Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 615

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн дарга Д.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 496 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1021 дүгээр магадлалтай, Б.А-д холбогдох 1709016351533 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, А

Б.А- нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, судалгааны тасгийн даргаар ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан “1, 2, 3, 14, 15, 17 дугаар хороодын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдал тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх ажил” СБД-ХААА/ОНБ17-011 дугаар бүхий тендерт оролцогч, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 96.232.469 төгрөгийн өртэй “Сүхбаатар тохижилт” ХХК-д тендерт оролцоход нь давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Сүхбаатар тохижилт” ХХК нь тус хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй тухай мэдээлэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна” гэх худал мэдээлэл бүхий 1-1306 дугаартай албан бичгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байранд үйлдэж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ийг нийтийн албан тушаалтан, албан хаагч бусдад давуу байдал бий болгох зорилгоор худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд сонгогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 6 дахь заалтуудын “... нийтийн албанд сонгогдох эрхийг” гэснийг “... нийтийн албанд томилогдох эрхийг” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нар хамтран гаргасан гомдолдоо “... Юуны өмнө Б.А-ийг эрүүгийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан нь үндэслэлгүй бөгөөд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийг зөрчих санаа зорилго, сэдэлт байгаагүйн дээр гэмт хэрэгт буруутгагдах үйлдэл, эс үйлдэл гаргаагүй, хэн нэгэнд хохирол учруулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгээд улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуульд “Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор” гэж зааснаар Б.А-ийг буруутгах үндэслэлгүй юм. Б.А- өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилготой байсан эсэхийг тогтоосон нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Б.А-д дээр дурдсан зорилго байсан эсэх талаар дүгнээгүйгээс үзэхэд тухайн гэмт хэргийн субьектив талын шинж буюу гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго, сэдэлт байгаагүйг харуулж байна. Энэ гэмт хэргийн хамгийн гол шинж бол нийтийн албан тушаалтан нь өөрт болон бусдад давуу байдал бий болгох субьектив санаа, зорилготой байх явдал юм.

Үүнээс харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг боловч Б.А-ийн санаатайгаар ийнхүү гэмт хэрэг үйлдсэн гэх баримт хэрэгт байхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Үүнээс үзэхэд тухайн зүйл ангийн гэмт хэргийн субьектив талын шинжийн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор илрэхээр хуульчилжээ.

“Сүхбаатар тохижилт” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 105 тоот албан бичигт тухайн аж ахуйн нэгж 44 ажилтантай бөгөөд 20 гаруй жил тус нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран ажиллаж, нийгмийн даатгалыг төлж байгааг дурдаад, 2017 оны эцэс гэхэд өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн тэрхүү албан бичигтээ нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр барагдуулах хуваарийг батлан хавсаргажээ. Ажилтан Б.А- нь харилцагч байгууллагын өр төлбөрөө барагдуулах хуваарийг үндэслэн, Нийгмийн даатгалын байгууллагын зорилго буюу Нийгмийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан нийгмийн даатгалын санг бүрдүүлэх зорилгын хүрээнд албан бичиг хийж өгсөн гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл “Сүхбаатар тохижилт” ХХК-д давуу байдал бий болгох зорилгогүй, харин Монгол Улсын Нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, өр төлбөрийг хуваарийн дагуу барагдуулан авах зорилгоор тухайн аж ахуйн нэгжид өрөө барагдуулах хөшүүрэг өгөх үүднээс дээрх албан бичгийг хийж өгсөн байна. Үүний үр дүнд тухайн компани нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өрөө бүрэн барагдуулсан нь хавтас хэргийн 81-82 хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлэг, 83 хуудас дахь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Миний үйлчлүүлэгч өөртөө болон бусад этгээдэд давуу байдал бий болгох, ямар нэгэн ашиг хонжоо олох зорилгогүй нь хэрэгт авагдсан бүхий л баримтуудаас харагдаж байна. Хэргийн материалд “Сүхбаатар тохижилт” ХХК болон түүний удирдах албан тушаалтнууд нь Б.А-тэй хамааралтай, ашиг сонирхлын нэгтэй гэх баримт байхгүй. Үүнээс үзэхэд ямар нэгэн санаа зорилго, учир шалтгаангүйгээр бусдад давуу байдал бий болгосон хэмээн хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулах нь хуулийн болоод бодит үндэслэлгүй юм. Давуу байдал олгох гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар үйлийн 3.1.2-д зааснаар “нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгодог бөгөөд энэ хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй байна.

Мөн Б.А- нь албан тушаалын хувьд тухайн асуудлаар өмнө нь албан бичиг гаргаж байгаагүй бөгөөд учир холбогдлыг нарийн ойлгоогүй, хэлтэс, тасгийн, дарга нарыг ээлжийн амралттай байх үед орлон ажиллаж байсан байна.

Б.А-ийн гарган өгсөн “Сүхбаатар тохижилт” ХХК-ийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй тухай 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1-1306 тоот албан бичгийн улмаас аливаа нэг байгууллага, иргэнд хохирол учраагүй тул хохирол учирсан гэх баримт хавтаст хэрэгт байхгүй юм.

Нөгөөтэйгүүр дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 759 дүгээр албан бичгээр “Сүхбаатар тохижилт” ХХК-ийг өр төлбөргүй гэсэн үндэслэлгүй тодорхойлолт гаргасныг залруулсан тухай албан бичгийг “Улаанбаатар шинэчлэл” ХХК-д хүргүүлсэн байна. Улмаар тийнхүү үндэслэлгүй тодорхойлолт гаргаж өгсөн үндэслэлээр Б.А-д сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хавтас хэрэгт авагдсан байна. Тэрээр гаргасан асуудалдаа сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд үүнийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй юм.

Тухайн албан бичгээс шалтгаалан “Улаанбаатар шинэчлэл” ХХК-д хохирол учраагүй, эрх ашиг нь хөндөгдөөгүй байна. Учир нь тус компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр тендерт шалгараагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон бөгөөд энэ нь “Сүхбаатар тохижилт” ХХК нийгмийн даатгалын өртэй эсэх талаарх тодорхойлолт авсантай ямар ч хамааралгүй юм. өөрөөр хэлбэл Б.А-ийн хийж өгсөн албан бичгээс бус өөрсдөө тендерийн шаардлага хангаагүйгээс тус тендерт шалгараагүй байдаг.

Монгол Улсын Сангийн яамны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичигт “Захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын өртэй эсэх тодорхойлолтыг ирүүлэх талаар тусгаагүй байх тул “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын өртэй эсэх нь тухайн тендер шалгаруулалтын үнэлгээний шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй байна” гэж заажээ. Үүнээс харахад Б.А-ийн гарган өгсөн албан бичиг нь тендер шалгаруулалтын үнэлгээний шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй, ач холбогдолгүй бөгөөд ямар нэгэн хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироогоогүй, гэм хор учруулаагүй байна. Харин аж ахуйн нэгжээс төлбөр төлөх хуваарийг нь авсны үр дүнд 96 сая төгрөгийн шимтгэл нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн нь хэн нэгэнд хохирол учруулсан биш Нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулж, бодит үр дүн бий болгожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байдаг бөгөөд Б.А- нь шууд болон дам байдлаар ямар ч хохирол учруулаагүй юм. Хохирогчоор хэн нэгнийг тогтоосон тогтоол хавтаст хэрэгт байхгүй.

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус заажээ.

Б.А-ийн яллагдагчаар татагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон” гэснийг одоогийн байдлаар Монгол Улсын дээд шүүхээс тайлбарлаагүй байдаг.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжиж эхэлснээс хойш тус хуулийн зүйл заалтуудыг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар онолын ном, сурах бичиг ховор гарсан. Өмгөөлөгчийн хувьд хууль сахиулах их сургуулиас гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн сурах бичгээс үзэхэд тухайн зүйл ангийг “худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон гэж хуульд заасан зорилгоор улсын бүртгэлийн нэгдсэн санд байгаа хувь хүн, хуулийн этгээд, эд хөрөнгийн талаар хуурамч мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж иргэн, хуулийн этгээд, бусдад олгосныг ойлгоно” гэжээ. Иймээс Улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа мэдээлэл гэж ямар мэдээллийг ойлгох талаар судалж үзсэн юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан” гэж нэгдсэн ангилал, код, индекс, арга зүй, стандарт, баримт бичгийн шаардлага болон хуупьд заасны дагуу цуглуулж, боловсруулж, хадгалсан иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэнэ” гэж тус тус заасан байна. Б.А- нь дээрх хуульд заасан улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа хувь хүн, хуулийн этгээд, эд хөрөнгийн талаар хуурамч мэдээлэл бусдад олгоогүй байна. Иймээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл ангиар буруутган ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба Б.А-ийг гэмт хэрэгт яллагдагчаар татсан нотлох баримт, зүйл анги нь түүнийг гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Нэгдүгээрт Б.А-ийн үйлдлийг нийгэмд аюултай үйлдэл хэмээн дүгнэх боломжгүй, хоёрдугаарт түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учраагүй, гуравдугаарт миний үйлчлүүлэгчийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй тул гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.А-ийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр хэлсэн саналдаа “... Б.А- өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилго байгаагүй, нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй. Тухайн албан бичгээс шалтгаалж “Улаанбаатар шинэчлэл” ХХК-д хохирол учраагүй, эрх ашиг нь хөндөгдөөгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтыг зөрчсөний улмаас тендер хүчингүй болсон. Сангийн яамны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичигт “Сүхбаатар тохижилт” ХХК эрүүл мэнд, нийгмийн даатгалын өртэй эсэх нь тухайн тендер шалгаруулалтын үнэлгээний шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй” гэж заасан. Тийм учраас Б.А-ийн үйлдсэн албан бичгээс шалтгаалж тендертэй холбогдох асуудал үүсээгүй. Гомдолдоо бусад үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “... нийтийн сонгогдох эрхийг...” гэснийг “... нийтийн албанд томилогдох эрхийг...” гэж өөрчилсөн нь ноцтой зөрчил гэж үзэж байна. Учир нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс давж заалдах шатны шүүх ял хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхийг хориглосон. Сонгогдох эрхийг хасах ял нь хамрах хүрээ бага бөгөөд нийтийн албанд хасах ял нь хүний хөдөлмөрлөх эрхийг тодорхой хэмжээнд хязгаарладаг. Б.А- нь Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намд олон жил ажиллаж буй бөгөөд шийтгэх тогтоолоор сонгогдох эрхийг хассан учир орон нутгийн сонгуульд өрсөлдөж чадаагүй. Иймд нэмэгдэл ялыг өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэлт хийж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... прокуророос Б.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тоотыг үндэслэн хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгасан бөгөөд хэргийн нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирол шаардахгүй. Шүүх Б.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

“Сүхбаатар тохижилт” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 96 сая гаруй төгрөгийн өртэй байсан нь мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Гэтэл нийтийн албан тушаалтан болох Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст тасгийн дарга ажилтай Б.А- нь хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа “Сүхбаатар тохижилт” компанийн захирал Ц.Баттүвшингийн гуйлтаар, түүнд давуу байдал бий болгох зорилгоор “Сүхбаатар тохижилт” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй” гэсэн худал мэдээлэл бүхий албан бичиг үйлдэж олгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтаар нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ. 

Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн нэг төрөл болох “Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч бичиг баримт үйлдэх” гэмт хэргийн зорилгыг хууль тогтоогч “нийтийн албан тушаалтан”, “албан хаагч” нь өөртөө, эсвэл бусдад давуу байдал бий болгох” гэж тодорхойлсон ба “... худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон”-оор гэмт хэрэг төгссөнд тооцох ба заавал бодит хохирол, хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж хуульчилсан болохыг тайлбарлах нь зүйтэй. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хэлтэс, тасгийн дарга нь нийтийн албан тушаалтан мөн бөгөөд дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан “... хороодын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг тээвэрлэх” сонгон шалгаруулалтын болзол, шалгуурыг хангаагүй байхад хангасан мэтээр зориудаар худал мэдээлэл бүхий албан бичгийг үйлдэж олгосон шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар хоёр шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна.

Шүүх хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн, энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Энэхүү гэмт хэргийг дээрх сонгон шалгаруулалтад шалгарч чадаагүй этгээдийн гомдлыг шалгуулахаар шилжүүлсэн төрийн байгууллагын мэдээлэлд үндэслэн мөрдөн шалгаж, Б.А-ийн худал мэдээлэл бүхий албан бичиг үйлдэж бусдад олгосон үйл баримтыг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлон тогтоосон байх тул шүүгдэгчийг цагаатгуулахаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 496 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1021 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН