Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00779

 

 

2023 04 14 210/МА2023/00779

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/00164 дугаар шийдвэртэй

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ерөнхий боловсролын Н сургуульд холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 31,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 81 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 82,997,753 төгрөг, засварын зардал 4,419,840 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөг, нийт 89,397,593 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Э ХХК нь Н бүрэн дунд сургуультай 81 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан, уг гэрээнд заасны дагуу түрээслэгч Н бүрэн дунд сургууль нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Э ХХК-ийн оффиссын 500 м.кв талбайг гурван жилийн хугацаанд 162,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байна.

Түрээсийн гэрээнд 2018-2019 оны түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг, 2019-2020 оны түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг, 2021-2022 оны түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг байхаар тохиролцож, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 12,000,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Хариуцагч түрээсийн төлбөрт 96,997,753 төгрөг төлсөн. Иймд түрээслэгч түрээсийн төлбөрт 23,000,000 төгрөг төлөхөөс барьцаа 2,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 21,000,000 төгрөг, алдангид 10,500,000 төгрөг, нийт 31,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэхэмжлэгчийн түрээсийн тооцооноос үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрөөс 12,000,000 төгрөг харилцан тохиролцож хөнгөлөлт үзүүлсэн нь үнэн. Нэхэмжлэгч тал 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-ны хоорондох тооцооны хуудсаа гаргаж өгсөн байна. Манай байгууллага Э ХХК-тай 2018 оны 08 дугаар сараас 2021 оны 08 дугаар сар хүртэл 36 сарын хугацаатай гэрээ байгуулсан боловч 2021 оны 03 дугаар сар хүртэл 31 сарын төлбөрт 124,000,000 төгрөг /31*4,000,000/ болж байгаа. Хариуцагч талаас түрээсийн төлбөрт 96,997,000 төгрөг төлсөнөөс 27,003,000 төгрөг үлдсэн. Уг төлбөрөөс хөнгөлөлтийн 12,000,000 төгрөгийг хасаж тооцвол 15,003,000 төгрөгийн үлдэгдэлтэй болно.

2.а. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 7 дугаар зүйлд хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг зааж өгсөн ба гэрээний 7.2.2-д заасны дагуу 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны түрээсийг 4 сараар тооцвол 16,000,000 /4*4,000,000/ төгрөгийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө. Мөн түрээсийн зүйлийг ашиглах явцад нэхэмжлэгч нь ковидын үед түрээслэгч талд мэдэгдэлгүй түрээсийн зүйлийн хаалганы голыг сольж манай байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан, 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарыг хүртэл хугацаанд түрээсийн зүйлийг ашиглаж чадаагүй. Улмаар 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Э ХХК эд хөрөнгөө хүлээж авсан.

2.б. Түрээсийн гэрээний 8.3-т түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол түрээсийн болон ашиглалтын төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг төлүүлэх талаар зааж өгсөн байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг дордуулан оруулсан тул хэрэглэх боломжгүй зохицуулалт гэж үзэх, мөн түрээсийн зүйлийг ашиглуулаагүй үеийн төлбөрөөс алданги тооцно, тооцохгүй талаар талууд гэрээнд тусгаагүй байх тул алданги тооцох боломжгүй. Гэрээний 4.1.2-д заасны дагуу түрээсийн төлбөрийг 2018-2021 оноор тооцож бодвол 14,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэрээний дагуу дахин төлбөр төлөх үүрэг үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Түрээсийн гэрээг Э ХХК-ийн боловсруулсан гэрээний санал, төслийн дагуу байгуулсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Уг гэрээг бүртгүүлээгүй. Хуульд заасан шаардлага хангахгүй гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Гэрээ хүчин төгөлдөр бус тул Э ХХК нь Н сургуулиас түрээсийн төлбөр шаардах эрхгүй.

Түрээсийн зүйлийг ашиглаж байх хугацаанд Н сургууль нь өөрийн зардлаар 2018, 2019, 2020 онд засвар үйлчилгээ хийж гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан. Иймд түрээсийн төлбөрт төлсөн 96,997,753 төгрөг, засвар хийсэн зардал 4,419,840 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөг, нийт 103,417,593 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 14,000,000 төгрөгөөр багасгаж 96,997,753 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Бид гэрээг харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар заавал бүртгүүлэх шаардлагагүй, гэрээ хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийгг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 318 дугаар зүйлийн 318.1, 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн 28,500,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч Н бүрэн дунд сургууль, нэхэмжлэгч Э ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн 963,997,753 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,419,840 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,000 төгрөг, хариуцагч Н бүрэн дунд сургуулийн 643,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 642,938 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

6.а. Анхан шатны шүүх түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч "Н" сургуулийг үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасаныг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж хариуцагч 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 4 давхар барилгыг түрээслэн үйл ажиллагаа явуулсан. Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь талуудын хооронд хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх шалтгаан болохоос бус хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг 3 жил үнэ төлбөргүй ашиглах, тухайн хугацааны түрээсийн 96,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг шүүх олгож болохгүй. Түрээсийн гэрээ хүчингүй болсон ч талууд гэрээгээ хүчин төгөлдөр гэж итгэн гэрээг хэрэгжүүлж ирсэн, хариуцагч түрээсийн барилгад үйл ажиллагаа явуулж байсан хугацааны төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болон нэгэнт төлөгдсөн төлбөрийг буцаан гаргуулах, төлөх үндэслэлгүй гэж дүгнэх нь сөрөг нэхэмжлэлийг хангаж, төлөгдсөн төлбөрийг буцаан гаргуулсан нь хууль, шударга ёсонд харш гэж ойлгож байна.

6.б. Анхан шатны шүүх түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн бол мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2018-2021 оны хооронд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн ашигласан хугацаанд нь хамаарах төлбөрийг түрээсийн гэрээнд заасан он тус бүрийн нэг сарын төлбөрийн үнээр тооцон гаргуулж манай компанийг хохиролгүй болгон шийдвэрлэх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, Н сургуулиас 28,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож өгнө үү.

6.в. Нэгэнт төлөгдсөн түрээсийн төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар буцаан гаргуулах нь хуульд нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй. Хариуцагч 2018-2021 оны хооронд манай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглахаар тохиролцсон, тухайн хугацааны төлбөрөө төлсөн. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөө гэрээний үндсэн дээр төлбөртэйгээр хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн ба хожим гэрээг хүчин төгөлдөр бус гэж шүүх дүгнэсэн нь талууд үл хөдлөх эд хөрөнгийг анхнаасаа үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглахаар тохиролцоогүй. Иймд гэрээ хүчингүй болсон ч үнэ төлбөргүй ашиглах ойлголт байхгүй тул өнгөрсөн хугацааны түрээсийн төлбөр буцаагдах үндэслэлгүй.

6.г. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гаргасан. Хариуцагч өнгөрсөн хугацааны төлбөрөө буцаан авсан нь нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид обьектоо ашиглуулсны хохирол, хөлс, зардлаа хэрхэн тооцох боломжгүй учир хөлс буцаагдахгүй, гэрээний үнийг жишиг үнэ болгон хөлсийг тооцон шийдвэрлэдэг шүүхийн практик нэгэнт тогтсон байхад шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн үндэслэлгүй шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн дүн 96,997,753 төгрөгийг 963,997,753 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасан.

Иймд шүүхийн шийдвэрт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангасан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс 96,997,753 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль хэрэглээний талаар алдаа зөрчил гаргаагүй ба хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага түрээсийн төлбөр гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлага түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн.

Давж заалдах гомдолд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн. Түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бол Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ болно. Шүүх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож байгаа тохиолдолд зайлшгүй мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд хооронд өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүргийг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэглэх шаардлага үүссэн. Нэхэмжлэгч гомдолдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу зайлшгүй хэрэглэж, нэхэмжлэгч талыг хохиролгүй болгох байсан асуудлыг дурддаг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Харин сөрөг нэхэмжлэлийн хүрээнд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж хариуцагч тал үзэж байна. Өөрөөр хэлбэл, гомдолд үндсэн нэхэмжлэлийн шаардлага 28,500,000 төгрөгийг хангаж шийдвэрлэнэ гэж дурдсан бөгөөд хэрхэн яаж, ямар үндэслэлээр гаргуулах үндэслэлээ дурдаагүй. Гомдолд "...162,000,000 төрөгийг түрээсийн төлбөр төлөх байсан. Үүнээс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр төлсөн ба үлдэгдэл нь 19,000,000 төгрөг байсан" гэдэг. Энэ түрээсийн төлбөрийг хариуцагч тал сөрөг нэхэмжлэлд дурдсан 96,997,753 төгрөгийг гаргуулах, үүнээс 14,000,000 төгрөгөөс татгалзсан. Түрээсний гэрээний 4.1.2-т он оноор нь төлбөрийг дурдсан. Дээрх заалтын дагуу түрээсийн төлбөр 14,000,000 төгрөг болсон учраас хариуцагч татгалзсан. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал байхгүй гэж үзэж байна.

Харин шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт бичиглэлийн алдаа гаргаж, 96,997,753 төгрөгийг 963,997,753 төгрөг гэж бичсэн байдаг. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч ерөнхий боловсролын Н сургуульд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 31,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 96,997,753 төгрөг, засварын зардал 4,419,840 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөг, нийт 103,417,593 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, түрээсийн төлбөрт төлсөн 82,997,753 төгрөг, засварын зардал 4,419,840 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөг, нийт 89,397,593 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Талууд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Э ХХК-ийн захирал Э.Н-ийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, Их тойруу **** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай, ** давхар обьектыг 3 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцсон талаар маргаагүй.

3.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус юм.

Хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор талууд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хэлцлийн дагуу хэн алиндаа шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн байх бөгөөд тэрээр түрээсийн зүйлийг ашигласан байдлыг буцаан шилжүүлэх боломжгүй байна.

Хариуцагч нь бусдын эд хөрөнгийг ашигласан ашиглалтыг буцаан шилжүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй тул тэдгээрийн хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус гэрээний төлбөрөөр тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Талууд түрээсийн гэрээг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай байгуулсан ба гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн, цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020-2021 оны түрээсийн төлбөрөөс 12,000,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн талаар талууд маргаагүй.

Түрээсийн гэрээний 4.1.2-т зааснаар 2018-2019 оны хоорондох түрээсийн төлбөр сарын 4,000,000 төгрөг, 2019-2020 оны хоорондох түрээсийн төлбөр сарын 4,500,000 төгрөг, 2020-2021 оны хоорондох түрээсийн төлбөр сарын 5,000,000 төгрөг байхаар талууд тохиролцжээ. Иймд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 48,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 54,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 16,000,000 төгрөг, нийт 118,000,000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 96,997,753 төгрөгийг хасахад 21,002,247 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарахаар, 493.6 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээхээр тус тус заажээ.

Иймд түрээсийн зүйлийг ашигласан хугацааны түрээсийн гэрээний төлбөр 21,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт нийцнэ. Энэ агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсэг хангагдана.

3.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Өөрөөр хэлбэл анзын талаар талууд гэрээгээр харилцан тохиролцсон байх, эсхүл хуульд энэ талаар тухайлан заасан байх шаардлагатай юм.

3.2.а. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй байхаар заажээ. Өөрөөр хэлбэл үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс эд хөрөнгө буцаан шилжүүлэх үүргийг шаардах эрхэд анз тогтоохгүйгээр хуульд заасан байна.

3.2.б. Гэрээний 8.3-д түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол түрээслэгч нь түрээсийн төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног бүр тооцож түрээслүүлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцсон хэдий ч түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу алданги шаардах эрхгүй.

Иймд алданги гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

4.1. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчингүй болсны улмаас уг гэрээгээр олж авсан зүйлээ буцааж өгөх үүрэг бүхий тал нь биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр буцааж өгөх бололцоогүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэл, түүний үр дагаварт шууд хамааралтайгаас бусад тохиолдолд уг хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй.

Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноор түрээслүүлэгч түрээсийн төлбөрт авсан мөнгийг түрээслэгчид буцаан өгөх нь гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэл, түүний үр дагаварт шууд хамааралтай үүрэг гэж ойлгогдохоор боловч түрээсийн эд зүйлийг эзэмшиж, ашигласнаар өөрт бий болчихсон ашигтай байдлыг түрээслэгч буцаан өгөх боломжгүй тул үүний төлөө төлсөн төлбөрийг түрээслэгч түрээслүүлэгчээс буцаан шаардах эрхгүй болно.

Иймд түрээсийн төлбөрт шилжүүлсэн 96,997,753 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл буруу тул төлөгдсөн түрээсийн төлбөрийг буцаан гаргуулах нь хуульд нийцэхгүй гэх гомдол үндэслэлтэй.

4.2. Хариуцагч нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгөд зарцуулсан зайлшгүй зардлыг шаардах эрхтэй. Хариуцагч нь түрээсийн зүйлийг эзэмшиж байхдаа түүнд засвар хийсэн зардал 4,419,840 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар нийт 4,370,040 төгрөгийн зардал гаргасан нь нотлогдож байх тул энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

4.3. Түрээсийн гэрээний 4.8.1-д барьцаа төлбөр болох 2,000,000 төгрөгийг төлсөн талаар заасан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс барьцаанд төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 12,550 төгрөг илүү, хариуцагч 341,988 төгрөг дутуу тус тус төлснийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Хариуцагч шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 103,417,593 төгрөг гаргуулах гэсэн хоёр шаардлага гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д зааснаар бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын нийлбэрээр нэхэмжлэлийн үнийн дүнг тооцдог учир шаардлага тус бүрд улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.

Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар уг гэрээ хэлцлийн үнийн дүнгээр тодорхойлно. Түрээсийн гэрээний 4.1.1-д нийт түрээсийн төлбөр 3 жилийн 162,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон байх тул нэг жилд төлөх төлбөр 54,000,000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 427,950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг, 103,417,593 төгрөг гаргуулах шаардлагад 675,038 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хариуцагч тус тус төлнө.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/00164 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ерөнхий боловсролын Н сургуулиас 21,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 10,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 гэж дугаарлаж 2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-аас 6,370,040 төгрөг гаргуулж хариуцагч ерөнхий боловсролын Н сургуульд олгож, 493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 82,997,753 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

2 дахь заалтыг 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,000 төгрөгөөс 315,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 12,550 төгрөгийг, хариуцагчаас 262,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 341,988 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэгчээс 544,821 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай гэж өөрчлөн найруулж

3 дахь заалтын дугаарыг 4 гэж,

4 дэх заалтын дугаарыг 5 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 944,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.БЯМБАСҮРЭН