Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00698

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00698

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00057 дугаар шийдвэртэй

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Н, Б.Э нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 34,936,078 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч Б.Н, Б.Э нартай 2016 оны 03 сарын 25-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 38,500,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүү, 240 сарын хугацаатай зээлдүүлсэн. 2018 оноос зээлдэгч нар гэрээний төлбөрийн хуваарийг зөрчиж эхэлсэн. 2019 онд зээлийн гэрээний үүрэгт 41,000,000 төгрөгийг нэхэмжилж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхээс 2020 оны 03 сарын 30-ны өдөр гэрээний дагуу төлөгдөөгүй 6,715,214 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, зээлдэгч нар зээлийг төлөхгүй бол шүүхэд хандах эрхийг нээлттэй үлдээсэн. 2020 онд дээрх шийдвэр гарснаас хойш зээлдэгч нар зээлийн төлбөрөө хийгээгүй, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг ч төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийсэн ч мөн үр дүн гараагүй. Зээлдэгч нар нь Г- ХХК-д өнөөдрийн байдлаар гэрээний үүрэгт 41,651,000 төгрөг төлөөгүйг өмнөх шүүхийн шийдвэрт заасан 6,715,214 төгрөгийг хасахад 34,936,078.65 төгрөг төлөөгүйг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч нар 2 жилийн хугацаанд 100,000 төгрөгийг төлөөд зөрчлөө арилгах боломж байсан. Гэвч 2022 оны 05 сарын 04-ний өдрийн байдлаар гэрээний үүрэг 1164 хоногоор хэтэрч 7,160,860 төгрөгийн зөрчил үүссэнийг хариуцагчид дахин хүргүүлж, уулзалт хийсэн ч хариуцагч нар зээл төлөх оролдлого хийгээгүй. Ковидтой холбоотой 2 удаагийн зээл хойшлуулалтад Б.Н, Б.Э нар хамрагдсан ба 2020 оны 12 сарын 25-аас хойш хүү, үндсэн төлбөр хуримтлагдаагүй. 2019 оны 10 сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 сарын 25-ны хооронд төлбөрийн хуваарийн дагуу сар бүр өр үүсэж байсан. /14 сар/ Зээлдэгчид 2021 оны 3 сарын 21-ний өдрөөс хойш зээлдээ огт төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд зээлийн гэрээний 4.4.1-д зааснаар банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 34,936,078 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасныг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга: Зээлдэгч нар Г- ХХК-аас авсан ипотекийн зээлээ хэвийн төлж байсан ч 2019 оноос төлөлт алдагдаж, тус банк шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс 2020 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэлх үүргийн зөрчилд 6,715,214 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, харин зээлийн гэрээг цуцлаагүй. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлж шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлж байгаа. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн төлбөрт хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр 2020 оны 03 сарын 30-ны өдөр гарснаас хойш хариуцагч зээлийн төлөлтийг 2020 оны 11 сар хүртэл төлсөн нь зээлийн дансны хуулгаар нотлогдоно. Цар тахалтай холбоотой 2020 оны 11 сараас 2023 оны 01 сарыг хүртэл зээлийн төлбөр төлөлтийг хойшлуулсан. Нэхэмжлэгч нь тодруулсан шаардлагаас үзвэл хариуцагч нар 7,160,860 төгрөгийн зөрчлөөс 6,715,214 төгрөгийг хасвал 445,646 төгрөгийн зөрчилтэй байна. Иймд 445,646 төгрөгийн зөрчлийг төлж зээлийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой. Хариуцагч нарын зөрчил нь үүргийн ялимгүй зөрчил учир гэрээг цуцлах үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, цаашдаа зээлээ хэвийн төлнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Н, Б.Э нараас 34,936,078 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол эрхийн улсын бүртгэлийн 111111 дугаартай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол,000 тоотод орших 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 402,831 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 402,831 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Зээлдэгч нарыг үүргийн 1164 хоногийн зөрчилтэй гэж 34,936.078 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэл гаргасан. Өмнө нь хариуцагч нар зээлийн төлбөрийн тасалдал үүсэж Г- ХХК нэхэмжлэл гаргасан бөгөөд 2020 оны 03 сарын 30-ны өдөр шүүх зээлийн гэрээг цуцлаагүй, харин зөрчил 6,715.214 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 3,093,981 төгрөгийг төлсөн. Энэ шийдвэрээс хойшхи гэрээний зөрчилд дээрх зөрчил хамаарахгүй учир нэхэмжлэгч, хариуцагч нарыг 1164 хоногийн хугацаа хэтрэлттэй гэсэн нь үндэслэлгүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь маргааныг дахин шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тодруулсан шаардлагад хариуцагч нар нь 7,160,860 төгрөгийн зөрчлөөс өмнө нь шүүх шийдвэрлэсэн 6,715,214 төгрөгийг хасахад 2020 оны 03 сарын 30-ны өдрөөс хойш 445,646 төгрөгийн үүргийн зөрчилтэй байна. Мөн цар тахлын хуулийн дагуу ипотекийн зээл төлөлтийг хойшлуулж 2023 оны 1 сараас зээлээ төлөхөөр байгаа зөвшөөрдөг. Үүргийн ялимгүй зөрчил нь зээлийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй байхад шүүх өмнөх зөрчлийг хамааруулан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Б.Н, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,936,078 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Талууд 2016 оны 03 сарын 25-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Г- ХХК нь 38,500,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаагаар зээлдэгч нарт зээлдүүлэх, зээлдэгч Б.Н, Б.Э нар зээлийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөх үүргийг харилцан хүлээжээ.

Талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсоныг гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх12-16/

3.2. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр талууд Ипотекийн гэрээ байгуулж, хариуцагч Б.Нгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн 111111 дугаартай, Баянгол дүүргийн 18 хороо, 4 хороолол, 000 тоот хаягт байх 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх17-20/

 

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 937 дугаар шийдвэрээр Б.Н, Б.Э нараас 6,715,214 төгрөг гаргуулан Г- ХХК-д олгож шийдвэрлэсэн, тус шийдвэрээр 2019 оны 10 сарын 26-ны өдрөөс 2020 оны 03 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхээр тогтоосон дээрх үйл баримтыг дахин нотлохгүй тул зохигчдын хооронд үүссэн 2020 оны 03 сарын 26-ны өдрөөс хойшхи хугацааны зээлийн гэрээний үүргийн зөрчлийг дүгнэх юм. /хх8-9/

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

5.1. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч банк нь 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нарын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулсан байна. /хх103-104/

5.2. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад 2022 оны 05 сарын 04-ний өдрийн байдлаарх зээлийн гэрээний үүргийн зөрчлийг тодорхойлж гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцэхгүй.

5.3. Мөн хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахын өмнө буюу 2020 оны 03 сарын 26-ны өдрөөс 2020 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд зээл, хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх боловч энэ нь дор дурдсанаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасан үүргийн ялимгүй зөрчилд хамаарах үндэстэй. Тодруулбал,

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн дансны хуулгаас үзвэл хариуцагч нар дээрх 9 сарын хугацааны үндсэн зээлд нийт 822,040 төгрөг төлөхөөс 354,161 төгрөг төлж (822,040-354,161) 467,879 төгрөг төлөөгүй, зээлийн хүүд нийт 2,076,224 төгрөг төлөхөөс 1,197,018 төгрөг төлж (2,076,224-1,197,018) 879,206 төгрөг төлөөгүй буюу нийт зөрчил 1,347,085 төгрөг байна. /хх 15-16, 27-28/

 

6. Талууд зээл, хүүний төлбөрийг хойшлуулахдаа дээрх 1,347,085 төгрөгийг хэрхэн төлөхөөр тохирсон нь тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б.Н, Б.Э нараас 1,347,085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г- ХХК-д олгох, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох, мөн улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой хуулийн заалтыг нэмж тусгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00057 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...34,936,078.65 төгрөгийг гэснийг ...1,347,085 төгрөгийг гэж, ...олгосугай гэснийг ...олгож, үлдэх 33,588,993.65 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Нд холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн 111111 дугаартай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол,000 тоотод орших 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Г- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын ...7.1.1 гэсний дараа ...7.1.2 гэж нэмж, ...402,831 төгрөг гэснийг ...36,503 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,831 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ