Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00767

 

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00767

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00201 дугаар шийдвэртэй,

 

А-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуун, гуравдагч этгээд “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны - сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01243 дугаартай тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03201 дүгээр шийдвэрүүдийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, - хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, - хаягт байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчжээ. 

Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь өв залгамжлалын журмаар П.С-, Т.З-, Б.Б- нарын өмч байхаар шүүхийн шийдвэр гарсан байдаг боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт П.С-, Т.З- нар өөрсдөө өмчлөлийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Б.Б-ийн ээж болох нэхэмжлэгч А-г өмчлөгчөөр бүртгүүлэхээр харилцан тохиролцсон.

Мөн К- ХХК-ийн 100 хувийн хувьцааг П.С-, Т.З- нар шилжүүлэн авч, мөн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, - хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, - байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тэдний нэр дээр өгөхөөр өөрсдөө хүсэлтээ өгч байсан.  К- ХХК-д эзэмшиж байсан хувьцаагаа шилжүүлэн өгч, оронд нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг авсан буюу бидний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч дууссан байхад эд хөрөнгийг битүүмжилж байгаа нь хуульд нийцэхгүй.

Нас барагч С.Р-тай миний бие хамтын амьдралтай байсан ба шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, 6 тоот хаягт байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь С.Р-ын нэр дээр байсныг компанийн зээлийн барьцаанд тавьсан байсан. Тиймээс П.С-, Т.З- нартай хийсэн дээрх тохиролцооноос харсан ч тэр, үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхаар хуульчилснаас харсан ч уг үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмч ба дээрх тохиролцооны дагуу өөрийн нэр дээр гаргах ёстой байсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түр зуур хүү Б.Б-ийн нэр дээр гаргуулсан байтал ийнхүү шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагааны улмаас миний эрх зөрчигдөж байна.

1.2. “К-” ХХК-ийн зээлийн өр буюу 187,540,674 төгрөгийг бүхэлд нь гагцхүү энэ хөрөнгөөр хангуулахаар битүүмжлэх тогтоолд зааж байгаа нь хууль бус бөгөөд шүүхийн шийдвэрээр энэхүү төлбөрийг 6 болон 7 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар заасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч “К-” ХХК-ийн төлбөрт тооцохоор Б.Б-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, - хаягт байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 22370131/03 дугаартай тогтоолоор битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03201 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны - сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01243 дугаар тогтоолоор “К-” ХХК-аас 188,636,232 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгох, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд Б.Б-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, - хороолол, -од байрлах 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт заасан Б.Б-ийн өмчлөлийн, эрхийн улсын - дугаарт бүртгэлтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 223701331/03 дугаар тогтоолоор битүүмжилж, эд хөрөнгийн хадгалагчаар Б.Б-ийн асран хамгаалагч А-д үлдээсэн. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан, битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулж, түүнийг төлбөрт суутгана” гэж заасан тул дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул Б.Б-ийн асран хамгаалагч А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар “төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна” гэж заасан. Үүнд битүүмжлэх ажиллагаа гэж заагдаагүй. Гэхдээ би битүүмжлэхдээ 1 гэрч оролцуулсан. Энэ талаар тэмдэглэл үйлдсэн.

 

3. Гуравдагч этгээд “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

3.1. Улсын Дээд шүүхийн 2021 оны - сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01243 дугаар тогтоолоор “К-” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 187,540,674 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,095,558 төгрөгийг гаргуулж “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, - хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, -од байрлах 200 м.кв талбай, - дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, - хороолол, -од байрлах 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан.

4.2. Тус газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч “К-” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, - хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, -од байрлах 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 22370131/03 дугаартай тогтоолоор битүүмжилсэн.

4.3. А- нь битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэл нь шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудаст заасан мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, төлбөр төлөх боломж байгаа боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удааширсаар байна. Үүнээс шалтгаалж төлбөр барагдахгүй байсаар “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-ийн зөрчигдсөн эрх хамгаалагдахгүй, цаашилбал тус банкинд тодорхой хэмжээний хохирол учирсаар байна.

 

4. Гуравдагч этгээд Т.Дамдинсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

4.1. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө өвийн шугамаар өв залгамжлагчдад шилжихээс өмнө өмчлөгч С.Р- нь 2011 оны - сарын 13-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулсан. Иймд өвийг бие биедээ хэрхэн яаж шилжүүлэхээр харилцан тохирсноос үл хамааран зээлийн гэрээний үүрэг өв залгамжлагч П.С-, Т.З-, Б.Б- нарт шилжих тул барьцааны зүйл болох өв залгамжлагчдын өвлөн авсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

4.2. Мөн Хяналтын шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2019/00657 тоот тогтоолоор нэхэмжлэгч А-гийн “К-” ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмших эрхтэйг тогтоолгох нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Гэтэл А- “К-” ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмших эрхгүй гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад тэрээр өөрийгөө “К-” ХХК-д эзэмшиж байсан, хувьцаагаа шилжүүлэн өгч, оронд нь дээрх үл хөдлөх хөрөнгийг авсан буюу бидний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа болоод дууссан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.3. Миний хувьд 2008 онд “К-” ХХК-ийн захирал С.Р-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 48 айлын орон сууцны барилга барьж ашиглалтанд хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө авч чадалгүй хохирсоор байгаа. Дээрх ажил гүйцэтгэх гэрээ болон банктай байгуулсан зээлийн гэрээний оролцогч нь “К-” ХХК байгаа хэдий ч С.Р- нь тус компанийн хувьцааны 100 хувийг ганцаар эзэмшдэг буюу цор ганц хувьцаа эзэмшигч байх тул дээрх гэрээний үүрэг нь С.Р-т шилжиж, улмаар С.Р-ын өв залгамжлагч нарт түүний үүрэг нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.2-т тус тус заасны дагуу шилжиж байгаа тул өв залгамжлагч нарын өвөөр хүлээн авсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 22370131/03 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 5 дугаар хороо, - хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, - хаягт байрлах 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай А-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1. Хуульд зааснаар ... нэвтрэх, үзлэг хийхэд ... хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулахаар хуульчилсан байтал анхан шатны шүүхээс шаардлагагүй, хуулийн үндэслэлд хамаарахгүй мэтээр дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

6.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлбөр авагч А-, төлбөр төлөгч П.С-, Т.З- нар нь харилцан тохиролцож, уг 6 тоот үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-д заасан эрхийнхээ хүрээнд эвлэрч, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдлыг шүүхээс нотлох баримтуудыг буруу үнэлж, цаг хугацааны хувьд хамаагүй сүүлд гарсан шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн байсан мэтээр дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй.

6.3. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж, тухайн 6 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд хянагдаж байгаа гэсэн үндэслэл, баримтуудыг гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй нь хуульд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шаардлагатай бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 41 дүгээр зүйлээс бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч маргаантай асуудалд хоёр гэрчийг оролцуулж болно. Нэхэмжлэгч А- нь тухайн үед маргаагүй, хамт очиж эд хөрөнгийг битүүмжилсэн. Хөндлөнгийн хоёр гэрч байх шаардлагагүй байсан хэдий ч хажуу талын дэлгүүрийн худалдагчийг гэрчээр оролцуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөрчөөгүй гэж үзэж байна.

 

8. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Б-ийн нэр дээр байгаа эд хөрөнгийг А- өөрөө өмчлөгчөөр тогтоолгох тухай хэрэг үүссэн байгаа. Тус хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэгч талаас удаа дараа ирж оролцоогүй тул нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэгч А- нь шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудаст заагдсан мөнгийг барагдуулахыг санаатайгаар зайлсхийсэн гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, - хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, - хаягт байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, хөрөнгийг битүүмжлэлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2019/03201 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны - сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01243 дугаар тогтоолоор “Икслэнд консртакшн” ХХК-аас 187,540,674 төгрөг гаргуулж “Худалдаа, хөгжлийн банк” ХХКд олгох, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд Б.Б-, П.С-, Т.З- нарын өвийн журмаар хүлээн авсан улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, - хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, - байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгө, мөн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, - хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, -од байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

3.б. Уг шийдвэрийг “К-” ХХК биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370131 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

Улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, - хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, - байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Б-ийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22370131-144/03 дугаар тогтоолоор дээр дурдсан 6 тоот барьцаа хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр битүүмжлэх ажиллагаа явуулахдаа өмчлөгч Б.Б-ийн төрсөн эх, хууль ёсны төлөөлөгч болох нэхэмжлэгч А- болон хөндлөнгийн гэрч М.Энхтүвшинг байлцуулсан байна. Энэ ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан хөндлөнгийн хоёроос доошгүй гэрч оролцуулах ажиллагаанд хамаарахгүй юм. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт: “Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно” гэж заасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд 1 хөндлөнгийн гэрч оролцуулсныг буруу гэж дүгнэхгүй бөгөөд энэ тохиолдолд хөндлөнгийн гэрч 2 байна гэж хуульд зохицуулаагүй байна. Иймд уг ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч оролцуулах байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

3.в. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А- өмчлөх эрхгүй тул тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээд болохгүй болно.

 

3.г. Эд хөрөнгийн битүүмжлэхтэй холбоотой гомдлыг уг ажиллагаа явуулсан 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор гомдол гаргах эрхийг Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч А- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар хэрэгжүүлээгүй байна.

 

4. Түүнчлэн барьцаа хөрөнгийн өмчлөгч солигдох нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад саад болохгүй юм.

 

5. Шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгийг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасан төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаанд хамаарахгүй юм.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00201 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “41 дүгээр зүйлийн 41.1” гэснийг “44 дүгээр зүйлийн 44.4” гэж, “122.3” гэснийг “122.5” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                           

         ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА