Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00734

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 07 210/МА2023/00734

 

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00053 дугаар шийдвэртэй,

Б.Г-ийн нэхэмжлэлтэй, М.У-д холбогдох,

Гэрээний үүрэгт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үлдэгдэл төлбөр 29,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.Г нь М.У-тэй 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянгол 40 гудамжны 2а тоот хаягт байршилтай 232 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Тус газрыг нийт 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож түүнээс 15,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр гэрээний төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа газрыг шилжүүлэн өгөхөөр тус тус талууд харилцан тохиролцжээ.

1.2. Худалдан авагч Б.Г нь гэрээ байгуулсан өдөр гэрээний урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг эхнэрийн Хаан банкин дахь 5007900779 тоот данснаас худалдагч М.У-ийн Хаан банкны 5332003509 тоот дансанд шилжүүлсэн байна. Үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг бусдаас авах авлагаа авч төлөх байсан нь хойшилж, 1 жилийн дараа авах болсон тул үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Гэрээнээс татгалзах талаар М.У-ийн утас руу 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн залгасан орон нутагт байснаас утас нь холбогдохгүй байсаар мөн оны 06 дугаар сарын 27-ны өдөр холбогдсон. М.У-ийн ажлын байранд 06 дугаар сарын 27-ны өдөр очиж уулзан гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрсэн талаар учир байдлаа хэлж, гэрээнээс татгалзаж өгсөн урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхийг хүссэн боловч татгалзсан. Үлдэгдэл төлбөрт машинаа 10,000,000 төгрөгөөр, өөрт байсан 2 газрынхаа нэгийг 5,000,000 төгрөгөөр тус тус зараад, үлдсэн 5,000,000 төгрөгт нь нэг газраа өгье гэсэн саналыг тавьсан ч татгалзсан тул гэрээгээр шилжүүлэн авахаар тохиролцсон газрыг нь бусдад худалдан төлбөрийг нь төлж барагдуулахаар фэйсбүүк дэх зарын группүүд болон www.unegui.mn сайтад зар байршуулсан боловч газар нь зарагдаагүй. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөнгөө авахаар мессеж бичихэд өмгөөлөгчтэйгөө уулзаад хариу өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй, өгөхөөс татгалзсан. Иймд зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие нь маргаан бүхий газрыг Б.Г-т зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа 15,000,000 төгрөг авч, 20,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр авахаар тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа дуусахад шалтаг хайсаар мөнгөө өгөхгүй гэнэт наймаагаа буцаах санал тавьсан. Нэгэнт зээлээр худалдах худалдан авах гэрээ хийсэн гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээнээс татгалзах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. М.У миний бие Б.Г-той 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 40 гудамжны 2а тоот хаягт байршилтай 232 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Б.Г нь дээрх газрыг нийт 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 15,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр болсон. Бидний хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул үлдэгдэл 20,000,000 төгрөг, зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.6-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 9,200,000 төгрөг, нийт 29,200,000 төгрөгийг Б.Г-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Б.Г нь М.У-тэй байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзах тухайгаа гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 27 өдөр, мөн 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд мэдэгдэж, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй болсон тухайгаа илэрхийлсэн. М.Ууган-Эрдэнэ нь тухайн тайлбарыг хүлээн авахгүй, шүүх, цагдаагийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн атлаа 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Б.Г-той уулзахгүй, шүүхэд хандахгүй байсан. Б.Г-гийн тухайд гэрээнээс татгалзаж, үлдэгдэл төлбөрөө тодорхой хэмжээний торгуулийг нь суутгуулан авах хүсэлттэй байгаагаа 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн илэрхийлж ирсэн. Гэрээгээр шилжүүлэхээр тохиролцсон эд хөрөнгө буюу газар, газрын өмчлөх эрх гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд М.У-д хэвээр байгаа. Тэрээр газраа эзэмшиж ашигласан хэвээр байгаа тул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 204 дугаар зүйлийн 204.1, 225.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-гийн гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.У-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Б.Г-оос 29,200,000 төгрөг гаргуулан хариуцагч М.У-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,000 төгрөгөөс 303,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г-оос 303,950 төгрөг, улсын төсвийн орлогоос 50 төгрөг тус тус гаргуулж хариуцагч М.У-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Б.Г-ийн нэхэмжлэлтэй, М.У-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00053 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

6.1. Талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүртгэлийн 0854 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 232 м.кв газрыг нийт 35,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Б.Г нь гэрээ байгуулагдсан өдөр газрын урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан ч гэрээний дагуу төлбөрөө төлөх боломжгүйд хүрч, гэрээг цуцлах саналаа 2022 оны 6 дугаар сараас эхлэн М.У мэдэгдэхээр оролдсон. М.У нь хөдөө, орон нутагт ажиллаж байгаа хэмээн Б.Г-той холбогдоогүй явсаар 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр М.Ууган-Эрдэнийн ажлын газарт биечлэн очиж уулзан, үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй болсон талаараа хэлж, гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах саналаа илэрхийлсэн. Хэрэгт авагдсан баримтууд болох зохигчдын хооронд харилцсан утасны мэссэж, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэл, тайлбараар давхар нотлогддог. Шүүх гэрээнээс татгалзах талаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн болох нь тогтоогдсон хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зөрчсөн гэж үзэж байна.

6.2. Хариуцагч М.У гэрээнээс татгалзах саналыг хүлээн авахгүй уулзахгүй явсан нь хугацаа авч, алданги тооцох зорилготой байсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна хэмээн буруу дүгнэлтийг хийсэн. Зохигчдын харилцсан утасны мэссэжинд шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэх талаар тодорхой дурдсан байх бөгөөд шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан цаг хугацааны хувьд ч авч үзэхэд алданги тооцох хугацааг уртасгах зорилго агуулж байсан болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч Б.Г-ийн хувьд төлбөрөө төлөх боломжгүйд хүрсэн тул гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах саналаа М.У биечлэн 2022 оны 6 дугаар сард мэдэгдсэнээс хойш тухайн газрыг нь бусдад худалдан борлуулах, өөр эд зүйлээр буюу бартераар үлдэгдэл төлбөрийг нь төлөх гэх зэрэг боломжтой бүхий л аргыг авсан. Мөн урьдчилгаа төлбөрөөс суутгуулаад буюу 7,000,000 төгрөгийг нь үлдээгээд 8,000,000 төгрөгийг өгөөд асуудлаа дуусгах боломжтой болохоо ч илэрхийлсэн. М.У нь Б.Г-той уулзахаас зайлсхийж утсаа салгаж, холбогдох боломжгүй болгож, гэрээний хугацаа дууссанаас хойш алданги тооцох хугацааг уртасгах зорилгоор асуудлыг шийдэхгүй явсаар 2022 оны 10 дугаар сард л шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.У 15,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хууль, эрх зүйн талаас нь зөв дүгнэж, хуулийг үндэслэл бүхий тайлбарласан. Талууд хороондоо зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний нөхцөл байдлыг тодорхойлж, үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Зээлийн хугацааг дуусгавар болоход төлбөр, мөнгийг өгөхгүй гэх агуулгаар асуудалд хандаж, хугацаа хожиж байна. Талууд нь тохирсон хугацаанд төлбөр, мөнгийг төлж чадахгүй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Иргэний хуульд заасан журмын дагуу гэрээнээс татгалзах санал хүсэлтээ гаргах ёстой. Гэтэл гэрээний хугацаа дууссаны дараа татгалзах асуудал яригдаж, төлбөр өгөхгүй байдлаар өгсөн, авсан зүйлээ буцаая гэж асуудалд хандсан. Гэрээний эрх зүйн харилцаанд талууд хэлцэл хийж, баталгаажуулан тодорхой хугацаа, үүрэг даалгавраа хүлээх ёстой. Хугацаа дуусах болохоор төлбөрөө төлж чадахгүй гэх байдлаар асуудалд хандсан нь үндэслэлгүй. Тухайн нөхцөл байдал байгаа тохиолдолд худалдах, худалдан авах гэрээнд тусгах ёстой. 15,000,000 төгрөгийг урьдчилан өгч, үлдэгдэл 35,000,000 төгрөгийн авлагаа авсны дараа өгнө гэх байдлаар талууд тохиролцох ёстой. Гэрээний дагуу хүлээх үүргээ бүрэн биелүүлж ажиллах нь эрх иргэний харилцаанд оролцож буй талуудын эрх тэгш байх зарчимд нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч М.У холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, алданги 9,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гарган маргажээ.

 

3. Талууд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч М.У нь Сонгинохайрхан дүүрэг, 5-р хороо, Баянгол 40 гудамж, 2а тоот хаягт байршилтай 232 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч Б.Г нь гэрээ байгуулагдсан өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 6/

 

Анхан шатны шүүх дээрх гэрээний харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь буруу. Талууд гэрээгээр хүү тохиролцоогүй тул зээлээр худалдах, худалдан авах гэрээнд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний үнийг хэсэгчлэн төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

 

4. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, үлдэх 20,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримтын тухайд талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4.а Нэхэмжлэгч Б.Г нь гэрээнээс татгалзах саналыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр М.У-д мэдэгдсэн болох нь үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн шүүхэд гаргасан ...Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад янз бүрийн шалтаг хайсаар мөнгөө өгөхгүй байж байгаад наймаагаа буцаах санал тавьсан гэсэн хариу тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Г нь гэрээнээс татгалзах саналаа хариуцагч М.У-д мэдэгдсэн гэж үзнэ.

 

4.б. Хариуцагч талын гаргасан ...гэрээний хугацаа дууссан учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй... гэсэн тайлбар, татгалзал хууль зүйн үндэслэлгүй. Учир нь гэрээний хугацаа дууссанаар гэрээнээс татгалзах эрхээ алдах талаар хуулийн зохицуулалт байхгүй юм.

Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах боломжит хугацааг хэтрүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулна. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч Б.Гмнь гэрээнээс татгалзсан тул хариуцагч М.У-ээс гэрээний дагуу шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дараах байдлаар зөвтгөж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

6. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, алданги 9,200,000 төгрөг, нийт 29,200,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00053 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалт, 2 дахь заалтыг нэгтгэж 1 гэж дугаарлан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ууган-Эрдэнээс 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганзоригт олгож, нэхэмжлэгч Б.Ганзоригоос 29,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.Ууган-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 232,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 303,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ууган-Эрдэнээс 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганзоригт буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж дуугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ганзоригийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 378,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ