Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 203/МА2023/00010

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 143/ШШ2023/00010 дугаар шийдвэртэй,

Д.*******гийн нэхэмжлэлтэй,

******* аймгийн ******* *******,*******  *******ийн ерөнхий захиралд хариуцагдах,

“******* аймгийн бүсийн *******,******* *******ийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ******* аймгийн бүсийн *******,******* *******ийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт******* мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 27,357,295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү,                

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь ******* аймгийн нэгдсэн эмнэлэгт 2003 оноос эхлэн Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр мэргэжлийн алдаа зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн.

Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 30-ны орой 17 цагийн орчимд нарийн бичгийн дарга Цэвэлмаа нь утсаар түүн рүү яриад "таныг дарга дуудаж байна” гэж хэлснээр нь Д.******* нь очиход захирал Д.******* нь түүнд хандан боловсон хүчний дутагдалтай байгаа учраас танд чөлөө олгож ахмадын гар бөмбөгийн улсын аваргын тэмцээнд явуулах боломжгүй байна. Мөн таныг өнөөдрөөс эхлээд ажил албан тушаалаас чинь чөлөөллөө” гэж хэлээд ******* аймгийн бүсийн *******,******* *******ийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг түүнд өгөх гэсэн.

Д.******* тушаалтай нь танилцаад "би энэ тушаалыг одоо авах боломжгүй байна. Та бүхэн Хөдөлмөрийн тухай хуулиа уншсан уу? Та нар хуулиа баримтлаач ээ, нэгэнт намайг ажлаас чөлөөлж байгаа бол би шүүхэд хандана” гэж хэлээд гарсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр маргаан бүхий тушаалыг гардаж авсан.

Маргаан бүхий тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 дэх заалтуудыг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн. Хэрэв ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөхөөр бол тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэг үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн аль нь ч байхгүй байхад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тушаал болжээ.

Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 дэх хэсэгт заасан үндэслэл байгаагүй бөгөөд уг дотоод журмын заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгаа учир хүчин төгөлдөр бус гэж үзэж дагаж мөрдөхгүй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ гээд 2.3.1-т энэ хууль гэж, 2.3.7-д аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж заажээ.

Дээрхээс дүгнэвэл байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нь эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулиас доогуур үйлчлэл бүхий баримт бичиг бөгөөд уг журам нь Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэхээр байна. Иймд маргаан бүхий тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж гарсан хууль бус шийдвэр болжээ.

Мөн нэхэмжлэгч Д.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин 27,357,295 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

Учир нь ******* аймгийн бүсийн *******,******* *******ийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/152 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан бөгөөд түүний хувьд 2022 оны 05 дугаар сард 2,791,046 төгрөг, 4 дүгээр сард 4,068,350 төгрөг, 3 дугаар сард 5,410,750 төгрөгийн цалин хөлс авсан бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 2.3.5-т зааснаар нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 188,671 төгрөг.

Иймд ******* аймгийн бүсийн *******,******* *******ийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.*******г ******* аймгийн бүсийн *******,******* *******ийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 27,357,295 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 ******* аймгийн ******* *******,*******  *******ийн ерөнхий захирал Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/152 дугаар тушаалаар Д.*******гийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн тушаал хууль нь үндэслэлтэй.

Д.******* нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэрт гарсан мөртлөө хүнд хортой нөхцөлдөө буцаад ажиллаж байсан. Манай байгууллагын хувьд гүйцэтгэлээр санхүүжиж байгаа бөгөөд Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасагт 4 эмчийн орон тоо батлагдсан бөгөөд илүү орон тоонд ажиллаж байсан. Иймээс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгийн удирдлагын багийн хурлаар хэлэлцээд шийдвэрлээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4-т “Хөдөлмөрийн нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон ажилтны албан тушаал нь байгууллагад нэн шаардлагагүй эсхүл орны бэлтгэгдсэн хүний нөөцтэй гэж үзвэл удирдлагын багийн хурлаар хэлэлцэж чөлөөлнө” гэсний дагуу удирдлагын багийн хурлаар хэлэлцэж, ажлаас чөлөөлсөн.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд тэтгэвэр тогтоогдож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр зардлыг хэмнэхийг үүрэг болгосон. Д.******* нь хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгочихсон, цаашид ажиллуулах боломжгүй тул ажлаас чөлөөлсөн.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.*******гийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн бүсийн *******,******* *******ийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ******* аймгийн бүсийн *******,******* *******ийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 27357295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан ******* аймгийн ******* сум дахь сум дундын
шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 144/Ш32023/00026 дугаар
шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж
шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д.*******гийн хувьд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр баталсан дотоод журамтай танилцаагүй, тус дотоод журам нь түүнийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 5 сарын дараа батлагдсан дотоод журам юм. Гэтэл анхан шатны шүүх ямар учраас тус дотоод журамтай танилцсан эсэх талаар зохигчид маргаагүй гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт (шийдвэрийн 11 дэх тал) "...тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан”, .. ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ... дотоод журмын ...7.9.4-т заасантай тус тус нийцсэн байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар ******* аймгийн бүсийн *******,******* *******ийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журам авагдсан бөгөөд тус тушаалаар батлагдсан дотоод журам маргааны үйл баримттай ямар ч хамааралгүй байхад шүүх уг нотлох баримтыг үнэлж маргаан бүхий тушаал нь тус дотоод журмын 7.9.4 дэх хэсэгтэй нийцэж байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 дэх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгаа учир хүчин төгөлдөр бус гэж үзэж дагаж мөрдөхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ гээд 2.3.1-т энэ хууль гэж, 2.3.7-д.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж заасан, мөн хуулийн 2.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ.” гэж зохицуулсан. Д.*******г ажлаас чөлөөлсөн хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 дэх заалт нь хуульд байхгүй үндэслэл гэж маргадаг боловч анхан шатны шүүх уг маргаж байгаа үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр баталсан дотоод журмыг танилцуулсан эсэх талаар маргаагүй тул тус хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 дэх хэсэг нь үндэслэл бүхий гэж ойлгогдохоор дүгнэлт хийж, хэрэглэх ёстой Хөдөлмөрийн тухай хуулийн 80.2, 2.3, 2.5 дахь заалтуудыг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15-д "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана." гэж тайлбарласан бөгөөд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгтэй ижил агуулгатай тул Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг ажил олгогч маргаан бүхий тушаалдаа заавал баримтлах ёстой боловч уг үндэслэлээ тодорхой заагаагүй гэж маргадаг боловч анхан шатны шүүх ямар үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 78.1.9-д заасантай маргаан бүхий тушаал нь нийцэж байгаа талаар болон миний дээрх хууль зүйн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй ямар хууль зүйн үндэслэл байгаа талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.*******гийн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсэн, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар болох 65 нас хүрээгүй, хариуцагчийн зүгээс илүү орон тоонд ажиллаж байсан гэж маргадаг боловч энэ талаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлоогүй, тухайн тасгийн эмч нарын хэн нь илүү орон тоонд ажиллаж байгаа нь ойлгомжгүй зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон боловч анхан шатны шүүх (шийдвэрийн 10 дахь талд) “Д.*******г хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасаг нь батлагдсан 4 эмчийн орон тоотой болох нь тогтоогдож байна" гэж үйл баримтыг хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлан дүгнэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 78 дугаар зүйлийн 78.1.9 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 2.3, 2.5, 80.2 хэсгийг хэрэглээгүй, үйл баримтыг хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлаж дүгнэсэн, ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 144/ШШ2023/00010 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолтой байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хангалттай дүгнэлт хийгээгүй энэ хэргийг шийдвэрлэж, хариуцагч талд илэрхий ашигтай байдлаар шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Д.*******гийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* *******,*******  *******ийн ерөнхий захиралд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Д.******* нь ******* аймгийн бүсийн *******,******* *******ийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

******* аймгийн бүсийн *******,******* *******ийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт******* мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 27,357,295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн нэхэмжлэгч Д.*******гийн 2022 онд авсан цалин хөлсний тодорхойлолтыг ******* аймгийн бүсийн *******,******* *******өөс нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулах тухай хүсэлтийг  ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт шийдвэрлэх тухай 144/ШЗ2023/00017 дугаартай захирамж гаргасан байх ба уг захирамжаа /хх-155-156/ зохигчдод танилцуулах, гардуулах ажиллагааг хийгээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтуудыг болон хэргийн материалыг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарт танилцуулаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.1, 25.1.2, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн 34.3.7, 34.3.8, 34.3.9-д тус тус заасан хэргийн оролцогчийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгчийн эрхийг тус тус  зөрчсөн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.3-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх 143/ШШ2023/00010 дугаартай шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр /хх-172/ гаргасан байхад 144/ТМ2023/00015 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр /хх-166/ гэж хугацааг бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 143/ШШ2023/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                 Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                 М.МӨНХДАВАА