Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 614

 

М.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Удвал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1017 дугаар магадлалтай, М.Н-д холбогдох 1910000000664 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Н.

М.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжны 348 тоотод Х.Улаанхүүтэй маргалдан, нүүрэнд нь цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож биед нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, тархины суурийн хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалтууд, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархины эрс хаван, дух, зулайн хуйх ба дух ясны гадна хальсны цус хуралт бүхий гэмтлийг учруулсны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон өөрчилж,

шүүгдэгч М.Н-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар М.Н-д 9 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон 242 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт М.Н- нь 5.500.000 төгрөгийг хохирогчийн ар гэрт нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх амь хохирогчийг оршуулахтай холбоотой баримтгүй гарсан зардал гэх 3.313.500 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Удвал нь амь хохирогчийг оршуулах зардалтай холбоотой хохиролд нэхэмжилсэн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Мижиддоржийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Мижиддорж бичсэн эсэргүүцэлдээ “... М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Н-д холбогдох 1910000000664 дугаартай 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 305 дугаар шийтгэх тогтоолоор хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч болох үр дагаварт зориуд хүргэсэн, тодруулбал гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны хохирогч нас барсан” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчилж, М.Н-д 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын яллагчийн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр бичсэн эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, 1017 дугаартай магадлалаар “... шүүгдэгч М.Н-гийн хохирогч Х.Улаанхүүг зодсон үйлдэл нь шууд санаатай үйлдэгдсэн “... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг” бөгөөд харин уг хүнд хохирлынхоо улмаас хохирогч Х.Улаанхүү нас барсан нь хүнд гэмтэл гэсэн хохирлын улмаас үүссэн хор уршиг нь байна гэж үзнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд прокуророос шүүгдэгч М.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж зааснаар хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан” Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “... энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэсэн хүндрүүлэх шинжээр анхан шатны шүүхээс зүйлчилж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх хохирогч Х.Улаанхүү нь яаралтай эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байсан гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээс “... хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч болох үр дагаварт зориуд хүргэсэн, тодруулбал гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны хохирогч нас барсан” гэж дүгнэснийг үндэслэлтэй байна гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна. Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно. “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Н-гийн амь хохирогч Х.Улаанхүүтэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх, хана пийшин мөргүүлэх зэргээр зодсоноор үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн түвшинд ухамсарласан аюултай үйлдлээ туйлд нь хүргэх зорилгоор цааш хүсч үргэлжлүүлсэн болохыг гэрч Э.Бямбын “... Нямцэрэн “Улаанхүү ахыг элэгдэж унагаад, ханан пийшин нуруугаараа налаад сууж байхад нь нүүр рүү нь 4-5 удаа өшиглөсөн. Бас сууж байхад нь гараараа нүүр рүү нь цохиод байсан. Энэ үед Улаанхүү ах толгойн ар хэсгээрээ ханан пийшин мөргөөд байсан. Нямцэрэн зодоод ийм болгосон. Зөв зүгээр эрүүл саруул байсан. Гэхдээ Нямцэрэн аймаар хүчтэй нүүр рүү нь өшиглөөд байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Отгонцэцэгийн “Тэр залуу орж ирээд Улаанаа буюу Бямбааг хардаад байх шиг байсан. Орж ирээд учиргүй Улаанхүүг зодоод эхэлсэн. Улаанхүү байшинд орж ирээд диван дээр суусан. Тэр хамт орж ирсэн залуу хажууд суусан байсан. Хамт орж ирсэн залуу эхлээд толгой, тархи руу цохиод авсан ба Улаанхүүг газар унах үед өшиглөөд эхэлсэн. Бямбаагийн хуучин нөхөр гэх залуу Улаанхүүг чирээд жижиг өрөө рүү аваад явсан. Тэнд оруулаад өшиглөөд байсан. Би харж байсан. Эхлээд толгой, нүүр ам хэсэг рүү цохиод байсан. Олон удаа цохисон. Таарсан газар руу толгой тархи, бие цээж рүү өшиглөөд байсан. Би их л зэрлэг залуу байна гэж бодож байсан” гэх мэдүүлэг, шинжээч эмч Б.Ундармаагийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан. 1976 дугаартай “... талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан” гэх дүгнэлт зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон нөхцөл байдлыг няцааж дүгнэлт хийж чадаагүй байна. Мөн хохирогч Х.Улаанхүү нь тархиндаа авсан гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан байх тул М.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэсэн шинжээр анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Удвал хэлсэн саналдаа “... шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг болгон өөрчилсөн. Хэрэгт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд давтан шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт талийгаач Х.Улаанхүүгийн биед үүссэн гэмтэл нь даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой гэж дурдсан. Шүүгдэгч М.Н- амь хохирогч Х.Улаанхүүтэй маргалдаж, нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх, хана мөргүүлэн зодож үхэлд хүргэх гэмтэлд хүргэсэн учир прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Эсэргүүцэлд дурдагдсан “Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтийг анхаарах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч М.Н- нь 2019 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гэр бүлийн харилцаатай байсан 3 хүүхдийнх нь эх Э.Бямба /Улаанаа/-тай гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдахдаа тухайн маргаанд хөндлөнгөөс оролцсон Х.Улаанхүүг гараар цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “... тархины зүүн, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалтууд, тархины эдийн няцралт, тархи дарагдалт, тархины эрс хаван” зэрэг гэмтэл учруулсан, уг хор уршгийн улмаас хохирогч Х.Улаанхүү нь гэмтэл авснаас хойш 3 хоногийн дараа гавал, тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогджээ.

Тухайн үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, “хүнийг алах” гэмт хэрэгт яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж  “хүнийг алах” бус харин хүнд хохирол учруулсны улмаас “хохирогч нас барсан” хэмээн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн тогтоож, тухайн шийдвэрийг үндэслэлтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн дээр хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй ойлгож буруу хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэхийг харсан гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь амь хохирогчийг олон удаа гараар цохих, хөлөөр өшиглөх, шавар пийшинтэй хавсарч өшиглөх, дэвсэх зэргээр зодож үхэлд хүргэсэн үйлдлийн үр дагаварт хүнд гэмтэл учирсан мэтээр өрөөсгөлөөр дүгнэж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь учир дутагдалтай болсон гэсэн улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг хэзээ илэрснээс үл хамааран гэмт хэрэгт тооцохдоо гэмт этгээдийн сэдэлт, санаа зорилго,  гэмт үйлдэлд нөлөөлсөн субъектив болон объектив хүчин зүйл, хохирол, хор уршгийн шинж чанар, түүнд хүргэсэн шууд шалтгаант холбоо зэргийг харгалзан хэргийн зүйлчлэлийг тогтоодог болно.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг санаатайгаар хохирогчид хүнд гэмтэл учруулсан, хохирогч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас цаг алдаж эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан мэтээр үзэж, шүүгдэгчийг үйлдэлдээ санаатай, хор уршигт болгоомжгүй хэлбэрээр хандсан мэтээр илт үндэслэл муутай дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан хүндрүүлэх шинж болох “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэх хууль зүйн ойлголт нь амь хохирогчийн үхлийн суурь шалтгаан нь хүнд гэмтэл мөн боловч зориуд нас барахад хүргээгүйгээс гадна өөр бусад шалтгааны улмаас гэмтэл нь хүндэрч үхэлд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүй, түүний шалтгаант холбооны хамаарлын тухай цогц ойлголт болно.

Амь хохирогч нь эмчлүүлж байгаад нас барсан, эсвэл яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой байсан эсэх нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэргийн үндсэн шинж биш бөгөөд хэргийг зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл байдал, гэмтэл учруулсан арга, хэлбэр, гэмт үйлдлийн шинж чанар, санаа зорилго, гэмт этгээдийн үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага зэргийг зайлшгүй харгалзан үзэх ёстой.  

Иймд “... тархиндаа авсан гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан” гэж хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай прокурорын эсэргүүцлийг хангахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1017 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                          Б.ЦОГТ

                                                                      Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН