Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/0048

 

“Б с” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар,

тендерийн Үнэлгээний хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:             Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,

Шүүгчид:                Г.Банзрагч,

                                 Д.Мөнхтуяа,

                                 П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:      М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б с” ХХК-ийн тендерээс татгалзсан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Х к” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах”, 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 639 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Э.Т, Р.Э, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тендерийн Үнэлгээний хорооны төлөөлөгч Л.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б с” ХХК-ийн гаргасан “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б с” ХХК-ийн тендерээс татгалзсан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “Б с” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ““Х к” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 639 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Гуравдагч этгээд “Х к” ХХК-ийн өмгөөлөгч  О.Б хяналтын гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны ямар шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан маргаж байгаа талаар тодруулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулах талаар мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д заасан үүргээ гүйцэтгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж” дүгнэж, анхан шатны шүүхийн гүйцэтгэх шаардлагагүй ажиллагааг заавал гүйцэтгэх ёстой ажиллагаа гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
  1. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь ямар захиргааны байгууллага, албан тушаалтан байх вэ гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдохоор байна.
  1. Нэхэмжлэгч “Б с” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар гэдэг нь илэрхий ойлгомжтой байна.
  1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн, нэхэмжлэлийн шаардлага нь ямар захиргааны байгууллага, албан тушаалтанд холбогдох нь тодорхойгүй байх тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэгтэй болохоос биш, хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны ямар шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан маргаж байгаа талаар тодруулах үүргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт зааснаар шүүх хүлээхгүй юм.
  1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх" эрхийг зөвхөн нэхэмжлэгч эдлэхээр заасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох, ихэсгэх эрхээ хэрэгжүүлээгүй буюу тийм хүсэл зориггүй байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
  1.  Нэхэмжлэгч хуулийн этгээд “Б с” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тендерийн Үнэлгээний хороог хамтран хариуцагчаар татаж, анхан шатны шүүх хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр болсон бөгөөд шүүх хуралдаанаас өмнө тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, өөрчлөх боломжтой байсан хэдий ч эрхээ хэрэгжүүлээгүй байгаагаас харахад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн өөр шаардлага гаргах хүсэл зориггүй байсан гэдэг нь илэрхий байна.
  1.  Дээрхийг нэгтгэн дүгнэн үзэхэд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах ажиллагааг хийх үүрэггүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.
  1.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Э.Т нар хяналтын гомдолдоо: “... Нэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журмын 2.1, 2.2, 2.4 дэх заалтын дагуу уг тендерт шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендерийн материалыг ил болгох, тендер шалгаруулалтын материалтай танилцах хүсэлт захиалагч хангаагүй нь зөрчил болно.
  1.  Хоёр. “Х к” ХХК-ийн маш олон зөрчлийн талаарх тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бөгөөд уг зөрчлүүдийн зөвхөн ганцаар нь л уг компанийг хасах боломжтой байхад огт хамааралгүй үндэслэлээр “Б с” ХХК-ийг хасч, улмаар өрсөлдөгчгүйгээр “Х к ХХК-ийг сонгож байгаа хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
  1. Гурав. Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг хариуцагч зөрчсөн зэрэг зөрчлийг үндэслэн магадлал гарах боломжтой байсан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, ... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасан зарчим хяналтын шатны шүүхэд хамааралтай; энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан буюу хэргийг бүхэлд нь хянах үндэслэл бүрдсэн ч тэдгээрийн гомдолд дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 
  1.  Учир нь, нэхэмжлэгч “Б с” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих ажил, Багц-1 Барилгын ажил” ОР-217/2020 дугаартай тендер шалгаруулалтад 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр оролцсон; тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б с” ХХК-ийн тендерээс татгалзсан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгож, “Х к” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр“...захиалагчийн шийдвэр нь тендерийн үнэлгээний хорооны үнэлгээтэй холбогдуулан гарсан...” гэх үндэслэлээр тус тендерийг үнэлсэн Үнэлгээний хороог хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хамтран хариуцагчаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/46 дугаар тушаалаар байгуулагдсан “Үнэлгээний хороо”-г татан оролцуулсан атлаа тухайн тендерийн Үнэлгээний хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, маргаж буй тухайн асуудалд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
  1. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан бүрдлийг хангаагүй бол мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрийг хангах боломж олгох үүрэгтэй тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... анхан шатны шүүх нэхэмжлэгчийн, нэхэмжлэлийн шаардлага нь ямар захиргааны байгууллага, албан тушаалтанд холбогдох нь тодорхойгүй байх тохиолдолд шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй болохоос биш, хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны ямар шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан маргаж байгаа талаар тодруулах үүргийг хүлээхгүй, ... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох, ихэсгэх эрхээ хэрэгжүүлээгүй буюу тийм хүсэл зориггүй байхад давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэсэн хяналтын гомдол няцаагдана.
  1. Түүнчлэн анхан шатны шүүх нь нэхэмжлэгчээс тендерийн Үнэлгээний хорооны ямар шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан маргаж байгаа талаар тодруулаагүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн эхнээсээ дурдаж байсан үндэслэл (тендерийн үнэ, баримт бичгийн иж бүрдэл, тусгай зөвшөөрөл гэх мэт)-үүдэд  огт дүгнэлт өгөөгүй атлаа “... Үнэлгээний хорооны шийдвэр /тэмдэглэл/ буюу захиргааны актын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс Үнэлгээний хорооны шийдвэр, шийдвэрийн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй, ... тухайн тендерт оролцогч “Б с” ХХК нь тендер хянан үзэх шатанд тендерийн шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэх үндэслэлээр тендерээс хасагдсан бөгөөд тендерээс татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй тул ...тендерийн шат дараалсан ажиллагаанд оролцох, үнэлгээтэй холбоотой маргах эрх үүсэхээргүй байна, ... “Б с” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас түүний дараагийн үе шатанд тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох талаар гаргасан шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй юм. 
  1. Нэгэнт дээрх байдлаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ биелүүлээгүй, давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөөгүй байхад буюу шүүхүүд талуудын маргаж буй тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй байхад хяналтын шатны шүүхээс энэ ажиллагааг нөхөн хэрэгжүүлэх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын /шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангах/ болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн /магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх/ хяналтын журмаар гаргасан гомдлын аль алиныг хангах үндэслэлгүй байна.
  1. Иймд, анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, маргаж буй үйл баримтуудад эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 639 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хяналтын журмаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

         

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

   ШҮҮГЧ                                                                     М.БАТСУУРЬ