Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00720

 

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00720

 

А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа, даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00742 дугаар шийдвэртэй,

 

А-ы нэхэмжлэлтэй

Б-, В- нарт холбогдох,

 

50,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр, хариуцагч Б-, В-, хариуцагч В-гийн өмгөөлөгч Ц.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь Б-ад 2015 оны 07 дугаар дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй,

1.2. Б-ын төрсөн дүү В-д 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй тус тус зээлдүүлсэн.

Зээлийн хүүд нийт 25,900,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 50,500,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул иргэний журмаар нэхэмжилж байна.

 

2.Хариуцагч В-гийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч А-ыг танихгүй, зээлийн гэрээ байгуулаагүй, өөрөө авч хэрэглээгүй зөвхөн ах Б-ын гуйлтын дагуу гуйвуулга хийж Япон руу шилжүүлж өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас В-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3.Хариуцагч Б-ын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Би 2013 оноос Япон улсаас автомашин болон сэлбэг оруулж ирж худалдан борлуулдаг байсан. А-тай 2015 онд танилцаж, Да хүрээ техникийн зах дээр 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж, дүү В-тай хамтарч наймаа хийдэг байсан. А-аас зээлж авсан мөнгөөр Да хүрээ захад байрлах дэлгүүр худалдаж авсан. Уг дэлгүүрийг дүү В- ажиллуулж байгаа учир тэр мөнгийг хариуцна. Дүү В- байр, автомашин бүх зүйл авсан. Надад нэг ч төгрөгийг өгөөгүй болохоор би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй.

3.2. А-д Япон улсаас худалдаж авсан приус 20 маркийн авто машиныг 7,500,000 төгрөгт бодож, бэлнээр 2,500,000 төгрөг өгсөн.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А-аас хариуцагч Б-, В- нараас зээлийн гэрээний үүрэгт 50,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. А- нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б-ад 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч В-д 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд нийт 40,000,000 төгрөгийн зээл олгосон. Хариуцагч нар нь эхний ээлжид хүүгээ төлдөг байсан. Гэвч зээлийн хүүгээ төлөхгүй удаж, ковидын улмаас санхүүгийн хүнд байдалд орсон удахгүй өгнө гэж гуйсан тул яаруулдаггүй байсан. Өнгөрсөн хугацаанд миний хүү Д- зээлийн асуудлаар хариуцагч нартай уулзаж, ажил дээр нь очиж мөнгөө шаарддаг байсан.

5.2. Анхан шатны шүүх талуудын тайлбар, бичгийн баримтыг үнэлээгүй. Хариуцагч нарын үйлдэл тус бүрт дүгнэлт хийлгүй нэгтгэж дүгнэлт хийж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт В-гаас зээлийн хүү төлсөн баримтууд авагдсан бөгөөд зөвхөн хариуцагчийн худал тайлбараар бодит бичгийн баримтуудыг няцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч Б- нь дүүгээ авсан, хүүгээ төлөөд явдаг байсан талаар дэлгэрэнгүй тайлбарладаг.

Шүүхийн шийдвэрийн зээлийн харилцаатай холбоотой дүгнэлтүүд зөрчилтэй. Мөн шүүх хуралдаанд Б- үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн бөгөөд боломж байхгүй хугацааг хойшлуулж байсан талаар тайлбарласан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл мөнгөө шаардаж байсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч В- болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдолдоо хариуцагч В- 40,000,000 төгрөг зээлсэн гэх боловч зээлийн харилцаа хэрхэн үүссэн болох нь тодорхойгүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 20,000,000 төгрөгийг В- зээлэв гэсэн утгатай “Хас банк” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл В-г мөнгөн хөрөнгө хэрхэн яаж шилжүүлсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

6.2. 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримтын хувьд миний ах Б- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүх дансыг нь битүүмжилсэн учраас намайг энэ мөнгийг шилжүүлээд өгөөч гэж гуйсан. Энэ мөнгө А-, Б- нарын хоорондох асуудалд юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч Б-ын гаргасан тайлбарын агуулга: А-аас авсан мөнгөөрөө Да хүрээ зах дээр дэлгүүр худалдаж авсан. Тэр дэлгүүрийг манай дүү В- ажиллуулдаг. 10,000,000 төгрөгийг буцааж өгсөн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-, В- нарт тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. А-, Б- нар 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч А-аас зээлдэгч Б- нь 20,000,000 төгрөгийг бэлнээр авч, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буцааж өгөхөөр харилцан тохиролцсон байна.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

3.2. Хариуцагч нь Б- нь 20,000,000 төгрөгийг зээлсэн, зээлийн мөнгөн төлбөрт приус 20 автомашиныг 7,500,000 төгрөгт тооцож, бэлнээр 2,500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг буцааж төлөөгүй талаар талууд маргаангүй.

 

3.3. Зээлийн гэрээнд зээлийн хэмжээ, хугацааг талууд тохирсон, харин зээлийн хүү тогтоогоогүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-аас  зээлийн хүү шаардах эрхгүй юм.

 

3.4. Хариуцагч Б- нь 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж дүгнэхгүй болно. Харин тэрээр уг мөнгөн хөрөнгийг хариуцагч В-гийн дэлгүүрт оруулсан тул түүнийг төлнө гэх агуулгаар гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд Б-аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

4.1. Нэхэмжлэгч А- нь хариуцагч В-д 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг, мөн сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

4.2. Хариуцагч В- өөрийн төрсөн ах Б-ын хүсэлтээр нэхэмжлэгч А-аас 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн дансаар 10,000,000 төгрөгийг хүлээн авч Б- руу шилжүүлсэн гэж маргасан нь нэхэмжлэлд заасан 3 гэрээний хугацаанд хамаарахгүй байна.

 

4.3. “Хас банк” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын маягтад гүйлгээний утгыг “в-д зээлэв” гэж тэмдэглэж 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А- нь өөрийн данснаас гаргаж өөрөө авсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч А-ы шүүхэд гаргаж өгсөн “Хас банк” ХХК дахь өөрийнх нь эзэмшлийн дансны хуулгаас үзвэл “В-гаас” гэх утгаар 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 02 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 05 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 08 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 22-ны өдөр 1,900,000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 12 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус өөрийн дансанд өөрөө тэмдэглэж шилжүүлсэн байх тул уг мөнгөн хөрөнгийн хэмжээгээр В- нь А-тай зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэхгүй юм. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

Харин В- нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч А-д шилжүүлсэн нь В-гийн эзэмшлийн, “Хас банк” ХХК дахь 5001195307 тоот дансны хуулгаар тогтоогдож байна. Энэ нь мөн тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б-аас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00742 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б-аас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлээс Б-аас 40,500,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг, хариуцагч В-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2”, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Б-аас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЗОЛЗАЯА

                                           

         ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА