээний үүргийг С-ийн төрсөн охин болох Э- шилжүүлэн авч, Б-гийн нөхөр А-тай 43,500 ам.долларын зээлийн гэрээг байгуулсан. Талийгаачийн хүүхдүүд нь өвийн талаар маргаантай байснаас шалтгаалан өвлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 07 дугаар сард авсны дараа шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа тул энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогссон. Хариуцагч нь гэрээнд заасан хугацааны дотор зээл, зээлийн хүүг төлөөгүй тул Б-гаас үндсэн зээл 20,000 ам.доллар, зээлийн хүү 1,000 ам.доллар, алданги 10,500 ам.доллар нийт 31,500 ам.доллар буюу 99,720,495 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Э-ын ээж С-тэй найз нөхрийн харилцаатай ахуй амьдрал, ажил төрлийн тал дээр нэг нэгнийгээ дэмжиж ойлгодог байсан. Миний бие гэр ахуйн 3 салбар дэлгүүр, барилгын материалын үйлдвэр болон шахмал түлшний үйлдвэр ажиллуулж байсан. Тэр үед С- гэр ахуйн барааны дэлгүүрийн бизнесийг чинь дэмжиж хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшүүлж, цалин өгч чамайг хүндрэлээс гаргахын тулд мөнгө өгъе гэсэн. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан компани байгуулаагүй тул хөрөнгө оруулалтын гэрээ байх ёстой үүнийгээ зээлийн гэрээгээр зохицуулъя гэхэд нь би надад тусалж байна гэж ойлгоод зөвшөөрсөн. 2012 оны 6 сард С- 20,000 ам.доллар өгсөн ба 2012 оны 8 сард “охин Э- уурлаад байна 20,000 ам.доллар дээрээ зээлийн гэрээ байгуулъя” гэсэн. Би гарын үсэг зураагүй. Сүүлд манай нөхөр А-тай хийсэн зээлийн гэрээний үүргээ хангуулахаар арбитрт хандсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-гаас 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 31,500 ам доллар буюу 99,720,495 төгрөг гаргуулах тухай Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656,553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлохдоо зээлийн гэрээ байгуулагдсан, үүргийн гүйцэтгэл шаардах эрх үүссэн, үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан хугацаа, үйл баримтыг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний уялдаа холбоог анхаараагүй, түүнчлэн иргэн Б.Нямжаргалын арбитрт өгсөн гэрчийн мэдүүлэг, түүний шүүхэд гаргасан тайлбар зэрэгт огт дүгнэлт хийгээгүйгээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүй, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байдлыг бодитоор тодорхойлоогүй. Нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй. С-, Б- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний шаардлага хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй ба энэ нь дараах байдлаар хангалттай, тодорхой нотлогдоно. Үүнд, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, мөн тасалдсан үйл баримтын тухайд гэрээ байгуулсан өдөр 2012 оны 08 дугаар сарын 06, шаардах эрх үүссэн өдөр 2012 оны 10 дугаар сарын 07, үүргийн гүйцэтгэл түр зогсох үндэслэл бүрдсэн өдөр 2015 оны 07 дугаар сарын 18, үүргийн гүйцэтгэл түр зогссонтой холбогдуулан гэрээг дүгнэсэн өдөр 2016 оны 02 дугаар сарын 01, үүргийн гүйцэтгэл түр зогссон нөхцөл байдалд уялдуулж шинээр тогтоосон үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31, үүрэг гүйцэтгэх хугацаа тасалдсан өдөр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болно. Талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зээлдүүлэгчийн шаардах эрх 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үүссэн ба зээлдэгч нь хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 2 сар 19 хоногийн өмнө буюу 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамт авто осолд орж, зээл төлөх хугацаа хойшлуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. Зээлдүүлэгч нь хариуцагчтай ойр дотно, гэр бүлийн найз байсны хувьд хариуцагч болон түүний гэр бүлд тохиолдсон гэнэтийн хүнд нөхцөл байдлыг ойлгон хүндэтгэн хүлээн авч, Б-г эдгэрч, биеэ тэнхрэх үедээ зээлийг буцаан төлөхийг зөвшөөрсөн байдаг. Энэ нөхцөл байдал удаан хугацаанд үргэлжилж, Б- зээлдүүлэгчид зээлийг хэзээ төлөх нь тодорхойгүй явсаар 2016 оны эхээр зээлдүүлэгчийн хагалгаа хийлгэсэн зүрх өвдөх нь ихсэж, бие нь сайнгүй байсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, гадаадаас эм тариа захиж авах шаардлагатай болсон. Ингээд Б-тай 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр холбогдож мөнгөө төлөх хэрэгтэй байгааг хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б-гийн биеийн байдал сайнгүй, гэртээ хэвтэн эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар тэрээр ирээгүй ба харин гэр бүлийн хүн болох нөхөр А- ирж зээлдүүлэгчтэй уулзсан байдаг. Энэ уулзалтаар А- нь тэдний гэр бүл авто осолд орсны улмаас хүнд хэцүү байгаа, зээлсэн мөнгөө төлж барагдуулах санхүүгийн боломж байхгүй байгаа тул 2016 ондоо багтааж мөнгөө, хүү, алдангийн хамт буцаан төлөх санал гаргасан. Зээлдүүлэгч уг саналыг хүлээн авсан ба талууд уг тохиролцоогоо баталгаажуулж гэрээ байгуулахаар болсон. Энэ үед зээлдүүлэгч нь биеийн байдал сайнгүй байсан тул зээлдүүлсэн мөнгөө буюу түүнийг шаардах эрхийг охиндоо шилжүүлэх хүсэлт илэрхийлсэн, нөгөө талаас Б- өвчний улмаас ирэх боломжгүй байгаа тул А- нь эхнэрийнхээ авсан зээл, хүү, алдангийг өөртөө шилжүүлэн авах хүсэлтээ тус тус илэрхийлсэн. Ийнхүү 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Э- болон А- нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байдаг. Энэхүү зээлийн гэрээгээр Б-д олгосон зээлийг хүү, алдангийн хамт буцаан төлж барагдуулах эцсийн хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байхаар тохиролцсон. (уг гэрээний 1.1 дэх заалт) гэж талууд ойлгож байсан. Эдгээр үйл баримт нь хариуцагч Б- нь 2015 оны 07 сарын 18-ны өдөр осолд орсноос хойш 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр түүний нөхөр А-, нэхэмжлэгч Д. Энхзул нар зээлийн гэрээ байгуулах үед тэрээр өвчтэй байсан буюу үүрэг гүйцэтгэх хугацаа түр зогссон нөхцөл байдал үргэлжилж байсан төдийгүй хэдийд уг байдал арилах нь тодорхойгүй байсан тул түүнийг үүрэг гүйцэтгэж эхлэх хугацааг 2016 оны 07 сарын 31-ний өдөр, харин эцсийн хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгон шинэчлэн тогтоосон болохын илрэл. Иймээс зээлдүүлэгч С-ээс зээлдэгч Б-гийн эсрэг гэрээний дагуу хэрэгжүүлэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түр зогсож, энэ өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг үлдсэн 2 сар 19 хоногоор үргэлжлүүлэн тооцвол энэ нь 2016 оны 10 сарын 19-ний өдөр дуусгавар болж байна. Гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон нөхцөл байдлын цаг хугацааг буруу тодорхойлж, зээлдэгчийн хэрэгжүүлэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлдэгч Б- нь эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрөө ирэх боломжгүй байсан тул 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нөхөр А-гаар дамжуулан 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч, биелүүлэх болохоо илэрхийлэн тухайн гэрээний үүргээ баталгаажуулж, төлөлт хийх хугацаанд өөрчлөлт оруулсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч С-ийн 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хэрэгжүүлэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь Б- 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үүргээ биелүүлэхээ илэрхийлж, үүнийг нь зээлдэгч хүлээн авсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, улмаар С-ийн хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр тоологдон 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болох байсныг шүүх огт анхаарч үзэлгүй, орхигдуулсан байна. Мөн хэрэгт цугларсан нотлох баримт болох иргэн Б.Нямжаргалын арбитрт өгсөн гэрчийн мэдүүлэг, шүүхэд гаргасан тайлбараар С- үүрэг гүйцэтгэхийг шаардаж байсан хариуцагч үүрэг гүйцэтгэхээ зөвшөөрч байсан талаарх үйл баримт тогтоогддог. Талийгаач С- Б-д зээлсэн мөнгөө авч, өөрийн эрүүл мэнддээ зарцуулах шаардлагатай байсан тул түүний араас байнга хөөцөлдөж, мөнгөө шаардаж байсан ба 2016 оны 08 сарын зуны ид халуун үед Б- болон өөр нэг хүнээс зээлсэн мөнгөө шаардах гэж явж байх үедээ цус харваж нас барсан байдаг. Өөрөөр хэлбэл талийгаач нь зээлийн гэрээний шаардлагаа 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тасралтгүй хэрэгжүүлж байсан юм. Бусдын эд хөрөнгө, мөнгийг авсан бол түүнийгээ буцаан төлж, үндэслэлгүй хөрөнгөжихгүй байх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч бүрийн үүрэг болно. Гэтэл хариуцагч нь зээлсэн мөнгөө төлөхгүй, элдэв янзын шалтаг тоочиж хугацаа хожиж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул мөнгө төлөхгүй гэж хандаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан. Хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шаардах эрх үүссэн. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө С-, Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа эхэлж, хөндөгддөг. Энэ зээлийн гэрээний шаардах эрх 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч буюу зээлдэгч Б- осолд орсноор хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж нэхэмжлэгч тал тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүх дээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргадаг. Учир нь зээлдэгч зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, регистрийн дугаараа бичиж байтал манай охин загнасан. Би зээлийн гэрээнд гарын үсэг зурахгүй. Би нөхөртэйгөө ярьж байж болно гэсэн тайлбарыг хэлсэн байдаг. Тиймээс хариуцагч зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үздэг. Гэтэл шүүх энэ маргааныг зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэдэг. Нэхэмжлэгч, хариуцагч гэр бүлийн найзууд байсан, эрүүл мэндийн шалтгаантай байсан ба 6 сар өвчтэй байсан гэх тайлбарыг гаргадаг. Хариуцагч өвчтэй байснаа нотолсон эмнэлгийн магадалгааг шүүхэд гаргаж өгсөн. Шаардах эрх зээлдүүлэгчид үүснэ. Нэхэмжлэгч тал шаардах эрхээ бичгээр илэрхийлэх ёстой байсан. Нэхэмжлэгч тал анхны зээлийн гэрээний шаардах эрх дууссан гэх боловч 2016 онд Э- ээжийнхээ зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлж авч, хариуцагч Б-гийн нөхөр А- зээлдэгч болсон гэж тайлбарладаг. Үүнийгээ эрх шилжүүлсэн гэрээ байгуулсан гэж гомдолд дурдаж байна. Эрх шилжүүлсэн гэрээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасны дагуу хэлбэрийн хувьд ижил байх ёстой. Гэтэл зээлийн гэрээний хэлбэр өөр болсон. Зээлийн гэрээний талаар Э- арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх хуралд С-, Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн талаар маргадаг. Энэ шаардах эрх нь арбитрын шүүхээр шийдвэрлэсэн нэхэмжлэлийн үргэлжлэл юм. Зээлийн гэрээний зүйл нь мөнгө, эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тодорхой хуульчилсан. Арбитр Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээр талуудын хооронд байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний шаардах эрхийн асуудлыг шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн талаар өөр өөрөөр тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, өвлөх эрхээ 2022 онд шилжүүлэн авсан гэдэг. Шаардах эрх шилжүүлэн авах өөр, өвлөх эрх нэг өөр асуудал юм. Хэрвээ өвлөн авах эрхээ шилжүүлж байвал өөр эрх зүйн дүгнэлт хийх шаардлага үүснэ. Дүүтэйгээ өвлөх эрхийн талаар маргаантай байсан учраас 2022 онд өвлөх эрх үүссэн гэж гэдэг. 2012 онд байгуулсан зээлийн гэрээ өвлөх эрхийн талаар ярьдаг. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч хариуцагчтай утсаар ярьж гэрээний үүргээ шаардсан гэдэг боловч энэ талаар нотлох баримт байдаггүй. 2012 онд зээлийн гэрээ байгуулах гэж талууд нэг удаа уулзсан. 2016 онд Б-г дуудсан. Тэр үед Б- эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас нөхөр А- нь очиж уулзсан. Эрх шилжихийг үүрэг гүйцэтгэгч заавал мэдэх ёстой. А-д үүрэг үүснэ. Тиймээс зээлийн гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Э- нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 99,720,495 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Б- нь миний ээж С-тэй 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000 ам.долларыг, хоёр сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлсэн, хууль ёсны өвлөгчийн хувьд зээлийн гэрээний үүргийг шаардана” гэсэн агуулгаар тодорхойлсон.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “талийгаач С-тэй найз нөхдийн дотно харилцаатай, бие, биенийхээ ажил амьдралд тусалж, олон зүйл дээр хамтран ажилладаг байсан, миний бие С-ийн ажиллуулдаг хүнсний дэлгүүрт хоёр сар гаруй хугацаанд цалин хөлсгүй ажиллаж, тайлан тооцоо, нягтлан бодох бүртгэлийг сайжруулахад нь тусалсан, 20,000 ам.долларыг зээлийн гэрээний дагуу аваагүй” гэж тайлбарлажээ. /хх-ийн 29-31-р тал/

 

4.Анхан шатны шүүх С-, Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн зээлийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

4.а.Хариуцагч Б- нь дээрх 20,000 ам.долларыг зээлийн гэрээний дагуу аваагүй, харин найз нөхдийн дотно харилцааны үндсэн дээр хамтын ажиллагааны хүрээнд авсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй.

 

4.б.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйл 282.3 дах хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах журамтай.

 

4.в.Нэхэмжлэгч нь хэргийн 9 дүгээр талд авагдсан 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтыг үндэслэн мөнгөн хөрөнгийг шаардаж байх боловч тус гэрээнд хариуцагч Б- гарын үсэг зураагүй байна. Хариуцагч Б-гийн хувьд С-ээс 2012 онд 20,000 ам.доллар авсан нөхцөл байдлыг үгүйсгээгүй боловч зээлийн гэрээний дагуу аваагүй гэж тайлбарладаг. Иймд зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн, С-, Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.    

 

4.г.Иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хүрээнд дүгнэлт хийнэ. Нэгэнт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б-гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 99,720,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4.д.Зээлийн гэрээний үүрэг үүсээгүй тул гэрээний үүрэг шаардах эрхийг хэрэгжүүлэх тухай Иргэний хуулийн 75 дугаар зүйлйн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлт хийхгүй юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

4.е.Талийгаач С-ээс хариуцагч Б-д өөр үндэслэлээр мөнгөн хөрөнгө хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор түүний өвлөгчөөс шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно. 

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00249 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар ...” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656,553 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                        Э.ЗОЛЗАЯА

                                                                                             Г.ДАВААДОРЖ