Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 205/МА2023/00015

 

 

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 205/МА2023/00015

 

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 140/ШШ2023/00116 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г.*******ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаа Г.*******ийн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 2022 оны 10 сар, 11 сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс нийт 13,830,571 төгрөгийг гаргуулах, мөн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр зохих санд тус тус төлүүлэх тухай иргэний хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Д.*******үү, гуравдагч этгээд З.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан хугацааны цалин хөлс нийт 13,830,571 төгрөгийг гаргуулах, мөн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр зохих санд тус тус төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа : 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд ******* сумын ИТХ-ын даргын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд юу болсон бэ гэхээр манай сум ИТХ хийж чадахаа байгаад 2021 оны сумын төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө гээд он дамнаж болдоггүй ажлуудыг хийх шаардлагатай болсон тул ИТХ хуралдаад намайг хурлын даргаар томилсон. ИТХ-ын даргын ажлыг хийж байх зуур ******* төлөөлөгчтэй хэсэг бүлэг хүмүүс хуралдаад уг хурлаар *******ыг ИТХ-ын даргаар томилсон. Үүнтэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргахад уг нэхэмжлэлийн дагуу ямар шийдвэр гарсан бэ гэхээр энэ хэргийг эцэслэн шийдэгдэх хүртэл *******, *******аа хоёрыг ******* сумын ИТХ-ын үйл ажиллагаанд оролцохыг түдгэлзүүлсэн. Харин энэ хэргийг эцэслэн шийдэгдэх хүртэл намайг ******* сумын ИТХ-ын даргаар ажиллах гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу ажлаа хийгээд явж байтал 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлээд миний цалинг олгогдохоо байсан. ИТХ-ын данснаас ямар ч гүйлгээ хийгдэхээ байсан учраас би бүх газарт албан бичиг өгсөн. Үүний дагуу сумын Засаг даргын Тамгын газраас ямар хариу өгсөн бэ гэхээр санхүүгийн албаны дарга нь Тамгын газрын дарга болон Засаг дарга хуралд ямар ч гүйлгээ хийж болохгүй гэсэн тайлбар өгөөд ямар ч цалин олгоогүй. Би энэ хугацаанд хурлын даргын бүрэн эрхээ хэрэгжүүлээд үүрэгт ажлаа хийж байсан. Ингэж явсаар байгаад аймгийн санхүүгийн албанд хандахад танай сумын асуудал бол бидэнд хамаагүй сумынхаа санхүүгийн албатай учраа ол гэсэн хариу өгсөн. 2021 оны 7 сараас 2022 оны 4 сар хүртэл би цалин авалгүй ажилласан. Энэ хугацаанд ажилласан цагийн тооцоо бусад баримт бичгийг түүвэрлээд хэрэгт хавсаргасан. 2022 оны 5 сараас хуульд өөрчлөлт ороод ИТХ-ын санхүүг ИТХ-ын нарийн бичгийн дарга мэддэг болсон. Тэгээд би 2022 оны 5 сараас 2022 оны 9 сар хүртэл ИТХ-ын даргын албан тушаалын цалингаа авч ажилласан. Би 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн 2022 оны 10 сар, 11 сарын 15-ны өдөр хүртэлх цалин хөлсийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсээр байгаад 11,530,571 төгрөг дээр 2,300,000 төгрөгийг нэмээд нийт 13,830,571 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******үүгийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* сум 2020 оны орон нутгийн сонгуулиар 2 ИТХ-тай болсон. 2020 оны 11 дүгээр сарын 30 буюу анхдугаар хуралдаан, 2020 оны 12 дугаар сарын 30-нд бас нэг ИТХ-ын хуралдаан болсон. Энэ 2 хуралдааны аль нь хүчинтэй аль нь хүчингүй вэ ******* нь уу, Г.******* нь уу аль даргынх нь удирдсан хурал хүчинтэй вэ гээд захиргааны хэргийн 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлээд 2020 оны 11 дүгээр сарын 30 буюу 50 хоног дотроо багтаж хуралдсан хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзсэн. Тамгын газрын дарга ИТХ-ын даргын цалинг битгий олгоорой гэсэн асуудлыг би шүүхэд хариуцагчаар татагдсаныхаа дараа шүүх дээр мэдсэн. Тийм учраас захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн захиргааны актыг түдгэлзүүлэх тухай гэсэн шийдвэр дээр аймгийн ИТХ-аас сумын ИТХ-ын албан бланк ашиглан аль нэг хурлын тамгатай албан бичиг тогтоол гаргахгүй байхыг зөвлөж байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуулиар хүлээсэн чиг үүргийг иргэдийн хурлын нарийн бичгийн дарга хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна гэсэн зөвлөмжийн дагуу санхүүгийн алба, нягтлан бодогч нар ИТХ-ын даргаар ажиллаж байсан Г.*******ийн цалинг нь олгоогүй юм байна лээ. Энэ хэрэг маргаан нэгэнт 3 шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, давж заалдах шатны шүүхээс аль нэг сонгуульт албан тушаалтан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан шалгуурыг хангаагүй тохиолдолд гэж үзэж анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан байна гэж үзсэн байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу хамтран хариуцагч З.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Захиргааны хэргийн 3 шатны шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан ИТХ-ыг зөв гэж 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Захиргааны хэргийн танхимын тогтоол гарсан. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлыг зөв гэж үзсэн учраас Г.*******ийн нэхэмжлээд байгаа цалин хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 140/ШШ2023/00116 дугаар шийдвэрээр

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 49 дүгээр 49.1-т зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар болон хамтран хариуцагч ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан хугацааны цалин 11,530,571 төгрөг, мөн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилласан хугацааны цалин 2,300,000 төгрөг, нийт 13,830,571 төгрөгийг гаргуулах, 2021 оны 1 дүгээр сарын 01-ний хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр зохих санд төлүүлэх тухай нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.******* болон түүний өмгөөлөгч Б.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* миний бие ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар, хамтран хариуцагчаар ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлс, мөн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 2022 оны 10 cap, 11 сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс нийт 13,830,57 1 төгрөгийг гаргуулах, мөн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн Даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын хуульд заасан хэмжээгээр зохих санд тус тус төлүүлэх тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Г.******* миний бие 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд ******* сумын ИТХ-ын даргын ажлыг хийж гүйцэтгэсэн. ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилогдсон. ИТХ- ын даргын ажлыг хийж байхад ******* төлөөлөгчтэй хэсэг бүлэг хүмүүс хуралдаад уг хурлаар *******ыг ИТХ-ын даргаар томилсон. Үүнтэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг хэргийг эцэслэн шийдэгдэх хүртэл *******, *******аа хоёрыг ******* сумын ИТХ-ын үйл ажиллагаанд оролцохыг түдгэлзүүлсэн. Харин энэ хэргийг эцэслэн шийдэгдэх хүртэл намайг ******* сумын ИТХ-ын даргаар ажиллах гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу ажлаа хийгээд явж байтал 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлээд миний цалинг олгогдохоо байсан. ИТХ-ын данснаас ямар ч гүйлгээ хийгдэхээ байсан учраас би бүх газарт албан бичиг өгсөн. Үүний дагуу сумын Засаг даргын Тамгын газраас санхүүгийн албаны дарга нь Тамгын газрын дарга болон Засаг дарга хуралд ямар ч гүйлгээ хийж болохгүй гэсэн тайлбар өгөөд ямар ч цалин олгоогүй. Би энэ хугацаанд хурлын даргын бүрэн эрхээ хэрэгжүүлээд үүрэгт ажлаа хийж байсан. Ингэж явсаар байгаад аймгийн санхүүгийн албанд хандахад танай сумын асуудал бол бидэнд хамаагүй сумынхаа санхүүгийн албатай учраа ол гэсэн хариу өгсөн. 2021 оны 7 сараас 2022 оны 4 сар хүртэл би цалин авалгүй ажилласан. Энэ хугацаанд ажилласан цагийн тооцоо бусад баримт бичгийг түүвэрлээд хэрэгт хавсаргасан. 2022 оны 5 сараас хуульд өөрчлөлт ороод ИТХ-ын санхүүг ИТХ-ын нарийн бичгийн дарга мэддэг болсон. Тэгээд би 2022 оны 5 сараас 2022 оны 9 сар хүртэл ИТХ-ын даргын албан тушаалын цалингаа авч ажилласан. Би 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мен 2022 оны 10 сар, 11 сарын 15-ыг хүртэл цалин хөлсийг гаргуулахаар шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсээр байгаад 11,530,571 төгрөг дээр 2,300,000 төгрөгийг нэмээд нийт 13,830,571 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.*******ийн ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай "Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сонгох тухай" тогтоолыг хууль бус гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан учир түүнд дээрх хугацаанд ажиллаж байсны цалин хөлс олгогдох боломжгүй байна гэж шүүх үзсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.*******ийг хурлын даргаар сонгосон ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны едрийн 03 дугаартай хурлын тогтоолыг хууль бус байна гэдгийг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна гэж үзэж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би тухайн ажлын чиг үүргийг хийж гүйцэтгэсэн, ******* аймгийн ******* сумын ИТХ-ын даргын үүрэгт ажил буюу төрийн ажлыг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэсэн. Энэ бол Монгол улсын Үндсэн хуульд зааснаар шударгаар хөдөлмөрлөх, хөдөлмөрлөснийхөө үр дүнд цалин хөлс авах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр томилогдсон асуудал дээр дүгнэлт хийгээгүй байна. Түүнд Г.*******ийн ажилд томилогдсон асуудал яригдахаас биш ажилласан гэдгийг үгүйсгэх боломжгүй. Хэрвээ намайг ажиллаагүй гэж үзэх юм бол нэг ч шийдвэр гарах боломжгүй. Харин ажилласан гэдэг нь ямар ч тохиолдолд хангалттай нотлогдож байгаа. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс томилогдсон асуудал дээр дүгнэлт хийгээгүй байна гэсэн. Энэ дээр дүгнэлт хийх шаардлагатай. ******* захиргааны хэргийн шүүхэд ардчилсан намаас сонгогдсон зохион байгуулж явуулсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны едрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүчингүй болгуулах буюу өнөөдөр шүүхийн шийдвэрийг өглөө гэж бодоход шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож өгөөч гэх юм бол тэр нь өөрөө хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Хэн аль нь гомдол гаргавал Улсын дээд шүүхийн тогтоол гараад тэр хүмүүс хүлээж авсны дараа хүчингүй болно. Тэр болтол Г.*******ийг томилсон тогтоол нь хүчинтэй байгаа. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр томилсон тогтоол нь хэзээ хүчингүй болж байгаа юм бэ, хүчингүй болоод тэр хүчингүй болсон шийдвэр нь хэзээ хүчин төгөлдөр болсон юм бэ гэдэг дээр анхан шатны шүүх дүгнэлт хийх хэрэгтэй. 2022 оны Улсын дээд шүүхийн тогтоол Г.*******ид 2022 оны 10 сард ирсэн. Г.******* тогтоолыг хүлээж авснаар Г.*******ийн томилсон тогтоол нь хүчингүй болж байгаа гэж ойлгож байгаа. Захиргааны хэргийн шүүхээс Г.*******ийг томилсон тогтоолыг хүчингүй болгосноос ИТХ-ын Дараагийн даргыг дахин шинээр томилох шийдвэр гаргаагүй. Шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэх боломжгүй байсан. Г.******* дараагийн ИТХ хуралдах хүртэл ажлаа хийгээд явах бүрэн боломжтой байсан. *******ыг ИТХ-аар томилох байсан. Гэтэл Г.******* би сум орон нутгийнхаа эрх ашгийг бодоод нэгэнт намайг ИТХ-ын даргаар хүлээн зөвшөөрөхгүй юм байна, ард иргэдэд намайг буруугаар ойлгуулж байна, тамгын газар манай сумд ИТХ байхгүй учраас ард иргэдэд гоожин өгөх боломжгүй гэж байгаа учраас би сум орон нутгийнхаа эрх ашгийг бодоод ******* гэдэг хүнд шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэх эрхгүй ч гэсэн ажлаа өгье гээд *******д 2022 оны 11 сард ажлаа өгсөн. Энэ хүртэл хугацаанд би ажил хөдөлмөрөө эрхэлж байсан. Тогтоол шийдвэр нь хүчин төгөлдөр үйлчилж байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд хүчингүй болгуулах шаардлага нь өөрөө хүчин төгөлдөр болох хүртэл тэр захиргааны акт нь үйлчлээд явна. ******* гэдэг хүн нэхэмжлэлийн шаардлагадаа илт хууль бус болохыг тогтоолгох гэж оруулсан бол Г.*******ийн анх гаргасан тушаал шийдвэр бүгд хүчингүй болно. 2021 оны 1 сараас хойш Г.*******ийн гаргасан бүх захирамжууд илт хууль бус гээд бүгд хүчингүй болно. Хүчингүй болгосон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад энэ ажлыг хэн хийх юм бэ, захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр нь гарлаа гэж бодоход энэ хүн дээшээ гомдол гаргасан байж болно, тийм гомдол гаргачхаад миний шийдвэр гарсан юм чинь гээд давж заалдах шатны шүүх дээр гомдол нь явагдаж байх хугацаанд энэ хүн төрийн ажлыг хаях ямар ч боломжгүй. Ажилласан хугацааны цалингийн талаар бол гуравдагч этгээдээр татагдсан одоогийн ИТХ-ын даргын хувьд цалин хөлс яригдах ямар ч боломж байхгүй. Харин ******* гэдэг хүн нэг өдөр ажилдаа томилогдоод нэг өдрийн цалин хөлс гарсан байх юм бол Г.******* над дээр цалин хөлсний давхардал үүссэн гэж үзэх боломжтой. Гэтэл энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй. ******* сумын ИТХ-ын Даргыг Г.******* сүүлийн 2 жилийн хугацаанд хийсэн байна. Гэхдээ ажил хийсэн хугацааны цалин хөлсийг нь гаргахгүй, хоёрдугаар гарын үсэг зурахгүй, хийсэн хөдөлмөрийнх нь авах ёстой цалин хелсийг нь өгөхгүй байна. Энэ нь ИТХ-ын даргын ажил албан тушаалын цалин хөлс Г.*******ид гарахгүй, *******д гарахгүй, тэгэхээр төр өөрөө дундаас нь 2 жилийн хугацаанд иргэнийг үнэгүй ажиллуулсан байна гэж харахаар байна. Төр ямар ч цалин өгөхгүйгээр нэхэмжлэгчийг ажиллуулсан байна. 2 жилийн хугацаанд төрийн ажлыг хийлгэчхээд цалин хөлсийг нь өгөхгүй, чиний томилогдсон тогтоол чинь хууль бус гэх нь Үндсэн хуульд заагдсан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байна гэж харахаар байна. ******* сумын ИТХ-ын даргын ажил хөдөлмөрийг ямар нэгэн хүн хийж гүйцэтгээд ямар нэгэн үр дүн гарсан байгаа. Төрийн ажлыг нэг ч тасалдуулаагүй, ИТХ- ыг татан буулгаагүй, ******* гэдэг хүнд бүрэн эрхээ шилжүүлээд хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулахгүйгээр хүлээлгэж өгсөн байна. ИТХ-ын үйл ажиллагаа бол хуралдаан болон хуралдааны чөлөө цагт дарга болон тэргүүлэгч нар ИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагааг хангаад явдаг үндсэн чиг үүрэгтэй. Миний цалин хөлсийг олгож явж байгаад сүүлд нь хэний ямар шийдвэрээр олгохгүй байгаа нь тогтоогдохгүй байгаа. 2021 оны 8 сараас хойш 2022 оны 4 сар хүртэл хугацаанд надад цалин хөлс олгож болохгүй гэсэн шүүхийн шийдвэр гараагүй. Мөн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдреес 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл энэ хугацаанд намайг ажиллуулахгүй гэсэн шүүхийн шийдвэр байхгүй. Шүүхийн шийдвэр битгий хэл дээд шатны байгууллага болох сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тоот байдаггүй. Гэхдээ намайг үл хүндэтгэсэн байдлаар цалин хөлсийг нь өгөхгүй, хоёрдугаар гарын үсгийг нь зурахгүй байгаа. Би цалин хөлсөө бодоод ИТХ-ын нарийн бичгийн даргадаа өгөхөд бусад хүмүүсийн цалин хөлсийг өгчхөөд миний цалин хөлсийг шилжүүлэхгүй байгаа. Үүнийг анхан шатны шүүх хууль бус шийдвэрийн улмаас ажиллаж байсан хугацааны цалин хөлс нэхэмжилснийг шударгаар олж авсан хөдөлмөрийн хөлс гэж үзэх боломжгүй гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Гэж заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 03 дугаартай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгосон 2022 оны 09 сарын 29-ны өдрийн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тогтоол гарсан. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд Г.*******ийг ажиллуулах тухай анхан шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Иймээс Г.******* нь 2020 оны 12 сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 сар хүртэлх хугацаанд би ажил үүргээ гүйцэтгэж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 оны 12 дугаар сарын 30-нд хуралдсан хурал нь орон нутгийн сонгуулиас хойш 73 дахь хоног дээрээ хийгдсэн. Түүнээс гарсан шийдвэр нь 43.7 хувийн ирцтэй 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгогдсон Г.******* хуулийн хугацаандаа 12 хүний бүрэлдэхүүнтэй хурлаа хийгээд олонхын саналаа дарга болсон З.*******ын ажлаа хийх нөхцөл бололцоог хаасан. Одоо болохоор би өөрөө сонгогдоогүй гэж байна. Өөрөө ИТХ-аар өөрөө өөрийгөө сонгочихоод тэр нь захиргааны хэргийн 3 шатны шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ИТХ-аас гарсан бүх шийдвэрийг хүчингүй гэж үзсэн байхад одоо цалингаа нэхэмжилж байна. Цалин нэхэмжлэх эрх бүхий этгээд нь ИТХ-ын нарийн бичгийн дарга болохоос биш тамгын газарт хамааралгүй. Г.******* ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй. Бид нар Иргэний хэргийн шүүх дээр Г.*******ийн ажиллаж байсан гэх ямар ч нотлох баримт байхгүй байна. Ямар ч албан бичиг гаргаагүй гэж байтал дараагийн анхан шатны шүүх дээр ИТХ-ын тамга, бланкыг ашиглаж нэлээн олон 150 гаруй хуудастай албан бичгийг үйлдвэрлэсэн байсан. ИТХ-аас тамгын газарт өгсөн албан бичиг байсан бол манай нарийн бичиг дээр бүртгэгдэж хүлээлгэж өгөх байсан. Гэтэл тийм ямар ч баримт бичиг байхгүй. Г.******* З.******* бид хоёр ярилцаад ажлаа өгөлцөж авалцсан гэж байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүндэтгэсэн учраас өнөөдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Түүнээс энэ 2 хүний ярилцаад нэг нь өгөөд нэг нь авдаг ажил биш. Тийм учраас та бүхэн үүн дээр дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд З.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх бид нарын цалингийн маргаан 2 ИТХ-тай юм шиг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан ИТХ хуулийн хугацаанд ирц нь бүрдсэн бүх төлөөлөгч нарыг зөвшөөрсөн хурал болсон. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ИТХ-ыг яагаад ирц бүрдсэн гэж үзээд байгаа юм бэ гэхээр 9 хүнийг сонгогдсон байна, бусад нь хуулийн маргаантай гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй. Сонгогдсон 9 хүний эрх нь зөрчигдөж байгаа. Хуульд заасны дагуу сонгогдсон байхад яагаад хүлээн зөвшөөрдөггүй юм бэ, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ИТХ-ыг хууль бус гэж үзэж байгаа учраас Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* аймгийн ******* сумын засаг даргын тамгын газар, ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан хугацааны цалин хөлс 13.083.571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай сум ИТХ-аа хийж чадахаа байгаад 2021 оны сумын төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө гээд он дамнаж болдоггүй ажлуудыг хийх шаардлагатай болсон тул ИТХ-ын хурлын даргаар томилсон. ИТХ-ын даргын ажлыг хийж байх зуур З.*******, *******аа хоёрыг ******* сумын ИТХ-ын үйл ажиллагаанд оролцохыг түдгэлзүүлсэн. Харин энэ хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл намайг ******* сумын ИТХ-ын даргаар ажиллах шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу ажлаа хийгээд явж байтал 2021 оны 7 дугаар сарын 26-наас хойш миний цалин олгогдохоо байсан. Би энэ хугацаанд хурлын даргын бүрэн эрхээ хэрэгжүүлээд үүрэгт ажлаа хийж байсан. Би 2021 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2022 оны 10, 11 сарын 15-ныг хүртэл цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагч нар нь Г.******* нь ажлын гүйцэтгэл байхгүй, хууль бусаар ажилд томилогдсон нь Захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон тул ажилласан хугацааны цалин хөлс шаардах эрхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад ******* сумын Иргэдийн төлөөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Г.*******ийг ******* аймгийн ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгож баталсан байдаг.

Мөн ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар З.*******ыг сонгосон байна.

Өөрөөр хэлбэл, ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хоёр өөр цаг хугацаанд хоёр өөр байдлаар анхдугаар хуралдааныг зохион байгуулж, уг хуралдаан тус бүрээс захиргааны акт гаргаж иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгосон байна.

Нэхэмжлэгч Г.******* нь Захиргааны хэргийн шүүхэд ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн явагдсан анхдугаар хуралдаан болон уг хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг, хариуцагч З.******* нь ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргаж маргасан байна.

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч З.*******ын ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сонгох тухай 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сонгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн энэ шийдвэр нь Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 348 дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол гарснаар хуулийн хүчинтэй болсон байна.

Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байхаар заажээ.

Хуулийн энэ заалтаас харахад нэхэмжлэгч Г.*******ийг ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгосон захиргааны акт нь 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 118/Ш32021/0257 дугаартай захирамж, уг захирамжтай холбогдуулан гарсан тус шүүхийн мэдэгдлийн агуулгаас харахад нэхэмжлэгч Г.*******ийг нийтийн ашиг сонирхлыг хангах, нутгийн өөрөө удирдах байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс дээрх маргаан бүхий асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 605 дугаар тогтоол гарснаар хуулийн хүчинтэй болсон байна.

Иймд нэхэмжлэгч Г.*******ийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар хууль ёсны дагуу ажиллаж байсан гэж үзэхээр байна.

Тэрээр дээрхи хугацаанд албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж, ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан цагийн бүртгэл, хийсэн ажлын талаарх баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд харин Г.******* нь 2021 оны 10 дугаар сарын 01-нээс 2022 оны 05 дугаар сарын 01 хүртэл ажилласан хугацааны цалин хөлсөө аваагүй болох нь хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын цалингийн хүснэгтээр тогтоогджээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Монгол улсын иргэн...цалин хөлс авах... эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт ажилтан ...гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт ажил олгогч... гүйцэтгэсэн ажил үүрэгт нь цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үүрэгтэй... байхаар хуульчилжээ.

Нэхэмжлэгч Г.*******ийн цалингийн хэмжээг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй тул хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар сарын цалингийн цэсэнд үндэслэн Г.*******ийн сарын цалинг 1.367.869 төгрөг гэж үзэж, тооцсон болно.

Иймд нэхэмжлэгч Г.*******ийн ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар ажилласан хугацааны цалинг 2021 оны 10 дугаар сарын 01-нээс 2022 оны 05 дугаар сарын 01 хүртэл тооцож, нийт 9.575.083 төгрөгийг ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс гаргуулж, Г.*******ид олгохоор тогтоож, цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр зохих санд тус тус төлүүлэхээр даалгах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нарын Г.******* нь ажлын гүйцэтгэл байхгүй, хууль бусаар ажилд томилогдсон нь Захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон тул ажилласан хугацааны цалин хөлс шаардах эрхгүй гэсэн тайлбар, татгалзал үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын цалин орлогоос хувилан гаргуулахаар тус тус хуульчилсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2.7-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн цалинд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна...мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т ...давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилбөл шүүхийн зардлын хуваарилалтыг нэгэн адил өөрчлөн шийдвэрлэнэ гэж заасан тул хариуцагч ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 168.151 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь

1. ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 140/ШШ2023/00116 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын төсвөөс нийт 9.575.083 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.255.488 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* аймгийн ******* сумын засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2.7-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ид олгох ажиллаж байсан хугацааны цалин нийт 9.575.083 төгрөгт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгасугай гэж,

3 дахь заалтыг нэхэмжлэгч Г.ын гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хариуцагч ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 168.151 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай гэж, өөрчилж шийдвэрийн 3, 4 дэх заалтыг 4, 5 болгон дугаарласугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР