Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 569

 

        Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Батцэрэн, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаар магадлалтай, Т.Б-д холбогдох 2040000440048 дугаартай хэргийг хохирогч Ж.Золжаргал, У.Маргад-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Б.

Т.Б- нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 37-41 тоотод оршин суух Ж.Золжаргалын гэрт түр амьдарч байхдаа түүний “ХААН” банкны виза картын нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авснаар виза картыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээс нь хулгайлан авч, Улаанбаатар хотод 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ирж офицерын ордны дэргэд байршилтай “ХААН” банкны АТМ-аас виза картаар нэвтрэх нэр, нууц үгийг уншуулан 965.000 төгрөгийг,

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 1200 тоотод оршин суух У.Маргад-Эрдэнийн гэрт нь байхдаа түүнийг интернет банкаар гүйлгээ хийх үед нь нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авч улмаар Улаанбаатар хот явах замдаа 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өөрийн утсаар У.Маргад-Эрдэнийн “ХААН” банкны данс руу нэвтрэн орж интернет банкнаас 14 цаг 39 минутад 1.000.000 төгрөг, 14 цаг 40 минутад 1.164.000 төгрөг нийт 2.164.000 төгрөгийг авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 3.129.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Болор-Эрдэнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-эс 980.000 төгрөг гаргуулж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 37-41 тоотод оршин суух Ж.Золжаргалд, 2.164.000 төгрөг гаргуулж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, Хангайн 1200 тоотод оршин суух, У.Маргад-Эрдэнэд тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Т.Б-д 8 сарын хорих” гэснийг “Т.Болор-Эрдэнийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Б-д оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Болор-Эрдэнийн цагдан хоригдсон 31 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагт тооцож Т.Б- 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцож шүүх хуралдааны танхимаас сулласугай” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ж.Золжаргал гаргасан гомдолдоо “... Хэнтий аймгийн давж заалдах шатгны шүүх анхан шатны шүүхийн тогтоолоор өгсөн ялыг өөрчилж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх нь нэг талыг шийдсэн. Болор-Эрдэнэ хохирлоо төлөх боломжит хугацаа маш их байсан. Тэгээд Болор-Эрдэнэ өгдөг газраа өг, мөнгийг чинь өгч чадахгүй, надаас юу ч авч чадахгүй гэж байгаад гомдолтой байна. Би түргэн хугацаанд хохирлоо барагдуулж авмаар байна. Болор-Эрдэнэ нь бусдыг хохироочоод гэмшсэн зүйл байдаггүй. Болор-Эрдэнэ хурдан ажил хийж хохирлоо барагдуулъя гэсэн зорилго байхгүй. Иймд учирсан хохирлоо хурдан барагдуулж авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталж өгнө үү” гэжээ.

Мөн шатны шүүхэд хохирогч У.Маргад-Эрдэнэ гаргасан гомдолдоо “... Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолоор оногдуулсан ялыг өөрчилсөн. Энд миний бие гомдолтой байна. Болор-Эрдэнэд миний хохирлыг барагдуулах хугацаа зөндөө байсан. Давж заалдах шатны шүүх нь Болор-Эрдэнэд хохирлоо төлөх боломжийг зөндөө олгосон. Тэгэхэд Болор-Эрдэнэ нь хохирол мөнгөө өгье гэхэд өгдөг газраа өг, өгч чадахгүй, юу ч авч чадахгүй гэсэн үгийг байнга хэлж байна. Миний бие энд гомдолтой байгаа учраас Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн анхан шатны шүүхээс өгсөн 8 сарын хорих ялыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Т.Б- нь “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Хохирогч нар нь хохирол төлбөр барагдуулаагүй байхад давж заалдах шатны шүүх хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольсон нь үндэслэлгүй гэдэг агуулгаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд прокурорын хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүнд хандаж буй хандлага зэргээс дүгнэхэд хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б- нь хоёр удаагийн үйлдлээр нэр бүхий 2 хохирогчийн банкны харилцах данснаас бэлэн болон бэлэн бусаар тэдний мөнгийг нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар шалган тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Б- нь урьд хамт ажиллаж байсан Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд оршин суудаг өөрийн танил Ж.Золжаргал болон У.Маргад-Эрдэнэ нарыг гуйж, тэдний гэрт түр байрлаж байхдаа Ж.Золжаргалын цахим картны нууц үгийг, У.Маргад-Эрдэнийн интернет банк ашиглах нэр, нууц үгийг тус тус мэдэж, улмаар 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ж.Золжаргалын эзэмшлийн Хаан банкны цахим картыг хулгайлж аваад Улаанбаатар хотод бэлэн мөнгөний машин ашиглан данснаас нь 965.000 төгрөг,

Хохирогч У.Маргад-Эрдэнийн цалингийн картнаас интернет банкны шилжүүлэг ашиглан 2.164.000 төгрөг тус тус шилжүүлэн авч хохирол учруулсан үйлдлийг шунахай сэдэлтээр, нууц, далд аргаар хүч хэрэглэхгүйгээр бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэг гэж дүгнэсэн шүүхийн хууль хэрэглээний дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэлээ.

Шүүх хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хянан шийдвэрлэх ёстой.

Гэтэл давж заалдах шатны шүүхэд хохирогч У.Маргад-Эрдэнэ, Ж.Золжаргал нар нь “... Т.Б- хохирол барагдуулаагүй, 2.164.000 төгрөг, 980.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэж мэдүүлсээр байтал шүүгдэгчийн гаргасан “... хохирлыг 100 хувь барагдуулсан” гэсэн бодит байдалд нийцэхгүй тайлбарыг үндэслэн анхан шатны шүүхээс оногдуулсан 8 сар хорих ялыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ялаар сольж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд хохирогч Ж.Золжаргал, У.Маргад-Эрдэнэ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “... Т.Б-д хохирлоо төлөх боломжит хугацаа маш их байсан. Хохирол мөнгөө өг гэхэд өгдөг газраа өг, өгч чадахгүй, юу ч авч чадахгүй гэж байнга хэлж байна. Т.Б- нь бусдыг хохироосон байж гэмшсэн зүйл байдаггүй, хурдан ажил хийж, хохирлоо барагдуулъя гэсэн зорилго байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлуудыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч Т.Б-г нэн даруй цагдан хорьсугай.

ДАРГАЛАГЧ                                              Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                       Б.ЦОГТ

                                                                   С.БАТДЭЛГЭР

                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                   Ч.ХОСБАЯР