Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00735

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023          04            07                                         210/МА2023/00735

 

 

Б.Х нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/00768 дугаар шийдвэртэй,

Б.Х нэхэмжлэлтэй, “Э” ХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахтуяагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/1001 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, надад 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр тушаалыг танилцуулсан. Тушаалыг эх хувиар гардуулж өгөөгүй, хуулбарыг танилцуулсан. 

“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/1001 тоот тушаалын үндэслэх хэсэгт “...Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5.3, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 4.1.2, Компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 989 дугаар тушаалыг тус тус үндэслэн Салбарын засвар механикийн хэлтсийн ахлах механик Б.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт талууд харилцан тохиролцсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан бөгөөд надтай ажил олгогчийн зүгээс харилцан тохиролцсон зүйл байхгүй. Үндэслэлгүй ажлаас халагдсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

1.2. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны Б/989 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулжээ. Тушаалын үндэслэх хэсэгт ...Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.5, 123 дугаар зүйлийн 123.2.4, ”Э” ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5.3, 9.5.6, хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 5.2.1, 5.2.8, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.4 тус тус үндэслэн тушаажээ. Тушаалын тушаах хэсгийн 1 дэх хэсэгт үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, засвар үйлчилгээний ажлын хуудасны дагуу өгөгдсөн үүргийн гүйцэтгэлийг бүрэн хянаж ажиллаагүйгээс тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн тосны оронд ашиглагдсан гидрийн шингэн хийж тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулж, хохирол учруулсан зөрчил гаргасан Салбарын засвар, механикийн хэлтсийн ахлах механик Б.Хыг албан тушаалд бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Би сахилгын шийтгэлийг гаргаагүй, хяналт тавих чиг үүргээ биелүүлээгүй зөрчил гаргаагүй, гидрийн шингэн сольж, хохирол учруулаагүй. Сахилгын зөрчил гаргаагүй атал сахилгын зөрчил гаргасан мэтээр сахилгын зөрчлийг тогтоолгүй шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасныг ноцтой зөрчсөн. Миний ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийн хувьд зөрчлийн шинж чанар үр дагаврыг тогтоолгүй, сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй. Иймд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/989 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Салбарын засвар, механикийн хэлтсээс Белаз маркийн авто самосвалуудад техник үйлчилгээ хийх үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлангаар Засвар механикийн хэлтсийн ахлах механик Б.Х нь тухайн засвар үйлчилгээний ажлын хуудасны дагуу өгөгдсөн үүргийн гүйцэтгэлийг бүрэн хянаж ажиллаагүй, Хог хаягдлын журмын 2.5, Хөдөлмөрийн гэрээний 3.1.4, ажлын байрны тодорхойлолтын 2.5, 3.6-д заасныг баримталж мөрдөөгүй болохыг тогтоосон. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/989 дүгээр тушаалаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж засвар үйлчилгээний ажлын хуудасны дагуу өгөгдсөн үүргийн гүйцэтгэлийг бүрэн хянаж ажиллаагүйгээс хөдөлгүүрийн тосны оронд ашиглагдсан гидрийн шингэн хийж тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулж, хохирол учруулсан зөрчил гаргасан Б.Хд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Дээрх тушаалын дагуу Салбарын Засвар механикийн хэлтсийн ахлах механик албан тушаалаас Засварын механикийн албан тушаалд бууруулсан тул гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/1001 дүгээр тушаалаар Б.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, мөн өдрийн Б/1002 дугаар тушаалаар Б.Хыг Салбарын Хүнд машин, механизмын засварын хэсэгт засварын механикаар томилсон болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д заасны дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/989, Б/1001, Б/1002 дугаар тушаалуудыг нэхэмжлэгч Б.Хд танилцуулсан. Иймд нэхэмжлэгч Б.Хы “Э” ХК-дхолбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Б.Х “Э” ХК-д холбогдуулан гаргасан “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5/989 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хяналт шалгалтын тайлангаар “Салбарын засвар, механикийн хэлтэс нь Белаз маркийн #001, #004, #006, #012 паркын дугаар бүхий автосамосвалуудад төлөвлөгөөт техникийн тос солих үйлчилгээний үеэр 15W40 хөдөлгүүрийн тосны оронд ашигласан гидрийн шингэн хийж, ажилд гаргасан зөрчил илэрсэн бөгөөд уг зөрчлийн улмаас нэг бүрийн үнэ 4,258,030,303 төгрөгийн үнэ бүхий Белаз маркийн 4 автосамосвалын эдэлгээ, ашиглалтын хугацаа богиносох, хөдөлгүүрт доголдол үүсэж эвдрэл гэмтлийг ихэсгэх, үйлвэрлэлийн процессыг доголдуулж бүтээлийн их хэмжээний алдагдал гарч болох гэх мэт шууд болон шууд бусаар хохирол учрах эдийн засгийн өндөр эрсдэл үүссэн. Одоогийн байдлаар энэ зөрчлөөс болж дээрх белаз автосамосвалууд нийт 477.2 мот.цаг сул зогссон ба тус хугацаанд нийт 66,994 м³ уулын цул тээвэрлэх бүтээлийн боломжийг алдсан. Автосамосвалын 8 дугаар сарын мот.цагийн зардлын гүйцэтгэлд үндэслэн тооцоход тус сул зогсолтын үед цалингийн зардал 28,7 сая төгрөг, катерингийн зардал 2,4 сая төгрөг, бусад хуваарилагдах зардал 3.1 сая төгрөг, элэгдлийн зардал 37,5 сая төгрөг, техникийн даатгалын зардалд 0,9 сая төгрөг буюу ажиллах хүч болон техниктэй холбоотой нийт 72,6 сая төгрөгийн тогтмол зардал гарсан болохыг тогтоосон бөгөөд хариуцлага алдсан, компанид шууд болон шууд бусар хохирол учруулсан ажилтнуудад хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Б.Х-тай байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн M/2022/0469 дугаартай хөдөлмөрийн гэрээний 1.2.3-т гүйцэтгэх ажил үүрэг нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг", 3.1.4-т "ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын зорилго, чиг үүрэг, зорилтыг бүрэн хангаж ажиллах...”, 4.1-д ажилтны гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагавар, түүний давтамж, учруулсан хохирол зэргийг харгалзан Хөдөлмөрийн дотоод журам, бусад дүрэм, журам, горим болон энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулна.”, 4.1.4-д албан тушаал бууруулах” гэж тус тус заасан. Б.Хы ажлын байрны тодорхойлолтод зааснаар түүний үндсэн үүрэг, зорилт салбарын үйл ажиллагааг хэвийн нөхцөлд жигд ханган биелүүлэхэд шаардагдах бүх төрлийн хүнд машин, механизм, дунд оврын туслах техник, тоног төхөөрөмжүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, тэдгээрийн засвар үйлчилгээг тогтмол мэргэжлийн түвшинд гүйцэтгүүлэх чиглэлээр гүйцэтгэлд хяналт тавьж удирдан зохион байгуулж ажиллах, заавар, зааварчилгаа, аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах бөгөөд уг зорилтын хүрээнд 2.5-д заасны дагуу засвар, үйлчилгээний гүйцэтгэлд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй. 

Мөн 3.6-д зааснаар ажиллагсдыг байнгын удирдлагаар хангах, өгөгдсөн ажлын даалгаврыг зөв аюулгүй хийж байгаа эсэхэд хяналт тавих, засварын ажлыг биечлэн удирдах, засварлах арга, технологийг заах, хянах, тодорхой шийдвэр гаргах чиг үүрэгтэй байтал дээрх чиг үүргээ тус тус биелүүлж ажиллаагүй. Түүнчлэн компанийн Хог хаягдлын журмын 2.5-т "хэлтэс нэгжийн ахлах ажилтнууд нь ажлын байран дахь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавьж, хог хаягдал ангилах соёлыг хэвшүүлэхэд оролцоно гэж заасныг зөрчсөн. Иймд Засвар механикийн хэлтсийн ахлах механикаар ажиллаж байсан Б.Х нь тухайн засвар үйлчилгээний ажлын хуудасны дагуу өгөгдсөн үүргийн гүйцэтгэлийг бүрэн хянаж ажиллаагүйгээс хөдөлгүүрийн тосны оронд ашиглагдсан гидрийн шингэн хийж тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хохирол учруулсан зөрчил гаргасан үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэгчийн “Э” ХК-дхолбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/989 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Х-ыг “Э” ХК-ийн Салбарын засвар механикийн хэлтсийн ахлах механикийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29.075.803 /хорин есөн сая далан таван мянга найман зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Х-д олгож,

 Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Х эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч “Э” ХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг данснаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 303,329 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...сахилгын нэг зөрчил шийтгэлийн хэлбэрийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.1. Б.Х нь засвар үйлчилгээний ажлын хуудасны дагуу өгөгдсөн үүргийн гүйцэтгэлийг бүрэн хянаж ажиллаагүй нь компанийн Хог хаягдлын журмын 2.5, Хөдөлмөрийн гэрээний 3.1.4, ажлын байрны тодорхойлолтын 2.5, 3.6 дахь хэсгийг зөрчсөн бөгөөд хөдөлгүүрийн тосны оронд ашигласан гидрийн шингэн хийж тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хохирол учруулсан зөрчил гарах үндэслэлийн нэг болсон нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон тул гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/989 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасны дагуу Салбарын Засвар, механикийн хэлтсийн засварын механикийн албан тушаалд бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Салбарын засвар, механикийн хэлтсийн ахлах механикийн ажлын байранд Б.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, засварын механикийн ажилд томилсон. Анхан шатны шүүх дээрх процесс ажиллагааг сахилгын нэг зөрчилд шийтгэлийн хэлбэрийг давхардуулж ногдуулсан гэж үзэж хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Б.Х нь гүйцэтгэх захирлын тушаалаар албан тушаал буурч засварын механикийн албан тушаалд томилогдсон тул ажлаа хийгээд цалингаа аваад шүүхээр асуудлаа шийдүүлээд явж болох байсан боловч өвчтэй байгаа талаар эмнэлгийн магадлагаа ирүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн шалтгаанаар ажилдаа ирээгүй. Нэхэмжлэгч ажилдаа ирээгүй нь ажил олгогчийн буруугаас болоогүй байхад шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Сахилгын шийтгэлийг сахилгын нэг зөрчилд давхардуулан ногдуулсан гэдэг нь үндэслэлгүй байна гэх гомдлыг гаргахдаа Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал нь сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан гэж тайлбарласан. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь 2 өөр эрх зүйн үр дагавартай. Өөрөөр хэлбэл, 2 өөр эрх зүйн үр дагавартай асуудлыг нэг эрх зүйн үр дагавартай мэт тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй.

Анхан шатны шүүх нь хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн бөгөөд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргасан. Сахилгын нэг зөрчилд 2 өөр эрх зүйн үр дагавар бүхий тушаалыг оногдуулсан нь хуульд нийцсэн байна. Анхан шатны шүүх нь сахилгын зөрчил тогтоогдоогүй гэх үндэслэлээр дүгнэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэд хэдэн үндэслэлийг гаргасан бөгөөд гэрчийн мэдүүлгээр н.Сэргэлэнбаатарыг хяналт шалгалт хийдэг албан тушаалтан болохыг тогтоосон. Сахилгын зөрчлийг тогтоохдоо Хөдөлмөрийн дотоод журмын 8.3-т заасны дагуу дотоод хяналт шалгалтаар биш нэгжийн удирдлагын саналыг үндэслэн хүний нөөцийн газраас сахилгын зөрчлийг тогтоодог гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Сахилгын зөрчил тогтоогдоогүй үндэслэлийг дүгнэхдээ дотоод ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажилтнаас тайлбар аваагүй. Гэрчийн мэдүүлгээр тухайн ажилтнаас авсан тайлбар нь зөвхөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны судалгааны зорилгоор авсан, хяналт шалгалтын асуудалд хөрвүүлээгүй болох нь тогтоогдсон.

Харин зөрчлийг тогтоосон мэт анхан шатны шүүхийн шийдвэрийг гуйвуулан тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсоноор дуусгавар болгосон тушаалыг гардан авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалд шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан. Хариуцагчийн хариу тайлбарт сахилгын шийтгэл ногдуулсан буюу албан тушаал бууруулсан тушаалтай танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Албан тушаал бууруулсан учраас тухайн албан тушаалд нэг өдөр ч ажиллаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд оногдуулж цалин хөлсийг тооцсон нь хуульд нийцэж байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч “Э” ХК-дхолбогдуулан урьд эрхэлж байсан Салбарын Засвар механикийн хэлтсийн Ахлах механикийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч “...Б.Х хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, засвар үйлчилгээний ажлын хуудасны дагуу өгөгдсөн үүргийн гүйцэтгэлийг хянаж ажиллаагүй зөрчил гаргасан тул тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Б.Х-тай байгуулсан Салбарын Засвар механикийн хэлтсийн Ахлах механикийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Салбарын Хүнд машин, механизмын хэлтэст Засварын механикаар томилсон...” гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Харин нэхэмжлэгчийн тодорхойлсон “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/989 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.

 

3. Нэхэмжлэгч Б.Х нь “Э” ХК-д2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс ажилласан ба гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/539 дугаар тушаалаар “Э” ХК-ийн Салбар Засвар механикийн хэлтэст Ахлах механикийн ажил, албан тушаалд томилогджээ.

Улмаар, “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн Б/1001 тоот тушаалаар Салбарын Засвар механикийн хэлтсийн Ахлах механикийн ажлаас халагдсан байна.

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, “Э” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 4.1.2-т заасныг тус тус үндэслэжээ.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн Б/1001 тоот тушаалыг эс зөвшөөрч байгаа тухай дурдаж, нэхэмжлэлдээ уг тушаалыг хавсаргасан, мөн ажил олгогч нь “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн Б/989 тоот болон Б/1002 тоот тушаалыг ажилтанд танилцуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс Б/1001 тоот тушаалд хууль зүйн дүгнэлт өгч, маргааныг хянан шийдвэрлэнэ.     

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг талууд харилцан тохиролцож дуусгавар болгох агуулгатай байна.

Хэргийн баримтаар талууд харилцан тохиролцож Салбарын Засвар механикийн хэлтсийн Ахлах механикийн хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдоогүй.

 

6. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч мөн зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах учиртай.

“Э” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3-т ажилтны гаргасан зөрчлийг ажилтны сахилгын шийтгэлийн хяналтын хуудсанд тодорхой тусгаж, сахилгын зөрчил гаргасан ажилтнаас тайлбар авч, холбогдох нэгжийн удирдлагуудын саналыг тусгаж баталгаажуулсны үндсэн дээр ажилтанд танилцуулахаар тусгасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Гэсэн хэдий ч ажил олгогч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, хөдөлмөрийн дотоод журмын 8.3-т заасан журмыг баримталсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журам” гэх толгой бүхий хуудаст Б.Х бичсэн “...гидрийн шингэний талаар санхүүтэй уулзаж тосны орлого зарлагын талаар шүүж Белаз № 4, 1, 6 техникүүдэд гидр шингэн хийсэн талаар баталгаажсан мэдээллийг авсан. Мэдээллийн дагуу белаз № 1, 6, 4 техникүүдийг зогсоож хөдөлгүүрийн тосноос дээж авах, тосыг солих ажлыг авч хэрэгжүүлсэн” гэсэн тайлбарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, хөдөлмөрийн дотоод журмын 8.3-т заасан сахилгын зөрчилтэй нь холбогдуулан ажилтнаас авсан тайлбар гэж үзэх боломжгүй. Ажилтан уг гар бичмэлд 2022 оны 09 сарын 05-ны өдөр болсон үйл явдлыг мэдээлсэн агуулгатай тайлбарыг гаргажээ.

 

7. Иймд хариуцагч тал “...Б.Х хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, засвар үйлчилгээний ажлын хуудасны дагуу өгөгдсөн үүргийн гүйцэтгэлийг хянаж ажиллаагүй зөрчил гаргасан...” гэх тайлбараа нотлож чадаагүй буюу ажилтны гаргасан зөрчлийг шалгаж тогтоосон гэж үзэхгүй тул “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн Б/1001 тоот тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэв. Иймд энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн Б/989 тоот болон Б/1002 тоот тушаалыг үнэлж “...сахилгын зөрчлийг давхардуулан ногдуулсан...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.  Хэрэгт ажил олгогч “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн Б/989 тоот болон Б/1002 тоот тушаалыг ажилтанд танилцуулсан  баримтгүй тул хариуцагчийн “нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан гэх” давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

8. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцсон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байна.

 

9. Нэхэмжлэгч ажилдаа ирээгүй нь ажил олгогчийн буруугаас болоогүй байхад шүүх  ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийг ажил албан тушаалаас нь хариуцагч байгууллага үндэслэлгүйгээр бууруулсан тул шүүх түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулсныг буруутгахгүй.

 

10. Өмнө дурдсанчлан “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/989 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулна.

 

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/00768 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...”Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/989 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ...” гэснийг хасч, 

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 303,329 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг мэдэгдсүгэй.

 

                 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

 

                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ