Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0366

 

Иргэн Т.Гантулгын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Т.Гантулга нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Т.Гантулгын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Гантулгаас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Бугат сумын иргэн Т.Гантулга миний бие нь 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Санхүүгийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад, сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар ажлаас халагдсан. Засаг дарга захирамжиндаа “ажлын хариуцлага алдаж, үүрэгт ажлаа удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэж дурьджээ. 2015 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээ дүгнэхэд, миний бие 81 хувиар “B” үнэлгээтэй үнэлэгдэж, сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 тоот захирамжаар үр дүнгийн урамшуулал авсан.

Миний ажлыг ийм байдлаар үнэлж, дүгнэсэн атлаа үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна гэснийг үл зөвшөөрч, Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хандсан боловч, Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “... эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр хууль эрх зүйн үндэслэлтэй байна” гэсэн хариу өгсөн тул Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Бугат сумын Засаг дарга Д.Дэмбэрэлдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дашжамцын Дэмбэрэлдорж миний бие нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Засаг даргаар томилогдон ажиллаж ажлаа хүлээж авсан билээ. Энэ хугацаанд Санхүүгийн албаны дарга Т.Гантулгатай хамтран ажилласан. Намайг ажилдаа орсон өдрөөс эхлэн Аймгийн төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал, Санхүү албаны дарга Т.Гантулгыг ажлаас чөлөөлөхийг удаа дараа шаардаж аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/351 дүгээр захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байсан ба Т.Гантулга нь сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 08-ны Б/24 дүгээр захирамжаар сахилгын шийтгэлтэй байсан. Миний бие нь Т.Гантулгатай хамтарч ажиллах санал тавьж 1 сарын хугацаанд үүрэгт ажилдаа хэрхэн хандах, өөрийн боловсрол чадамж, хүнтэй ажиллах ёс зүй зэрэгт анхаарал тавьж ажилласан боловч энэ байдалд маш их дутагдалтай, хамт олон, баг бүрдүүлж ажиллаж чадахгүй байдал нь мэдрэгдэж байсан. Үүнийг төсвийн нягтлан бодогч П.Мөнхтогоо, С.Нямсүрэн, Төрийн сангийн мэргэжилтэн Д.Сувдаа нар илэрхийлж байгаа ба санхүүгийн албыг цуглуулж үүрэг даалгавар өгдөггүй зөвхөн өөртөө бүр зүйлийг хэт төвлөрүүлж ажиллаж байсан.

Т.Гантулга нь Засаг даргын орлогч хйиж байхдаа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Б/14, Б/24 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл авагдаж байсан байна. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Б/11 дүгээр захирамжаар энэ ажлаас чөлөөлөгдсөн байна.

Т.Гантулга нь үүрэгт ажилдаа хангалтгүй ажиллаж 2014 оны санхүүгийн нэгдсэн тайланд баталгаажуулах аудит хийлгээгүй. Мөн 2016-2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2016 оны төсвийн төслийг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2 дахь заалт болон 66 дугаар зүйлийн 66.1.2 дахь заалтын дагуу дээд шатны төсвийн ерөнхий захирагчид хүргүүлээгүй байгаа, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцсэн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, Тэргүүлэгчдийн хуралдаанд урьдчилан оруулаагүй, Үндэсний аудитын газрын харъяа Булган аймгийн Аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ҮАГ-НАГ/2015/07-НА/07 дугаартай албан шаардлагын хариуг хугацаанд нь хүргүүлээгүй, зэрэг нь ажлын хариуцлагагүй байдлыг харуулж байна гэж үзсэн. Т.Гантулга нь төрийн албаны ёс зүй зөрчиж Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч А.Хандашийн гарын үсэггүй дур мэдэн түлш халаалтын мөнгийг шилжүүлж түүнээс болж маргалдаж, зодолдож эрүү үүсэж шүүхэд шилжсэн байна. Энэ нь Санхүүгийн дотоодын хяналт шалгалтын дүнгээр илэрсэн болно.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг дарга Б.Бадарчид Т.Гантулгыг үүрэгт ажлаас нь гаргаж Санхүүгийн албанд өөр чадвартай хүн ажиллуулахыг анхааруулж байсан. Санхүү албаны даргын ажилд томилсон сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг сумын Засаг даргын орлогч гаргасан нь хүчингүй гэж үзэж байна. 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг баримтлан Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 дугаарын захирамжийг хүчингүй болгож, Т.Гантулгыг Бугат сумын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх нийт ажлын 3 сар, 3 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор 2.937.453 төгрөгийг  Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг мөн хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга Д.Дэмбэрэлдорж давж заалдах гомдолдоо: “...Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрйин 08 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч тал энэ гомдлыг гаргаж байна. Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлан ажилласан юм.

Т.Гантулга нь удаа дараа арга хэмжээ авагдаж ажилдаа хангалтгүй ажиллаж байсан нь сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Б/14, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр захирамж, мөн аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/351 дүгээр захирамж болон Булган аймгийн Аудитын газар нь Төрийн Аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.1-д заасан заалт нь тухайн албан тушаалтны ажлын алдаа дутагдал дүгнэлт өгсөн зүйн хэмээн үзэж байна. Санхүү албаны дарга Т.Гантулга нь 2014 оны санхүүгийн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдаанд оруулаад гарсан тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ч.Батдэлгэр засаж өгсөн. Мөн 2015 оны төсвийн тодотгол төсвийг буруу гаргасан нь өмнөх дутагдал давтагдаж байгаа гэж үзэж ажлаас халсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг дарга Б.Бадарчид, Т.Гантулгыг үүрэгт ажлаас нь өөрчилж өөр ажилд шилжүүлэхийг анхааруулж байсан нь сумын Санхүүгийн ажилд дутагдал доголдолтой байгааг хянаж үзсэн гэж бодож байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр нь тухайн нутаг дэвсгэрт хуулийн нэгэн адил хэрэгжиж байх үндэслэлтэй. Мөн Т.Гантулга нь 2015 оны үр дүнгийн гэрээг В үнэлгээтэй дүгнүүлж, 2015 оны 12 дугаа сарын 22-ны өдрийн Б/07 тоот захирамжинд өөрийн нэрийг оруулж зассаныг Тамгын газрын дарга Ц.Алтсайхан гэрчилж байгаа. Т.Гантулга нь 2015 оны ээлжийн амралтаа 10 сард авахаар захирамж гаргуулсан боловч өөрийн биеэр эдлээгүй гэж амралтын мөнгийг буцаан нөхөн төлж, Хөдөлмөрийн хуулийн дагуу 1.5 сарын цалин сумын Засаг даргын 2015 оны Б/32 тоот захирамжаар өөрөө хүсэлтээрээ ажлаас халагдана хэмээн бодуулж авсан. Үүнийг би анхан шатны шүүх хурал дээр тайлбарлаагүй ажлаас халахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг хэрэглэсэн нь Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албаны сонгон шалгаруулалтанд ороогүй байсан ба өмнө нь Санхүүгийн ямар нэгэн албан тушаал эрхэлж байгаагүй болно. Мөн Төрийн албаны салбар зөвлөл Т.Гантулгын гомдол гаргасныг хянан үзээд Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний Б/01 тоот захирамж хууль зүйн үндэстэй гэж үзсэн байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.    Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж төрийн албанын үндсэн зарчмыг, 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах нөхцөл шаардлагыг тодорхойлон заажээ.

Эрх бүхий албан тушаалтнаас төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах шийдвэр гаргах тохиолдолд тухайн ажилтан “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдгийг хоёр ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэнийг холбогдох баримтуудад үндэслэн тодруулан тогтоосны үндсэн дээр тус шийтгэлийг ногдуулах бол тус шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар Т.Гантулгыг “Төрийн захиргааны албан хаагчийн ажлын хариуцлага алдаж, удаа дараа үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн ...” гэх үндэслэлээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тус сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Санхүүгийн албаны даргын албан тушаалаас халжээ.

            Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Учир нь Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дүгээр зүйлийг тус тус баримталсан буюу хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглээгүй байна. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тухай хуулийн зохицуулалтыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил эрхэлдэг төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах тухай Хөдөлмөрийн тухай хулийн олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн заалтуудтай хамт хэрэглэсэн алдаа бүхий шийдвэр болсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Төрийн албыг дор дурдсанаар ангилна”, 3.3.2-т “төрийн захиргааны алба”, 3.4-д “Энэ зүйлийн 3.3.2, 3.3.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д  “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна”, 7.1.10-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал” гэж тус тус заасны дагуу Тамгын газрын дэргэдэх Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Т.Гантулга нь төрийн жинхэнэ албан хаагч болох нь хэрэгт авагдсан Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт[1], Санхүүгийн албаны дарга Т.Гантулгын 2015 оны үр дүнгийн гэрээ[2], Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамж зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга нь маргаан бүхий актын үндэслэл болсон үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэх зөрчилд хариуцлага тооцохдоо Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан хугацааг баримтлаагүй, түүнчлэн дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан заасныг зөрчиж, нэг төрлийн зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, 26.5-д “Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж, Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 11 дэх хэсэгт “Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно”, “Энэ хэсэгт заасан “…зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн...” гэдэгт зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгоно” гэж тус тус заажээ.

Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга хариу тайлбартаа: “...нэхэмжлэгч Т.Гантулга нь үүрэгт ажилдаа хангалтгүй ажиллаж 2014 оны санхүүгийн нэгдсэн тайланд баталгаажуулах аудит хийлгээгүй ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцсэн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, Тэргүүлэгчдийн хуралдаанд урьдчилан оруулаагүй, Үндэсний Аудитын газрын харъяа Булган аймгийн Аудитын газрын албан шаардлагын хариуг хугацаанд нь хүргүүлээгүй зэрэг нь ажлын хариуцлагагүй байдлыг харуулж байна” гэсэн бөгөөд хариуцагч нь дээрх зөрчил гарснаас хойш нэг жил гаруй хугацааны дараа нэхэмжлэгчид “үндсэн цалинг 20 хувиар хоёр сарын хугацаатайгаар хасах” сахилгын шийтгэл ногдуулсан, улмаар түүнээс хойш 4 сар гаруй хугацааны дараа дээрх зөрчилд дахин шийтгэл ногдуулж нэхэмжлэгчийг ажлаас нь халсан нь үндэслэлгүй болжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Т.Гантулгад Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Б/14 дүгээр захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан ч тухайн үед Бугат сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан тул Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан түүнийг чөлөөлөх үндэслэлтэй хамааралгүй байгааг мөн дурдах нь зүйтэй байна.

            Хариуцагчаас “... ажлаас халахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг хэрэглэсэн нь Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй байсан ба өмнө нь Санхүүгийн ямар нэгэн албан тушаал эрхэлж байгаагүй болно” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлах боловч бодит байдал дээр нэхэмжлэгчийг “хариуцлага алдаж, удаа дараа үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн” гэж буруутган, маргаан бүхий актыг гаргасан байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн маргаан бүхий актын үндэслэлээс хальсан агуулга бүхий дээрх давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.  

Түүнчлэн анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Засгийн газрын 2010 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, уг нөхөн олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж тооцож олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

            Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ