Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00855

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00855

 

 

********** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/00506 дугаар шийдвэртэй,

********** нэхэмжлэлтэй, ***********-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 71,106,694 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нөхөр П.Батзоригийн хамт Голомт банкнаас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулан нийт 150,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Бид сар бүр 2,100,000 төгрөг төлдөг. Зээл авах үед банкнаас зээлдэгчийн амь насны даатгал заавал хийлгэх ёстой гэж шаардсан. Иймд Голомт банкны хамтран ажилладаг ***********-тай Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг байгуулан даатгал хийлгүүлсэн болно.

Улмаар 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нөхөр П.Батзориг нас барсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн ***********-д хандсан.

***********-ийн зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.5-т Согтууруулах ундаа, мансууруулах бодис болон эм хэтрүүлэн хэрэглэсний үр дагавар болон Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 8.5.3-т заасан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэсэн заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан боловч даатгалын маргааныг урьдчилан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Даатгуулагч П.Батзориг амь насаа алдаад нөхөж болшгүй хохирол амссан, насанд хүрээгүй 2 хүүхэд, тэтгэвэрт байдаг эхийн хамт амьдарч байна. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Голомт банкинд төлөх зээлийн үлдэгдэл 142,213,387 төгрөг байсан.

Иймд ***********-иас даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 71,106,694 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Даатгуулагч П.Батзоригтой тус компани зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан. Гэтэл П.Батзориг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас халуун усанд орж байхдаа нас барсан.

Даатгуулагчийн эхнэр ********** ирүүлсэн баримтуудыг судлан үзэхэд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан цогцост хийсэн задлан шинжилгээний №2331 тоот шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн цусанд 3,4 промилл, ходоодны шингэнд 7,0 промилл спиртийн агууламж илэрсэн гэж дүгнэсэн байдаг. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Прокурорын тогтоолд эхнэр ********** мэдүүлэгт талийгаач нь архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэдэг байсан. Нэг уухаараа олон хоног үргэлжлүүлэн уудаг байсан. Шар хадны эмнэлэгт архинаас гаргах эмчилгээ хийлгэж байсан гэх мэдүүлэг болон хэргийн газарт байсан гэрч нарын мэдүүлгээр талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа халуун усанд орж байхдаа нас барсан болох нь тогтоогдсон.

Дээрх баримтуудаас үзэхэд даатгуулагчийн нас барсан шалтгаан гэнэтийн ослын улмаас бус согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нас барсан нь тогтоогдсон тул гэрээний 7.3.5.-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис болон эм хэтрүүлэн хэрэглэсний үр дагавар, Даатгалын тухай хуулийн 8.5.3 -д даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасныг баримтлан ***********-иас 35,448,231 /гучин таван сая дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 35,658,463 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 514,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 335,191 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 7331 дүгээр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээс талийгаач П.Батзориг нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15-17 цагийн үед нас барсан. Энэ өдөр тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Нас барахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх баримт байхгүй. Иймд орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.5-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нөхцөлд орохгүй гэж үзэж байна.

Мөн түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд үхлийн шалтгаан тогтоох боломжгүй гэсэн бөгөөд талийгаач П.Батзориг согтууруулах ундаа хэрэглээд нас барсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Даатгалын хураамж бүрэн төлөгдсөн, даатгуулагч талаас үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл байхгүй ба гэрээний нөхцөл ойлгомжгүй, тодорхой бус тусгагдсан байдлыг даатгагчид ашиггүй байдлаар тайлбарласанд гомдолтой.

Энэ гэрээний төслийг хариуцагч өөрсдөө боловсруулсан гэрээ, гэрээний нөгөө тал ямар ч өөрчлөх боломж байдаггүй, орон сууцтай болохын тулд зээл авч, зээл авахын тулд тус гэрээг байгуулсан. Даатгалын хураамжийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж явсан.

Шүүхийн хэрэгсэхгүй болгосон 35,448,231 төгрөгийг ***********-аас гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан зохицуулалт юм гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх хэргийн нөхцөл байдал, тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй, гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд,.

Даатгалын гэрээний 1.1даатгуулагчийг "үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл эс үйлдлээс үүссэн осол" гэх эрсдэлийг хамгаалахаар тохиролцсон. Энэхүү эрсдэлийг даатгагч нь Санхүүгийн Зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №210 тоот тогтоолоор батлагдсан "Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам"-ын 2.2.1-т "Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол" гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт" үндсэн эрсдэлийг гэрээгээр хамгаална гэсний дагуу гэнэтийн ослын эрсдэлийг гэрээгээр хамгаалсан.

Прокурорын тогтоолд хохирогч Э.Эрдэнэцэцэг " П.Батзоригийг архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэдэг байсан, нэг уухаараа олон хоногоор үргэлжлүүлэн уудаг байсан, Шар хадны эмнэлэгт архинаас гаргах эмчилгээ хийлгэж байсан, талийгаач нь өмнөх нэг өдөр нь архи уучихсан гэртээ ирсэн" гэх мэдүүлэг өгсөн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7331 тоот дүгнэлтэд талийгаачийн цусанд 3,4 промилли, шингэнд 7,0 промилли спиртийн агууламж илэрсэн, ...... хэргийн газарт байсан гэрч нарын мэдүүлгээр талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа халуунд усанд орж байхдаа нас барсан болох нь тогтоогдсон гэжээ.

Даатгагчийн хувьд Даатгалын тухай хуулийн 8.4-р зүйл, даатгалын гэрээний 1.4.1-т заасны дагуу эрх бүхий байгууллагаас тогтоосон тогтоол болон дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөр олгох эсэх шийдвэрийг гаргасан бөгөөд даатгалын гэрээний 7.3.14, 7.3.5-д заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд дээрх тохиолдол нь хамаарч байсан тул нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан.

Анхан шатны шүүх эрх бүхий байгууллагаас тогтоосон тогтоолыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй төдийгүй шүүх үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй тул гэнэтийн ослын /ахуйн/ даатгалын нөхцөлд хамаарахгүй гэж шууд татгалзах үндэслэл бүрдэхгүй гэж дүгнээд хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 35,448,231 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Даатгагчийн хувьд:

Тухайн тохиолдол нь гэрээний 1.1-т заасан эрсдэл гэдгийг эрх бүхий байгууллагаас тогтоогдоогүй, гэрээний 7.3 Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл 7.3.14 "Даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй" болон Даатгалын тухай хуулийн 8.5.3 "даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй"

Шинжээчийн дүгнэлт болон Прокурорын тогтоолыг үндэслэн даатгуулагчаас согтууруулах ундаа ихээхэн хэмжээгээр илэрсэн, согтууруулах ундаа хэрэглэсний дараа усанд орж байгаад нас барсан тухай тогтоосон тул гэрээний 7.3.5-т "Согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн" зэрэг үндэслэлүүдээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Иймд хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 35,448,231 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь гэнэтийн даатгал гэж маргаж байгаа боловч гэрээний нэр, зүйл заалтад дурдсан утга агуулгаар амь насны даатгал болох нь харагдаж байна. Даатгалын хураамж бүрэн төлөгдсөн бөгөөд даатгуулагчаас үүрэг гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл байхгүй.

Харин гэрээний нөхцөл ойлгомжгүй, тодорхой бус тусгагдсан байдлыг даатгуулагчид ашиггүй байдлаар тайлбарлах үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс гэрээг тайлбарлахдаа гэрээний утгыг шууд анхаарч үздэг боловч гэрээний нөхцөл, утга ойлгомжгүй байна. Тухайн асуудлыг гэрээний нөхцөл, ерөнхий агуулгатай харьцуулан үзэхэд гэрээний 7.3.1-т аливаа ердийн болон архаг өвчний улмаас амь насаа алдсан гэж үзвэл нөхөн төлбөр олгохгүй гэж заасан.

Манай зүгээс амь насыг даатгаж гэрээ байгуулсан тул гэнэтийн ослын гэрээ биш амь насны даатгалын гэрээ гэж үзэж байна. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт хариуцагчийн татгалзсан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар эрсдэл үүссэн тохиолдолд төлбөр олгоно гэж заасан. Мөн шинжээчийн дүгнэлтээр үхлийн шалтгаан, архаг хууч өвчний шалтгааныг тогтоох боломжгүй гэж үзсэн. Харин цус, ходоодны шингэнд промилли илэрсэн гэдэг нь согтуурсан гэж үзэх үндэслэлгүй. Талийгаач нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед нас барсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин прокурорын дүгнэлтээр халуун усанд орж байхдаа нас барсан гэж дүгнэгдсэн. Хариуцагч талаас согтууруулах, мансууруулах бодисын үр дагавар гэж маргасан боловч хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэг нь хариуцагч ***********-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 71,106,694 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч *********** нь даатгалын гэрээний нөхцөлд хамааралгүй, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас эрсдэлд орсон тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. П.Батзориг нь Голомт банк ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр орон сууцны зээлийн гэрээг байгуулсан, улмаар ***********, П.Батзориг болон нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэг нар нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2034 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг байгуулжээ. /хх 4-16/

Дээрх гэрээгээр зохигчид хөрөнгийн даатгал болон амь насны даатгалын гэрээ байгуулсан, даатгуулагч амь насны даатгалын хураамжийг төлсөн үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан бичгээр байгуулах шаардлага хангасан, мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. /хх 77-78/

2.б. Даатгуулагч П.Батзориг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр R99 оношоор нас барсан, энэ нь шалтгаан тодорхойгүй онош талаар зохигчид маргаагүй болно. /хх 46/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1887 дугаар тогтоолоор 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Орчлон комплекс хотхоны 8б байрны 17 тоотод оршин суух П.Батзориг гэртээ нас барж амь нас хохирсон нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. /хх 47, 65, 66/

2.в. Нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэг, нас барагч П.Батзориг нар гэр бүл болох нь гэрлэлтийн гэрчилгээ, лавлагаагаар тогтоогдсон, нас барагчийн нөхөн төлбөрийг шаардан нэхэмжлэл гаргах эрхтэйд маргаан үүсээгүй./хх 48, 87/

2.г. Нэхэмжлэгч нөхөн төлбөр хүссэнийг хариуцагч 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22/390 тоот албан бичгээр Даатгалын тухай хуулийн 8.5.3-т зааснаар даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, гэрээний 7.3.5-т зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсний үр дагавар үндэслэлээр олгохоос татгалзсан хариу өгсөн. Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд хандаж, тус байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 9/1672 тоот албан бичгээр маргааныг урьдчилан шийдвэрлэх боломжгүй, шүүхээр шийдвэрлүүлэх хариуг өгсөн байна.

 

3. Зохигчид П.Батзориг нас барсан шалтгаан нь даатгалын тохиолдолд хамаарах эсэхэд маргаантай байна.

3.а.Талуудын хоорондох гэрээнд амь насны даатгалын хувьд үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослыг даатгалын тохиолдолд хамаарахаар заажээ.

3.б. Гэрээний 7.3-т амь насны даатгалын хувьд нөхөн төлбөр олгохоос татгалзах 23 төрлийн үндэслэлүүдийг нэрлэн зааснаас 7.3.5-д согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн, эм хэтрүүлэн хэрэглэсний үр дагавар гэж заажээ.

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 7331 тоот цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр цогцос ялзарч муудсан тул үхлийн шалтгаан болон архаг, хууч өвчин тогтоох боломжгүй гэж, мөн талийгаачийн цусанд 3,4 промилл, ходоодны шингэнд 7,0 промилл спиртийн агууламж илэрсэн ба цогцос ялзарч муудсан тул согтолтын зэргийг тогтоох боломжгүй гэж дүгнэжээ. /хх18-19, 61-64/

П.Батзориг ямар шалтгааны улмаас нас барсан нь тогтоогдоогүй, даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул даатгалын нөхөн төлбөрт 71,106,694 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4.Нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь авах ёстой, хариуцагч нэхэмжлэл хэрэгсэхгүй болох ёстой гэсэн агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргасан.

Хэргийн баримтаар нас барагч ахуйн осолд орсон, даатгалын тохиолдол үүссэн гэх баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/00506 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан үндэслэлгүй тул *********** холбогдох даатгалын нөхөн төлбөрт 71,106,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ********** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД