Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00702

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00702

 

 

*********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш.даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 184/ШШ2023/00154 дугаар шийдвэртэй,

*********-ийн нэхэмжлэлтэй, ***********д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 119,904,400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: ******, *********** нар нь ХААН банкнаас 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/8 тоот зээлийн гэрээ, мөн тус өдөр №БГ/8, №ФГ/8 тоот барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 75,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ***********гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201006240 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байр 426 тоот хаягт орших 30 м.кв талбай бүхий хоёр өрөө сууц, гэрийн эд хогшлыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлээс 31,958,093 төгрөг, хүүгийн төлбөрт 35,311,242 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 184,912 төгрөг, нийт 67,454,247 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк мэдэгдэл хүргүүлэх, уулзалт арга хэмжээнүүдийг авч төлбөрөө төлөөгүй тохиолдолд арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн. Өнөөдрийг хүртэл зээлийн өр төлбөр төлөгдөөгүй байна.

******ийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01091 тоот Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж байгаа бөгөөд одоо болтол олдоогүй, гадаад улс руу гарсан гэх албан бус мэдээлэлтэй байна.

2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 43,041,907 төгрөг, хүүгийн төлбөр 68,392,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,469,813 төгрөг, нийт 119,904,400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох ***********гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201006240 дугаартай Сонгинхайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байр 426 тоот хаягт орших 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц, гэрийн эд хогшлоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

*********** шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлээс хасаад 38,041,907 төгрөг болж байгаа.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дууссан. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр н.Ганхөлөгийг эрэн сурвалжилсан. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр *********** зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч сар бүр 2,500,000 төгрөг төлнө гэх баталгаа гаргасан.

Зээлийн хорооны хурлаар шийдвэрлүүлээд нийт 119,904,400 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагчийн манайд гаргасан 77,328,247 төгрөгийг 24 сарын дотор төлөх хүсэлтийг зээлийн хорооны хурлаар хэлэлцээд тус хүсэлтийг хүлээн зөвшөөрч, тус дүнгээр хугацаа олгож, эвлэрэх боломжтой. Зээлийн хорооноос гаргасан шийдвэрээр нийт үнийн дүнгээс 34,286,339 төгрөгийг хассан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн БГ/8 тоот зээлийн гэрээнд *********** хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон болохоос зээл аваагүй. Хамтран үүрэг гүйцэтгэгч тул зээлийн төлбөр болох 43,041,907 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч ***********гаас 72,328,247 төгрөгийг гаргуулж *********-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,576,153 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч ******т холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 827,672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********гаас 519,591 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох ***********гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201006240 дугаарт бүртгэлтэй, ҮХЭХ-ийн 000294735 дугаартай гэрчилгээ бүхий Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 2-р байр, 426 тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон Самсунг маркийн зурагт, хөргөгч, угаалгын машин, зурагтын тавиур, плитка, буйдан г.м гэрийн тавилга, эд хогшлоор тус тус үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Гэрээний дагуу эд хөрөнгө хүлээж аваагүй ***********гаас зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. *********** нь гэрээгээр тохиролцсон бол гэрээнд заасан хувийг хэрэв тохиролцоогүй бол гэрээний тодорхой хувийг хариуцахаар хуулиар тодорхойлсон байхад гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй

4.2. Шүүхээс үндсэн зээлдэгч ******ийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ***********гаас хуульд заасны дагуу төлөх хэмжээгээр нь зээлийн гэрээний үүргийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг ***********гаас бүхэлд нь шаардсан. Хариуцагч *********** нэхэмжлэлийн шаардлагаас 77,000,328 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагч 77,000,328 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн атлаа гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хугацаа өгөөч, хүүг чөлөөлөөд өгөөч гэх мэт саналуудыг тавьсан ба шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Эвлэрэх саналд нэмэгдүүлсэн хүүгийн 50 хувийг төлөөд, 77,000,328 мөнгийг 24 сарын хугацаатай төлөхөөр тохиролцох талаар талууд санал нэгдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч өмгөөлөгчөөсөө татгалзах, өвчтэй, чөлөөтэй гэсэн шалтгааны улмаас эвлэрлийн гэрээ байгуулагдаагүй. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ***********д холбогдуулан

1.а. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 43,041,907 төгрөг,

1.б. Хүү 68,392,680 төгрөг,

1.в. Нэмэгдүүлсэн хүү 8,469,813 төгрөг, нийт 119,904,400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох ***********гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201006240 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байр 426 тоот хаягт орших 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц, гэрийн эд хогшлоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. *********** 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг төлснийг зээлээс хасаж тооцон зээл 38,041,907 төгрөг болсон. Хариуцагч гэрээний үүргийн тодорхой хувийг хариуцах ёстой гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Зохигч 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/8 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн БГ/8 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ФГ/8 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан.

Талууд дээрх ЗГ/8 дугаартай зээлийн гэрээгээр 75,000,000 төгрөгийг 36 сар буюу 3 жилийн хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр олгохоор тохиролцсон. /хх9-11/

Мөн өдрийн БГ/8 дугаартай барьцааны гэрээ болон ФГ/8 105400328434 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр ***********гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 2-р байр, 426 тоот 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006240 дугаарт бүртгэлтэй сууц, Samsung маркийн зурагт, хөргөгч, угаалгын машин, зурагтын тавиур, плитка, буйдан зэрэг тавилга, эд хогшил зэргийг барьцаалжээ. /хх12-16/

2.б. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дууссан. Нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр н.Ганхөлөгийг эрэн сурвалжилсан. Улмаар 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр *********** зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч сар бүр 2,500,000 төгрөг төлнө гэх баталгаа гаргасан баримт авагджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

2.в. ********* нь ЗГ/8 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасны дагуу 75,000,000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгч ******ийн тус банк дахь харилцагчийн 5030431071 тоот дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга /хх-20/, зээл, хүүгийн тооцооллын хүснэгт /хх-17/, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтуудаар тогтоогдсон.

2.г. Зээлдэгч тал нийт 67,454,247 төгрөгийг төлсөнд маргаангүй.

2.д. Хэрэгт 77,328,247 төгрөгийг төлүүлэхээр зээлийн хорооны хурлаар шийдвэрлэсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргасан.

2.е. ***********гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201006240 дугаарт бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасанд хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. *********** нь гэрээний үүргийн тодорхой хувийг хариуцах ёстой гэж гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтран үүрэг гүйцэтгэгчид үүргийг тэнцүү хуваарилах байсан... гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

3.б. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу фидуцийн гэрээ байгуулан өмчлөх эрхийг *********-ийн өмчлөлд шилжүүлсэн. Эзэмшлийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх баримт авагдаагүй байх тул энэ талаарх гомдлыг мөн хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч ********* нь хариуцагч ***********гаас шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тооцон үндсэн зээлийн үлдэгдэл 43,041,907 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 68,392,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,469,813 төгрөг, нийт 119,904,400 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2-т заасантай тус тус нийцэж байна.

Түүнчлэн зээлдэгч ***********, Р.Ганхөлөг нар нь дээрх зээлийн гэрээгээр зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөх үүрэг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид нь үүргийн гүйцэтгэлийг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 184/ШШ2023/00154 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД