Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00622

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг  даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/00663 дугаар шийдвэртэй

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12  сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/03560 дугаар захирамжаар “А” ХХК-аас 1,325,186,090 төгрөг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж компанийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн чөлөө 0 дүгээр байрны 00 тоотод байрлах 000,0 м.кв талбайтай 6 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авч 1,045,100,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ талаар  надад мэдэгдэлгүйгээр 2022 оны 10 сарын 28-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон байна.

Компанийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 1,045,100,000 төгрөгөөр үнэлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргасан. Иймд орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 3560 дугаар захирамжаар “А” ХХК-аас 1,325,186,090 төгрөг гаргуулж “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулах тухай 2020 оны 05 сарын 12-ны өдөр мэдэгдсэн ба төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “А” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж 0 дүгээр байрны 00 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, орон сууцны зориулалттай үг хөдлөх хөрөнгийг 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 20380382/7 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 20380387/8 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, талуудаас үнийн санал авахад “А” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө 1,156,000,000 төгрөгөөр үнэлж төлбөр авагч “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-аас хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан.

Шинжээчээр “Б ” ХХК-ийн шинжээч *.* 2022 оны 03 сарын 24-нд дээрх үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээг 1,045,100,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээний болон дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад гардуулан тэмдэглэл хөтөлж 2022 оны 03 сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол мэдэгдлийг хүргүүлэхэд бие даан худалдан борлуулах тухай хүсэлтийг ирүүлж 2022 оны 06 сарын 10-ны өдөр оруулах болсон тухай тогтоол, мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан боловч төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу 2023 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл дуудлага худалдааг хойшлуулсан.

Төлбөр авагчийн дуудлага худалдаа хойшлуулах хүсэлтийн хугацаа дуусмагц 2022 оны 10 сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул 2022 оны 11 сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан боловч шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж ирсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

   

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 5-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, 00-р байр, 00 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлтийн Ү-00000 дүгээрт бүртгэгдсэн, 000,0 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх хариуцагчийн хариу тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтыг  тал бүрээс нь үнэлээгүй. Учир нь хариуцагч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэх тайлбар нь илтэд үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийсэн талаараа хариу тайлбартаа тодорхой бичсэн байна.

Ийнхүү уг хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу 6 cap хүртэлх хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах хүсэлт гаргах ёстой байна. Гэвч төлбөр авагчийн зүгээс ийм хүсэлтийг гаргаагүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 67.4 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулах ёстой байсан боловч энэ ажиллагааг хийж гүйцэтгээгүй.

Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг хүрээгээр хязгаарлахгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан боловч хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/03560 дугаар захирамжаар “А” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэн санд 1,325,186,090 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2019 оны 12 сарын 20-ны өдөр 50,186,090 төгрөг, 2020 оны 01 сарын 20-ны өдөр 425,000,000 төгрөг, мөн оны 02 сарын 20-ны өдөр 425,000,000 төгрөг,  03 сарын 20-ны өдөр 425,000,000 төгрөг тус тус төлж, хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд тус компанийн өмчлөлийн, эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол Чингисийн өргөн чөлөө 0 дүгээр байрны 00 тоотод байрлах 000,0 м.кв талбайтай 6 өрөө орон сууц, *.*ын өмчлөлийн, эд хөрөнгийн улсын бүртгэлимйн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 0 дүгээр байрны 0 тоотод байрлах **.** м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх8-9/

 

3.1. Уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх баримтын үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэсэн, барьцааны зүйл болох 6 өрөө орон сууцыг 2021 оны 11 сарын 22-ны өдөр битүүмжилж, 2022 оны 02 сарын 28ны өдөр хураан авсан, талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

3.2. Хариуцагч байгууллагаас талуудад төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд төлбөр төлөгч “А” ХХК 1,156,000,000 төгрөгийн санал ирүүлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй бөгөөд шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх69, 70/

 

Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 3/62 дугаар тогтоолоор “Б ” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасантай нийцсэн байна.

 

4. Шинжээч “Б ” ХХК нь 2022 оны 03 сарын 24-ний өдөр үнэлгээний тайлан гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 1,045,100,000 төгрөг гэж үнэлсэн, уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 03 сарын 25-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч “А” ХХК, тус компанийн захирал *.* болон төлбөр авагч “Жижиг дунд үйлдвэрийн газарт” тус тус мэдэгджээ.

 

4.1. Төлбөр төлөгчийн өмчлөлийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал нь шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн үнээс бага байхад уг үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Түүнчлэн “А” ХХК нь 2022 оны 04 сарын 06-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцааны орон сууцыг өөрсдөө худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэн өргөдлийг гаргаж байсан тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдлийг хүргүүлсэн гэж дүгнэлээ.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцсэн тул нэхэмжлэгч “А” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдээгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

 

4.2. Нэхэмжлэгч “А” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор буюу 2022 оны 03 сарын 25-ны өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2022 оны 12 сарын 27-ны өдөр гомдол гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч “А” ХХК нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах хүсэлтийг төлбөр авагч гаргаагүй тул холбогдох ажиллагааг явуулах ёстой байсан гэх гомдлыг хянах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/00663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

                 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                      ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ