Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 588

 

Д.Төд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар магадлалтай, Д.Төд холбогдох 1936003390260 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Баянхайрханыхан овогт Д.Т нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Тийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Д.Төөс 1.500.000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Төд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 457 дугаар хорих ангид даалгаж,

шүүгдэгч Д.Тийн ХААН банкин дахь 5866147147 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 5/140 дугаартай тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Төд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгч Д.Т түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа бичсэн эсэргүүцэлдээ: “Д.Т нь Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн засаг даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газрын өмчид бүртгэлтэй “Hongli” загварын улаан өнгийн 2.299.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг итгэмжлэн хариуцах явцдаа 2018 оны 10 дугаар сард иргэн Ц.Чт 1.800.000 төгрөгөөр зарж, хөрөнгө завшсан гэх хэрэгт холбогдсон.

Ховд аймгийн прокурорын газраас Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 5/22 тоот яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2700 нэгжээр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Д.Тийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нөхөж гарын үсэг зуруулсан гэж маргаж байгаа учир үүнийг холбогдох хүмүүсээс асууж тодруулах, Д.Төд хэн, хэзээ, хаана хүлээлгэн өгсөн талаар Санхүүгийн дарга С.Ц, нягтлан бодогч Ү.Т, нярав н.Д нараас асууж тодруулах нь зүйтэй” гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нотлон тогтоосон хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж чадаагүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цын “...Д.Т нь Ховд аймгийн Чандмань сумын засаг даргын захирамжаар Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн засаг даргаар 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаа. 2018 оны 8 дугаар сард манай сумын 6 багийн Засаг дарга нар мотоциклоо гардан авахаар Ховд аймгийн төвд ирээд мотоциклоо авсан. 2018 оны 12 дугаар сард аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаартай “Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” тогтоолоор тухайн мотоциклыг сумдын Засаг даргын тамгын газрын хөрөнгийн бүртгэлд багийн дарга нараас бичиг баримтыг авч бүртгэсэн” гэх мэдүүлэг,

2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “...мотоцикль 6 ширхэг 13.794.000 төгрөг, хүлээн авсан Д /нярав/...” гэх орлогын баримт,

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ховд аймгийн Чандмань сум Засаг даргын тамгын газар, Д.Т Сүлжээ багийн даргийн “Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл”,

Д.Тийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 9 дүгээр сард Ховд аймгийн Жаргалант сумын төвд бүх багийн дарга нарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мотоцикль өгсөн. Би улаан өнгийн “Hongling” нэртэй мотоцикль хүлээж авсан. Би тэр мотоциклыг хүлээж аваад албандаа хэрэглэж байгаад 2018 оны 10 дугаар сарын эхээр … Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Өндөр довон гэх нэртэй газарт ... Баянхайрхан багийн малчин Ц.Чтой таараад … “та надад 1.700.000 төгрөгөнд зарчих” гэхээр нь “за тэгье” гээд мотоциклоо тэр өдрөө өгсөн. Ц.Ч нь 1015 хоногийн дараа надад 1.200.000 төгрөг бэлэн өгсөн. Сүүлд 2019 оны 5 дугаар сард 300.000 төгрөг бэлэн өгсөн. ” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Чийн “...Би Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Баянхошуу гэх нэртэй газарт 2018 оны 10 дугаар сард намаржиж буугаад малаа хариулаад явж байхад Д.Т нь надтай ирж уулзсан. Тэр үед би Д.Төөс “та энэ унаж яваа улаан өнгийн Hongling нэртэй мотоциклоо зарах уу” гэж асуухад “чи авмаар байвал авахгүй юу” гэхээр нь би “хэдэн төгрөгөнд зарах юм бэ” гэхэд “1.700.000 төгрөгөнд зарна” гэхээр нь би “авья аа” гээд тэр өдрөө тухайн мотоциклыг худалдаж авсан. ...Би Төд мотоциклын үнийг 10 хоногийн дараа өгнө гэж хэлсэн, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шиг санагдаж байна Д.Ттэй Чандмань сумын гудманд уулзаад бэлэн 1.200.000 төгрөг, үлдэгдэл мөнгийг нь 2019 оны 5 дугаар сард ямааны ноолуур самнаад 300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгүүдээр Д.Тийн бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө завшсан үйлдэл нь тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүхээс прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Т нь тухайн мотоциклийг зарж борлуулан мөнгө авсан цаг хугацааны хувьд Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй ойлголт бөгөөд тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтандаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд шүүгдэгч Д.Т нь Ховд аймгийн Чандмань сумын багийн засаг даргын хувьд хуулиар тухайн өмчийг хариуцахаар үүрэг хүлээсэн захиран зарцуулах эрхгүй субъект юм.

Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Чандмань сумын засаг даргын А/16 тоот “Тооллогын комисс томилох тухай” тушаал, гэрч С.Гийн “...2018 оны 10 дугаар сард Чандмань сумын засаг даргын тамгын газрын эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж авсан. ...2018 оны жилийн эцсийн тооллогод 6 багийн засаг дарга мотоциклыг тооллогод хамруулсан /амаар/...” гэх мэдүүлгээр Ховд аймгийн Чандмань сум 2018 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогоор Д.Т нь “H ongli” нэртэй улаан өнгийн, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклоо амаар “мотоцикль байгаа” гэж тоолуулсан нь албаны мотоциклийг зарж борлуулсан талаараа нуусан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд бус хувийн ашиг сонирхлын үүднээс зарж борлуулсан субъектив санаа зорилго байсан болохыг илтгэж харуулсан байхад давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байна.

Иймд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Т нь Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргаар ажиллаж байхдаа БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хонгил” загварын мотоциклийг албан хэрэгцээнд зориулж өөрт нь хариуцуулан өгснийг төрийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар авсан эд хөрөнгө болох, захиран зарцуулах эрхгүй гэдгийг мэдсээр байж бусдад зарж хувьдаа ашиглаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Д.Тийн гэм буруутай болох нь нотлогдсон ба анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгчид тохирох ял шийтгэл оногдуулжээ. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар гаргасан эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Төд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Т нь Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн засаг даргаар ажиллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн “Hongli” загварын 2.299.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг 2018 оны 10 дугаар сард иргэн Ц.Чт худалдаж, мөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг судалж үзэхэд 2018 оны 8 дугаар сард шүүгдэгч Д.Төд “Hongli” загварын мотоциклийг хүлээлгэн өгсөн буюу итгэмжлэн хариуцуулсан тухай баримтыг Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газар сүүлд нөхөж хийсэн эсэх, багийн засаг дарга нарт мотоцикль хүлээлгэн өгөхдөө тухайн эд хөрөнгийг үрэгдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг сануулаагүйгээс Д.Төөс гадна бусад багийн засаг дарга нар тухайн мотоциклийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй гэж ойлгон нийтлэг байдлаар бусдад шилжүүлсэн эсэх, тэрээр түүнд хүлээлгэн өгсөн мотоциклийг бусдад худалдаж, улмаар мөнгө нэмж өөр мотоцикль худалдан авсан, дараа нь мотоциклийн бүртгэл явагдаж байгааг мэдээд Ц.Чоос мотоциклоо буцаан авч Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн гэж мэдүүлснийг анхаарч, Д.Тийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан эсэхийг нарийвчлан шалгах нь зүйтэй гэж үзнэ.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох дээрх ажиллагааны талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан байх тул магадлалыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай холбоотой асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлээгүй, үйл баримтын маргаан бүхий хэргийг хяналтын шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлэх замаар анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдсон, эсхүл үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                              

                                                              ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                              ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН