Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/00013

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2023/000135 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 203/МА2023/00042 дугаар магадлалтай,

Д.Д-ийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд холбогдох

Тус төвийн  захирлын 2022.05.30-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 27,357,295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд холбогдуулан тус төвийн ерөнхий захирлын 2022.05.30-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 27,357,295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2023/000135 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Д-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын 2022.05.30-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан  цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 27,357,295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 144/ШЗ2023/00026 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Д улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 203/МА2023/00042 дугаар магадлалаар: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2023/00135 дугаар шийдвэрийн удирдлага болгосон заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 гэж, шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Дг урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчийн ажилд томилохыг хариуцагч Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4,275,264 /дөрвөн сая хоёр зуун далан таван мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,082,031 /хорин гурван сая наян хоёр мянга гучин нэгэн/ төгрөгийг болон ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай. гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 83,354 /наян гурван мянга гурван зуун тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж нэмж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Д.Д хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022.03.17-ны өдрийн А/49 тоот тушаалд заасны дагуу Д.Д-ийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцоход 2022.06.01-ний өдрөөс 2023.01.02-ны өдрийг хүртэл нийтээр амрах баяр ёслолын өдрүүд болон түүний ээлжийн амралтын 27 хоногийг хасч нийт 96 хоногоор тооцож, түүний үндсэн цалингаас дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэг хоногт 44,534 төгрөгөөр тооцож нийт 42,752,64 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгож” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2022.05.31-ний өдрөөс 2023.01.02-ны өдрийг дуусталх ажилгүй байсан 145 хоногийн цалинд 27,357,295 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Д.Д нь 2022 оны 05 дугаар сард 2,791,046 төгрөг, 04 дүгээр сард 4,068,350 төгрөг, 3 дугаар сард 5,410,750 төгрөгийн цалин хөлс авсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 2.3.5-т зааснаар нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 188,671 төгрөг бөгөөд (12,270,146/65=188,671), үүнийг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдөр буюу 145 өдөрт тооцоход /2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл тооцсон/ 27,357,295 төгрөг болж байгаа юм.

Нэхэмжлэгч талаас давж заалдах шүүх ээлжийн амралтын 27 хоногийг ажилгүй байсан өдрөөс хассантай маргахгүй тул миний нийт ажилгүй байсан өдөр нь 2022.05.31-ний өдрөөс эхлэн 2023.01.02-ны өдрийг дуусталх хугацаанд нийт 118 өдөр болж байгаа юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талыг 2023.05.31-ний өдрөөс эхлэн 2023.01.02-ны өдрийг дуусталх ажлын 145 хоногт ноогдох цалин болох 27,357,295 төгрөгийг нэхэмжилж байгааг анхаарч үзэлгүйгээр, ажилгүй байсан хугацааны нийт ажлын өдрүүдийг буруу тоолж, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын 2.3, 2.3.5 дахь заалтуудыг хэрэглэлгүйгээр, хэрэглэх ёсгүй Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2022 оны А/49 дүгээр тушаалыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүйн дээр анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг өөрөөр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.2.1-д заасан хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэрлэсэн гэж үзнэ.

Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 203/МА2023/00042 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, Д.Д-д 2022.05.31-ний өдрөөс 2023.01.02-ны өдрийг дуусталх хугацааны 118 хоногийн ажлын өдөрт ногдох өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 22,263,178 төгрөгийг олгуулж өгнө үү.

Давж заалдах шатны шүүх ажил олгогчоос 4,275,264 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд миний зүгээс 22,263,178 төгрөгийг олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул тэмдэгтийн хураамжид 17,987,914 төгрөгөөс тооцож улсын тэмдэгтийн хураамжаа төлсөн болно” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь: Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2022.05.30-ны өдрийн Б/152 дугаар тушаалаар Д.Д-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн тушаал хууль нь үндэслэлтэй. Д.Д нь 63 настай, нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авдаг, 2014 онд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэрт гарсан мөртлөө хүнд хортой нөхцөлдөө буцаад ажиллаж байсан, манай байгууллагын хувьд гүйцэтгэлээр санхүүжиж байгаа бөгөөд эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасагт 4 эмчийн орон тоо батлагдсан бөгөөд Д.Д нь илүү орон тоонд ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар орон тоо цөөрсөн, хасагдсан асуудал бол биш, угаасаа Д.Д нь батлагдаагүй орон тоонд ажиллаж байсан гэсэн үг. Иймээс 2022.05.30-ны өдөр эмнэлгийн удирдлагын багийн хурлаар хэлэлцэж шийдвэрлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4-т “Хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон ажилтны албан тушаал нь байгууллагад нэн шаардлагагүй эсхүл орны бэлтгэгдсэн хүний нөөцтэй гэж үзвэл удирдлагын багийн хурлаар хэлэлцэж чөлөөлнө” гэсний дагуу удирдлагын багийн хурлаар хэлэлцэж, ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-т зааснаар Д.Д-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон. Гэтэл давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлийн аль нэгийг заавал баримталсан байх ёстой гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Д.Д-тай байгуулсан хөдөлмөрийн эрх зүйн харилцааг угаасаа батлагдаагүй, илүү орон тоонд ажиллаж байсан үндэслэлээр дуусгавар болгосон болохоос Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлд зааснаар цуцлаагүй.

5.1.Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2022.01.03-ны өдрийн А/01 дүгээр “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн бүтэц орон тоо, үндсэн цалингийн сүлжээний шатлал, бусад нэмэгдлүүдийг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасагт 4 эмчийн орон тоо батлагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч Д.Д нь илүү орон тоонд буюу 4 эмчээс гадна 5 дахь эмч болон ажиллаж байсан. Орон тоог цөөрүүлсэн бол биш, ийм байхад давж заалдах шатны шүүхээс орон тоог цөөрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Орон тоог цөөрүүлээгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр анх оролцож байсан Д.Т 2023.01.02-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд тайлбарыг гаргаж байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Д.Д-г батлагдаагүй, илүү орон тоонд ажиллаж байсан талаар тайлбар хийсэн болно.

5.2.Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4-т “Хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон ажилтны албан тушаал нь байгууллагад нэн шаардлагагүй эсхүл орны бэлтгэгдсэн хүний нөөцтэй гэж үзвэл удирдлагын багийн хурлаар хэлэлцэж чөлөөлнө” гэсний дагуу илүү орон тоонд, тэтгэвэр тогтоолгочхоод ажиллаж байсан, 63 настай Д.Д-г удирдлагын багийн хурлаар хэлэлцэж, ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Д.Д-ийн хувьд тэтгэврийн насны хүн, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргах юм бол ажил олгогч хариуцлага хүлээх, хүний эрүүл мэндэд хохирол учрах эрсдэлтэй. Та илүү орон тоонд ажиллаж байна гэдгийг өөрт нь ч хэлж байсан.

5.3.Монгол улсын Засгийн газрын 2021.02.17-ны өдрийн 43 дугаар “ Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд ... тэтгэвэр тогтоогдож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр зардлыг хэмнэхийг үүрэг болгосон. Д.Д нь хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэрт тогтоолгочихсон, цаашид ажиллуулах боломжгүй тул ажлаас чөлөөлсөн.

5.4.Нэхэмжлэгч П.Д нь шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад Д.Д-г урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмчийн ажилд томилохыг хариуцагч Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5.5.Давж заалдах шатны шүүхээс ажил олгогч нь 2022.05.30-ны өдөр Д.Д-г үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдэж, мөн өдрөө тушаал гаргаж, 31-ний өдөр гардуулан өгсөн үйл баримт тогтоогдож байх боловч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль заасан хугацаанд бичгийн хэлбэрээр мэдэгдэх ёстой гэж дүгнэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд ажилтанд урьдчилж мэдэгдэх талаар хуульчлаагүй байхад дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

5.6.Хариуцагч байгууллагын төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөж, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр өөр хүн томилогдсон байхад хэргийн оролцогчид хэргийн материал, эрх, үүргийг танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 203/МА2023/00042 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

6.Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2024/00033 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

8.Нэхэмжлэгч Д.Д хариуцагч Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд холбогдуулан  тус төвийн ерөнхий захирлын 2022.05.30-ны өдрийн Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгож, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 27,357,295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлийг “... тус эмнэлэгт 2003 оноос эхлэн ажилласан, 2022.05.30-ны өдөр захирал дуудаж боловсон хүчний дутагдалтай байгаа учраас танд тэмцээнд оролцох чөлөө олгох боломжгүй. Өнөөдрөөс эхлээд ажлаас чөлөөллөө гээд шууд тушаал өгсөн, ...тушаалд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэсэн хуулийн заалтыг баримталсан боловч, ямар үндэслэлээр ажлаас халж байгаа хууль зүйн үндэслэл заагаагүй, харин хөдөлмөрийн дотоод журам баримталсан, энэ нь хуульд нийцээгүй...”   гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “...Д.Д, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэрт гарсан мөртлөө хүнд хортой нөхцөлдөө буцаад ажиллаж байсан, манай байгууллагын хувьд гүйцэтгэлээр санхүүжиж байгаа, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасагт 4 эмчийн орон тоо батлагдсан, нэхэмжлэгч нь  илүү орон тоонд ажиллаж байсан. Иймээс 2022.05.30-ны өдөр эмнэлгийн удирдлагын багийн хурлаар хэлэлцэж шийдвэрлээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4-т заасан “Хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон ажилтны албан тушаал нь байгууллагад нэн шаардлагагүй эсхүл орны бэлтгэгдсэн хүний нөөцтэй гэж үзвэл удирдлагын багийн хурлаар хэлэлцэж чөлөөлнө” гэсний дагуу  ажлаас чөлөөлсөн. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021.02.17-ны өдрийн 43 дугаар Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолд тэтгэвэр тогтоогдож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр зардлыг хэмнэхийг үүрэг болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...

Д.Д нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасаг нь батлагдсан 4 эмчийн орон тоотой болох нь тогтоогдсон. Зохигч нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ерөнхий захирлын 2022.10.21-ний өдрийн А/66 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан талаар маргаагүй, хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4-т Хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон ажилтны албан тушаал нь байгууллагад нэн шаардлагагүй эсвэл орны бэлтгэгдсэн хүний нөөцтэй гэж үзвэл удирдлагын багийн хурлаар хэлэлцэж чөлөөлнө гэж заасан,...  иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож, ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.” гэж дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/191 дүгээр тушаал, байгууллагын дотоод журмын 7.9.4, удирдлагын багийн 2022.05.30-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх атал ажлаас чөлөөлсөн тушаалд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, ажил олгогчоос гаргасан тушаал хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй. Д.Д нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэрт гарсан мөртлөө хүнд хортой нөхцөлдөө буцаад ажиллаж байсан учир удирдлагын багийн хурлаар хэлэлцэж түүнийг ажлаас нь чөлөөлсөн гэсэн тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно, тухайн ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасан заалттай нийцэхгүй байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022.03.17-ны өдрийн А/49 тоот тушаалд заасны дагуу Д.Д-ийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцоход 2022.06.01-ний өдрөөс 2023.01.02-ны өдрийг хүртэл нийтээр амрах баяр ёслолын өдрүүд болон түүний ээлжийн амралтын 27 хоногийг хасч нийт 96 хоногоор тооцож, түүний дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэг хоногт 44,534 төгрөгөөр тооцож нийт 4,275,264 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг ажил олгогчид даалгахаар шийдвэрлэв” гэж  дүгнэжээ.

9.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын агуулгыг зөрүүтэй байдлаар тайлбарлан хэрэглэсэн тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол, түүнчлэн давж заалдах шатны шүүх ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахдаа  багасгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй талаарх нэхэмжлэгчийн гомдлыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “ шүүхийн хууль хэрэглээ зөрүүтэй” үндэслэлээр хянан хэлэлцэв.

10.Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарсан, ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамдаа өндөр насны тэтгэвэрт гарсан хүнийг тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд ажлаас чөлөөлж болохоор заасан, уг заалтыг баримталсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Ахмад настан, тэтгэвэр авагч нь ажил хөдөлмөр эрхэлж болох бөгөөд түүнийг ажил олгогч санаачилгаар ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй  тул гаргасан  шийдвэр нь хуульд нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт  үндэслэл бүхий болжээ.

11.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчээр ажиллаж байгаад 2014 оны 5 дугаар сард  хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллаж байсан, тус төвийн захирлын 2022.05.30-ны өдөр Б/152 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн бөгөөд уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэг буюу “ажил олгогчийн  санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох”, хөдөлмөрийн  дотоод журмын 7.9.4 дэх хэсэг буюу “өндөр насны тэтгэвэрт гарсан хүний орон тоо нэн шаардлагагүй эсхүл орны бэлтгэгдсэн нөөцтэй тохиолдолд удирдлагын багийн хурлаар хэлэлцээд чөлөөлж болно” гэсэн зохицуулалтуудыг тус тус баримталсан байна.

12.Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно, 145.2-т ажилтан өндөр  насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин, хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, 145.3-т ажил олгогч ахмад настны хүсэлтээр ажлын цагийг богиносгож, бүтэн бус цагаар ажиллуулж, эсхүл эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна гэж тус тус заасан.

Ахмад настан, тэтгэвэр авагч нь хөдөлмөр эрхэлж болох нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхээс улбаатай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хууль тогтоогч нь ахмад настан, тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлж болох, ажил олгогч нэгэнт ахмад настан, тэтгэвэр авагч иргэнтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн бол тухайн харилцааны суурь зарчмыг баримталж, үндсэн эрхийг эдлүүлэхээр  зохицуулсан байна.

13.Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1-д энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч Д.Д-ийн хувьд  60 нас хүрээгүй 55 настайдаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосноор “тэтгэвэр авагч”-ийн, 60 нас хүрснээс хойш “ахмад настны” хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай байсан гэж үзнэ.

14.Улсын Их хурлаас 2021.07.21-ний өдөр Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ыг баталсан бөгөөд уг хууль нь 2022.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Зохигчийн хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дээрх хууль батлагдахаас өмнө үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зохицуулагдаж байсан, энэхүү хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж заасан. Талуудын харилцан тохиролцсоноор гэрээг хугацаатай байгуулж болох нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, эсхүл тэдгээрийн харилцан тохиролцсоны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдол хамаарах ба ийм тохиолдолд тухайн шаардлага шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгана.

Ажил олгогч нь Д.Д-тай сүүлд 2019.09.02-ны өдөр байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тухайн гэрээг хугацаагүй байгуулснаас гадна  уг гэрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор  аливаа өөр нөхцөл заагаагүй  байна.

Тодруулбал, ахмад настан өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа нь эрхэлж байгаа ажил, үүргээ гүйцэтгэхэд насны байдал нөлөөлж, хөдөлмөрийн чадвар буурдагтай холбоотой тул тэтгэвэр авагчийг ажиллуулахдаа хөдөлмөрийн нөхцөлийг нь өөрөөр тогтоох буюу ажлын цаг болон ачааллыг багасгах талаар харилцан тохиролцох боломжтой. Харин энэ хэргийн нэхэмжлэгчтэй ажил олгогч өөр нөхцөл тохироогүй, түүний ажлын цаг, ачааллыг багасгасан гэдэг асуудал үүсээгүй, нэхэмжлэгч нь бусад эмчийн нэгэн адил ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал авч  байжээ.

Нөгөө талаар, ажил олгогч тухайн үеийн онцлог хэрэгцээ шаардлагын улмаас нэхэмжлэгчийг ажиллуулж байгаа бол хөдөлмөрийн гэрээнд  энэ үндэслэлээ тодорхой зааж, хугацаатай гэрээ байгуулж болох байсан боловч ийм хэрэгцээ шаардлагын улмаас түр ажиллуулсан гэх нөхцөл тогтоогдоогүй, түүнчлэн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох үндэслэлийг гэрээндээ тухайлан заагаагүй байна.

15.Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнээс хойш хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ өөрчлөлт оруулаагүй байх тул хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээ үргэлжилсэн  гэж үзнэ.

16.Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж эхэлсэн 2022.01.01-ний өдрөөс хойш нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгосон тушаал гаргасан байх тул одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ хуулийг  хэрэглэнэ.

17.Хөдөлмөрийн хугацаатай болон хугацаагүй гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан, үүнд талууд харилцан тохиролцож, эсхүл ажилтны эсхүл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалж дуусгавар болохоос гадна өөр бусад үндэслэлүүдийг тодорхойлжээ.

17.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах 6 үндэслэлийг заасан, үүнд, аж ахуйн нэгж байгууллагын бүтэц орон тоотой холбоотой ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, эсхүл ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд эрхэлж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон, эсхүл эрүүл мэндийн хувьд ажлаа эрхлэх боломжгүй болсон, эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, эс бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан болон ажилд орохдоо эзэмшсэн боловсрол, мэргэжил, мэргэшлийн талаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэсэн үндэслэлүүдийг заажээ.

Дээр дурдсан хуульд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах аль ч үндэслэл бий болоогүй байхад ажил олгогч нь нэхэмжлэгч Д.Д-г Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-т заасан “ажил олгогчийн санаачилгаар цуцлах” гэсэн ерөнхий агуулгатай зохицуулалтыг баримталж  ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

17.2.Хариуцагч нь “Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасагт 4 эмчийн орон тоо батлагдсан, нэхэмжлэгч нь  илүү орон тоонд ажиллаж байсан” гэсэн тайлбар гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Д 2003 оноос эхлэн энэ байгууллагад ажилласан, түүний ажлын байр байнгын ажлын байр, тэтгэвэр тогтоолгосон боловч үргэлжлүүлэн тухайн байнгын ажлын байранд ажилласан, харин энэ хугацаанд хариуцагч байгууллагад 2022.01.03-ны өдрийн тушаалаар бүтэц, орон тоонд өөрчлөлт орсноор нэхэмжлэгчийн ажлын байр буюу эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалд нийтдээ 4 орон тоо батлагдсан нь тогтоогдсон. Иймээс орон тоо шинээр нэмэгдсэн болон эмч нэмж авч ажиллуулсан нь хөдөлмөрийн гэрээний дагуу өмнө ажиллаж байсан Д.Д-ийн орон тоог илүү /сул, байхгүй/ гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Гэтэл хариуцагч нь дээрх тайлбар гаргаж  үүнийгээ нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь хууль зүйн хувьд буруу байна.

17.3.Хариуцагч нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4-т заасан “Хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон ажилтны албан тушаал нь байгууллагад нэн шаардлагагүй эсхүл орны бэлтгэгдсэн хүний нөөцтэй гэж үзвэл удирдлагын багийн хурлаар хэлэлцэж чөлөөлнө” гэсний дагуу удирдлагын багийн хурлаар хэлэлцэж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар гаргасан.

Хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байхыг, түүнчлэн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хэний санаачилгаар дуусгавар болгох  нийтлэг үндэслэлийг байгууллага нь хөдөлмөрийн дотоод журамд зааж болохоос  гадна тухайн ажилтантай байгуулсан гэрээнд, тэр тусмаа онцлог зохицуулалтыг харилцан тохиролцсоны дагуу хөдөлмөрийн гэрээнд  тусгахыг хууль шаарддаг. Ийм нөхцөл тогтоогдоогүй болно.

17.4.Нөгөө талаар, хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4-т хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон ажилтны хувьд ажлаас чөлөөлөх 2 нөхцөлийг хамааруулж заасан боловч эдгээр нь ойлгомжгүй, тодорхой бус байна.

Тухайлбал,  “Хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон ажилтны албан тушаал нь байгууллагад нэн шаардлагагүй” болсон гэдэгт тухайн ажилтны насны байдлаас шалтгаалж ур чадварын хувьд цаашид ажиллуулах хэрэгцээ, шаардлагагүй болсон, эсхүл түүний албан тушаалын орон тоо байгууллагад хэрэгцээ, шаардлагагүй болсон гэж ойлгохын аль нь болох, үүнээс гадна  “орны бэлтгэгдсэн хүний нөөцтэй” гэдэгт ямар тохиолдлыг ойлгох, энэхүү нөхцөл байдал бий болсон бол тэтгэврээ тогтоолгосон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох, эсхүл хэний санаачилгаар хэрхэн цуцлах,  үр дагаврыг яаж шийдвэрлэх асуудлыг зохицуулаагүй, үүнийг байгууллагын ажилчид хэрхэн ойлгож байгааг  сайтар тогтоогоогүй нь маргааны үндэслэл болсон байна.

17.5.Нэхэмжлэгч Д.Д-г ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд “...Даваасамбуу эмч ... одоо дахиад тэмцээнд чөлөө хүсээд байна, энэ удаа явуулж чадахгүй, иймд цаашид ажлаас чөлөөлөх саналтай, төсвөөс санхүүжилтгүй, энэ хүнийг цалинжуулах боломжгүй, орон тооноос илүү ажиллаж байгаа, тэтгэврийн хүн тул мэдэгдэл өгөх шаардлага байхгүй,... тушаалыг нь бэлдчихсэн..” гэж бичигдсэн. Гэвч   эдгээр шалтгаан нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн факт болохгүй.

18.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн тогтоосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзэв.

19.Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 27,357,295 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангахдаа баримталбал зохих хууль болон журмыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 2.3, 2.3.5-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь  үндэслэлгүйгээр цуцлагдсан  ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны олговрыг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан байна.

Дээрх журамд зааснаар нэхэмжлэгч Д.Д-ийн ажилласан сүүлийн 3 сар буюу 2022 оны 3, 4, 5-р сарын нийт цалин нь 12,270,146 төгрөг, нэг сарын дундаж цалин нь 4,090,048 төгрөг, ажлын нэг өдөрт ногдох цалин хөлс нь 188,671 төгрөг байх бөгөөд 2022.06.01-ний өдрөөс 2023.01.02-ны өдрийг хүртэл нийтээр амрах баяр ёслолын өдрүүд болон түүний ээлжийн амралтын 27 хоногийг хасч 118 хоногоор тооцож, нийт 22,263,178 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг ажил олгогчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх нэг өдрийн цалин хөлсийг 44,534 төгрөг гэж тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын 2.2 дахь хэсэгт мөн сайдын 2022.03.17-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан буюу илүү цагаар ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцохдоо  дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримталсан нь алдаатай байна.

20.Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагатай холбоотой давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

21.Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг ханган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 203/МА2023/00042 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “4,275,264 /дөрвөн сая хоёр зуун далан таван мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг” гэснийг “22,263,178 /хорин хоёр сая хоёр зуун жаран гурван мянга нэг зуун далан найм/ төгрөгийг” гэж, “23,082,031 /хорин гурван сая наян хоёр мянга гучин нэг/ төгрөгийг” гэснийг “5,094,117 /таван сая ерэн дөрвөн мянга нэг зуун арван долоо” төгрөгийг” гэж, “83,354 /наян гурван мянга гурван зуун тавин дөрвөн/ төгрөгийг” гэснийг “269,265.89 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2023.12.06-ны өдөр төлсөн 247,890 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023.12.05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                                                        Н.БАТЧИМЭГ

                                                                                                                                 Н.БАЯРМАА

                                                                                                                                   П.ЗОЛЗАЯА