Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 0008

 

       Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Бугат сумын иргэн Т.Гантулгын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох

        “Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2016/0006/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Гантулга, хариуцагч Бугат сумын Засаг дарга Д.Дэмбэрэлдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Т.Гантулга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Бугат сумын Санхүүгийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад сумын Засаг даргын  2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар ажлаас халагдсан.

     Засаг дарга захирамжиндаа “ажлын хариуцлага алдаж, үүрэгт ажлаа удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэж дурджээ. 2015 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг дүгнэхэд миний бие 81 хувиар “В”  үнэлгээтэй үнэлэгдэж, сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 тоот захирамжаар үр дүнгийн урамшуулал авсан.

        Миний ажлыг ийм байдлаар үнэлж дүгнэсэн атлаа үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна гэснийг үл зөвшөөрч, Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хандсан боловч, тус зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “... эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр хууль эрх зүйн үндэслэлтэй байна” гэсэн хариу өгсөн тул Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр 04-ний өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг даалгаж өгнө үү.

       Мөн аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/531 тоот захирамжийн надад холбоотой хэсэг нь буруу бөгөөд аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал нь сумын албан тушаалтныг ажлаас халах тухай аймгийн Засаг даргын биелэлтийг шаардах эрх бүхий албан тушаалтан биш гэж үзэж байна.

     Учир нь аймгийн Аудитын газар нь Төрийн аудитын хуулийн хүрээнд санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагаас санал, дүгнэлт өгөх боломжгүй тохиолдолд албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ гэж заасан байна.

     Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Санхүүгийн албаны дарга буюу сумын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдож, 2014 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайланг хянуулахдаа цахимаар бүх тайланг явуулаад цаасан тайлангийн заримыг хугацаа хоцорч хүргүүлсэн, дараа нь өгөх гэсэн боловч Булган аймгийн Аудитын газар хугацаа хоцорсон гэдэг шалтгаанаар тайлан аваагүй.

    Сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Хандаштай холбоотой асуудал нь ажлаас халах асуудалд  хамаарахгүй бөгөөд санхүүгийн дотоодын хяналт, шалгалтын дүнгээр илэрсэн гэдэг нь худал байна. Өөрөөр хэлбэл Д.Дэмбэрэлдорж даргыг ажил авснаас хойш 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг хууль журмын дагуу хийгээгүй болно.

    Бугат сумын төсвийн 2014 оны санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн санхүүгийн аудитын хяналт шалгалтаар “санал дүгнэлт өгөхөөс татгалзах” тухай Булган аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 114 тоот “Аудитын гэрчилгээ”-г аймгийн Аудитын газраас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Бугат сумын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлээгүй болно.

     Санхүүгийн хяналт шалгалтын нэг онцлог шинж нь ихэвчлэн болоод өнгөрсөн үйл ажиллагааны баримтын бүрдэлд хяналт шалгалт хийдэг. Үүний тод жишээ нь Булган аймгийн Аудитын газраас 2015 оны 04 дүгээр сарын 12-16 өдрүүдэд Бугат сумын төсөвт байгууллагууд болон Орон нутгийн хөгжлийн сангийн 2013, 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн “нэгдсэн удирдамжтай” төлөвлөгөөт хяналт шалгалт юм. Хяналт шалгалтын явцад Аудитын байгууллагаас илрүүлсэн зөрчил, тавигдсан акт, албан шаардлагууд нь санхүүгийн албаны дарга Т.Гантулга миний алдаатай, ямар нэгэн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болж тавигдаагүй, харин 2013, 2014 онд ажиллаж байсан албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагааны үр дагавар байсан. Миний бие төрийн албаны “тасралтгүй” байх зарчмыг хүндэтгэж, цаашид хуулийн хүрээнд тавигдсан акт, албан шаардлагуудын хэрэгжилтийг ханган ажиллах албан тушаалтны эрх, үүргийн хүрээнд тухайн баримтууд дээр гарын үсэг зурсан болно.

      Булган аймгийн Аудитын газраас явуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны 60 дугаар бүхий “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тоот албан бичгийн хавсралт байхгүй, хавсралтанд заасан гэгдэх хугацаа тодорхойгүй, Үндэсний аудитын газраас ирүүлсэн “албан шаардлагыг нөхөн хүргүүлэх тухай шийдвэр” байхгүй, нөхөн гаргасан гэх албан шаардлага ирээгүй зэрэг шалтгааны улмаас албан тоотын хариуг хүргүүлэх боломжгүй байсан. Санхүүгийн хяналт шалгалтын практикт хяналт шалгалтыг хийж, хяналт шалгалтын бүх үйл ажиллагааг дуусгачихаад, бүхэл бүтэн хоёр сарын дараа “нөхөн албан шаардлага” гаргаж болохгүй. Өөрөөр хэлбэл тоотод дурдсан шаардлага нь хууль бус гэж үзэж байна.

    Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хийгдсэн нийцлийн аудит нь албан шаардлагын хавсралтаас үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буюу түүнээс өмнө хийгдэж, 11 дүгээр сарын 03-ны өдөр төлбөр зөрчлийн жагсаалт гарсан байна. Хяналт шалгалтыг хийчихээд, бүтэн нэг сар 10 хоногийн дараа эрх бүхий албан тушаалтан эрх бүхий шийдвэрийг гаргаж болохгүй байх гэж үзэж байна.

      Мөн албан шаардлагын хавсралтанд хариуцах албан тушаалтан, хариуцах эзнийг тодорхой заасан байна. Нөгөө талаас Шилэн дансны тухай хуулийн 7.1. дэх хэсэгт “Шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг дараах албан тушаалтан хүлээнэ”, 7.1.3. дахь заалтанд “тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэгдүгээр, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан”, 8.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ.” гэж заасан байдаг.

      Иймд энэхүү албан шаардлагын хариуг эрх бүхий албан тушаалтан явуулна, хариуцлагыг нь хүлээнэ. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган биелүүлж ажиллаагүй, албан шаардлагын хариуг явуулаагүй хариуцлагыг Санхүүгийн албаны даргад тохож болохгүй.

       Мөн аудитын байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь албан шаардлагаа буруу хүнд гаргасан байна, Бугат сумын Засаг дарга Дэмбэрэл гэж хүн байхгүй болно, албан шаардлагыг хариуцах эзэн, хариуцах албан тушаалтанд гаргах ёстой гэж үзэж байна, албан шаардлагад тавигдсан мөнгөн дүн нь бодит дүн биш байна. Жишээ нь Бугат сумын төсөвт байгууллагууд 2015 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 33.8 /гучин гурван сая найман зуун мянга/ сая төгрөгний гүйцэтгэлтэй байж таарахгүй.

       Дээр дурдсан нөхцөл байдлын улмаас Аудитын байгууллагаас ирүүлсэн санал дүгнэлт байхгүй тул хариуцлага тооцох хугацаа хойшилсоор, зөрчил гаргаснаас хойш хуулийн хугацааг баримталж, 2014 оны санхүүгийн нэгдсэн тайланд татгалзах дүгнэлт гарсан байх гэж таамаглан, зөрчил гаргаснаа би хүлээж байгаа учраас сумын Засаг дарга 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/24 тоот захирамж гаргаж, “. .. санхүүгийн ажил үйлчилгээг цаг хугацаанд нь хийгээгүй, санхүүгийн тайлан мэдээ хоцроосон...” гэдэг шалтгаанаар “сарын үндсэн цалинг 20 хувиар хоёр сарын хугацаатайгаар хасах” сахилгын шийтгэлийг сумын Санхүүгийн албаны даргад ногдуулсан болно.

       Бугат сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Б/14, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/24 тоот захирамжаар ногдуулсан сахилгын шийтгэл нь нэгдүгээрт сахилгын шийтгэлтэй байх хугацаа дууссан, хоёрдугаар энэ үед миний бие өөр албан тушаал эрхэлж байсан зэрэг нь ажлаас халагдах шалтгаанд ямар ч хамааралгүй болно.

     2015 оны 10 дугаар сарын 12-ны 01/58 дугаартай албан бичгийн үндэслэл нь тодорхойгүй, аймгийн Засаг даргын албан тоот, аймгийн аудитын газрын дүгнэлт хавсрагдаагүй, ямар утгатай албан бичиг, хэзээний юу шалгаж гаргасан ямар дүгнэлт зэрэг нь тодорхойгүй байсан учраас тухайн үед нь сумын Засаг дарга, Санхүүгийн албаны даргатай зөвшилцөж байгаад хариу өгөөгүй болно.

Бусад асуудлын тухайд Мал ээмэгжүүлэлтийн зардалтай холбогдуулан 400.8 мян /дөрвөн зуун мянга найман зуу/ төгрөгийн асуудал.

     Монгол Улсын хуулийн хүрээнд Засаг дарга захирамж гаргаж, захирамжаар холбогдох албан тушаалтанд үүрэг даалгавар өгсөн, шаардлагатай зардлын хэмжээг баталсан, холбогдох албан тушаалтнууд захирамжийн хэрэгжилтийг биелүүлж ажилласан. Санхүүгийн холбогдолтой баримт бичиг бүрэн, Засаг дарга гарын үсэг зурж, тамга дарсан, нягтлан бодогч баримтын бүрдүүлбэрийг хангаж, холбогдох тооцоог хийж гарын үсэг зурсан, сумын санхүүгийн албаны төрийн сангийн гүйлгээний мэргэжилтэн санхүүгийн холбогдох материалыг хянаж гарын зурж, тэмдэг дарж баталгаажуулаад, төрийн сангийн гүйлгээ хийсэн. Энэ бүх үйл ажиллагаа явагдсаны дараа Санхүүгийн албаны дарга баримтын бүрдүүлбэрийг хуулийн хүрээнд хянаад хийгдсэн гүйлгээг баталдаг.

      “Залмангранд” ХХК-д шилжүүлсэн 5.6 сая /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн асуудал. Сумын Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан, ажил үйлчилгээг бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалт болон бусад шаардлагатай үйл ажиллагаа бүгд хуулийн хүрээнд хийгдсэн, нягтлан бодогч баримтын бүрдүүлбэрийг хангаж, гарын үсэг зурсан, сумын санхүүгийн албаны төрийн сангийн гүйлгээний мэргэжилтэн санхүүгийн холбогдох материалыг хянасан, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаад, төрийн сангийн гүйлгээ хийсэн. Энэ бүх үйл ажиллагаа явагдсаны дараа Санхүүгийн албаны дарга баримтын бүрдүүлбэрийг хуулийн хүрээнд хянаад хийгдсэн гүйлгээг баталсан. Мөнгө шилжүүлэх төлбөрийн хүсэлт дээр байгууллагын даргын гарын үсэг зурагдаагүй гэдэг шалтгаанаар энэ ажил үйлчилгээг эрүү үүсгэн шалгаж, Прокурорын шатанд ашиг сонирхлын үйлдэл байхгүй, хувийн сэдэл хамаарал байхгүйг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

      Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал нар нь сумын Санхүүгийн албаны даргыг ажлаас халдаг, ажлаас халахыг шаарддаг эрх бүхий албан тушаалтан биш. Аймгийн дарга нарын хууль бус үйлдэл, шийдвэрийг биелүүлж, сумын Санхүүгийн албаны даргыг ажлаас халах нь сумын Засаг дарга Д.Дэмбэрэлдоржийн гаргасан хууль бус үйлдэл гэж үзэж байна гэв.

         Хариуцагч Бугат сумын Засаг дарга Д.Дэмбэрэлдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

              Дашжамцын Дэмбэрэлдорж миний бие нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сумын Засаг даргаар томилогдон ажлаа хүлээж авсан билээ.  Энэ хугацаанд Санхүү албаны дарга Т.Гантулгатай хамтран ажилласан. Намайг ажилдаа орсон өдрөөс эхлэн Аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргап, Санхүүгийн албаны дарга Т.Гантулгыг ажлаас чөлөөлөхийг удаа дараа шаардаж, Аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/351 дүгээр захирамжийг хэрэгжүулж ажиллахыг шаардаж байсан ба Т.Гантулга нь сумын Засаг даргын 2015 оны  08 дугаар сарын 08-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар сахилгын шийтгэлтэй байсан.   Миний бие нь  Т.Гантулгатай  хамтарч  ажиллах  санал   тавьж 1 сарын   хугацаанд  үүрэгт ажилдаа хэрхэн хандах , өөрийн боловсрол чадамж, хүнтэй ажиллах ёс зүй зэрэгт анхаарал тавьж ажилласан боловч энэ байдалд маш их дутагдалтай, хамт олон, баг бүрдүүлж ажиллаж чадахгүй байдал нь мэдрэгдэж байсан.   Үүнийг төсвийн нягтлан бодогч  П.Мөнхтогтоо,   С.Нямсүрэн, Төрийн   сангийн   мэргэжилтэн   Д.Сувдаа нар илэрхийлж байгаа ба санхүүгийн албыг цуглуулж үүрэг даалгавар өгдөггүй зөвхөн өөртөө бүх зүйлийг хэт төвлөрүүлж ажиллаж байсан.

        Т.Гантулга   нь   үүрэгт   ажилдаа   хангалтгүй   ажиллаж   2014   оны   санхүүгийн нэгдсэн тайлан баталгаажуулах  аудит хийлгээгүй.   Мөн  2016-2018 оны  төсвийн хүрээний   мэдэгдэл   2016   оны   төсвийн   төслийг  Төсвийн   тухай   хуулийн   8  дугаар зүйлийн 8.4.2 дахь заалт болон 66 дугаар зүйлийн 66 1.2 дахь заалтын дагуу дээд шатны төсвийн еренхий захирагчид хүргүүлээгүй.

        Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцсэн   2014   оны   төсвийн   гүйцэтгэлийн   тайлан, Тэргүүлэгчдийн   хуралдаанд   урьдчилан   оруулаагүй.   

         Үндэсний   Аудитын   газрын харьяа  Булган  аймгийн Аудитын газрын  2015  оны   12  дугаар  сарын   14-ний өдрийн ҮАГ-НАГ/2015/07-НА/07 дугаартай албан шаардлагын хариуг хугацаанд нь хүргүүлээгүй зэрэг ажлын хариуцлагагүй байдлыг харуулж байна гэж үзсэн. Т.Гантулга нь албаны ёс зүй зөрчиж Эрүүл мэндийн төвийн дарга их эмч А Хандашийн гарын үсэггүй дур мэдэн түлш   халаалтын   мөнгийг   шилжүүлж, түүнээс болж  маргалдан  зодолдож,  эрүү   үүсэж шүүхэд   шилжсэн байна.  Энэ нь Санхүүгийн дотоод хяналт шалгалтын дүнгээр илэрсэн болно.

       Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Засаг дарга Б.Бадарчид Т.Гантулгыг үүрэгт ажлаас нь гаргаж, Санхүүгийн албанд өөр чадвартай хүн ажиллуулахыг анхааруулж байсан. Сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарйн 04-ний өдрийн Б/01 тоот захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

    Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч тал, хариуцагч талын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Бугат сумын иргэн Т.Гантулгын Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын  04-ний өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн  нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан албан тушаалтнаас гаргасан захиргааны акттай холбоотой, Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлд хандаж урьдчилан шийдвэрлүүлээд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацаанд шүүхэд хандсан, хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тус шүүхийн харьяаллын маргаан мөн байна.

      Хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хайриуцагчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчдоос гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлээр иргэн Т.Гантулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хангаж, Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 дугаарын захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Т.Гантулгыг Бугат сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

       1. Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

         Монгол улсын засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоолоор  Сумын Засаг даргын Тамгын газарт сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан Санхүүгийн албыг байгуулж, Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативыг хавсралтаар баталсан бөгөөд хавсралтын 1.1-д “Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч:...” гэж заасны дагуу  Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаарын захирамжаар  Бугат сумын Санхүүгийн албаны даргаар Т.Гантулга томилогдон Төсвийн ерөнхийлөн захирагч Бугат сумын Засаг даргатай 2015 оны үр дүнгийн гэрээ[1] байгуулан ажиллаж байгаад 2015 оны Үр дүнгийн гэрээгээ “В” үнэлгээтэй дүгнүүлж, мөн сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 дугаарын захирамжаар сарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал авч байсан болох нь 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаарын захирамж[2], Бугат сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 захирамж[3], нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

      Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэсний дагуу Т.Гантулгын үр дүнгийн гэрээг дүгнэж урамшуулал олгосон хирнээ мөн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар Төрийн захиргааны албан хаагчийн ажлын хариуцлага алдаж, удаа дараа үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, аймгийн Засаг даргын 2015 оны А/351 тоот захирамжийг  үндэслэн Т.Гантулгыг Бугат сумын Санхүүгийн албаны даргын  ажлаас халсан нь ойлгомжгүй, түүнд урамшуулал олгосон 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 2 долоо хоногийн дотор ямар үүрэг даалгавар өгөөд биелүүлээгүй, ямар хариуцлага алдсан гэдэг нь тодорхойгүй, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл нь тогтоогдоогүй байна.

        Бугат сумын Засаг дарга уг захирамжийг гаргахдаа төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тухай Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Төрийн жинхэнэ албан хаагчийг  төрийн албанаас хална” гэсэн заалтыг,

      төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах талаарх мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “энэ хуулийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй” гэсэн заалт,

     Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” гэсэн заалтуудыг давхар хэрэглэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл захиргааны актын “тодорхой нэг тохиолдлыг зохицуулах” үндсэн шинжийг алдагдуулсан/төрийн албан хаагчийг ажлаас шууд халах, сахилгын шийтгэл ногдуулах эсхүл төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн хуулийн 3 тохиолдолд хэрэглэх заалтыг давхар хэрэглэсэн/-аас гадна эрх зүйн үндэслэлтэй, агуулга нь буюу зохицуулах зүйл, эрх зүйн үр дагавар нь тодорхой байх материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй алдаатай, хуульд нийцээгүй захиргааны акт гаргасан, мөн

     Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн  ерөнхийлөн захирагчтай, ... зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасныг баримтлаагүй зэргээр хууль бус байх тул Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгож, Т.Гантулгыг Бугат сумын санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

      2. Хариуцагчийн Бугат сумын Засаг даргын дээд шатны Засаг даргын шийдвэр, аймгийн Төрийн сангийн хэлтсийн даргын шаардсаны дагуу Санхүүгийн албаны даргыг ажлаас халсан гэх тайлбарын хууль зүйн үндэслэлийн талаар:

     Нэхэмжлэгч Т.Гантулгыг Бугат сумын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байх хугацаанд Бугат сумын орон нутгийн Санхүүгийн тайланг Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Алтсайханы гарын үсэг бүхий 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/28 дугаарын албан бичгээр[4] Булган аймгийн Аудитын газарт хүргүүлсэн,

     Булган аймгийн Аудитын газар нь “Аймгийн Аудитын газарт орон нутгийн төсөвт байгууллагуудын тайланг ирүүлж, бусад 3 тайланг ирүүлээгүй, ирүүлсэн 1 тайлан нь гарын үсэг зурж баталгаажаагүй, Төсвийн хуульд заасан хугацаа хоцроосон тул санал дүгнэлт өгөхөөс татгалзаж байна” гэсэн утга бүхий Б/114 дугаарын албан бичгийг үйлдсэн боловч хаягласан эзэнд нь буюу Бугат сумын Засаг дарга Бадарчид зохих ёсоор хүргүүлээгүй байх боловч Бугат сумын Засаг дарга нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/24 дугаарын захирамжаар Т.Гантулгыг “Санхүүгийн ажил үйлчилгээг цаг хугацаанд нь хийгээгүй, тайлан мэдээний хугацаа хоцроосон, нягтлан бодогч нарын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаггүй” гэсэн үндэслэлээр сарын үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувь хасахаар сахилгын шийтгэл ногдуулсан болох нь Бугат сумын Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэл болон Бугат сумын “Дээд газраас ирсэн бичгүүд” гэсэн материалд шүүх үзлэг хийхэд Аудитын газрын 2015 оны Б/114 дугаарын албан бичиг нь “2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Аймгийн Аудитын газраас хүнээр авахуулав”[5] гэсэн цохолттойгоор үдэгдсэн, бүртгэлд авагдаагүй тухай үзлэгийн тэмдэглэл[6], Бугат сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/24 тоот захирамж[7], нэхэмжлэгчийн тайлан мэдээг цахимаар бүрэн хүргүүлсэн, цаасан хэлбэрээр дутуу хүргүүлээд дараа нь өгөх гэхэд хугацаа хоцорсон гээд аваагүй, үүнээс болж 2 сарын хугацаатай, 20 хувь цалин хасах арга хэмжээ авагдаж байсан гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

      Булган аймгийн Аудитын газар нь Төрийн Аудитын тухай хуулийн 28 дугаар зүйийн 28.2-т “Дараах тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ: 28.2.1-д “аудитад хамрагдсан байгууллагын санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагаас санал, дүгнэлт өгөх боломжгүй тохиолдолд;” гэж заасныг хэрэгжүүлж, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатад 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаарын албан бичгээр “...Санхүүгийн тайлангийн аудитаар санал дүгнэлт гаргахаас татгалзсан байгууллагын холбогдох албан тушаалтанд Төрийн аудитын тухай хуулийн 28.2-т заасны дагуу ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүлснийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэнэ үү”[8],

     мөн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 96 тоот албан бичгээр “...менежментийн захидалд дурдагдсан Төрийн аудитын тухай хуулийн 28-р зүйлд заасны дагуу холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авахуулахаар өгсөн зөвлөмжийн биелэлтийг тооцож хариу ирүүлнэ үү”[9] гэсэн албан бичгүүд хүргүүлсэний дагуу

      Булган аймгийн Засаг дарга нь “Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг үндэслэн Бугат сумын санхүүгийн нэгдсэн тайланд дүгнэлт гаргах боломжгүй тул холбогдох албан тушаалтанд халах арга хэмжээ авч хариу мэдэгд гэж аймгийн Аудитын газраас ирүүлсэн шаардлагыг үндэслэн Бугат сумын Засаг даргыг хууль тогтоомж зөрчсөн буюу албан үүргээ биелүүлж чадаагүй гэдэг үндэслэлээр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар огцруулах тухай хэлэлцүүлэхээр хүргүүлсэн саналд хариу ирүүлэхийг хүссэн” 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/1108 дугаарын  албан бичгийг[10] Бугат сумын ИТХ-д хүргүүлж байсан,

      мөн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” А/351 дугаарын 2 хавсралт, 5  заалт бүхий захирамжийн 5 дахь заалтаар “орон нутгийн нэгдсэн тайланд хийсэн баталгаажуулах аудитаар татгалзсан санал дүгнэлт авсан санхүүгийн албаны дарга Т.Гантулгыг ажлаас чөлөөлөхийг Бугат сумын засаг дарга Б.Бадарчид даалгасан”[11]

    Аймгийн Аудитын газарт Булган аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал “Аудитын газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу санхүүгийн тайлан баталгаажуулах аудитаар хязгаарлалттай, татгалзсан дүгнэлт авсан байгууллагуудын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох тухай аймгийн Засаг даргын 351 тоот захирамж гаргаж сум байгууллагуудад хүргүүлээд байна” гэсэн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 06/1035 тоот албан бичгийг[12] хүргүүлсэн,

      эдгээр шахалт шаардлагын улмаас Бугат сумын Засаг дарга нь өөрөө хүсэлт өгч Булган аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/101 дугаарын захирамжаар[13] ажлаасаа чөлөөлөгдсөн, одоогийн Засаг дарга Д.Дэмбэрэлдорж нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс албан тушаалдаа томилогдож мөн дээрх шалтгаанаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 захирамж гаргаж Санхүүгийн албаны дарга Т.Гантулгыг ажлаас халсан болох нь дээрх нотлох баримтууд болон хариуцагчийн “Намайг ажилдаа орсон өдрөөс эхлэн Аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал, Санхүүгийн албаны дарга Т.Гантулгыг ажлаас чөлөөлөхийг удаа дараа шаардаж, Аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/351 дүгээр захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байсан, би дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлж ажилласан” гэх тайлбараар тогтоогдож байна.

        Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд аймаг, нийслэлийн Засаг даргын бүхэн эрхийг хуульчилсан бөгөөд сумын Засаг даргын Тамгын газрын ажилтныг томилж, чөлөөлөхийг даалгах эрх хэмжээ Аймгийн Засаг даргад хуулиар олгогдоогүй байхад Бугат сумын Санхүүгийн албаны дарга Т.Гантулгыг ажлаас нь чөлөөлөхийг сумын Засаг даргад даалгаж захирамж гаргасан нь хууль бус байх ба мөн хуулийн 31 дүгээр зүйлд сумын Засаг даргын бүрэн эрхийг хуульчилж, 39 дүгээр зүйлийн 39.1-д Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж заасан боловч аймгийн Засаг даргын 2015 оны 351 дүгээр захирамж нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд гараагүй байхад биелүүлсэн нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

       Дээрх нөхцөл байдлаас харахад Бугат сумын Санхүүгийн албаны даргыг ажлаас халах/чөлөөлөх/-ад хүргэсэн гол шалтгаан нь төрийн аудитын байгууллагаас 2014 оны санхүүгийн тайлангийн аудитаар татгалзсан санал дүгнэлт авсантай холбогдуулж арга хэмжээ авахуулахаар даалгасан нь харагдаж байх бөгөөд Аудитын байгууллагын татгалзсан гэх дүгнэлт нь 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/114 дугаарын албан бичиг[14] бөгөөд энэ үеэс зөрчил илэрсэн, энэхүү зөрчлийн улмаас Бугат сумын Санхүүгийн албаны даргад 2015 оны 8-р сард Сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна.

      Аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 351 дүгээр захирамжид баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж,

     Бугат сумын Засаг даргын 2016 оны Б/01 захирамжид баримталсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж,

      Монгол улсын Засгийн газрын 1995 оны 97-р тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 1 дүгээр хэсгийн 7-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар /өвчтэй, ээлжийн  амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/, зөрчил гаргаснаас хойш  6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Сахилгын  нэг зөрчилд нэг төрлийн шийтгэлийг ногдуулах ба сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй.гэсэн хууль журмын заалтуудыг тус тус зөрчиж 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан зөрчилд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/24 захирамжаар Бугат сумын Санхүүгийн албаны дарга Т.Гантулгад сахилгын шийтгэл ногдуулсан байхад 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр буюу зөрчил гарсанаас хойш 9 сар гаруй хугацааны дараа сахилгын нэг зөрчилд дахин өөр төрлийн шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж үзэхээр байна.

        3.Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах шаардлагын тухайд:

    Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулна”, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.”  гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчийн Санхүүгийн албаны даргыг албан тушаалаас  халагдсан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх 3 сар 5 хоногийн хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь заалтад “... ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор, .... олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэж заасны дагуу /Т.Гантулга нь сүүлийн 3 сар буюу 2015 оны 10 сард 711230,  11 дүгээр сард 817915, 12 сард 1275993 төгрөгийн цалин авсан нь түүний цалингийн картаар[15] тогтоогдож байх тул 711230+817915+1275993 = 2805138 :3= 935046/ дундаж цалин хөлс 935046 төгрөгийг сарын ажлын өдрийн дундаж 21,2-т хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 44105 төгрөг болж, ажлын 3 сар, 03 өдөрт ногдох 2937453 /хоёр сая есөнзуун гучин долоон мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийг Бугат сумын ЗДТГ-аас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, холбогдох бусад суутгалыг суутган, зохих дэвтэрт бичилтийг хийж нэхэмжлэгч Т.Гантулгад олгох нь зүйтэй байна.

     Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

     Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 71, 72 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг баримтлан Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 дугаарын захирамжийг хүчингүй болгож, Т.Гантулгыг Бугат сумын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
  2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх нийт ажлын 3 сар, 3 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор 2937453 төгрөгийг  Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг мөн хариуцагчид даалгасугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Гантулгаас Булган төрийн сангийн 0041400995 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, Бугат сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Гантулгад олгосугай.
  4.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.3-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан

сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн материалын 164-167-р хуудас

[2] Хэргийн материалын 11-р хуудаст,

[3] Хэргийн материалын 12-13-р хуудас

 

 

[4] Хэргийн материалын 101 хуудас

[5] 108-109-р хуудасны ар тал

[6] Хэргийн материалын 93-р хуудас,

[7] Хэргийн материалын 30-р хуудас

[8] 118-р хуудас

[9] 114-р хуудас

[10] 34-р хуудас

[11] Хэргийн материалын 179-181-р хуудас

[12] 117-р хуудас

[13] 106-р хуудас

[14] Хэргийн материалын 27-28-р хуудас

[15] Хэргийн материалын 180-р хуудас