Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 23

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч М.Сансарсайхан, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос З овогт С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 02879 0715 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З овогт С.Б, Монгол Улсын иргэн, Увс аймагт ..... өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ....... гэх газар оршин суудаг, .... регистрийн дугаартай, урьд:

- Увс аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, хорих ялын хугацааг хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 5 жил 6 сараар тогтоож, 2006 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар түүний эдлэх ялаас 3 жилийг өршөөн хасаж, 2007 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Увс аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хорих ялаас 2 жил 1 cap 12 хоногийн өмнө тэнсэн суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 164-12 тоотод байрлах Н.Т-ын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч “Panasonic” загварын 32 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч З овогт С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 164-12 тоотод байрлах Н.Т-ын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн зүүн хойд ханыг амаар нь задалж, хууль бусаар нэвтрэн орж, 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Panasonic” загварын 32 инч хэмжээтэй LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч явсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч С.Б-гийн шүүх хуралдаанд гаргасан: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хотод ирсэн бөгөөд мэс засалд орж, өрөөсөн бөөрөө авхуулсан тул надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...манай эхнэр өглөө 8 цагт ажилдаа явсан, дараа нь би 9 цагт ажилдаа явсан. Эхнэр ажлаа тараад 15 цагт гэртээ ирсэн чинь гэрт байсан “Panasonic” загварын 32 инчийн LCD зурагт алдагдсан байсан гэсэн. Бид гэрийнхээ болон хашааны хаалгаа цоожлоод гарсан байсан. Намайг гэрт очиход гэрийн зүүн хойд талын ханыг салгаж орсон байсан. Тэгээд би цагдаад хандсан юм. Бид хулгайд алдсан зурагтаа дүүгээсээ 150,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27 дүгээр хуудас);

3. Гэрч Д.Пүрэвцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...би зурагтаа 2017 онд  дүү Цэнджаваас 150,000 төгрөгөөр худалдаж авсан. Би өдөр 03 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд хаалганы цоож бүтэн гэрийн баруун хойд хэсгийн ханыг хугалчихсан, гэрээс зурагт алдагдсан байсан тул би нөхөр лүүгээ утасдаж хэлсэн юм...“ гэсэн мэдүүлэг (хх- ийн 18-19 дүгээр хуудас);

4. Шүүгдэгч С.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...би 2018 оны 6 сард 5 шарын “гал команд”-ын ойролцоо хог түүгээд явж байтал нэг айлын хашааны хаалга онгорхой байхаар нь хашаа руу орж харахад хаалга нь цоожтой гэр байсан. Тэгээд би гэрийн ар талын ханыг нь салгаж ороод зурагт аваад гарсан...” гэсэн мэдүүлэг ( 31-32 дугаар хуудас),

5. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 03-06 дугаар хуудас);

6. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 17 дугаар хуудас);

7. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “32 инчийн Panasonic загварын зурагтыг 150,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 15-16 дугаар хуудас);

8. Шүүгдэгч С.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд хоёр удаа ял шийтгүүлсэн талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37-38 дугаар хуудас);

9. Өвөрхангай аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 113 дугаартай “Хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжийн баталгаажсан хуулбар (хх-ийн 49 дүгээр хуудас) зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Б хулгайлсан зурагтаа захиран зарцуулж амжилгүй цагдаагийн алба хаагчид баригдсан боловч хашаанаас гараад гудамж тойрч, төв зам руу орж байсан буюу захиран зарцуулах бодит боломж бий болсон байсан учир хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн нэг хэсэг болох хууль тогтоогчийн хуульчилсан тайлбар (authentic) ёсоор хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн тохиолдолд хохирлын хэр хэмжээ хамаарахгүй бөгөөд шүүгдэгч С.Б-гийн хувьд хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн зүүн хойд хананы амыг салгаж ангайлган сэм нэвтэрч орсон нөхцөл байдал нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах тул бага хэмжээний хохирол учирсан хэдий ч гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгч С.Б-гийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч С.Б-г “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Төмөр-Очир нь “Panasonic” загварын 32 инч LCD зурагтаа хүлээж авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Миний үйлчлүүлэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар тодорхой мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд мөн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг биет байдлаар төлсөн, гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар журамлаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.Б нь Увс аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хорих ялаас 2 жил 1 cap 12 хоногийн өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд тэрээр тэнсэж хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй тул 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасанчлан ялгүй болж, хууль зүйн үр дагавар хэдийн арилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд шүүгдэгч С.Б-гийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг тэмдэглээд, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хорих ял оногдуулах зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан саналыг хүлээн авах боломжтой гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жил арван сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний урьд хоёр удаа ял шийтгүүлсэн хувийн байдалд тохирсон бөгөөд цээрлүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш нийт 35 (гучин тав) хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг эрүүл мэндийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөөд овогт Сувьдын Б-гхулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б-д нэг жил арван сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан нэг жил арван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гийн цагдан хоригдсон 35 (гучин тав) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА