Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 246

 

                                                                     С.Б-д холбогдох эрүүгийн

                                                                               хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сансарсайхан,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч С.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1808028790715 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Зөөд овгийн С.Б-, 1977 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Увс аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй,

            - Увс аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгүүдэд зааснаар нийт 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2153 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 жил 8 сар 17 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, 2007 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Увс аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            С.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 164-12 тоотод оршин суух иргэн Н.Төмөр-Очирын гэрт нэвтэрч, 32 инчийн “Panasonic” загварын телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Б-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 10 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би Увс аймгийн Наранбулаг суманд өнчин хүүгийн хамт амьдардаг. 2017 онд биеэ эмчлүүлэх зорилготой Улаанбаатар хотод орж ирсэн. Энд ирээд автын осолд орсоны улмаас баруун бөөрөө авахуулсан, зүүн бөөр гэмтэлтэй гэж оношлогдсон. Энэ талаарх баримт Баянзүрх дүүргийн замын Цагдаагийн хурандаа Ууганбаярт байгаа. Бөөрний ажиллагаа муудаж өөрийн мэдрэлгүй шээс алдаж, нуруу хүчтэй өвддөг болсон. Түүнчлэн баруун гарын 4 хуруу, зүүн гарын 3 хуруугаа тайруулснаас тахир дутуугийн группэд орсон. Цагдан хоригдох хугацаанд тус ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч биеийн байдал муу байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан анхан шатны шүүхээс С.Б-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор М.Сансарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс С.Б-д оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

С.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 164-12 тоотод оршин суух иргэн Н.Төмөр-Очирын Монгол гэрийн ханыг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Panasonic” загварын телевизорыг хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Н.Төмөр-Очир нь “...манай эхнэр өглөө 08 цагт ажилдаа яваад 15 цагт гэртээ ирэхэд 32 инчийн “Panasonic” загварын телевизор алдагдсан байсан гэсэн. Намайг гэрт очиход гэрийн хойд талын ханыг салгаж орсон байсан. Би алдсан телевизороо 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /хх-ийн 26-27/ гэж эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдал, үнэ өртгийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Д.Пүрэвцэрэнгийн “...намайг гэртээ ирэхэд хаалганы цоож бүтэн, гэрийн хойд хэсгийн ханыг хугалчихсан, дотроос нь телевизор алдагдсан байсан тул би нөхөр лүүгээ утасдаж хэлсэн...” /хх-ийн 18-19/ гэх,

яллагдагч С.Б-гийн “...5 шарын гал командын ойролцоо хог түүгээд явж байтал нэг айлын хашааны хаалга онгорхой байхаар нь ороод хартал цоожтой гэр байсан. Тэгээд би гэрийн ар талын ханыг нь салгаж ороод телевизор аваад гарсан...” /хх-ийн 31-32/ гэх мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 15-16/, алдагдсан эд хөрөнгийг С.Б-гээс хураан авч, хохирогч Н.Төмөр-Очирт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч С.Б-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд дээрх гэмт үйлдэлд хохирлын хэмжээ хамаарахгүй юм.

Монгол гэр нь хүн байнга амьдрах орон байранд хамаарах бөгөөд түүний ханыг хүчээр эвдэн нэвтэрч, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, алдагдсан эд хөрөнгийг хохирогчид хүлээлгэн өгөх замаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 10 сарын хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн, үүнээс доогуур хорих ял оногдуулж, хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүгдэгч С.Б- давж заалдсан гомдолдоо “...хөдөө орон нутагт өнчин хүүгийн хамт амьдардаг. Авто осолд өртсөний улмаас эрүүл мэндийн байдал муудсан. Цаашид бөөрний мэс ажилбарт орох шаардлагатай...” гэх боловч энэ талаарх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, түүний хувьд хорих ялыг биеэр эдлэхэд саад болохуйц өвчин, бусад шалтгаан тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-гийн “...хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

                             ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН