Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 552

 

Б.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч С.Айгүл, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар магадлалтай, Б.Э-т холбогдох 2039001590100 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболдын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Э.

Б.Э- нь 2020 оны 3 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 14 дүгээр гудамжны 04 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар өөрийн гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай этгээд болох эхнэр С.Айсэулег онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 15 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлхээр шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 9.708.520 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Айгүлд олгож шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч  Т.Ариунболдын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл хэлсэн саналдаа “... талийгаачийн биед 34 тооны гэмтэл учирсан байсан. Гэмт үйлдлийг харахад бага насны 8 настай, 4 настай хоёр хүүхэд нь хараад зогсож байсан. Энэ байдлаас шалтгаалж хоёр хүүхэд нь сэтгэцийн өвчтэй болсон бөгөөд эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Эмчийн дүгнэлт, бусад баримтууд хэрэгт авагдсан. Тухайн үед шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр Э.Нүргүл нь мэдүүлэг өгөх чадвартай болох нь тогтоогдсон. Харин Б.Энхчимэг, Э.Эрдэнэцэцэг нар нь Б.Э-ын төрсөн ээж, дүү нар нь бөгөөд хэргийн талаар буюу болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн гэрч нар юм. Тийм учир заавал өмгөөлөгч оролцуулах хуулийн үндэслэл болохгүй учир хууль зөрчөөгүй байна гэж үздэг. Мэдүүлэг авахдаа Б.Э-тай төрөл садангийн холбоотой юу, холбоотой бол мэдүүлэг өгөх үү гэж асуухад мэдүүлэг өгнө гэдэг байдлаар мэдүүлсэн учир хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Эмчийг ирэхэд талийгаачийн амьсгал зогсонги байдалтай байсан. Зүрхийг дэмжих эмчилгээ хийсэн боловч нас барсан. Хэрэгт авагдсан баримтаар бусдыг санаатай алсан гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогчийн хувьд Б.Э-т хүч хэрэглэсэн, заналхийлсэн, хүндээр доромжилсон нөхцөл байдал тогтоогдоогүй учир сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах үйлдэл болоогүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хэрхэн зодсон, өшиглөсөн талаараа мэдүүлсэн байдаг. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан болох нь нотлогдсон гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Хохирогч талаас маш их гомдолтой. Учир нь насанд хүрээгүй хоёр хүүхэд нь талийгаачийн ар гэрт амьдардаг. Эмнэлэгт хэвтэх эмчилгээний бүхий зардлыг талийгаачийн настай ээж гаргасан. Ийм нөхцөл байдал бий болсон байхад Б.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Талийгаач өөр хүнтэй эр, эмийн харилцаатай байсан, намайг доромжилж ийм байдалд оруулсан гэдэг байдлаар хэргээ хүлээхгүй гомдол гаргаад явж байгаад нь ар гэр нь гомдолтой байгаа. Өнөөдрийн байдлаар оршуулгын зардал төлөөгүй. Анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй 15 жил хорих бага ял оногдуулсан гэж хохирогчийн зүгээс үзэж байна” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Б.Э- нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Харин үхлийн шалтгаан нь тухайн хүний хацар яснаас гарсан цусанд хахаж нас барсан гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. Талийгаач нь татаж унадаг өвчтэй байсан болох нь түүний ойр дотны хүмүүс мэддэг байсан. Энэ талаар прокурорт удаа дараа хүсэлт гаргасан, гэрч нарыг тэнцвэртэй байдлаар асууя гэсэн боловч хүсэлтийг хангаагүй. Тухайн үед татаж унадаг өвчтэй хүн бол хариу үйлдэл хийх боломжгүй байсан учир хахаж нас барсан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад түүний өвчний түүхтэй холбоотой байдлыг нарийвчлан шалгаагүй. Зөвхөн эмнэлэгт хэвтэж байсан түүхийг үзсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар талийгаачийн татаж унадаг өвчний талаар нарийн тогтоох шаардлагатай байсан. Дуудлагаар очсон эмчээс амь насыг аврах боломжтой байсан эсэх талаар тодруулсан. Гэтэл Эрүүл мэндийн яамны мэргэжлийн хариуцлагын зөвлөлөөр дүгнэлт гаргуулах ёстой байсан. Хоолойд тээглэсэн зүйлийг мэргэжлийн эмч хатгуураар гаргаж, уушги дахь агаарыг чөлөөлж амь насыг нь аврах боломжтой байдаг. Эмчийн ур чадварыг шалгаж тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллага тогтоож, дүгнэлт гаргах ёстой байсан. Тухайн үед Б.Э- нь талийгаачтай гэр бүлийн хардалтын улмаас маргалдсан бөгөөд цааш хэрүүл, зодоон болсон. Энэ явцад талийгаач өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай байсан талаар хэлэхэд Б.Э-ын сэтгэл санаа цочрон давчдах байдалтай болсон бөгөөд тухайн үеийн зодсон асуудлыг санадаггүй. Нэг мэдэхэд талийгаач шалан дээр унасан байсан, би татаж унасан юм болов уу гээд түүнийг сэхээх гэж оролдсон боловч эмч нар орж ирээд би нөгөө гэр рүү орсон мэдүүлгийг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд анх мэдүүлэг товч өгсөн. Дахиж мэдүүлэг авах хүсэлтийг гаргасан боловч прокурор хангаагүй. Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 тогтоолоор санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг тайлбарласан байдаг ба уг тайлбарт “Хүндээр доромжлох” гэсэн ойлголтыг “Нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдлийг хэлнэ. Энэ нь хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, гадна төрөх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр гутаасан зэргээр илэрнэ” гэсэн байдаг. Мөн прокуророос шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар “онц харгис хэрцгийгээр алах” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх уг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж түүнийг гэм буруутайд тооцсон. Улсын Дээд шүүхийн 2018 оны 564 дугаартай тогтоолоор тайлбарласан “Хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх ба эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой” гэж тайлбарласан. Гэр бүлийн маргаан буюу эр, эмийн хардалтын улмаас болж зодсон үйлдэл нь өөрөө хүндрүүлж үзэх боломжгүй. Түүнд учирсан гэмтэл нь хөнгөн, хүндэвтэр байгаа нь тус ойлголттой уялдаатай байна. Мөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэдэг нь мөн нотлогдоогүй байхад хүндрүүлэн зүйлчилсэн байна. Улсын Дээд шүүхийн 2019 оны 448 дугаар тогтоолоор “... Хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын хүмүүсийн төрөл садангийн хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ” гэж тайлбарласан байна. Тэгвэл байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь Улсын Дээл шүүхийн 2019 506 дугаартай тогтоолоор “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу 3 ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардана” гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан гэрч Ариунчимэгийн мэдүүлэг “...  С.Айсэулей нь ажлаас чөлөө авахаар нь очиж шалгахад нүд хөхөрсөн нөхөр хардаад цохисон” гэж мэдүүлсэн байдаг ба энэ нь дан ганц Б.Э- эхнэрээ цохиж байсныг нотлох баримт болохгүй, учир нь Б.Э- шүүхэд өгсөн мэдүүлэгт “... эхнэр С.Айсэулей нь 2019 оны 06 дугаар сард хөдөөнөөс оройтож ирэхдээ нүд хөх эрээн болсон байсан, найз нартайгаа шоудаж байгаад эхнэр, нөхрийн зодооны голд ороод цохиулсан гэдэг бөгөөд н.Ариунчимэгийн мэдүүлгийг тодруулах хүсэлтийг прокурорт гаргасан боловч хангаагүй. Мөн н.Ононбаяртай болсон маргааны үүднээс талийгаач нь машины хаалганд духаа мөргүүлсэн байсан асуудлыг тухайн өөрийгөө мэдэх чадваргүй байсан түүнээс мэдүүлэг авсан. Харин энэ асуудлын талаар н.Ононбаярын эхнэр Пүүжээгээс мэдүүлэг авах ёстой байсан. Бусад гэрч нараас мэдүүлэг авч байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гурав ба түүнээс удаа зодсон гэдэг асуудлыг тогтоох ёстой. Насанд хүрээгүй хохирогч Э.Нүргүлээс мэдүүлэг авахдаа гэр бүлийн гишүүд, эцэг, эх эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, энэхүү эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан онцгой сувернитив эрх бөгөөд насанд хүрээгүй 8 настай хохирогч Э.Нүргүл энэхүү эрхийг эдлэх, эцэг, эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хууль зүйн ач холбогдлыг ойлгох чадваргүй байхад мөрдөгчөөс хууль ёсны төлөөлөгчийг байлцуулан, дараа нь өмгөөлөгч оролцуулан 2 удаа мэдүүлэг авч, түүнээс эцгийнх нь эсрэг мэдүүлэг авч, гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг танилцуулж, эцэг Б.Э-ын эсрэг мэдүүлэг нь авсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болно. Тухайн үед гэмт хэрэг гарах үед аав нь зодож нас барсан гэдэг байдалд орсон Шар хадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийх чадваргүй хүнээс мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.4-д заасан өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож мэдүүлэх чадавхгүй болсон гэрч, хохирогчийн мэдүүлэг шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Эдгээр байдлыг шүүх харгалзан үзэж, харьцуулж дүгнээгүй. Мөн Гэрч Б.Энхчимэг, Э.Эрдэнэцэцэг нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг танилцуулж гарын үсэг зуруулсан хэрнээ, мэдүүлэг эхлэхэд тэмдэглэлээр өөрийн төрсөн хүүхэд, төрсөн ахын эсрэг мэдүүлэг өгөхгүй байхыг эрхийг тайлбарлаад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг тайлбарлаж тэмдэглэлд тусгаагүй нь тэдгээрийн хууль ёсны эрхийг зөрчиж, гэр бүл төрөл садангийнх нь эсрэг мэдүүлэг өгөхгүй эрхийг нь зөрчсөн, мөн гэрчийн онцгой тохиолдолд өмгөөлөгчөөр хангагдах эрхийг нь тайлбарлаж мэдүүлэг аваагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1, 2.3-т зааснаар насанд хүрээгүй хохирогч Э.Нүргүл, гэрч Б.Энхчимэг, Э.Эрдэнэцэцэг мэдүүлгийг дээрх үндэслэлээр нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтэй тул нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар “хүнийг санаатай” алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Б.Э-т холбогдох хэргийн хохирогч С.Айсэулейгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хамар ясны хугарал, өвчүү, зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, баруун чих, биеийн бүсэлхийнээс дээших бүх хэсгүүдэд хөхрөл няцрал үүссэн байна. Энэ нь шинэ гэмтлүүд байна, талийгаачид архаг хууч өвчин тогтоогдоогүй. Цусаар бөглөрч, амьсгал бүтэлтийн улмаас нас барсан гэж дүгнэлт гарсан. Шинжээч анхан шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлтийн талаар тайлбарласан байгаа. Хохирогчийн хувьд 2012 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн 7 настай охин, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн 2 хүүхэдтэй. Б.Э- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэртээ олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөж шаналган, бага насны хоёр хүүхдийн дэргэд хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироосон буюу онц харгис хэрцгий аргаар алсан. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг хохироосон нөхцөл байдал нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Э-ын үйлдэл, хохирогчийн хамар ясны хугарал гэмтлийн улмаас амьсгалын зам цусаар бөглөрч амьсгал бүтэлтийн улмаас нас барсантай шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э- нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 22-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөр хаан дулаан 14 дүгээр гудамжны 4 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр С.Айсэулег зодож, онц харгис хэрцгий аргаар алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар шалган тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний үр дагавар, хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна.

Шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийг зөв зүйлчилжээ.

Гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр С.Айсэулег урьд нь удаа дараа зодож байсан явдлыг эр, эмийн таарамжгүй харилцаа буюу хардалтын улмаас гэж дүгнэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинж нь гэмт этгээдийн догшин балмад зан авир, түүний илрэл тарчлаан зовоосон харгис хэрцгий нэг болон хэд хэдэн удаагийн үйлдлийн аль аль нь хамаарна. 

Мөн зүйлд заасан “онц харгис хэрцгий арга” гэдэгт хохирогчийг алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл учруулж өвтгөж шаналгасан, тарчилган зовоосон, гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдлыг зориуд бий болгосон, тарчилгах зорилгоор зориуд тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотных нь хүмүүсийн дэргэд тухайн үйлдлээ гүйцэтгэсэн зэргийг харгалзан зүйлчилдэг болно. 

Өөрийн 5-7 настай хоёр хүүхдийн нүдэн дээр ээжийг нь зодож “... үснээс нь зулгаан хувцасны шүүгээ, ширээ, гэрийн багана, хана, газар мөргүүлж, гутлаа өмсөж байгаад ам хамар рүү нь өшиглөж, гараараа хамар руу цохиж”, улмаар “хоолойг нь хэрчинэ гэж дайрч, хэрчихээ болилоо шатаана гээд дугуйны хаймар оруулж ирээд чүдэнз зурах гээд байсан”, “... ээж гэрийн баруун талд нүүр, ам нь тэр чигээрээ цус болчихсон, ямар ч цэвэр газар байхгүй болсон байсан”, “... ээжийг ажлаасаа хоцроод ирэхээр яасан уддаг юм бэ гээд зоддог, алгадаж зодож байсан”, “эрэгтэй хүнтэй утсаар ярихаар удаан ярилаа гээд зоддог” гэж гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаар болон эцэг, эхийнхээ харилцааны талаар мэдүүлсэн бага насны хүүхдүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн төрсөн эх, дүү нарын болон бусад гэрч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтаар давхар батлагдаж нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, үгүйсгэн няцаах үндэслэлгүй байна.

Тухайн гэмт хэргийн улмаас бага насны хүүхдүүд сэтгэцийн эмгэгтэй болсон нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь согтуугаар амь хохирогчийг гар, хөлөөрөө болон гутлаа өмсөж байгаад өшиглөн зодож “хамар ясны бяцарсан хугарал, өвчүү, зүүн 3, баруун 4, 5 дугаар хавирганы хугарал, баруун чихний хөндий үүдэвч хэсэгт язарсан шарх, дух, хамрын орой, зүүн талын чамархай, зулайн ар, хажуу хэсэг, хацар, шанаа, чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун, зүүн чихний дэлбэн, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай, баруун эгэм, суганы урд шугамаар зүүн 5 дугаар хавирганы түвшинд, баруун сарвууны гадна 4, 5 дугаар хурууны угт цус хуралт, баруун, зүүн чамархай, хацар, уруулын дээд, доод хэсэг, хүзүүний баруун дээд хэсэг, баруун чихний омог, зүүн чихний дэлбэн, хэвлийн доод хэсэг умдаг ясны зүүн дээд хэсэгт зулгаралт, зулайн зүүн дээд хэсгийн үсний халцралт” бүхий олон тооны гэмтэл учруулсан нь мөрдөн байцаалтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар тогтоогдсон гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

Амь хохирогч нь амьсгал бүтэлтийн улмаас буюу хамар ясны бяцарсан хугарал, хамрын хөндий, салстын гэмтлээс алдсан цус хохирогчийн амьсгалын дээд замыг бөглөж нас барсан байх бөгөөд энэхүү хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойг тогтоосон шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж няцаасан баримт сэлт  мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нь эргэлзээгүй нотлогдсон ба шүүгдэгчээс өөр хэн нэгэн этгээд тухай гэмтлийг учруулсан, эсхүл шүүгдэгчийн учруулсан гэмтлээс өөр учир шалтгаанаар хохирогч нас барсан гэж үзэх үндэслэл, нотлох баримт хэрэгт байхгүй болно.

Иймд “... талийгаач нь хүнд гэмтэл авч нас бараагүй, хацар ясны бэртлээс цусанд бөглөрч нас барсан, шинжээч С.Айсэулейд учирсан гэмтлийг хөнгөн, хүндэвтэр гэж тогтоосон. Эмчийг ирэхэд амьд байсан, амь насыг аврах боломжтой байсан эсэхийг шалгаагүй, эхнэр нь өөр хүнтэй эр, эмийн харилцаатай байсныг сонсоод сэтгэл санаа нь цочрон давчдаж гэмт хэрэг үйлдсэн тул зүйл анги, ялыг хөнгөрүүлэх тухай” шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн бага насны хүүхдүүд болон шүүгдэгчийн төрсөн эх, дүү нарыг гэрчээр дуудаж мэдүүлэг авахдаа Үндсэн хуульд заасан эрхийг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг нь эдлүүлсэн байх тул тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН