| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 187/2019/0509/Э |
| Дугаар | 587 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 587
С.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 939 дүгээр магадлалтай, С.Т-т холбогдох 1805038170135 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,
Сум дундын 29 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 153 дугаар зүйлийн 153.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 2 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 8 сар 17 хоног хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн, Т.
С.Т- нь 2018 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын 45 дугаар байрны 91 тоотод хамтран амьдрагч Б.Сарнайбазарын нүүр рүү цохиж, баруун нүдний болор мултрал, шар толбо ба торлог бүрхүүлийн бүрэн ховхрол, шилэнцэрийн цус харвалт бүхий хүнд гэмтэл,
2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 21- 752 тоотод хамтран амьдрагч Б.Сарнайбазарын нүүр рүү цохиж, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл,
2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны задгайд найзынхаа гэрт хамтран амьдрагч Б.Сарнайбазарыг зодож, баруун гарын богтос ясны хугарал, зулайн хуйханд шарх, баруун зүүн гуя, өгзөгт цус хуралт, хаван бүхий хүндэвтэр гэмтэл тус тус гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн санаатай учруулсан,
Мөн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын 45 дугаар байрны 91 тоотод, мөн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 21-752 тоотод, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны задгайд тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Сарнайбазарыг байнга зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,
С.Т-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,
шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хорих ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 жил 2 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 129 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хохирогч Б.Сарнайбазар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Т-ээс 4.763.399 төгрөг гаргуулан хохирогч Б.Сарнайбазарт олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “... шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй” гэснийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Т-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Т- гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа боловч Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.2.1-д заасан гэмт хэргийн талаар хохирогч Б.Сарнайбазар нь өөрийнхөө төрсөн охин, дүү нарынхаа ятгалганд орж хуйвалдан, худал мэдүүлэг өгсөн байна. Хохирогч Б.Сарнайбазарын зүй бус үйлдлийн улмаас уг хэрүүл гарсан гэж үзэж байна. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болон Нүхтийн аманд байрлах н.Энхтайван гэдэг найзындаа Б.Сарнайбазар бид хоёрыг очиход н.Энхтайван архи гаргаад гурвуулаа нийлээд архи уусан боловч намайг согтуу унтаж байх хойгуур Б.Сарнайбазар явсан байсан. Б.Сарнайбазар 2 хоноод буцаж ирсэн. Ирсэн даруй нь Б.Сарнайбазарын утас дуугарахаар нь харсан чинь Б.Сарнайбазар надтай танилцахаасаа өмнө Говьсүмбэр аймагт оршин суудаг н.Эрдэнэбаатар гэдэг залуутай хамтран амьдарч байгаад тэр залуудаа зодуулаад гараа хуга цохиулаад зугтаагаад ирсэн гэж байсан. Утсаа аваад чанга яригч дээр нь тавьсан чинь Б.Сарнайбазар надаас санаа зовоод ярьж чадахгүй байсан. н.Эрдэнэбаатар нь “яасан бэ, саяхан л зүгээр байсан, яагаад байгаа юм бэ” гэсэн. Ганц энэ ч биш өмнө нь иймэрхүү байдал гаргаж байсан болохоор намайг олон удаа доромжилж байна гэж уурлаад уг үйлдэл болсон учир хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б.Сарнайбазар намайг утсаар дуудахаар нь би очсон. Б.Сарнайбазар архи гаргаад бид хоёр нийлж уусан боловч бид хоёр хоорондоо маргаж нэгнийгээ цохиж зодсон зүйл болоогүй, бид хоёр ууж байсан архиа барахаа болиод гарч яваад хувааж уух хоёр танихгүй хүн авчраад хувааж уусан. Би тэр хоёр залуугийн нэгэнтэй нь өрөөн дотроо чөлөөтөөр барилдаж байхад хоёр цагдаа орж ирээд Б.Сарнайбазарыг үлдээгээд тэр хоёр залуу бид гурвыг дагуулаад гадаа гарсан. Тэр хоёр цагдаа бид гуравт дуу чимээ гаргахаа боль гэж хэлээд бид гурвыг орхиод явсан. Би буцаж орох гэсэн чинь толгой эргээд унах гээд байхаар нь сууж байгаад унтаад өгсөн байсан. Харин хамт байсан хоёр залууг буцаж орсон үгүйг би мэдээгүй. Өглөө үүрээр сэрээд орох гээд үүдийг тогшиход танихгүй нүцгэн залуу тийм хүн байхгүй гээд хаасан. Би шууд Батсайхан гэдэг найзындаа очсон. Намайг найзындаа байж байхад өдөр Б.Сарнайбазар ирэхдээ өрөөсөн нүд нь хавдсан байхаар нь “нүдээ яасан” гэсэн чинь “мэдэхгүй, юу ч мэдэхгүй байна” гэсэн. Одоо болохоор намайг гүтгэж буруутгаад байна. Б.Сарнайбазарын гэр бүл болон хамаатан садан, дүү нар нь намайг гүтгэж тулгаад байсан учир энэ хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү. Байцаагч н.Дамдинсүрэн намайг доромжилж өмгөөлөгчгүй мэдүүлэг авахдаа миний мэдүүлгийг өөрчилж бичээд надаар гарын үсэг зуруулж байсан. Мөн байцаагч н.Мөнхтөр надаас мэдүүлэг авахдаа бас л миний мэдүүлгийг өөрчилж бичээд миний өмгөөлөгчтэй маргалдсан. Мөн “ажилтай яараад байна” гэх шалтгаанаар миний хэргийг надад танилцуулахгүйгээр надаар гарын үсэг зуруулаад прокурорт шилжүүлсэн тул би хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй шүүх хуралд орсон. Тус анхан шатны шүүх хурал дээр хохирогч Б.Сарнайбазар нь болсон бүх явдлаа санахгүй байна гээд байхад прокурор н.Намжил нь Б.Сарнайбазараас хөтөлж асуулт тавиад амыг дагуулж хариулаад байсан. Мөн прокурор тус шүүх хурал дээр намайг хохирогч Б.Сарнайбазар луу боль гэсэн харцаар хараад байна гэж намайг буруутгасан. Энэ байдлаас нь харахад зөвхөн яллах талыг баримталсан. Миний бие нь хамтран амьдрагч Б.Сарнайбазарыг зодож өрөөсөн нүдийг нь хараагүй болгосон гэх хэргийг үйлдээгүй тул энэ хэргийн бодит үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч С.Т-т холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Давж заалдах шатны шүүх С.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. С.Т- нь гэр бүлийн хамаарал бүхий Б.Сарнайбазарыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч н.Дагвасүрэн, н.Болорцэцэг нарын мэдүүлгээр тогтоогдсон. Шүүх С.Т-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч С.Т- нь гэр бүлийн харилцаатай этгээд болох өөрийн хамтран амьдрагч Б.Сарнайбазартай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан зодохдоо түүний эрүүл мэндэд “... баруун нүдний болор мултрал, шар толбо ба торлог бүрхүүлийн бүрэн ховхрол” бүхий нэг нүдийг бүрэн хараагүй болгосон хүнд хохирол, “баруун гарын богтос ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол, ”... баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн гэмтлийг тус тус учруулж хохироосон гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар шалган тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Т-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэм бурууг хянан хэлэлцэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын үр дагавар, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн байна.
Мөн анхан болон давж заалдах шатны шүүх С.Т-т Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Учир нь прокуророос шүүгдэгч С.Т-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэж буй тохиолдод Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар давхар зүйлчилж, ял шийтгэх нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.
Шүүгдэгч С.Т- нь хамтран амьдрах хугацаандаа 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хамт архи ууж байсан Б.Сарнайбазарыг согтуурхан зодож хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр, 65 хувиар тогтонги алдагдуулсан хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь эрүүл мэндээрээ хохирсон этгээдийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг шууд нэрлэн зааж, тухайн гэмтлийг хэрхэн, яаж учруулсан талаар гэрчилсэн мэдүүлгээс гадна хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй батлагдсан гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэн няцааж, гэмт хэргийг өөр хэн нэгэн этгээд үйлдсэн гэж үзэхэд хүргэсэн үндэслэл бүхий сэжиг таамаг, түүнийг нотолсон баримт сэлт мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй болохыг дурдвал зохино.
Хяналтын шатны шүүх нь анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй, анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэж няцаагдсан нөхцөл байдлыг нотлогдсон мэтээр дүгнэж хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.
Иймд “... миний бие Т нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа боловч 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйлдлийг хохирогч Сарнайбазар нь өөрийн төрсөн охин, дүү нарын ятгалганд орж хуйвалдаад худлаа мэдүүлэг өгсөн. Уг хэрэг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гарсан. Намайг согтуу унтаж байхад Б.Сарнайбазар яваад 2 хоноод ирэхдээ урьд нь хамтран амьдарч байсан Говьсүмбэрийн Эрдэнэбаатар гэдэг залууд зодуулсан, гараа хуга цохиулаад зугтааж ирсэн. Би өөрийн хамтран амьдрагчийг зодож, өрөөсөн нүдийг нь хараагүй болгосон хэргийг үйлдээгүй тул хэргийн бодит үнэнийг тогтоож өгнө үү” гэсэн шүүгдэгч С.Т-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 939 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч С.Т-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.ЦОГТ
Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН