Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 636

 

Б.С-, Э.А-, Б.А-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 663 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1127 дугаар магадлалтай, Э.А-, Б.С-, Б.А- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, С овогт Б-ы С-,

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, ял шийтгэлгүй, Ц овогт Э-н А,

3. Монгол Улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, ял шийтгэлгүй, Б овогт Б-н А.

Э.А-, Б.С- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.М-ын “Самсунг Эс-7” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлж аваад зугтаан илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж, 170,000 төгрөгийн,

Э.А-, өсвөр насны шүүгдэгч Б.А- нар бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нефтийн автобусны буудал дээр хохирогч Б.О-ын хоолойг боож, хавирч унагах зэргээр биед нь хүч хэрэглэн довтолж “Самсунг Жи-7” загварын гар утсыг нь дээрэмдэж, 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-ыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, шүүгдэгч Э.А-ыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, мөн бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан, өсвөр насны шүүгдэгч Б.А-г бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэж,

шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн

дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

өсвөр насны шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.А-д оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.А-д хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт прокуророос шүүгдэгч Э.А-, Б.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Сартуул овогт Батсайхан С-ыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Цул бор овогт Энхгэрэлийн А-г бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг “Б.С-, Э.А- нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд ...” гэж,

2 дахь заалтад “Шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэж, Э.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.” гэж,

6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар тогтоож, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийн зүйлчлэлийг хуулийн үндэслэлгүйгээр өөрчилж, бидний гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хэлэлцэлгүй орхигдуулсан гэж үзэж гомдол гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилсэн прокурорын алдааг анхан шатны шүүх залруулалгүйгээр хохирогч Б.О-ын гэнэт нэг залуу нь миний араас баруун гараараа боогоод хавирч унагаад самсунг 3-7 маркийн гар утас аваад зугтаасныг тод санаж байна...” гэсэн ямар ч нотлох баримтгүй, дангаараа өгсөн, бусад баримтаар нотлогдоогүй, хохирох үедээ согтуурал мансуурлын байдалд байсан этгээдийн эх сурвалжаа зааж чадаагүй, илтэд зөрүүтэй 2 өөр мэдүүлгийг хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх гол нотлох баримт болгон авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.4, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг шууд дордуулсан гэж дүгнэлт өгөх үндэслэл болж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагын дагуу Эрүүгийн хуулийн 1.2-т заасан “Хууль ёсны зарчим”, 1.3-т заасан “Шударга ёсны зарчим”-ыг баримтлах бөгөөд нотлогдоогүй үйлдлийг нотлогдсон мэтээр дүгнэлт хийсэн нь “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал, Б.О- нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... 2 хүнд сугадуулаад явж байсан. Газар уначихсан байхад халаас ухаад байсан...” гэж мэдүүлсэн атлаа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “ 2 залуу араас дагаад явж байх шиг байсан, гэнэт нэг залуу нь миний араас баруун гараараа боогоод хавирч унагаад, Самсунг жи-7 гар утас аваад зугтаасныг тод санаж байна...” гэж эрс зөрүүтэй өөр өөр мэдүүлэг өгсөн байх ба эдгээр мэдүүлэг нь шүүхийн тогтоолд хийсэн “... хүч хэрэглэсэн шинжийг нарийвчлан нотолж мэдүүлсэн” гэсэн дүгнэлтийн үндэслэлгүй болохыг шууд нотолж байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг өөрчилж оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж магадлан шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн бол анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хохирогч гомдолгүй болсон Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэлгүйгээр хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг баримтлаагүй гэж үзнэ.

Иймд дээрх эргэлзээтэй байдлыг хянаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.А-, насанд хүрээгүй шүүгдэгч Б.А- нар хохирогч Б.О-т хүч хэрэглэн дээрэмдсэн гэх Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж, ял халдаасан хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.4 мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 40.1 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, уг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хуульд заасан хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.А-, Б.С- нар нь бусдын эд зүйлийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч зугтаасан, шүүгдэгч Э.А-, Б.Ануужин нар нь хүч хэрэглэн довтолж бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А-, Б.С- нарт оногдуулсан ял тэдний гэм бурууд тохирсон байна. Харин өсвөр насны шүүгдэгч Б.Ануужинд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй нь буруу бөгөөд давж заалдах шатны шүүх залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүгдэгч нарын хоёр удаагийн үйлдэл дээрэмдэх зорилготой байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалаас шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулсныг хэвээр үлдээж, 2, 3 дахь заалтад оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.С-, Э.А-, Б.А- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Э.А-, Б.С- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.М-ын “Самсунг Эс-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн,

Э.А-, өсвөр насны шүүгдэгч Б.А- нар бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нефтийн автобусны буудал дээр хохирогч Б.О-ын хоолойг боож, хавирч унагах зэргээр биед нь хүч хэрэглэн довтолж “Самсунг Жи-7” загварын гар утсыг нь дээрэмдэж, 200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.С-ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Э.А-ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Б.А-гийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.А-, Б.С- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь залилах гэмт хэргийн дээрмийн гэмт хэргээс ялгарах үндсэн шинж нь хохирогчийн хандлага, субъектив шинж чанар байдаг бөгөөд тэрээр хууран мэхлэх болон итгэлийг нь эвдэж буй гэмт хэрэгтний үйлдэлд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг сайн дураараа, ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлж өгч байдаг бол дээрэмдэх гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний хувьд гэмт хэрэгтэн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авахын тулд илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авдаг тул хохирогчийн хувьд дээр дурдсан хандлага, субъектив шинж чанар үгүйсгэгддэг.

Шүүгдэгч Э.А-, Б.С- нар хохирогч М.М-ын “Самсунг Эс-7” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлж, бусдын өмчлөлийг өөрт нь хүч хэрэглэхгүй авах арга болгон ашиглан, улмаар зугтан холдсон бөгөөд тэдний үйлдлийн шинжийг буруу тайлбарлан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруу дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалын холбогдох заалтуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Харин давж заалдах шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг давхар баримтлах талаар дүгнэлт хийж, анхан шатны шүүхийг шийдвэрт  зохих өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Иймд шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлтэй холбоотой өөрчлөлт оруулсан магадлалын холбогдох заалтуудыг хүчингүй болгож, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гомдлын “...давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн” гэсэн хэсгийг хүлээн авч, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хуульд заасан хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 663 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1127 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН